2025/11/17

Өглөөний мэнд. Kincora Copper Монгол дахь зэс-алтны “Хүрэл үнэг” төслийг аливаа нэмэлт зардалгүйгээр эргүүлэн авчээ. Засгийн газар ирэх онд гадаадад $1 тэрбум, дотоодод 561.2 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргана. Өнгөрсөн сард БНХАУ-д орон сууцны үнэ жилийн дээд дүнгээр унаж, үл хөдлөхийн хямрал нь дөрөв дэх жилдээ үргэлжилж байна.

Эргэн тавтай морил, Kincora

Kincora Copper компани Монгол дахь зэс-алтны төслөө аливаа нэмэлт зардал гаргалгүйгээр эргүүлэн авснаа мэдээллээ.

2024 онд тус компани Монголд байрлах төслүүдээ Австралийн Orbminco компанид худалдах урьдчилсан нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэхдээ Orbminco Австралийн алтны төсөлдөө төвлөрөхөөр шийдвэрлэж, хэлцлээсээ ухарсан юм.

Гэрээний хүчинтэй байсан хугацаанд Orbminco компани Kincora-д 450 сая австрали долларын үнэ бүхий хувьцаагаа шилжүүлсний сацуу "Хүрэл үнэг" төслийн хайгуулд 1.3 сая австрали доллар зарцуулсан байна. Одоогоор Kincora "Хүрэл үнэг" төсөлдөө шинэ хөрөнгө оруулалт татах, хайгуулаа бие даан хийх зэрэг боломжуудыг судалж байгаагаа зарлажээ.

Сүүлд тус компани 4 сая канад доллар татан төвлөрүүлж, 10 хувьцаагаа 1 болгож нэгтгэх ажлууд хэрэгжүүлсэн байгаа. Одоогоор зах зээлд компанийн 43 сая хувьцаа арилжаалагдаж байна. Компанийн хувьцааны ханш энэ онд 300%-ийн өсөлттэй, нэгж үнэ нь 1.28 австрали долларт сүүлийн арилжааг хаасан байна.

Дорноговь аймагт, өмнийн говийн зэс порфирын бүсэд орших “Хүрэл үнэг” хайгуулын лиценз нь 175 км.кв талбайг хамардаг. Kincora тус талбайд гурван цооногт 46 мянга гаруй метрийн өрөмдлөг хийсэн бөгөөд анхан шатны тооцооллоор 426 мянган тонн зэс, 437 мянган унц алтны нөөцтэй гэж үнэлэгджээ.

Orbminco-д лицензээ шилжүүлэхээс өмнө тус компани 2.7 тэрбум төгрөгийн татварын асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд хандаж, сунжирсан хуулийн маргаантай нүүр тулаад байв.

Анхаарлын төвд

ЗГ-ын бондууд ирэх онд. Засгийн газар 2026 онд нэг тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас, 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас гаргахаар 2026 оны төсвийн төсөлтэй хамт эцэслэн баталлаа. Үүнээс гадна ирэх онд нийслэл 275 тэрбум төгрөг хүртэлх, аймаг 150 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөж байгаа аж. ЗГ багагүй хугацаанд завсарласны эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сараас дотоодын үнэт цаас гаргаж эхлээд буй. Түүнээс хойш нийт 140 тэрбум төгрөгийн бонд гарч, сүүлийн байдлаар 130 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

55-ийг 1. TMK Energy компани капиталын бүтцээ энгийн болгох хүрээнд 55 ширхэг хувьцаагаа нэг болгон нэгтгэх хөтөлбөр хэрэгжүүлснээ мэдээллээ. Ингэснээр тус компанийн нийт хувьцаа 217 сая орчим болж, цөөрч байна. Дээрх мэдээллийн дараа TMK Energy-ийн хувьцааны арилжаа идэвхжиж, ханш нь 55 хувиар өсөж, сүүлийн таван сарын дээд түвшинд хүрчээ.

Ажилчид нэгдүгээрт. Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи компаниудыг хувьцаа эзэмшигчдэдээ хэт төвлөрч, ажилтнуудынхаа цалинг өсгөхөд анхаарахгүй байгааг шүүмжиллээ. “Компанийн засаглалын хуульд өөрчлөлт оруулж, нөөцийг зөвхөн хувьцаа эзэмшигчдэд бус ажилтнууддаа зохистой хуваарилахад нь компаниудад дэмжлэг үзүүлэх болно” хэмээн тэрбээр парламентад гишүүдийн асуултад хариулахдаа онцолжээ.

Геополитикт ч тэрээр том мэдэгдэл хийлээ. БНХАУ Японы Ерөнхий сайд Санаэ Такаичид Тайваньтай холбоотой хэлсэн үгээ буцаах шаардлага тавьжээ. Хэрэв Хятад улс Тайваньд зэвсэглэн хандвал Япон улсын оршин тогтнолд аюул учирсан гэж үзэхээ Такаичи илэрхийлсэн нь Азийн хоёр орны хооронд дипломат маргаан дэгдээгээд байна. Энэ нь “Япон 80 жилийн дараа анх удаа Хятадын эсрэг хүч түрэмгийлэхээр сүрдүүлсэн” үйл явдал болсныг Хятадын төрийн өмчийн хэвлэл бичжээ. БНХАУ-ын зүгээс үүнтэй холбоотойгоор иргэддээ Японд аялахгүй байхыг анхааруулснаас гадна Гадаад харилцааны дэд сайд нь пүрэв гарагт Японы Элчин сайдыг дуудан тайлбар шаардсан байна.

Ёроолдоо хүрдэггүй үнэ. Аравдугаар сард БНХАУ-ын томоохон 70 хотод шинэ орон сууцны үнэ өмнөх сараасаа 0.45 хувиар буурсан нь сүүлийн нэг жилд байгаагүй огцом уналтад тооцогдож байна. Харин хуучин орон сууцны үнэ 0.66 хувиар буурсан нь 13 сарын дээд үзүүлэлт аж. Ийнхүү Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт дөрөв дэх жилдээ үргэлжилж, эдийн засгийн өсөлтөөс хойш чангаасан хэвээр байна. Үүнтэй зэрэгцэн тус улсын хамгийн том үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн нэг асан Country Garden компани 13 тэрбум ам.долларын хөрвөх чадвартай бонд гаргахаар төлөвлөж, мөн өрөө төлж барагдуулах үүднээс Хонконгийн биржид нэмэлтээр хувьцаагаа гаргахаар болсон байна.

Эмч нартай тохиролцов. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 75 хувиар нэмэх буюу 3 сая төгрөгт хүргэхээр тохиролцож, гурван талт хэлэлцээрт талууд гарын үсэг зурсныг ЗГ мэдээллээ. Ингэснээр орон даяар эхлүүлэхээр төлөвлөөд байсан эмч нарын ажил хаялт албан ёсоор цуцлагдав. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг ирэх оны I сарын 1-ээс 30 хувиар нэмэх бол VIII сарын 1-ээс эхлэн сар бүр 9 хувиар нэмж, 2027 оноос 3.5 сая төгрөгт хүргэхээр шийдвэрлэсэн байна.

Блумберг санал болгож байна

"Блумберг ТВ Монголиа" шилжилтийн эдийн засагт бүтээмж, ур чадвар, стратеги, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжлийг түүчээлэх CATALYST-уудыг 11 дүгээр сарын 20-ны өдөр тодруулах гэж байна.

"Catalyst”-уудаар дамжуулан хиймэл оюун, инновацын үсрэнгүй хөгжлийн эдийн засагт шинэ боломжуудыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой хүчин чармайлт гаргаж, хөгжлийн урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг таниулахыг зорьдог билээ.

2024 оны "Catalyst"-уудыг “Economics”, “M&A”, “Digital”, “ESG”, “Net-Zero”, “Innovation”, “Investment”, “Impact”, “Smart Solution” гэсэн есөн төрөлд нэр дэвшүүлж, шилдгүүдийг тодруулж байв.

Энэхүү санаачилга нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хэвлэл мэдээллийн оролцоо, санаачилгыг манлайлан сайн жишиг тогтоох “Блумберг ТВ Монголиа”-ийн үндсэн зорилтын нэг хэсэг болох юм.

Гүн рүү: Зарцуулах сонирхол алга

БНХАУ-ын зээлийн өргөн хэмжүүр болох нийт санхүүжилтийн хэмжээ X сард 815 тэрбум юань буюу 115 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь 2024 оны VII сараас хойших доод түвшинд буурсан үзүүлэлт болов. Түүнчлэн Bloomberg-ийн эдийн засагчдын дунд хийсэн судалгаагаар 1.2 их наяд юань гэж тусгасан төсөөллөөс илт бага дүн болж буй аж.

  • Санхүүгийн байгууллагуудын юаниар олгосон шинэ зээлийн хэмжээ 219 тэрбум юаниар нэмэгдсэн нь мөн адил хүлээлтээс бага гүйцэтгэл болж байна.

  • БНХАУ-ын Засгийн газар энэ онд бонд гаргалтаа оны эхэн үед төвлөрүүлснээр сүүлийн саруудад гарсан шинэ бондын хэмжээ өмнөх оны мөн үеэс багасжээ.

  • Банкнууд улирлын эхний сард зээл олголтын төлөвлөгөөндөө хүрэх гэж яардаггүйтэй холбоотойгоор зээлийн өсөлтөд улирлын чанартай нөлөө үзүүлдэг. Нөгөө талаас компаниудын хөрөнгө оруулалт болон үйл ажиллагаагаа тэлэх зориулалттай зээлээс татгалзаж, тэдгээрийн дунд болон урт хугацаат зээлийн үлдэгдэл ердөө 31 тэрбум юаниар өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны өсөлтийн 20 хувьд нь ч хүрэхгүй тааруу үзүүлэлт болжээ.

  • Айл, өрхүүдийн дунд болон урт хугацаатай зээлийн хэмжээ дахин буурсан нь хэрэглэгчид орон сууц худалдан авалтаас зай барьсаар буйг харуулж байна. Ингэснээр БНХАУ-ын өрхүүд 2008 оны хямралаас хойших хамгийн бага дүнгээр шинэ зээл авч буй үзүүлэлттэй байгаа аж.

Зам зуур

Ойрх Дорнодын анхны “Six Flags” сэдэвчилсэн парк ирэх XII сарын 31-нд Саудын Арабд нээгдэх гэж байна. Эр-Рияд хотын захад байрлалтай “Six Flags Qiddiya City” парк нь дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан “Falcons Flight” галзуу хулгана зэргээс бүрдсэн 25 гаруй тоглоомтой байх бөгөөд насанд хүрэгчдийн тасалбар нь 352 риял (87 ам.доллар) байхыг Saudi Press Agency мэдээлжээ.

АНУ-ын Хойд Каролинад төвтэй Six Flags Entertainment Corp.-ийн Хойд Америкаас өөр бүсэд нээж буй анхны парк нь энэ болж байна. Тус компани тасалбарын орлого нь багассанаас болж орлогын төсөөллөө энэ онд хоёр ч удаа бууруулаад байгаа. Он гарснаас хойш компанийн хувьцааны ханш бараг 70 хувиар буурч, хамгийн тааруу үзүүлэлттэй жилээ үдэх нь ойлгомжтой болжээ.

Эцэст нь товчхон

Ням-Осорын Учрал МАН-ын даргаар сонгогдлоо. Эрх баригч намын их хурлаар намын даргад Н.Учрал, Б.Лхагважав нар нэрээ дэвшүүлж, хуралд оролцсон төлөөлөгчдийн 95 хувийн саналаар Н.Учрал ялалт байгуулсан байна.

ҮСХ: Худалдааны салбарын борлуулалтын орлого эхний есөн сарын байдлаар 48.5 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 289.8 тэрбум төгрөгөөр буюу 0.6 хувиар өссөн байна. 48.5 их наяд төгрөгийн борлуулалтын 22.4 хувь буюу 10.9 их наяд төгрөгийг хүнсний бүтээгдэхүүн, үлдсэнийг нь хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.

Онцлох зураг

Фермд тариалж буй зул сарын гацуур модод - Саммердэйл, АНУ

Micah Green/Bloomberg