2025/11/27

Өглөөний мэнд. БНХАУ үл хөдлөх хөрөнгийн зах зээлийнхээ хямралыг яагаад шийдэж чадахгүй байна вэ? Аж ахуйн нэгжүүдийн дунд зээлийн хүү өснө гэсэн хүлээлт хадгалагдсан хэвээр байна. Воны ханш суларч, ам.доллар болон төгрөгийн эсрэг IV сараас хойших доод түвшиндээ хүрэв.

Ёроолгүй хямралд

Нэгэн цагт улсынхаа өсөлтийн гол хөдөлгөгч хүч байсан БНХАУ-ын орон сууцны зах зээл хямралын гүн эргүүлэгт шигдэж, илаарших шинжгүйгээр дөрвөн жилийг үдээд байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэ зогсолтгүй унаж, санхүүгийн хүндрэлд орсон өрхүүд орон сууцаа зарахаас өөр аргагүй болж, ирээдүйгүй төслүүддээ үлэмж их өр хуримтлуулсан үл хөдлөхийн компаниуд дампуурлын ирмэг дээр иржээ.

БНХАУ-ын Засгийн газрын хямралыг зогсоох арга хэмжээ зах зээлийн нөхцөл байдлыг дээрдүүлэх өөдрөг хүлээлт бий болоод байсан ч үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч, төрийн хамаарал бүхий China Vanke компани 2024 онд 49.5 тэрбум юань буюу 6.8 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласнаа гуравдугаар сард тайлагнасан нь асуудал хэр гүнзгий түвшинд хүрснийг харуулсан юм. Дараа нь наймдугаар сард China Evergrande Group Хонконгийн Хөрөнгийн биржээс бүртгэлээс хасагдсанаар хувьцаа нь үнэгүйдэж, тус улсын үл хөдлөх хөрөнгийн захын түүхэнд хар толбо үлдээв.

Хятад улс одоогоор уг зах зээлээ сэргээх дараа дараагийн арга хэмжээнүүд төлөвлөж буй. Ялангуяа аравдугаар сард шинэ болон хуучин орон сууцны үнэ сүүлийн нэг жилийн хамгийн өндөр дүнгээр буурсан нь том цочрол өгчээ. Цаашлаад хямрал үргэлжилснээр БНХАУ-ын санхүүгийн систем бүхэлдээ тогтворгүйжих болгоомжлол нэмэгдээд байна.

Evergrande-д юу тохиолдов?

Хятадын эдийн засгийн өсөлтийг доош татаж, салбарын компаниуд асар олноороо санхүүгийн хүндрэлд ороход хүргэсэн энэ хямралд Evergrande-ийн уналт гол жин дарсан юм.

1996 онд Хуй Ка Яны үүсгэн байгуулсан Evergrande-ийн эрчтэй өсөлт нь их хэмжээний зээллэг дээр дөрөөлсөн байлаа. Салбарын компаниуд дундаа хамгийн их өртэй компани болж, 2021 оны эцэс гэхэд нийт өр төлбөр нь 360 тэрбум ам.долларт хүрч байжээ. Тухайн үедээ Evergrande гэрээт борлуулалтын дүнгээр улсынхаа хамгийн том үл хөдлөхийн хөгжүүлэгч компани болоод зогсохгүй 2017 оны оргил үедээ зах зээлийн үнэлгээ нь 50 тэрбум ам.доллар давж байв.

2020 онд Бээжингээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хяналт шалгалтаа нэмэгдүүлэв. Шинэ арга хэмжээгээр хөгжүүлэгч компанийн авах зээлд хязгаар тогтоосноор санхүүжилтийн амин судсыг нь боосноос өөрцгүй болжээ. Бүтцээ шинэчлэх хэд хэдэн амжилтгүй оролдлогын дараа Evergrande 2024 онд Хонконгт татан буугдах шаардлага хүлээн авсан байна. Мөн тэр жилдээ эх газрын Хятадын шүүхээс тус компанийн томоохон нэгжийн татан буугдах хүсэлтийг зөвшөөрч байв. Улмаар энэ оны наймдугаар сарын 25-нд удаан хугацаанд арилжаалагдаагүй Evergrande-ийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн биржийн бүртгэлээс албан ёсоор хасагдсан юм.

Хятадын бусад компаниуд хямралд хэрхэн оров?

Хувийн наймааг удаан хугацаанд хориглосоор ирсэн БНХАУ 1998 онд улсаа бүхэлд нь хамруулсан үл хөдлөх хөрөнгийн зах зээл бий болгожээ. Тэр үед тус улсын хүн амын ердөө гуравны нэг нь хот суурин газар амьдардаг байлаа. Харин одоо энэ тоо гуравны хоёр болж, хотын хүн ам түүнээс хойш 480 саяар өссөн байна. Орон нутгийн иргэдийн энэ их урсгал нь барилгын компаниуд, хөгжүүлэгчдэд бизнесийн асар том боломж бүрдүүлж өгчээ.

Анхаарлын төвд

Компаниудын хүлээлт бүрхэг. Аж ахуйн нэгжүүд IV улиралд инфляц 8.7 орчим хувьтай, ирэх нэг жилийн хугацаанд 9.5 орчим хувьтай байна гэж төсөөлж буйг Монголбанкны Бизнесийн төлөвийн түүвэр судалгаанд онцолжээ. Мөн эдийн засгийн мэдрэмжийн үзүүлэлт нь өмнөх улирлаас хоёр нэгжээр буурч, 87.3 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл 100-аас бага үзүүлэлттэй гарсан нь эдийн засгийн нөхцөл байдал муудах төлөв илэрхийлж байгаа хэрэг.

Вон унаж бүдэрсээр. БНСУ-ын вон ам.долларын эсрэг 0.5 хүртэлх хувиар суларснаар спот ханш нь 1479 нэгжийн түвшинд тогтлоо. Энэ нь худалдааны дайны эрсдэл оргил цэгтээ хүрээд байсан үе буюу IV сараас хойших доод түвшин болж байна. Воны ханш энэ удаад ам.долларын чангаралтаас бус дотоодын хөрөнгийн гадагшлах урсгалаас үүдэн суларч байгаа нь эрх баригчдын хувьд илүү том сорилт болж байгааг мэдээлжээ.

БНСУ-ын дотоодын хөрөнгө оруулагчид АНУ-д бүртгэлтэй биржээр арилжаалагддаг сангууд зэрэг бүтээгдэхүүнд их хэмжээгээр хөрөнгө оруулж буй нь валютын ханшид ирэх дарамтыг нэмэгдүүлж буй аж. Үүнээс гадна төгрөгийн ханш воны эсрэг 0.83 хүртэлх хувиар чангарч, 2.41 болсон нь мөн IV сараас хойших дээд үзүүлэлт боллоо.

Саванд хөрөнгө оруулна. Шатахуун импортлогч ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шатахуун хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төслийг ЗГ боловсруулсан байна. Мөн шатахуун нөөцлөх савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлд Монголбанкнаас 500 орчим тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэр гаргаж, ААН-үүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор хуулийн төсөлд тусгасныг салбарын сайд тодотголоо.

Тэжээлийн шинэ үйлдвэр. Өдөрт 50 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай Mimo агро паркийн бүрэн автомат тэжээлийн үйлдвэр Сэлэнгэ аймагт ашиглалтад орлоо. Ингэснээр орон нутагт 25-30 ажлын байр шинээр бий болж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх боломж бүрдсэнийг ХХААХҮЯ мэдээлсэн. Төслийн бүтээн байгуулалтын нийт санхүүжилтийн 30 хувийг Атрын IV аяны хүрээнд хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Даатгалынхны мөрий

Даатгалын компаниудын хөрөнгө оруулалтын идэвх буурч, ерөнхийдөө зогсонги байдалд ороод байна.

  • 2025 оны III улиралд тус салбарын ААН-үүдийн хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нийт хөрөнгийн 54.7 хувийг эзэлж буй нь өнгөрсөн оны мөн үеэс бага зэрэг буурсан үзүүлэлт боллоо. Салбарын нийт хөрөнгийн өсөлт нэлээн удааширч, өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар өсжээ.

  • Оны эхнээс макро эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн даатгалын компаниудын эрсдэл багатай хөрөнгө оруулалт руу шилжсэн дүр зурагтай байгаа юм. Нийт 437.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 77.6 хувийг нь хадгаламж болон хадгаламжийн сертификатад байршуулсан байна.

  • Энэхүү хувь хэмжээ сүүлийн жилүүдэд аажмаар нэмэгдсээр салбарын компаниуд хөрөнгийн зах зээл рүү орох сонирхол буурч буйг илтгэж байгаа юм.

  • Харин ашигт ажиллагааны хувьд түүхэн амжилт тогтоосоор байна. III улирлын эцэст 42 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеэс 82.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд компаниуд зардлаа хангалттай танаж, зардлын харьцааг бараг 20 суурь нэгжээр бууруулсан нь томоохон нөлөө үзүүлжээ.

Зам зуур

БНХАУ-ын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Өвөр Монголын Өөртөө засах орон таван сар үргэлжлэх цас, мөсний аялал жуулчлалын улирал эхлүүлэхээр болсныг Xinhua мэдээлжээ. Энэ хүрээнд 12 дугаар сарын 20-ноос эхлэн соёлын 159 үйл ажиллагаа, спортын 48 арга хэмжээ зохион байгуулахын сацуу сэдэвчилсэн 45 аяллын маршрут гаргах аж.

Хятад улс Засгийн газрын түвшний төлөвлөгөөний дагуу цас, мөсний буюу “цагаан” эдийн засгийг дэмжиж, тус салбарыг 2027 он гэхэд 1.2 их наяд юань, 2030 он гэхэд 1.5 их наяд юаниар хэмжигддэг болгох зорилт тавьсан байна.

Эцэст нь товчхон

СЯ: Тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй төрийн албан хаагч нас барсан тохиолдолд уг тусламжийг хууль ёсны өвлөгчид олгодог байхаар шийдвэрлэлээ. Энэхүү тусламжийг төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид олгодог. Ингэхдээ сүүлийн гурван жилийн цалингийн дунджийг төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сараар үржүүлэн тооцдог юм.

Онцлох зураг

ОХУ-ын агаарын довтолгооны үеэр метроны буудал дотор хоргодож буй иргэд - Киев, Украин

Yan Dobronosov/AFP/Getty Images