2025/11/26

2025 оны Catalyst-уудтай танилц!

Bloomberg TV Mongolia шилжилтийн эдийн засагт бүтээмж, ур чадвар, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засагт хүргэх хурдасгуур болж буй шилдэг "Catalyst"-уудыг хоёр дахь жилдээ тодрууллаа.

Энэ оны "Catalyst"-уудыг хөрөнгө оруулалт, инновац, тогтвортой хөгжил, дижитал шилжилт, манлайлал, төсөл зэрэг найман төрөлд шалгаруулсан юм.

2013 оноос хойш жил бүр баялаг бүтээгчид, бизнесийн шилдгүүдийг алдаршуулсан "Bloomberg Awards"-ийн шинэ хуудас болж буй энэхүү санаачилгаараа бид хиймэл оюун, технологийн эринд хөл нийлүүлэн инновацын шинэ боломжуудыг нээж, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд таниулахыг зорьсон билээ.

Ингээд 2025 оны “Catalyst”-ууд, тэдний бүтээсэн үнэ цэнийг танилцуулж байна.

Investment Catalyst

Нийслэлд 10.3 км урт хоёр шугам бүхий дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлж буй POMA Mongolia компани “Investment Catalyst”-аар тодорсон. Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Дүүжин тээврийн төсөлд Францын Засгийн газраас 60 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгож байгаа юм.

Leadership Catalyst

2025 оны “Leadership Catalyst”-аар Монгол Улсад утасгүй сүлжээний тав дахь үе болох 5G сүлжээг бүс нутгийн 39 хувьд нэвтрүүлж, технологийн компани болох шилжилтийг манлайлж буй Мобиком корпорацын Гүйцэтгэх захирал Кожи Курушима тодорсон. Одоогоор Мобиком корпорац нэг сая хэрэглэгчдэд нийт хоёр их наяд төгрөгийн “mobilife” дижитал даатгалын хамгаалалт олгосноос гадна “Smart Education” төслийн хүрээнд 37,000 гаруй сурагчид цахимаар суралцах боломж олгож буй.

Innovation Catalyst

“Innovation Catalyst”-аар маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг шинэ түвшинд гаргаж, хүнсний салбарын инновацыг хурдасгасан амжилтаар АПУ ХК-ийн Борлуулалт, Маркетинг эрхэлсэн захирал Б.Цацрал тодорч байна. Түүний удирдсан төслүүдийн хүрээнд сүүлийн гурван жилд АПУ ХК олон улсын 26 байгууллагатай хамтран зах зээлд шинээр 66 бүтээгдэхүүн гаргасан байна.

Project Catalyst

Харин "Project Catalyst”-аар М-Си-Эс Проперти ХХК уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бүтэцтэй Монгол Улсад экспортын бүтээгдэхүүний төрөлжилт, валютын нөөцөд үнэмлэхүй хувь нэмэр оруулах Эрдэнэ Монгол компанийн "Баянхөндий" төслийг гүйцэтгэснээрээ шалгарав. Тус компанийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, 26 сарын хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өгсөн "Баянхөндий" төсөл нь Улаанбаатараас 1000 км зайд, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын говийн бүсэд хэрэгжсэн "greenfield" төрлийн стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт юм.

Төслийн хүрээнд боловсруулах үйлдвэр, ажилчдын амрах байрны цогцолбор, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц байгууламжууд, үйлдвэрийн бус барилгуудыг цогцоор нь барьж байгуулсан бөгөөд энэ нь Монгол Улсын барилга угсралтын салбарын нэгэн жишиг бүтээн байгуулалт болсон юм.

ESG Catalyst

Дэлхийн эдийн засагт газрын ховор элементийн эрэлт өсөн нэмэгдэж буй энэ цаг үед Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн Монголын Үндэсний Ховор Элемент Корп ХХК “ESG Catalyst” боллоо. Тус компанийн Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь "Халзан Бүрэгтэй" төсөл нь газрын ховор элементийн салбарт байгаль орчин, нийгмийн хариуцлага, засаглалын олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлсэн анхны сайн туршлага болж байна.

Digitalization Catalyst

“Digitalization Catalyst"-аар ТЭСО Инвестмэнт компанийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр тодорч байна. Тус компанийн хөрөнгө оруулсан “ТИНО супер апп” нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлахад туслах төрөлжсөн апп-уудыг санал болгож буй. Тухайлбал ухаалаг хөргүүрийн "Tino store", төлбөр тооцооны "Tino Pay", хүнс өргөн хэрэглээний бараа захиалгын 24/7 үйлчилгээ бүхий "Tino grocery", хиймэл оюуны "Tino AI", аяллын "Tino trip" зэрэг олон үйлчилгээ нэвтрүүлжээ.

Economics Catalyst

Харин сүүлийн хоёр жил дараалан дэлхийн Төв банкнуудын шилдэг удирдлагуудын жагсаалтад багтаж, “A-” үнэлгээнд хүрсэн батламж аваад буй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Economics Catalyst”-аар тодорлоо. Global Finance сэтгүүлийн “Central Banker Report Cards” тайланд Б.Лхагвасүрэнг “Уул уурхайгаас ихээхэн хамааралтай, цаг уурын таагүй нөхцөлд өртөмтгий Монгол Улсын эдийн засагт тулгарсан сорилтуудыг амжилттай даван туулж ирсэн” хэмээн онцолсон байна.

Impact Catalyst

2025 оны “Impact Catalyst”-аар НООРОГ.МН-ийг үүсгэн байгуулагч О.Уламсайхан тодорлоо. Албан тушаалтнууд өөрсдөдөө давуу байдал бий болгосонд дургүйцлээ илэрхийлэх, орлогоо нотлох, огцрохыг шаардаж нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн нь түүнийг шилдэг нөлөөлөгчөөр тодруулах гол үндэслэл болсон билээ.

Ёслолын үйл ажиллагааны онцлох мөчүүд, "Catalyst"-аар тодорсон эрхмүүд болон нэр хүндтэй зочдын байр суурийг багтаасан тусгай хөтөлбөрийг өнөөдөр 09:00, 11:00, 13:00, 17:00 цагуудаас Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.