2025/11/13

Өглөөний мэнд. Төрийн өмчит компаниудын орлого 25.9 их наяд, өр төлбөр нь 22.8 их наяд төгрөг байна. Уоррен Баффет цаашид нам гүм амьдарч, хандивын ажлаа эрчимжүүлнэ. Улс төрийн асуудлаас болж багагүй хугацаанд дуншсан 2026 оны төсвийг УИХ хэлэлцэн баталлаа.

У.Баффетын сүүлийн захидал

Хуучин нэхмэлийн үйлдвэрийг нэг их наяд ам.долларын үнэлгээтэй конгломерат болгон өргөжүүлсэн тэрбумтан, хөрөнгө оруулагч Уоррен Баффет олны анхаарлаас хол, нам гүм амьдрахаар шийдсэнээ мэдэгдлээ. Энэ нь дэлхийн бизнесийн ертөнцөд нэрээ мөнхөлсөн домогт хөрөнгө оруулагчийн эрин үе дуусгавар болж буйг илэрхийлж байна.

Өдгөө 95 настай Уоррен Баффет гэр бүлийнхээ дөрвөн санд нийт 1.3 тэрбум ам.доллар хандивлаж буйгаа захидалдаа бичжээ. Мөн оны эцсээр Berkshire Hathaway-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгөхөө дурдсан бөгөөд цаашдаа жил бүр компанийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдэдээ захидал бичихгүй, хурлуудад үг хэлэхгүй гэж мэдэгдсэн байна.

Энэ нь Уоррен Баффетын удирдлагын залгамж халааг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дараагийн чухал алхам болж байна. Тэрбээр компанийн хувьцаа эзэмшигчдийн өмнөх хурлын үеэр олон жилийн турш дэргэд нь ажилласан орлогч Грег Абельд компанийн жолоог шилжүүлэхээр шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдэж байв.

Сүүлийн хэдэн жилийн турш Уоррен Баффет томоохон худалдан авалт хийх, компанийнхаа хувьцааг эргүүлэн худалдаж авахаас татгалзаж ирсний үр дүнд тэрбээр 63 настай Грег Абельд 382 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй компани үлдээж байна.

Тэрбээр мөн захидалдаа биеийн байдал нь “ерөнхийдөө сайн” байгааг дурдаад, амьд ахуйдаа хүүхдүүдийнхээ буяны сангуудад идэвхтэйгээр хандив өргөхөөр төлөвлөснөө илэрхийлжээ.

Анхаарлын төвд

Төсвөө батлав. Ороо бусгаа улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж саатаад байсан төсвийн хэлэлцүүлгийг УИХ сүүлийн хоёр долоо хугацаанд яаравчлуулж, лхагва гарагийн хуралдаанаараа батлав. Гэхдээ эмч нарын цалин нэмэх зэрэг асуудлуудыг шийдэх санхүүжилт тусгаагүй тул төд удалгүй тодотгол хийх өндөр магадлалтай. 2026 онд нийт тэнцвэржүүлсэн орлогыг 30.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, зарлагыг 32.9 их наяд буюу ДНБ-ий 32.2 хувьтай тэнцэхээр тооцож баталсан. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 50 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар байна.

Төр оролцвол өр нэмэгдэнэ. 2024 оны байдлаар Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой 67 хуулийн этгээдийн нийт орлого 25.9 их наяд төгрөг хүрсэн бол зарлага нь 18.2 их наяд төгрөг болж, 5.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг ТӨБЗГ тайлагналаа. Харин нийт өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.

2020-2024 онд төсвийн урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2 хувь, харин нэрлэсэн ДНБ-ий өсөлт 17 хувь байжээ. Энэ тренд цааш үргэлжилбэл 2028 онд төсвийн урсгал зардлын ДНБ-д эзлэх хувь 30 хувиас хэтэрч, улмаар төсөв ачааллаа даахгүй болж, нийт орлогоороо зөвхөн урсгал зардлаа нөхөх хэмжээнд хүрэх эрсдэлтэйг ТТБЗ анхааруулсан юм. Дашрамд дурдахад, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийг дэмжих зорилготой Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл боловсруулснаа ЗГ танилцуулсан.

Монгол хүн зүтгүүлнэ. Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал дэвшүүлснээ Засгийн газар мэдээллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар Rio Tinto компанийн Зэсийн группийн захирал Кэйти Жэксонтай цахимаар уулзаж, Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцсон аж. Төслийн зээлийн хүүг бууруулах асуудалд талууд урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрээд байгаа.

Автомашины урсгал татрав. Импортын автомашинд Улаанбаатарын бүртгэлтэй дугаар олгохыг хязгаарлах шийдвэр хэрэгжиж буй энэ үед автомашины импортын биет хэмжээ эрс буурчээ. Оны эхний 10 сард 82,550 суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 20.7 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Гэхдээ үнийн дүн нь өмнөх оны мөн үеэс 23 сая ам.доллароор нэмэгджээ. Сүүлийн 2-3 жилд автомашины импорт огцом нэмэгдэж, жилийн 100 мянгыг даваад байсан юм. Энэ нь ЗГ, нийслэлийн албан тушаалтнууд хэрэгжээгүй, хэрэгжих болоогүй шийдвэрүүдээ зарлаж, улмаар хоосон эрэлт бий болгосонтой холбоотойг МАДА ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Баасанбаяр хэлж байв.

Блумберг санал болгож байна

Блумберг ТВ Монголиа телевиз өнөөгийн шилжилтийн эдийн засагт хурд, бүтээмж, ур чадвар, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засагт хүргэх хурдасгуур болж буй шилдэг "Catalyst"-уудыг 11 дүгээр сарын 20-ны өдөр тодруулах гэж байна.

Энэхүү санаачилгаараа бид хиймэл оюун, технологийн эринд хөл нийлүүлэн инновацын шинэ боломжуудыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтад нэгдэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд таниулахыг зорих юм.

Гүн рүү: ЗГДҮЦ-ны идэвх

Монгол Улсын Засгийн газрын дотоод зах зээлд гаргасан бондын хэмжээ оны эцсээр 135 тэрбум төгрөг хүрэхээр байна. Энэ оны дөрөвдүгээр сард 2017 оноос хойших анх удаа ЗГДҮЦ-ны арилжаа хийгдсэн юм. Түүнээс хойш нийт 140 тэрбум төгрөгийн бонд гарч, өнөөдрийн байдлаар 130 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

  • Бондын арилжаа эргэн эхлэх үед 3-4 дахин давсан хэмжээний захиалга ирж байсан ч сүүлийн арилжаануудад захиалга буурахтай зэрэгцээд дийлэнх бондуудын өгөөж өсөж эхэлсэн байна. Тухайлбал таван жилийн хугацаатай бондын өгөөж X сарын арилжаагаар 10.8 хувь дээр тогтсон нь VII сарынхаас 30 суурь нэгжээр өндөр үзүүлэлт боллоо.

  • Хоёр жилийн хугацаатай бондын өгөөж IV сараас хойш 25 суурь нэгжээр буурчээ. Энэ нь зах зээлд богино хугацаанд бодлогын хүү буурах хүлээлттэй байгааг харуулж буй. Энэ оны эцсээс ирэх оны эхэн үед инфляцын түвшин буурах төлөвтэй байгааг Монголбанк танилцуулж байсан юм.

  • Үүнээс гадна XI гарсаар харьцангуй тогтворжиж эхлээд байсан олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш өнгөрсөн долоо хоногийн дундаас эхлээд бага зэргийн өсөлттэй. Харин 2027 онд хугацаа нь дуусах бондын ханш сүүлийн дөрвөн жилийн оргил түвшинд хүрээд байна.

  • Зээлжих зэрэглэл ахиж, сүүлийн үеийн дотоодын макро тоон мэдээлэл ерөнхийдөө эерэг талдаа гарсны дараахан бондуудын худалдан авалт нэмэгдсэнийг ханшийн хөдөлгөөнөөс харж болохоор байна.

Зам зуур

Жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдөр болдог “Ганц биечүүдийн өдөр"-өөр БНХАУ-ын цахим худалдааны хамгийн том платформуудын нэг JD.com-ийн борлуулалт дээд түвшинд хүрсэн байна.

Тодруулбал ганц биечүүдийн өдрөөр худалдан авалтын захиалга нь 60 орчим хувиар эрчимжиж, дээд түвшинд хүрсний сацуу нийт цахим худалдан авагчдын тоо нь 40 хувиар нэмэгдэж, өнгөрсөн оныхоос хоёр дахин өсссөнийг мэдээлжээ. Энэ нь БНХАУ-д үргэлжилж буй дефляцын эрсдэл хэрэглэгчдийн зарцуулалтад сөргөөр нөлөөлж байна гэсэн болгоомжлолыг няцаах үзүүлэлт боллоо.

Үүнээс гадна цахим худалдааны салбарт тэргүүлэгч Alibaba компани үндсэн бүтээгдэхүүний каталогоо дахин шинэчилж, хайлтын системд хиймэл оюун ашиглах боломжтой болсон талаар мэдээлж байв. Ингэснээр баярын үеийн худалдааны борлуулалт нэмэгдэх хүлээлт өндөр байгаа юм.

Эцэст нь товчхон

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд хийн халаалтын төхөөрөмж нэвтрүүлэх төсөл хэрэгжиж буй. Тус төхөөрөмжийг ашиглан бууруулж байгаа хүлэмжийн хийн ялгарлыг карбон кредитийн тогтолцоонд холбосон байна. Ингэснээр 3.3 сая төгрөгийн үнэтэй "Haier" болон "Hisense"-ийн төхөөрөмжийг хямдралтайгаар худалдан авах боломж бүрдсэнийг төсөл хэрэгжүүлэгчид мэдээллээ.

ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 2026 оны 12 дугаар сарын нэгэн гэхэд одоогийн цалингаас 75 хувиар нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа.

Онцлох зураг

АНУ-ын Аризона мужийн Соноита дахь үхрийн аж ахуйд

Rebecca Noble/Bloomberg