- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/11/25
2025/11/25
Өглөөний мэнд. Нүүрс хэрэглэдэггүй “ногоон” ган үйлдвэрлэхээр компаниуд уралдаж байна. Нийлүүлэлтийн илүүдэл үүссэнээр БНХАУ-д коксжих нүүрсний үнэ арилжааны 5 өдөр дараалан унав. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшн нээлтээ хийлээ.

“Ногоон” ган юуг өөрчлөх вэ?
Ган бол өнөө цагийн хамгийн чухал тавааруудын нэг. Гэхдээ ганг үйлдвэрлэх процесс нь дэлхийн дулаарлыг өдөөгч нүүрстөрөгчийн давхар ислийн томоохон эх үүсвэр болдог. Тэгвэл үүнийг орлуулах боломжтой цор ганц бодит шийдэл нь сэргээгдэх эрчим хүч болон үйлдвэрлэлийн илүү үр ашигтай технологи ашигладаг “ногоон ган” аж.
Автомашин үйлдвэрлэгчид, барилгын компаниуд зэрэг томоохон үйлчлүүлэгчид нь ган үйлдвэрлэгчдэд уур амьсгалд илүү ээлтэй технологи хөгжүүлэх шахалт үзүүлсээр байгаа. Хэдий тийм боловч ногоон ган нь уламжлалт гангаас хамаагүй өндөр өртөгтэй, ховор бүтээгдэхүүн хэвээр.

Сорилт хэр том бэ?
Гангийн салбар дэлхийн нүүрстөрөгчийн нийт ялгаруулалтын 7 орчим хувийг эзэлдэг. McKinsey & Co-ийн тооцоолсноор ялгарлыг бууруулах ирэх жилүүдийн зорилтод хүрэхэд дэлхийн хэмжээнд 1650 гангийн үйлдвэрийг “нүүрстөрөгчгүйжүүлэх” ёстой аж.
Уламжлалт гангийн үйлдвэрлэл нь хоёр удаа нүүрстөрөгч ялгаруулдаг. Эхнийх нь нүүрсийг халааж кокс болгох үед, дараа нь цельсийн 2000 хэм хүртэлх температуртай шатаах зууханд кокс шатааж төмрийн хүдрийг хайлуулах үед ялгаруулдаг байна. BloombergNEF-ийн таамаглалаар дэлхийн гангийн нийт эрэлт 2050 он гэхэд 18 хувиар өсөх төлөвтэй. Мөн төмрийн салбарыг энэ зууны дунд үе гэхэд нүүрстөрөгчийн ялгаралгүй болгохын тулд ойролцоогоор 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахыг 2022 онд Wood Mackenzie тооцоолж байжээ.
Ногоон ган гэж юу вэ?
Уг төрлийн гангийн эцсийн бүтээгдэхүүн нь энгийн гангаас ялгарах зүйл үгүй. Харин үйлдвэрлэх арга нь “ногоон” гангийн гол ялгаа болдог. Тус салбарт үйлдвэрлэлийн хэд хэдэн технологи одоогоор туршигдаж буй. Тухайлбал сэргээгдэх эрчим хүч ашиглан гаргаж авсан ногоон устөрөгчөөр коксжих нүүрсийг орлуулах арга бий. Мөн ургамал, амьтнаас үүдэлтэй биомассыг орлуулагч түлшээр ашиглахаар туршиж байгаа аж.
Ялгарлыг бууруулах өөр нэг арга нь дахин боловсруулалт гэж ган үйлдвэрлэгчид үздэг. Хаягдал металлыг цахилгаан зууханд хайлуулах нь төмрийн хүдэр хайлуулж шинэ ган үйлдвэрлэхээс бага хэмжээний эрчим хүч шаарддаг учраас тэр аж. Цаашлаад зуухыг ажиллуулах эрчим хүч сэргээгдэх эх үүсвэрээс үүсэлтэй бол ялгарлыг бүр ч ихээр бууруулах боломжтой.
Хамгийн том саад нь юу вэ?
Шинэ үйлдвэр барих, эсвэл хуучин үйлдвэрийг шинэчлэхэд өндөр зардал гарах тул үйлдвэрүүд зөвхөн дорвитой өгөөж хүртээж чадна гэж тооцоолсон үедээ л хөрөнгө оруулалт хийх магадлалтай. Өөрөөр хэлбэл ган үйлдвэрлэгчид болон тэднийг санхүүжүүлэх банкнууд ногоон ган нь энгийн гангаас хангалттай өндөр үнэтэй байж, шилжилтээс алдагдал бус ашиг олно гэдэгт итгэлтэй байх шаардлагатай. Харин худалдан авагчдын хувьд хангалттай сэдэл, урамшуулал байж л тэрхүү өндөр үнийг хүлээн зөвшөөрөх юм.
Анхаарлын төвд
Төв банкны жолоог шилжүүлнэ. Монголбанкны Ерөнхийлөгчөөр Эрдэнэс Монгол нэгдлийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй С.Наранцогтыг томилох саналыг УИХ-ын дарга Н.Учрал танилцуулж, МАН-ын бүлгийн гишүүд дэмжжээ. Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа юм. Мөн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг томилох саналыг Ерөнхий сайд танилцуулжээ. Эдгээр томилгоог Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах юм.
BTV+ нээгдлээ. Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Нүүрс эргээд уналт руу. БНХАУ-ын коксжих нүүрсний фьючерс ханш арилжааны таван өдөр дараалан уналаа. Зах зээлд улирлын чанартай эрэлт сулрах үе эхэлсэнтэй зэрэгцээд импортын нүүрсний татан авалт нэмэгдэж буй нь үүнд нөлөөлж байна. Даваа гарагт Далянийн Таваарын биржид коксжих нүүрсний үнэ 2.4 хувиар буурч, тонн нь 1100 юань орчим болсон. Ингэснээр 11 дүгээр сар гарсаар 15 орчим хувиар буурч, тавдугаар сараас хойших үнийн хамгийн сул үзүүлэлттэй сарыг үдэхээр боллоо.
Томуу хүчээ авав. Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт энэ долоо хоногтоо буурахгүй, улам нэмэгдвэл ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэхийг Засгийн газраас үүрэг болголоо. Үүнээс өмнө Эрүүл мэндийн яамнаас сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлээд байсан юм. Одоогийн хуваариар бага ангийн сурагчдын амралт 12 дугаар сарын 15-нд эхлэх бол дунд ангийнх 12 дугаар сарын 22-ноос эхлэхээр байгаа юм. Сүүлийн долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг томуугийн "A" хүрээний H3N2 вирус эзэлж байгаа аж.
Хэрэглэгч орон. Улсын хэмжээнд III улирлын байдлаар 382 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын ажил явагдаж байгаа нь өмнөх оноос 31.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин үйлдвэрийн зориулалттай барилгын ажил 17.4 хувиар буурч, сүүлийн гурван жил дараалан бууралт нь үргэлжилж байна. Түүнчлэн III улиралд агент брокеруудын худалдсан болон худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн ердөө 1 хувийг үйлдвэрийн зориулалттай барилга эзэлж буйг СЗХ-ны тайлан харуулж байна.
Блумберг санал болгож байна
Sponsored
Төсөөлөл бодит боллоо…
Архитектурын уран шийдэл, инженерчлэлийн нарийн тооцоолол, таны амьдралын хэв маягтай төгс нийцэх орон зай. Эдгээрийг нэг дор цогцлоосон өндөр зэрэглэлийн орон сууцны төсөөлөл бодит боллоо. Хэрэв та өндөр зэрэглэлийн стандартад нийцсэн орон сууцад хөрөнгө оруулахаар шийдсэн бол Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүс — хотын төвөөс ердөө 10-15 минутын зайд байрлах “365 Mandala Residential Tower” төслийн сүүлийн 10 орон сууцыг танилцуулах өдөрлөгийг зориорой.
11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт, 11:00 цагаас эхлэх өдөрлөгт хүрэлцэн ирснээр та “365 Mandala Residential Tower”-ийн өндөр зэрэглэлийн стандарттай танилцаж, тансаг интерьер бүхий загварын байраар зочилж, төлбөрийн таатай нөхцөлийн талаар мэдээлэл авах боломжтой.
Байршил: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно, “365 Мандала Тауэр”-ийн оршин суугчийн лобби (Google Maps-ээс харах)
Өдөрлөгт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Гүн рүү: MMC хугарлын цэгт
Нүүрсний өнөөгийн үнэ, экспортын хэмжээгээр тооцоолбол Монголын тэргүүлэх экспортлогч Mongolian Mining Corporation компанийн нүүрсний бизнес break-even буюу ашиггүй, алдагдалгүй цэгт байгааг Bloomberg Intelligence-ийн шинжээч Эндрю Чен мэдэгдлээ.

Гэхдээ MMC-ийн хөрөнгө оруулсан өртөг багатай алтны төсөл ашиглалтад орсон нь тус компанийн ашигт ажиллагаанд түлхэц болж буйг дурдсан байна.
Үүнээс гадна Mongolian Mining Corporation хувьцаагаа буцаан худалдан авах хөтөлбөрийнхөө хүрээнд 11 дүгээр сарын байдлаар 17.8 сая хувьцаагаа 13.5 сая ам.доллароор худалдан авсныг Smartinsider-ийн дата харуулж байна.
Компани тавдугаар сарын 26-нд нэг жилийн хугацаанд 10 хувийн хувьцаагаа буцаан худалдан авах шийдвэр гаргаснаас хойш хувьцааны ханш нь 58 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Зам зуур

Хятадын цайны сүлжээ кафены энтрепренер Жан Жуньжиэ нарны хавтан үйлдвэрлэлийн аварга компанийн өв залгамжлагчтай гэрлэхээр болжээ. Хятадын шинэ үеийн чинээлэг эрхмүүдээс ховорхон гардаг энэ мэдээ тус улсын сошиал сүлжээнд анхаарал татах сэдэв болоод байгаа аж.
Нью-Йоркийн биржид бүртгэлтэй Chagee Holdings-ийн үүсгэн байгуулагч Жан Жуньжиэ сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэх компани Trina Solar-ийн үүсгэн байгуулагч Гао Жифаний охин Гао Хайчуньтай гэрлэхээр болж, хуримын урилгаа тараасан нь сошиалд дэлгэгджээ. 30 насны босго даваад удаагүй Жан, Гао нар залуу энтрепренерүүдэд зориулсан арга хэмжээн дээр анх танилцсан бөгөөд гэрлэлтээ хэдийнээ бүртгүүлснийг Trina Solar-ийн төлөөлөгч мэдээлсэн байна. Хоёр компанийн хооронд бизнесийн аливаа хэлцэл, хамтын ажиллагаа төлөвлөгдөөгүйг тэрбээр мөн тодотгожээ.
Жан Жуньжиэ нь өнгөрсөн IV сард компаниа Нью-Йоркийн биржид бүртгүүлж, улмаар тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн юм.
Эцэст нь товчхон
ЭМЯ: Монгол Улс 2025 оны байдлаар эрүүл мэндийн салбарт ДНБ-ийхээ 3 орчим хувьтай тэнцэх санхүүжилт зарцуулж буй нь бүс нутаг болон дэлхийн дунджаас доогуур байна. Гэтэл 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Эрүүл мэндийн даатгалын санд 280 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэх эрсдэлтэй аж.
АН-ын бүлэг: Сүүлийн нэг жилийн хугацаанд татварын өртэй ААН-ийн тоо 20 мянгаар нэмэгдсэн нь бизнесийн орчин суларч буйн илрэл тул Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд татварын өршөөлийн асуудлыг эргэн харах цаг болсныг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллээ. Ингэхдээ татварын өршөөлийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүд рүү илүү чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Онцлох зураг
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи “Их 20”-ийн удирдагчдын уулзалтын үеэр Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелониг тэврэхээр очиж буй нь

Leon Neal/Getty Images
