2025/11/19

Өглөөний мэнд. Алтны үнийн өсөлт дагасан стратегийн борлуулалт хийснээр Steppe Gold-ийн орлого III улиралд эрс нэмэгдлээ. Google Pay үйлчилгээ Монголд албан ёсоор нэвтэрлээ. Оны эхний 10 сард нүүрсний нийт экспортын 65 хувийг хувийн компаниуд гаргасан байна.

Android хэрэглэгчдийн ээлж

Монгол Улсын нийт ухаалаг утас хэрэглэгчдийн 67 гаруй хувь нь Android үйлдлийн системтэй утас ашигладаг. Тэгвэл дэлхийн олон оронд 500 сая гаруй хэрэглэгч төлбөр тооцоо хийхдээ ашигладаг Google Pay үйлчилгээ Монгол Улсад нэвтэрч байна.

Одоогоос жил орчмын өмнө Apple Pay Монголд нэвтэрч байсан бол ийнхүү Google Pay шил даран орж ирж байгаа нь Монгол Улс олон улсын цахим төлбөр тооцооны шинэ үетэй хөл нийлүүлэх томоохон алхам боллоо. Монголбанкны мэдээлснээр нийт хүн амын 95 хувь нь цахим төлбөр тооцоо ашиглаж байгаа нь хөгжиж буй орнууд дундаа дээгүүр орох үзүүлэлт юм.

Хэрэглэгчид банкны аппликэйшндээ нээсэн Mastercard-ийн цахим карт болон төгрөгийн ₮ картыг Google Pay-тэй холбох боломжтой аж. Тухайлбал Худалдаа Хөгжлийн банкны харилцагчдын хувьд "Google Wallet" аппликэйшнийг татаад "TDB Online" апп-аар дамжуулан Google Pay-д картаа холбон ашиглахыг зөвлөжээ.

Ингэснээр Монголын хэрэглэгчид Android үйлдлийн системтэй ухаалаг утас, Wear OS системтэй ухаалаг цагаараа хурдан, найдвартай төлбөр тооцоо хийхээс гадна Google-ийн “Play Store”-оос худалдан авалт хийх боломж нээгдэж байна. Мөн цахим гүйлгээ хийхдээ хурууны хээ, царай таних технологиор баталгаажуулдаг болох нь.

Цаашлаад гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид Монголд Google Pay ашиглан өөрийн улсад байгаагаас ялгаагүйгээр төлбөр тооцоо хийх боломжтой болох тул Монгол Улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэйг Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван онцолж байлаа.

Анхаарлын төвд

Хувийнхны оролцоо. 2025 оны эхний 10 сарын хугацаанд экспортолсон 65 сая тонн чулуун нүүрсний 35 хувийг Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд гаргасан бол үлдсэнийг нь хувийн 56 аж ахуйн нэгж экспортолсныг ГЕГ мэдээллээ. Энэ хугацаанд нүүрсний экспортын нийт үнийн дүн 4.3 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин уул уурхайн биржээр арилжаалсан нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг Төрийн өмчит компаниуд бүрдүүлжээ.

Цагаа олсон борлуулалт. Бороогийн уурхайн олборлолт нэмэгдсэнээс гадна алтны үнийн өсөлтийн мөчлөгт тааруулсан стратегийн борлуулалт хийснээр Steppe Gold-ийн орлого ашгийн үзүүлэлт III улиралд эрс нэмэгдлээ. Тайлант хугацаанд 7,988 унц алт, 1,475 унц мөнгө борлуулснаар 27.3 сая ам.долларын орлого олсон байна. Гэхдээ улирал дууссаны дараа компани дахин 7,966 унц алт зарж чаджээ. Үүний унц тутмыг нь 4032 ам.доллароор борлуулсан тул нэмэлтээр 32.1 сая ам.доллар олсон байна.

“Алтан цагаан овоо” төсөл

Ингэснээр тус компани бодит дүнгээр III улиралд нийт 16 мянга гаруй унц алт борлуулж, 59.4 сая ам.долларын борлуулалт хийлээ. Харин оны эхний есөн сарын нийт борлуулалтын орлого нь 124.1 сая ам.доллар хүрч байна. Алтны үнийн өсөлт нь тус компанийн хайгуулын үйл ажиллагаанд мөн дэмжлэг болж байгаа аж. Энэ хүрээнд Бороо болон Улаанбулагийн уурхайн ашиглалтын хугацааг уртасгах боломжтой бөгөөд ирэх оны эхээр шинэчилсэн ТЭЗҮ гаргахаар төлөвлөснөө мэдээллээ.

Мөнгөний нийлүүлэлт (М2) эргэн эрчимжиж эхэллээ. Аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 45 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөг буюу 7 хувиар өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж 3.2 их наяд төгрөгөөр буюу 15.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Өнгөрсөн оны эцсээс эхлэн инфляц эрчимжсэнээр бодлогын хүү нэмэгдэж, мөнгөний нийлүүлэлт зургаадугаар сард цар тахлаас хойших хамгийн сул өсөлтөө үзүүлсэн юм. Харин наймдугаар сараас хойш ийнхүү өсөлт бага багаар хурдассаар байна.

Урсгал хадгалагдав. TMK Energy компани нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслийн хийн олборлолт нь өдрийн дээд дүнгээ шинэчлэн тогтоосныг танилцууллаа. 11 дүгээр сард хийн олборлолт нь өдөрт 480 куб метр дунджилсан нь 10 сартай харьцуулахад 21 хувиар өндөр үзүүлэлт болж байна. Ингэснээр хийн түвшнийг дорвитой нэмэгдүүлэхэд шаардлагатай десорбцийн даралт бий болгоход ойртсоор байгаагаа онцолжээ.

Блумберг санал болгож байна

"Блумберг ТВ Монголиа" шилжилтийн эдийн засагт бүтээмж, ур чадвар, стратеги, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжлийг түүчээлэх CATALYST-уудыг 11 дүгээр сарын 20-ны өдөр тодруулах гэж байна.

"Catalyst”-уудаар дамжуулан хиймэл оюун, инновацын үсрэнгүй хөгжлийн эдийн засагт шинэ боломжуудыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой хүчин чармайлт гаргаж, хөгжлийн урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг таниулахыг зорьдог билээ.

Гүн рүү: Оргилоос адаг руу

Хэдхэн сарын өмнө хамгийн эрэлттэй байсан Xiaomi-ийн хувьцаа өдгөө Хятадын технологийн хувьцаанууд дундаа хамгийн базаахгүй үзүүлэлттэйд тооцогдож байна. Ухаалаг гар утас болон цахилгаан автомашиных нь бизнес тааруу байгаа нь тус компанийн үйл ажиллагаа ойрын хугацаандаа эргэн сэргэх болоогүйг илтгэлээ.

  • Энэ мягмар гарагт Xiaomi компанийн санхүүгийн тайлан танилцуулагдана. Xiaomi-ийн орлого 2023 оноос хойш байгаагүй удаан хурдаар өссөн байх төлөвтэй гэж шинжээчид тооцоолж байгаа юм.

  • Зах зээлд short арилжааны идэвх нэмэгдэхийн сацуу тус компанийн өсөлтийн төлөв сул байгаагаас шинжээчид компанийн хувьцааны зорилтот ханшийг удаа дараалан бууруулаад байна.

  • Санах ойн чипийн өртөг нэмэгдсэн нь Xiaomi-ийн ухаалаг гар утасны бизнест сөргөөр нөлөөлж буй аж. Мөн дотоодод эрэлт сул, Apple-ийн "iPhone 17" гар утасны борлуулалт өндөр байгаа энэ үед үнээ нэмэх боломж нь хязгаарлагдмал байна. Нөгөө талд цахилгаан автомашины захиалга нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.

  • Ойрын хэдэн саруудад санах ойн чипийн өртөг өндөр байсан хэвээр байна гэж Aberdeen Investments-ийн хөрөнгө оруулалтын менежер тооцоолжээ.

Зам зуур

“Baby Shark” дууг бүтээсэн Pinkfong компанийн хувьцаа анхдагч зах зээлд арилжаалагдаж эхэлсэн эхний өдрөө ханш нь 62 хүртэлх хувиар цойллоо.

YouTube дээр 16 тэрбум үзэлттэй тус дууны эрхийг эзэмшигч компани харьцангуй бага дүнтэй буюу 76 тэрбум вон татах IPO хийсэн боловч хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байж, захиалга нь нийлүүлтээсээ 600 дахин давсан байна. Мягмар гарагийн өглөө тус компанийн хувьцааны ханш арилжааг 58 мянган вонд нээгээд 61,500 вон хүртлээ өсжээ.

“Цаашид хувьцааны ханш нь дээшлэх эсэх нь компанийн ашгийн гүйцэгэлээс хамаарна. Одоо эзэмшдэг Baby Shark, Bebefinn зэрэг оюуны өмчүүдээ хэрхэн үр дүнтэйгээр орлогын эх үүсвэр болгож чадах нь гол түлхүүр” хэмээн Zian Investment Management-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Ким Дужун онцолжээ.

Эцэст нь товчхон

ҮСХ: Хуучин орон сууцны дундаж үнэ X сард сүүлийн таван сарын хамгийн өндөр хурдаар өслөө. Өнгөрсөн сараас 1.7 хувь, өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар өсөж, м.кв-ын үнэ нь 4.7 сая төгрөг хүрсэн байна. Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц 5.6 сая төгрөг, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд мөн л 5 сая төгрөг даваад байгаа аж.

СЗХ: Хөдөө аж ахуйн биржээр III улирлын байдлаар нийт 646.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий таван төрлийн бараа, бүтээгдэхүүн арилжаалжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үнийн дүн нь 31.4 хувиар буурснаас гадна нийт үнийн дүнгийн 91.3 хувийг ямааны ноолуур эзэлжээ.

Онцлох зураг

Рио Гранде голд завьтай эргүүл хийж буй АНУ-ын хил хамгаалалтын алба хаагчид - Мишн, Техас

Brenda Bazan/Bloomberg