- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/11/18
2025/11/18
Өглөөний мэнд. Монгол Улсын ДНБ-ий өсөлт III улирлын байдлаар 5.9 хувьтай гарч, хөдөө аж ахуйн салбар 3.4 нэгж хувийг нь бүрдүүллээ. SouthGobi Resources III улиралд түүхэн дээд хэмжээний нүүрс борлуулсан ч алдагдалтай ажиллав. Криптовалют “Баавгай” зах зээл рүү гүнзгий орж, Биткойн энэ оны бүх өсөлтөө алдлаа.

Малын буян ДНБ-д
Монгол Улсын эдийн засгийн тэлэлт эрчимжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний есөн сард 5.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өсөлт Монголбанкнаас явуулсан судалгаанд шинжээчдийн дундаж төсөөлөл 5.4 хувь байснаас өндөр дүнтэй гарсан байна.
Энэ онд уул уурхайн салбарын удаашралаас шалтгаалан эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байсан ч ДНБ-ий хагас жилийн гүйцэтгэл таамаглаж байснаас хол давснаар шинжээчдийн III улирлын төсөөлөл 3.6 хувиас 5.4 хувьд хүрээд байсан юм. Таамаглал эвдсэн өсөлт хадгалахад хөдөө аж ахуйн салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэжээ.

III улиралд уул уурхайгаас бусад салбар өсөлтийн хурдаа хадгалж, ялангуяа ХАА-н салбарын нэмэгдэл өртөг бодит дүнгээр 33.8 хувиар нэмэгдсэн нь нийт өсөлтийн 3.4 нэгж хувийг бүрдүүллээ. Өнгөрсөн онд зуднаас үүдэлтэй ХАА-н салбарын агшилт эдийн засгийн өсөлтийг хойш татаж байсан бол энэ онд дотоодын эдийн засагчид, олон улсын байгууллагуудын төсөөллийн дагуу хурдацтай сэргээд зогсохгүй гол хөдөлгүүр нь болж байна.
Тайлант хугацаанд эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг өрхийн хэрэглээ 34.5 их наяд төгрөг хүрч, бодит дүнгээр 9.7 хувиар өссөн нь өнгөрсөн оны мөн үеийн өсөлтөөс саарсан үзүүлэлт боллоо. Гэхдээ инфляцын түвшин Төв банкны зорилтоос өндөр байгаа үед айл, өрхүүд хэрэглээгээ төдийлөн танаагүй байгааг харуулж байна.
ХАА тэлэх орон зай их
Уул уурхайн бус салбар нийт экспортын ердөө 7.2 хувийг бүрдүүлдэг ч 2024 оны байдлаар нэрлэсэн ДНБ-ий 87 орчим хувийг эзэлжээ. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 25 хувийг авчирдаг, 94 мянга гаруй ААН-тэй, нийт ажиллах хүчний 75 хувийг ажиллуулдаг. Гэсэн ч уул уурхайн бус салбарт ажиллагсдын сарын дундаж цалин нь уул уурхайн салбарынхаас 2.4 дахин бага байдаг аж.

Эдийн засаг уул уурхайн экспортын орлогоос ихээхэн хамааралтай, түүхий эдийн үнэ, гадаад, дотоод орчны өөрчлөлтөд эмзэг хэвээр байгаа энэ үед уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, экспортод ихээхэн анхаарал хандуулах шаардлага тулгарч байгааг Төв банк онцоллоо. Тухайлбал Монгол Улс жилд 10 мянга орчим тонн ноолуур, 30 мянга орчим тонн ноос бэлтгэдэг ч түүхий ноолуурынхаа 8.4 хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолж байна. Харин энэ оноос зөвхөн самнасан ноолуур экспортод гаргаж эхэлснээр угаасан ноолуураас 1.8 дахин өндөр үнээр зарах боломжтой болжээ.
Иймд түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжсэнээр экспортын орлогыг 3-4 дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.
Анхаарлын төвд
Хүнд жингийнхэн. Монголын Хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр эрчтэй хоёр долоо хоногийг өндөрлүүллээ. XI сарын эхний 10 арилжааны өдөр 5.6 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсаны 1/4-ийг ХААН Банкны хувьцаа бүрдүүлж байна. Түүнчлэн Премиум Нексус ХК хувьцаагаа эргүүлэн худалдан авч эхэлснээр арилжааны идэвх нь эрс нэмэгджээ. Эхний 10 өдөр CUMN-ий 848 сая төгрөгийн хувьцаа арилжаалагдсан нь энэ оны эхний 10 сарын дундаж үзүүлэлтээс дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Алдагдал 1.6 их наяд. Өмнөх оны мөн үед 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар доогуур байсан бөгөөд орлогын гол бүрдүүлэгч татварын орлого буурахад АМНАТ 45.4 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. 2025 оны төсвийн тодотголоор татварын нийт орлого 28.3 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 30.2 их наяд төгрөг хүрэхээр тооцоолоод байгаа.
Үйл явдал ихтэй улирал. Монголд “Овоот толгой” уурхай, “Сүмбэр” болон “Заг сүүж”-ийн ордыг эзэмшдэг SouthGobi Resources компани ашгаас алдагдал руу шилжсэнийг 2025 оны III улирлын санхүү, үйл ажиллагааны тайлан нь харууллаа. Энэ оны III улиралд 1.1 сая ам.долларын үйл ажиллагааны орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеийн 27.7 сая ам.доллароос 96 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Тайлант хугацаанд SGR-ийн борлуулалт 3 сая тонн буюу түүхэн дээд түвшинд хүрсэн ч нүүрсний үнийн уналтаас шалтгаалж орлого нь татарсан байна. Мөн өнгөрсөн оноос олборлолтын үйл ажиллагаа, нүүрс боловсруулах аргачлалаа төрөлжүүлэхэд төвлөрснөөр үйлдвэрлэлийн өртөг нь нэмэгджээ. Эдгээр хүчин зүйлс хавсарснаар 2024 оны III улиралд 10 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан SGR өнгөрсөн III улиралд 7 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Үүнээс гадна Монгол дахь охин компани нь болох SouthGobi Sands-тай холбоотой татварын маргаан дээр шүүхийн эцсийн шийдвэр гарлаа.
Тийм ч хурдан мартахгүй. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн мэдэгдэлтэй холбоотой дипломат дайралтаа БНХАУ зөөлрүүлэх шинжгүй байна. Тус улсын төрийн өмчит телевизийн сошиал хаягт “Бээжингээс даацтай хариу арга хэмжээ авах бэлтгэлээ бүрэн хангасан” хэмээн мэдээлжээ. Мөн Хятадын ардын чөлөөлөх арми хэрэв Японы цэргийн хүч Тайванийн хоолойн нөхцөл байдалд оролцвол “Нутаг дэвсгэр нь бүхэлдээ дайны талбар болох эрсдэлтэй” хэмээн анхааруулсан мэдэгдэл хийжээ. Өнгөрсөн долоо хоногт үг хэлэхдээ Санаэ Такаичи хэрэв Хятад улс Тайваньд зэвсэглэн халдвал Япон улсын оршин тогтнолд аюул учирсан гэж үзэхээ илэрхийлсэн нь ийнхүү хоёр орны харилцааг хурцатгаад байна.
Блумберг санал болгож байна
"Блумберг ТВ Монголиа" шилжилтийн эдийн засагт бүтээмж, ур чадвар, стратеги, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжлийг түүчээлэх CATALYST-уудыг 11 дүгээр сарын 20-ны өдөр тодруулах гэж байна.
"Catalyst”-уудаар дамжуулан хиймэл оюун, инновацын үсрэнгүй хөгжлийн эдийн засагт шинэ боломжуудыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой хүчин чармайлт гаргаж, хөгжлийн урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг таниулахыг зорьдог билээ.
Гүн рүү: Бүх өсөлтөө тавиад туув
Ердөө сар гаруйн өмнө бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрч байсан Биткойны ханш доошилсоор энэ он гарснаас хойш олж авсан 30 гаруй хувийн өсөлт нь бүхэлдээ арчигдаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа виртуал хөрөнгөд ээлтэй бодлого баримтлах хүлээлтэд хөтлөгдсөн арилжааны өндөр идэвх аажмаар замхарч, зарах хөдөлгөөн эрчимжсэн нь үүнд нөлөөлжээ.

Дэлхийн хамгийн том криптовалютын ханш ням гарагт 93,714 ам.доллар болж, 2024 оны сүүлийн хаалтын ханшнаасаа доогуур түвшинд очжээ.
Аравдугаар сарын 6-нд Биткойны ханш түүхэн дээд түвшин 126,251 ам.долларт хүрсэн ч энэ түвшнээ ердөө дөрвөн өдрийн турш хадгалж, Дональд Трамп тарифтай холбоотой гэнэтийн мэдэгдэл хийсний дараагаас огцом унаж эхэлсэн юм.
"Зах зээлийн ерөнхий төлөв эрсдэлээс зайлсхийсэн байдалтай байна. Үүний нөлөөлөл хамгийн түрүүнд криптовалютад илэрдэг учраас эхний цохилт нь Биткойнд очлоо" хэмээн Bitwise Asset Management-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Мэтью Хоуган онцолжээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд биржээр арилжаалагддаг сангууд, хөрөнгө оруулалтын фирмүүд зэрэг гол худалдан авагчид нь уг зах зээлээс алгуур холдсоноор Биткойны ханш дээд цэгтээ хүрэхэд гол дэмжлэг болж байсан хөрөнгийн урсгал татарсан байна. Үүнтэй зэрэгцэн технологийн салбарын хувьцаануудын өндөр өсөлт хөрсөн нь хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх сонирхлыг бууруулжээ.
Зам зуур

Баасан гарагийн өглөө Нью-Йорк хотын Сохо дүүрэгт байрлах Apple-ийн дэлгүүрийн гадна тус компанийн дөнгөж танилцуулсан, цөөн тоогоор худалдаанд гаргасан бүтээгдэхүүнийг авахаар хүмүүс урт дараалал үүсгэжээ. “iPhone” гар утсанд зориулагдсан, 230 ам.долларын үнэтэй энэхүү хүүдийг “энгийн даавууны өөдөснөөс санаа авч хийсэн” гэж компанийн зүгээс тайлбарлаж байна.
“iPhone Pocket” нэртэй, зүүж авч явах зориулалттай мөрөвчтэй хүүдийг тус компани Японы алдарт брэнд Issey Miyake-тай хамтран бүтээжээ. Issey Miyake нь Apple-ийн хамтран үүсгэн байгуулагч Стив Жобсын үргэлж өмсдөг байсан хоолойтой хар цамцыг үйлдвэрлэснээрээ алдартай.
“iPhone Pocket”-ийг хоёр өөр хэмжээтэйгээр санал болгож буй. Богино нь 150 ам.доллар, урт нь 230 ам.долларын үнэтэй. Түүнчлэн өнгөний өргөн сонголттой, бүх төрлийн “iPhone”-д таарах тусгай 3D нэхмэл бүтэцтэйгээр хийгджээ.
Эцэст нь товчхон
Оюутолгойн уурхайтай биечлэн танилцах урилгыг УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүдэд дахин хүргүүлсэн талаар Оюу Толгой ХХК мэдэгдлээ. Уурхайн үйл ажиллагаатай танилцсанаар Онтрэ-ийн лиценз болон түүний ач холбогдол, хүлээгдэж байгаа шийдвэрүүдийн талаар бүрэн зураглал авах зэрэг олон талын ач холбогдолтойг дурдсан байна.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд X сарын 28-ны өдрийн байдлаар нийт 473.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 168 зээлдэгчид олгожээ. Боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зээл, санхүүгийн нөхцөл харьцангуй таатай ч бага хэмжээтэй олгогдож байгаа тул цаашид ЖДҮ эрхлэгчдийг дэмжихэд ААН-үүдийн боломжид тохирсон санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн өргөн хүрээнд нэвтрүүлэх шаардлага байгааг Монголын Банкны Холбоо тодотгож байна.
Онцлох зураг
2025 оны Дэлхийн агаарын бөмбөлгийн фестивалийн үеэр хөөргөсөн бөмбөлгүүд - Леон хот, Мексик
Mario Armas/AFP/Getty
