- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/11/20
2025/11/20
Өглөөний мэнд. ОХУ-ын банк Монголд салбараа нээх зөвшөөрөл олгоход бэлэн гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар В.Путинтэй уулзахдаа илэрхийлжээ. АНУ-ын хоригийн ачаар Хятадын хиймэл оюуны гоц ухаантан $23 тэрбумын хөрөнгөтэй болжээ. ББСБ-ын зээлдэгчдийн тоо III улиралд давхардсан тоогоор 2.8 сая хүрч, 800 мянгаар нэмэгдэв.

Хоригоос төрсөн тэрбумтан
2019 он. Чэнь Тяньшигийн хувьд дэлхийд толгой цохих чинээлэг эрхмүүдийн нэг болно гэдэг холын мөрөөдөл байлаа.
Тухайн үед түүний хиймэл оюуны чипийн стартап байгуулагдаад ердөө гурван жил өнгөрч байсан бөгөөд хамгийн том үйлчлүүлэгч нь БНХАУ-ын харилцаа холбооны аварга Huawei Technologies байв. Гэтэл Huawei дотооддоо хагас дамжуулагч хөгжүүлэх бодлогоо эрчимжүүлэхээр шийдэж, түүний компанитай хийдэг бараг бүх бизнесээ гэнэт зогсоов. Үүнээс өмнө Huawei тус компанийн нийт орлогын 95 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг байсан юм.

Гэсэн ч тэрбээр төсөөлөлд багтамгүй зүйлээс амжилтын том боломж олж харжээ. АНУ-ын хоригоос болж сүүлийн үеийн дэвшилтэт чип ашиглах боломжгүй болсон тул Хятад улс дотооддоо чипийн технологи хөгжүүлэхээр шулуудав. Ийнхүү компьютерын гоц авьяастан Чэнь Тяньшигийн компани төрийн ивээлд багтаж, өрсөлдөөн багатай асар зах зээлийн үүдийг нээсэн тул тэрбээр өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн чинээлэг эрхмүүдийн эгнээнд нэгдэж чаджээ.
Бээжинд төвтэй, хиймэл оюуны хурдасгуур чип үйлдвэрлэгч, загварчлагч Cambricon Technologies компанийн хувьцааны ханш сүүлийн 24 сард 765 гаруй хувиар цойлсон юм. Чэнь Тяньши компанийнхаа 28 хувийг эзэмшдэг тул хөрөнгөө оны эхнээс хойш хоёр дахин өсгөж, 22.5 тэрбум ам.доллар хүргэснийг Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
БНХАУ ердөө хэдхэн жилийн өмнө хувийн хэвшлийн технологийн томоохон компаниудаа аль болох хавчих бодлого баримталж байв. Гэхдээ Cambricon-ийн цахилсан өсөлт БНХАУ дотоодын хиймэл оюуны салбараа дорвитой дэмжиж чадвал хэрхэн технологийн салбарын элитүүдийг төрүүлж болохыг тодхон харууллаа.
АНУ дэвшилтэт технологийн экспортдоо хориг тавимагц Чэнь Тяньшигийн Cambricon шиг компаниудын үнэ цэн эрс өссөн. Төрийн бодлогоор хамгаалагдаж, хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг хүлээсэн тус компани чөлөөт зах зээлээс илүү улс төрийн дэмжлэг амжилтыг нь шийддэг шинэ тогтолцооны бэлгэ тэмдэг болжээ.
Анхаарлын төвд
80 мянган хүн ажилгүй. Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшин 62.7 хувьтай байгаа нь өнгөрсөн оны эцсээс 1.4 хувиар өссөн үзүүлэлт болохыг ҮСХ мэдээллээ. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр идэвхтэй эрхэлж буй 1.5 сая хүн байна. Мөн ажилгүйдлийн түвшин 0.6 хувиар буурсан ч нийт 80.6 мянган хүн ажилгүй байна. Тэдний 35 хувь нь “ажил хайгаад олдохгүй” гэсэн шалтгаантай байгаа аж.
Жинтэй саналууд. Хориг арга хэмжээнээс шалтгаалсан төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх үүднээс Монголд ОХУ-ын банк салбараа нээх зөвшөөрлийг олгоход бэлэн болохоо Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхан уулзахдаа илэрхийлснийг TASS агентлаг мэдээлжээ. “Өнөөдөр хоёр улсын Сангийн сайд нар эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлд бараг тохиролцоонд хүрсэн. ОХУ-ын банк Монголд салбараа нээхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг олгоход бэлэн байна” хэмээсэн байна.

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байгаа. Үүнээс гадна Засгийн газар Монголын нутгаар дамжих хийн хоолойн төслийн хэрэгжилтийг зохицуулах тусгай ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Тус төслийн үр дүнтэй ахиц дэвшлийг хангаж, дараагийн алхмуудыг тодорхойлох зорилгоор уг арга хэмжээг авах болсныг ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилёв Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай хийсэн уулзалтынхаа дараа мэдээлэл өгөхдөө онцолжээ.
Залуу эх үүсвэр. Өнгөрсөн оны XII сарын 5-нд ашиглалтад орсон Багануурын батарей хуримтлуурын станц жил орчмын хугацаанд 61 сая кВт/цаг эрчим хүч төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлээд буйг нийслэлээс мэдээллээ 50 мВт-ийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай тус станцын барилга байгууламжийн нийт өртөг 293.5 тэрбум төгрөг болжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан БНХАУ-ын компани нь нийт зардлыг гаргасан тул нийслэлийн үнэт цаасаар зардлыг нөхөн олгох аж.
Цөлжилттэй зарласан дайн. Өвөр Монголын Өөртөө засах орон сүүлийн таван жилийн хугацаанд 4.46 сая га талбай бүхий цөлжсөн газар нутгийг хяналтдаа оруулж, нөхөн сэргээх арга хэмжээ авсан болохыг ӨМӨЗО-ы Ойн аж ахуй, бэлчээрийн товчооноос мэдээлжээ. Харьцуулбал энэ нь Бээжин хотоос 2.7 дахин том газар нутаг болохын сацуу БНХАУ-ын хэмжээнд 2021-2025 оны хооронд цөлжилтийг хяналтад оруулсан нийт нутгийн 40 хувийг эзэлж буйг онцолсон байна.
Блумберг санал болгож байна
"Блумберг ТВ Монголиа" шилжилтийн эдийн засагт бүтээмж, ур чадвар, стратеги, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжлийг түүчээлэх CATALYST-уудыг 11 дүгээр сарын 20-ны өдөр тодруулах гэж байна.
"Catalyst”-уудаар дамжуулан хиймэл оюун, инновацын үсрэнгүй хөгжлийн эдийн засагт шинэ боломжуудыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой хүчин чармайлт гаргаж, хөгжлийн урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг таниулахыг зорьдог билээ.
Гүн рүү: Санхүүгийн “түргэн хоол”
Оны эхээр банкнуудын зээлийн шалгуур чангарснаар иргэд Банк бус санхүүгийн байгууллагуудад хандах нь эрс нэмэгджээ. Ингэснээр нийт харилцагчдын тоонд эзлэх ББСБ-ын зээлдэгч нарын хувь 75 хувьд хүрч, бараг хоёр дахин өссөн байна. нфляц тогтмол өсөж, зардал нэмэгдэж буй нь зах зээлд зээлийн эрэлтийг тогтвортой түвшинд барьсан хэвээр.

ББСБ-ын салбар 2024 оны эцэст давхардсан тоогоор 5.4 сая харилцагчтай байсан бол энэ оны III улирлын байдлаар 1.7 саяар буурч, 3.7 сая болжээ. Харин тайлант хугацаанд зээлдэгчдийн тоо эрс нэмэгдэж, шинээр 800 мянган зээлдэгч бүртгэгдсэнийг СЗХ-ны тайлан харуулж байна.
III улирлын эцэст салбарын нийт олгосон зээлийн хэмжээ 34 хувиар өссөн нь банкны салбарын өсөлтөөс 10 гаруй нэгж хувиар өндөр байгаа юм. Нийт зээлийн дүн 7 их наяд төгрөг хүрч, сүүлийн таван жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдээд байна.
Харин чанаргүй зээлийн хэмжээ 6.2 хувиас 8.9 хувьд хүрч 2021 оноос хойших дээд түвшинд хүрчээ. Энэ нь хурдтай нэмэгдсэн зээлдэгч нарын төлбөрийн чадвар муудаж, айл, өрхүүдийн санхүүгийн дарамт нэмэгдэж буйг харуулж байна.
Зам зуур

Алдарт Густав Климтийн зурсан Вена хотын залуу бүсгүйн хөрөг мягмар гарагт Нью-Йорк хотод болсон Sotheby's-ийн дуудлага худалдаанд 236.4 сая ам.доллароор зарагджээ.
Ингэснээр "Элизабет Ледерерийн хөрөг" нэртэй тус зураг дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан орчин үеийн урлагийн бүтээл болсон байна. Үнэ хаялцаан 20 гаруй минут үргэлжилсний эцэст нэрээ нууцалсан нэгэн худалдан авагч тус бүтээлийг өөрийн болгожээ.
Тэрбумтан, урлагийн бүтээл цуглуулагч Леонард Лаудерын цуглуулгад байсан 24 уран бүтээлийг мягмар гарагт дуудлага худалдаанд оруулсны нэг нь "Элизабет Ледерерийн хөрөг" байжээ. Estée Lauder компанийг удирдаж байсан Леонард Лаудер өнгөрсөн зургаадугаар сард 92 насандаа таалал төгссөн юм.
Эцэст нь товчхон
ЗГ: Улсын хэмжээнд ургац хураалт буурсантай холбогдуулан баруун аймгуудын боомтоор улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт импортлоход гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. Тогтоол батлагдвал Баян-Өлгийн Цагаан нуур, Ховдын Ярант, Увсын Боршоо, Завханы Арцсуурь, Говь-Алтайн Бургастай боомтоор дээрх бүтээгдэхүүнүүдийг импортлоход гаалийн татвараас чөлөөлөх аж.
НЗДТГ: Ирэх онд нийслэлийн төсөвт 4.38 их наяд төгрөгийн орлого төвлөрөхөөр байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч мэдээллээ. Эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаар орчны бохирдлыг бууруулах зэрэг чиглэлд зарцуулахаар байгааг танилцуулав.
Онцлох зураг
Мао Зэдуний төрсөн хот болох Шаошаньд зочилсон аялагчид цайны газарт - Хунань муж, БНХАУ

Andrea Verdelli/Bloomberg
