2025/11/14

Өглөөний мэнд. 2026 оны төсвийн нийт орлогын 27 хувь буюу ₮9.3 их наядыг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Он гарснаас хойш МХБ-ээр арилжигдсан төмрийн хүдэр болон баяжмалын арилжааны хэмжээ бараг хоёр дахин нэмэгдээд байна. Шинэ эдийн засгийн Catalyst-ууд 11 дүгээр сарын 20-нд тодорно.

АНУ эргэн нээгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төсвийн төсөлд гарын үсэг зурснаар тус улсын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн Засгийн газрын “тэг зогсолт” дуусгавар боллоо. Сүүлийн 43 хоногийн турш АНУ-ын төрийн үйлчилгээ саатаж, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд зогсож, төрийн албан хаагчид ажлаа хийж чадаагүй юм.

Гэхдээ энэ удаагийн төсөвт зөвхөн нэгдүгээр сарын 30 хүртэлх санхүүжилтүүдийг багтаасан тул ирэх оны эхээр дахин төсөвтэй холбоотой гацаа үүсэх магадлал бий. Ерөнхийлөгч төсөв баталснаар Засгийн газрынх нь үйл ажиллагаа нэн даруй эхлэх ч агентлагууд X сарын 1-нээс хойш хуримтлагдсан ажлыг нөхөх гэж хэдэн өдөр, хэдэн долоо хоног ч зарцуулж магадгүй аж.

Тэг зогсолт АНУ-ын эдийн засагт багагүй хохирол учруулсан. Конгрессын Төсвийн хорооны тооцоолсноор энэ улирлын ДНБ-ий өсөлтөд 1.5 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа аж. Нислэгүүд цуцлагдсанаар агаарын тээврийн компаниуд алдагдал хүлээж, бага орлоготой олон сая өрхийн хүнсний тусламж саатаж, төрийн албан хаагчид нь сар гаруйн турш цалингүй амьдарсан юм. Мөн ажилгүйдэл, инфляц гэх мэт Засгийн газраас гаргадаг албан ёсны статистикууд хойшилсноор арилжаалагчид хөрөнгийн зах зээлд “сохроор” оролцож байлаа.

Улс төрийн хувьд Дональд Трамп болон Конгрессын Бүгд найрамдах намынхан төсвийн тэмцэлд ялалт байгуулснаа зарлаж буй. Харин Ардчилсан намынхан гол шаардлага нь болох эрүүл мэндийн даатгалын татаасын хугацааг сунгаагүйг шүүмжилж байна.

Энэ удаагийн түр тохиролцоо нь өмнөх тэг зогсолтуудын үр дүнтэй ерөнхийдөө адилхан байлаа. Улс төрийн гацаа хэдэн долоо хоногоор үргэлжилж, иргэдийн бухимдал даамжирч, эдийн засагт өвдөлт ирж байж л хоёр тал тохиролцооны ширээнд суудаг жишиг энэ удаа ч давтагдав.

Анхаарлын төвд

Нүүрсний араас. 2025 он гарсаар МХБ-ээр арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүнээс төмрийн хүдэр болон баяжмалын арилжааны хэмжээ бараг хоёр дахин нэмэгдээд байна. Энэ онд нийт 4.4 сая тонн төмрийн хүдрийн арилжаа хийгдсэн нь өмнөх оныхоос 2 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт болж, үнийн дүн нь 1 их наяд орчим төгрөг хүрсэн байна. Сүүлийн дөрвөн сар гаруй хугацаанд төмрийн хүдрийн үнэ сэргэж эхэлснээр биржийн арилжаанд дэмжлэг болж буй. 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжааны нийт хэмжээний 90 гаруй хувийг нүүрс бүрдүүлж байсан бол энэ онд 1/5-ийг нь төмрийн хүдэр, баяжмал эзлэх болсон байна.

Төсвийн онцлох тоонууд. Урсгал зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн дагуу ирэх оны төсөвт урсгал зардлыг 1 их наяд гаруй төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, цалин тэтгэвэр нэмэх санхүүжилтийг шийдвэрлэсэн. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 6-12.8 хувиар бууруулж, тэвчиж болох зардлуудыг хойшлуулжээ.

Макро эдийн засгийн хувьд ирэх онд ДНБ-ий бодит өсөлтийг 5.7 хувь, инфляцыг 7 хувьд тогтворжуулахаар тооцоолж байна. Мөн экспортыг 16.7 тэрбум ам.доллар хүргэх зорилт дэвшүүлсэн. Нийт 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэсийн баяжмал экспортолж, төсвийн нийт орлогын 27 орчим хувь буюу 9.3 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр төлөвлөв.

Шинэ ногоон хөрөнгө оруулалт. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк хүнс, хөдөө аж ахуйн бизнесүүдийг дэмжих 20 сая ам.долларын зээлийг ХААН Банк ХК-д олгохоор боллоо. Энэхүү зээл нь хөдөө орон нутаг дахь бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэх болон тэдний ногоон төслүүд дэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготойг тус банк мэдээлэв. Нийт зээлийн дүнгийн багадаа 15 хувийг байгаль орчны тогтвортой байдлыг хангасан хөдөө аж ахуйн төслүүдэд зарцуулахаар байна.

Барцадтай төсөл. Rio Tinto компани Сербид хэрэгжүүлэх 3 тэрбум ам.долларын өртөгтэй литийн төслөө түр хугацаанд зогсоолоо. Одоогоор үйлдвэрлэлийн шатанд хүрээгүй байгаа “Jadar” төсөл нь Сербийн Засгийн газрын зөвшөөрөл олгох явц удааширсан, орон нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэл зэрэг олон сорилттой тулгараад буй аж. Төслийг энэ долоо хоногийн эхээр “Care and Maintenance” горимд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр талбайн аюулгүй байдлыг хадгалах ч гол ажлуудыг зогсооно гэсэн үг юм.

Блумберг санал болгож байна

"Блумберг ТВ Монголиа" шилжилтийн эдийн засагт бүтээмж, ур чадвар, стратеги, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжлийг түүчээлэх CATALYST-уудыг 11 дүгээр сарын 20-ны өдөр тодруулах гэж байна.

"Catalyst”-уудаар дамжуулан хиймэл оюун, инновацын үсрэнгүй хөгжлийн эдийн засагт шинэ боломжуудыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой хүчин чармайлт гаргаж, хөгжлийн урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг таниулахыг зорьдог билээ.

2024 оны "Catalyst"-уудыг “Economics”, “M&A”, “Digital”, “ESG”, “Net-Zero”, “Innovation”, “Investment”, “Impact”, “Smart Solution” гэсэн есөн төрөлд нэр дэвшүүлж, шилдгүүдийг тодруулж байв.

Энэхүү санаачилга нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хэвлэл мэдээллийн оролцоо, санаачилгыг манлайлан сайн жишиг тогтоох “Блумберг ТВ Монголиа”-ийн үндсэн зорилтын нэг хэсэг болох юм.

Гүн рүү: Бондын шуурга

АНУ-ын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн бонд гаргалт жилийн дүнгээр 2020 оноос хойших дээд цэгтээ хүрлээ.

  • Компаниуд бодлогын хүү буурсныг ашиглан өр дахин санхүүжүүлэх, шинэ худалдан авалт хийх болон хиймэл оюуны салбарт хөрөнгө оруулахаар бонд гаргах нь нэмэгджээ.

  • Тодруулбал, бонд гаргалт 1.499 их наяд ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн 1.496 их наяд ам.долларыг давсан дүн болж байна.

  • Энэ онд бонд гаргалт 2020 оны рекорд 1.75 их наяд ам.долларыг давахгүй байх магадлалтай ч хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр, төв банкнууд бодлогын хүүгээ бууруулсан зэрэг хүчин зүйлс компаниудад таатай нөхцөл бүрдүүлж байна.

Зам зуур

Өвөр Монголын Өөртөө засах орон ирэх жилүүдэд Бугат хотыг БНХАУ-ын газрын ховор элементийн хамгийн том бааз суурь, олон улсын газрын ховор элемент ашиглалтын зангилаа цэг болгохоор зорилт тавьсан байна.

ӨМӨЗО-ны захиргаанаас танилцуулсан 2025-2035 он хүртэл хэрэгжүүлэх “Үзэсгэлэнт Өвөр Монгол” хөгжлийн цогц төлөвлөгөөний тоймд энэ талаар дурдсанаас гадна шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдийг хурдацтай хөгжүүлж, “салхи-нар-устөрөгч-хуримтлуулах байгууламж” гэсэн бүтэцтэй аж үйлдвэрлэлийн кластер цэг байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 300 сая кВт-аар нэмэгдүүлж, Бугат, Тунляо хотууд Шилийнгол аймагт 10 сая кВт-ын хүчин чадалтай салхин ЦС барихыг онцолсон байна.

Эцэст нь товчхон

Багануур, Шивээ-Овоо ХК-иудад дамжуулсан зээлийн өр төлбөрийг ирэх оны I улиралд багтаан улсын төсөвт төлж барагдуулахыг толгой компани Эрдэнэс Монгол нэгдэлд даалгалаа. Багануур ХК-ийн нийт өр төлбөр эхний хагас жилийн байдлаар 250 орчим төгрөг байсан бол Шивээ-Овоо ХК-ийн хувьд 198.9 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нээлттэй сонсголыг ирэх XII сарын 8-12-нд зохион байгуулахаар товложээ. Сонсголын эхний өдөр Антрэ компанийн эзэмшлийн талбай дахь нөөц, үнэлгээ болон Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, дараагийн өдрүүдэд компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон санхүүжилтийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Онцлох зураг

Өмнөд туйлын туяа (Aurora Australis) Шинэ Зеландын Данединий эргээс

Sanka Vidanagama/AFP/Getty