2025/11/28

Өглөөний мэнд. 2024 онд Монгол Улсын 25,000 орчим иргэн ₮33.5 тэрбумаар БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авчээ. Уул уурхайн биржийн арилжаа оны II хагаст гурав дахин нэмэгдэв. Биткойны ханш долоо гаруй хоногийн хугацаанд анх удаа 90 мянган ам.доллароос дээшиллээ.

ОТ-н жолоог хэн атгав?

Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн Гүйцэтгэх захирлаар С.Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан байна. Ийнхүү тэрбээр Монголын хамгийн том компаниудын нэгийг удирдах анхны монгол хүн болж, 2026 оны II сарын нэгний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлэхээр боллоо.

С.Мөнхсүх нь уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллаж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн болохыг тус компани онцолсон байна.

“Уул уурхайн салбарын өргөн мэдлэг, Оюу Толгой болон Rio Tinto группт ажилласан арвин туршлага нь Оюу Толгой ХХК-ийн амжилтын буухиаг үргэлжлүүлж, компанийг өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь хөтөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн ОТ ХХК-ийн ТУЗ-ийн дарга Шон Хинтон хэлжээ.

С.Мөнхсүх нь 2012 оноос Оюу Толгой ХХК-д, 2015 оноос Rio Tinto групп рүү шилжиж, тус группийн Ази, Номхон далайн бүсийн Өсөлт ба хөгжил хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байв. Тэрбээр Бостоны Зүүн хойд Их Сургуулийг Санхүүгийн бакалаврын зэрэгтэй төгсөж, хожим нь Калифорни Беркелигийн их сургуулийн Хаас бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын Магистрын зэрэг хамгаалжээ.

2010 оноос хойш Оюу Толгой компанийн Гүйцэтгэх захирал таван удаа солигдсоноос бүгд гадаадын иргэн байсан юм. 2022 оны III сард компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Дэйрдрэ Лингенфэлдер үүрэгт ажлаа 2025 оны XII сарын 9-ний өдрөөр дуусгавар болгоно.

Монгол Улсын Засгийн газар болон Rio Tinto хооронд Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах болон бусад асуудлаарх хэлэлцээр үргэлжилж буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар монгол хүн томилох санал тавьсан нь ийнхүү биеллээ олжээ. Тус компанийн ил болон гүний уурхайн үйл ажиллагаа өндөр гүйцэтгэлтэй байж, энэ оны III улиралд 89.3 мянган тонн зэс, 138.2 мянган унц алт үйлдвэрлэснээ тайлагнаад байна.

Анхаарлын төвд

₮33 тэрбум урсан гарчээ. 2024 онд Монгол Улсын нийт 25 мянга гаруй иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорьж, 13.8 тэрбум вон буюу ойролцоогоор 33.5 тэрбум төгрөг зарцуулсан болохыг Yanolja судалгааны байгууллага тооцоолсон байна. Тайлангаас харахад 2021 оноос хойш тус улсыг зорьж эрүүл мэндийн үйлчилгээ авах монгол иргэдийн тоо тасралтгүй өссөөр байгаа аж. Тухайлбал 2022-2024 он хүртэлх хоёр жилийн хугацаанд 81.8 хувиар өсжээ. Ингэснээр БНСУ-д иргэд нь хамгийн олноор эрүүл мэндийн үйлчилгээ авдаг улсуудаас Монгол Улс долоодугаарт бичигдэж байна.

Аймшигт түймэр. Хонконг 1960-аад оноос хойших хамгийн их хохиролтой гал түймрийн гамшигт өртөж, пүрэв гарагийн байдлаар 44 хүн амиа алдаж, 300 гаруй хүн сураггүй алга болсон нь тогтоогдоод байна. Хотын хойд хэсгийн Тай По дүүрэг дэх шигүү баригдсан 8 өндөр барилга бүхий орон сууцны хотхонд лхагва гарагийн үдээс хойш гарсан гал асар хурдтай тархаж, пүрэв гараг хүртэл шатжээ.

Lam Yik/Bloomberg

Албаныхан ажлын хариуцлага алдсан, хүний аминд хүрсэн үндэслэлээр тус хотхоны засварын ажлыг хариуцаж байсан барилгын компанийн хоёр захирал, нэг зөвлөхийг баривчилсан байна. Засварын ажилд хулсаар хийсэн шат зэрэг стандарт хангахгүй материал ашигласан нь галын тархалтыг эрчимжүүлсэн байж болзошгүй тул цаашид тус хотод аюулгүй байдлын ноцтой хяналт шалгалт явагдах магадлалтай байна.

Авралын хагас жил. VII сараас хойш Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдсан уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний хагас жилийнхтэй харьцуулахад гурав дахин нэмэгджээ. 2025 оны эхээр нүүрсний үнэ өндөр дүнгээр буурснаар худалдан авагчгүй болж, арилжаа нь царцаад байсан УУБ-ий бирж сүүлийн хагас жилд эрс сэргэсэн юм. Оны эхний зургаан сард 5.3 сая тонн бүтээгдэхүүн арилжаалагдсан бол түүний дараах таван сард 18.1 сая тонн хүрсэн байна. Мөн дуудлага арилжааны үнийн өсөлтөөс компаниуд 270.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон бөгөөд арилжаалагдсан бүтээгдэхүүний үнийн дүн 2025 оны эхний хагастай харьцуулахад 226 хувиар өсжээ.

Шинэ Самурай бонд. Голомт банк Япон улсын хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай, 15 тэрбум иений дүн бүхий “Самурай” бонд гаргаснаа мэдээллээ. Бондын андеррайтераар Sumitomo Mitsui болон SMBC Nikko Securities ажиллаж Японы мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт санал болгосон бөгөөд захиалга нь давж биелснийг онцолжээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгө нь Монголд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэлт, бизнес эрхлэгч нарт төрөл бүрийн зээлийн үйлчилгээгээр дамжин хүрэх аж.

Нохойн дуу ойртлоо. TMK Energy компани Монгол дахь нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслөөсөө арилжааны түвшинд хий олборлоход тун ойртоод байна. Тодруулбал тус компанийн сүүлд хийсэн туршилтаар “Lucky Fox-06” цооногийн нүүрсний дээд давхарга дахь даралт десорбцийн цэг рүү дөхөж, тооцооллын дагуу үргэлжлэн буурч байгааг тогтоожээ. Десорбцийн цэгт хүрснээр цооногийн усны даралт эрс багасаж, метан хий нүүрсний давхаргаас салж цооногийн амсар руу чөлөөтэй урсаж эхэлнэ гэсэн үг юм.

Блумберг санал болгож байна

Гүн рүү: Утга учиртай хөдөлнө

Биткойны ханш долоо гаруй хоногийн хугацаанд анх удаа 90 мянган ам.доллароос дээшиллээ. Сэргэлт удаан байгаа ч ханшийн дараагийн дээд цэгүүд анхаарлын төвд орж байна.

  • АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ үргэлжлүүлэн бууруулах хүлээлт нэмэгдэж, Биткойны биржээр арилжаалагддаг сангуудад хөрөнгө оруулагчид эргэн ирсэн нь ханшийн сэргэлтэд дэм болж байна.

  • Bloomberg Intelligence-ийн датанаас харвал өнгөрсөн мягмар гарагт ETF-үүдэд 130 сая ам.долларын шинэ хөрөнгө оруулалт хийгджээ. Гэхдээ XI сард эдгээр сангаас хэдийн 3.6 тэрбум ам.доллар гадагшлаад байна.

  • Одоогоор Биткойны ханш оргил цэг болох 126 мянган ам.доллароос 28 хувиар бага түвшинд арилжаалагдаж байгаа юм.

  • Энэ удаагийн уналтаас онцлох нэг зүйл нь Биткойны ханшийн хэлбэлзэл эрс багасаж, хувьцаануудтай адил хөдөлж байгааг шинжээчид тодотгож байна. Виртуал хөрөнгийн захаас 1 их наяд ам.доллар арчигдсан ч ханшийн сэргэлт удаан, хэлбэлзэл багатай байгаа нь зах зээлийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж буйг харуулж буй.

  • Өөрөөр хэлбэл мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон ETF-үүдийн оролцоо нэмэгдсэн нь олон нийтийн спекуляцид тулгуурладаг байсан Биткойны хэлбэлзлийг намжааж байна гэж үзжээ.

Зам зуур

Энэтхэг улсын Засгийн газар дотооддоо газрын ховор элементийн соронзны үйлдвэрлэл хөгжүүлж, тус зах зээлд нийт нийлүүлэлтийн 90 хувийг хангадаг БНХАУ-аас өндөр хамааралтай байдлаа бууруулах зорилгоор 815 сая ам.долларын дүн бүхий дэмжлэгийн хөтөлбөр баталсан байна.

Долоон жил үргэлжлэх уг хөтөлбөрөөр ГХЭ-ийн үйлдвэрлэлийн байгууламжууд барихад хөрөнгийн татаас, борлуулалттай уясан урамшуулал олгож, жилийн 6000 тонны хүчин чадалтай үйлдвэрлэлийн бааз суурь бий болгохоор төлөвлөжээ. Энэхүү алхам нь технологийн үйлдвэрлэл, чипийн салбарт стратегийн нэн чухал ач холбогдолтойг Энэтхэгийн эрх баригчид онцолсон байна.

Энэ мэдээ гарсны дараа олборлогч компаниудын хувьцаа өсөж, мөн Vedanta, JSW зэрэг Энэтхэгийн конгломератууд хэдийнээ сонирхлоо илэрхийлж эхэлжээ.

Эцэст нь товчхон

ЭМЯ: Улсын хэмжээнд нийт 33.2 мянган хүн томуу, томуу төст өвчнөөр өвчилж, амбулаторийн тусламж үйлчилгээ авсан байна. Өвчлөгсдийн 82.6 хувийг 15 нас хүртэлх хүүхэд, 39.1 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байгаа аж. Мөн тандалтын судалгаагаар XII сарын дундуур өвчлөлийн оргил үеэр хоногт 10-42 мянган хүн амбулаториор үйлчлүүлнэ гэж тооцоолжээ.

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо XII сарын 16-нд товложээ. Монголбанкны Ерөнхийлөгчөөр Эрдэнэс Монгол нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох саналыг УИХ-ын дарга Н.Учрал танилцуулсан. Төв банкны тухай хуульд зааснаар Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаатайгаар томилдог.

Онцлох зураг

“Bloomberg-ийн 2025 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:

“Curley's House” хүнсний банканд хандиваар ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүд - Майами, АНУ

Eva Marie Uzcategui/Bloomberg