- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/11/12
2025/11/12
Powered by:
Өглөөний мэнд. Softbank гэнэтийн шийдвэр гаргаж, Nvidia-д эзэмшдэг бүх хувьцаагаа $5.8 тэрбумаар зарлаа. УИХ 2026 оны төсвийг батлаад төд удалгүй тодотгол хийх магадлалтай болов. Намрын улиралд махны үнэ улирлын хандлагаа даган буураагүй нь X сард хүнсний инфляц эрчимжих түлхэц боллоо.

Softbank NVDA-г орхив
Японы SoftBank Group Nvidia компанид эзэмшдэг бүх хувьцаагаа зарж, 5.8 тэрбум ам.доллар халаасаллаа. Хиймэл оюуны чиглэлд өөрийн гэсэн нөлөөллийн хүрээг бий болгохоор зорьж буй компанийн Үүсгэн байгуулагч Масаёши Сон хөрөнгө оруулалт хийх нөөцөө нэмэгдүүлэх үүднээс уг гэнэтийн алхмыг авсан байна.
Тэрбээр энэ онд “Stargate” дата төвийн төслүүд, OpenAI-д хийхээр төлөвлөсөн 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зэрэг санаачилгуудад тэргүүлэх үүрэгтэй оролцох болсон юм. Мөн АНУ-ын Аризона муж дахь 1 их наяд ам.долларын өртөгтэй хиймэл оюуны үйлдвэрлэлийн зангилаа цэг байгуулах төсөлд оролцохоор TSMC тэргүүтэй компаниудтай хэлэлцээ хийж буй.
SoftBank өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Nvidia-д эзэмшдэг хувьцаагаа нэмэгдүүлж, нийт дүнг нь 3 тэрбум орчим ам.долларт хүргээд байсан юм. Энэхүү хувь эзэмшил, мөн Vision Fund стартапынх нь хөрөнгө оруулалтын нэгжийн өндөр орлого хосолсноор Softbank санхүүгийн жилийн хоёрдугаар улиралд хэний ч төсөөлөөгүй 2.5 их наяд иений (16.2 тэрбум ам.доллар) орлоготой ажилласнаа тайлагнажээ. Харьцуулбал шинжээчдийн дундаж төсөөлөл 418.2 тэрбум иен байв.
Түүнчлэн SoftBank ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэгж хувьцаагаа 1:4 харьцаагаар хуваахаа мягмар гарагт зарласан байна.
Анхаарлын төвд
“Тодотгож сураагүй биш”. 2026 оны улсын төсөвт эмч нарын цалин нэмэх зэрэг нийгмийн шаардлагатай чухал асуудлуудын санхүүжилт тусгагдахгүйгээр батлагдахаар болж байна. Иймд богино хугацаанд тодотгол хийх шаардлага үүсэж магадгүйг УИХ-ын гишүүд тодотголоо. 11 дүгээр сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдээд байгаа эмч нарын цалинг 15 хувиар нэмэхээр тооцоолж, Эрүүл мэндийн даатгалын санд шаардлагатай 190 тэрбум төгрөгийг тусгахаар төлөвлөжээ.

Махны үнэ талийжээ. Мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ X сард өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар өссөн байна. Тухайлбал Улаанбаатар хотод үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 24,258 төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс 19 хувиар, 2023 оны мөн үеэс 32.8 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Намрын улиралд махны үнэ улирлын хандлагаа даган буураагүй нь хүнсний инфляц эрчимжихэд нөлөөлж буйг Монголбанк тодотгож байв. Өнгөрсөн сард хүнсний инфляц улсын хэмжээнд 11.6 хувьтай, Улаанбаатарт 12.5 хувьтай гарсан.
Эрдэсжилт өргөссөөр. Asian Battery Metals компани Монголд хэрэгжүүлж буй зэс-никель-платинумын "Ямбат" төслийнх нь өрөмдлөгийн үр дүн сайн гарсныг мэдээллээ. Энэ нь тус компанийн III үе шатны өрөмдлөгийн дөрөв дэх багцын шинжилгээний хариу бөгөөд эрдэсжилтийн талбай хойд болон зүүн-өмнөд чиглэлд тэлж, илүү гүн үргэлжилж байгааг бататгаж байна. Тус компани өрөмдлөг болон металлургийн туршилтын ажлаа хурдасгахаар 6 сая австрали долларын хөрөнгө босгоод байгаа юм.
Сайн сандал бол “чимээгүй” ажилтан
Бидний ихэнх нь өдрийн идэвхтэй хугацааныхаа талаас илүүг сууж өнгөрүүлдэг. Энэ хугацаанд таны нуруу, хүзүү, мөр зүгээр байна гэж үгүй, таныг аль болох тухтай байлгахаар тасралтгүй “ажиллаж” байдаг. Гэвч он жилүүд өнгөрөх тусам энэ ачаалал хуримтлагдсаар тав тух, гүйцэтгэлийг чимээгүйгээр элээх архаг өвчин, ядаргаа болж хувирдаг.
Тэгвэл хүн өдрийн турш хэр чийрэг, анхаарал нь төвлөрсөн, бүтээмжтэй байхыг шийдэх хамгийн чухал хүчин зүйл нь хүний нурууг юу дэмжиж байгаагаас хамаардаг болохыг судалгаанууд харуулж байна. Тухайлбал Корнеллийн их сургуулийн Ergonomics Lab-ийн хийсэн судалгаанаас харвал эргономик тохиргоотой сандал хэрэглэдэг ажилтнуудын бүтээмж 17 хувиар сайжирч, нурууны өвдөлт нь 37 хувиар буурч байжээ. Мөн Occupational Health Journal-ийн 2021 оны нийтлэлд зөв сандал, зөв суух байрлал хосолсноор нурууны булчингийн ачаалал 30-40 хувь буурдаг гэж баталгаажуулсан байдаг.
ЭРГОНОМИК сандал гэж юу вэ?

Эргономик сандал гэдэг нь хүний биеийн хэлбэр, хөдөлгөөний онцлогт тохируулан зохион бүтээсэн, удаан хугацаанд суухад нуруу, хүзүү, мөр, аарцагт ирэх даралтыг жигд хуваарилах технологитой бүтээгддэг сандал юм. Харин буруу сандал дээр удаан сууснаас нурууны мурийлт (scoliosis), бүсэлхий хэсгийн булчин хэт ачаалах, цусны эргэлт муудаж гар, хөл бадайрах, ядаргаа хуримтлагдаж, анхаарал төвлөрөл буурах зэрэг эрсдэл үүснэ.
БСБ ОФФИС МЕБЕЛЬ-д худалдаалагддаг тэргүүлэгч брэндийн бүх сандлууд нь ISO 14001, 9001:2015 чанар аюулгүй байдлын стандартууд, GreenGuard, BIFMA сертификаттайгаар үйлдвэрлэгддэг тул танд дээрх асуудлуудаас бүрэн ангижрах боломжийг санал болгож байна.
Бүр ч сайхан мэдээ дуулгахад, БСБ Оффис Мебель 11 дүгээр сарын Black Friday Deal худалдаагаараа бүх оффис тавилга болон сандлаа 10 хувь хямдруулахаас гадна бусад сонгогдсон тавилгууд 60 хувь хүртэл хямдрал зарлах юм байна. Мөн танд 1 сая төгрөг хүртэл ваучер бэлэглэх тул та амжиж эрүүл мэнддээ хөрөнгө оруулаарай.

БСБ Оффис Мебель нь “Оффисын цогц шийдэл” уриа дор оффис сандал, оффис шүүгээ, оффис буйдан, ажилтны ширээ, удирдлагын тавилга, төмөр тавилга, сейф гээд бүх төрлийн барааг тоо ширхгийн хязгааргүйгээр бэлэн худалдаалахаас гадна мэргэжлийн интерьер дизайнерын 3D зургийн үйлчилгээ, түргэн шуурхай хүргэлтийн үйлчилгээг санал болгож байна.
ЭНД дарж танилцаарай.
Блумберг санал болгож байна
Блумберг ТВ Монголиа телевиз өнөөгийн шилжилтийн эдийн засагт хурд, бүтээмж, ур чадвар, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засагт хүргэх хурдасгуур болж буй шилдэг "Catalyst"-уудыг хоёр дахь жилдээ тодруулах гэж байна.
Энэхүү санаачилгаараа бид хиймэл оюун, технологийн эринд хөл нийлүүлэн инновацын шинэ боломжуудыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтад нэгдэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд таниулахыг зорих юм.

Гүн рүү: Савлагаанд бэлд
АНУ-ын Засгийн газрын “тэг зогсолт” өндөрлөж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин зэрэг олон чухал тоон мэдээллүүд эргэн гарч эхлэх төлөвтэй байгаа энэ үед арилжаанд оролцогчид ам.долларын савлагаа өсөхөд бэлтгэж эхэлж байна.

Bloomberg Dollar Spot Index-тэй холбоотой нэг сарын опцион гэрээний үнэ сүүлийн долоо хоногийн дээд түвшинд хүрээд байна.
АНУ-ын эдийн засгийн тоон мэдээлэл нийтлэгдэж эхэлснээр Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн дараагийн шийдвэрт нөлөөлөх магадлал өндөр байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өслөө. Дийлэнх бондуудын өгөөжийн түвшин ойролцоогоор хоёр суурь нэгжээр өсөж, 10 жилийн хугацаатай бондынх 4.11 хувьд хүрчээ.
Түүнчлэн энэ долоо хоногт АНУ-ын Засгийн газрын 125 тэрбум ам.долларын бондын худалдаа шинээр хийгдэхээр байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй.
Зам зуур

LVMH групп ирэх 12 дугаар сард БНХАУ-д томоохон дэлгүүрүүдээ нээхээр бэлтгэж, тус зах зээлд цаашид тэлэх төлөвлөгөө боловсруулсныг ойрын эх сурвалж мэдээлжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятадын зах зээлд борлуулалт сэргэх анхны дохионууд ажиглагдаж эхэлснийг тансаг брэндүүд онцолж буй.
Олон жилийн хөгжүүлэлтийн эцэст LVMH-ийн Louis Vuitton, Dior, Tiffany, Loro Piana гэсэн дөрвөн брэнд 12 дугаар сард Бээжинд шинэ дэлгүүрүүдээ нээхээр товлосон байна. Тэдгээрийн зарим нь Swire Properties-ийн өндөр зэрэглэлийн худалдааны цогцолбор Taikoo Li Sanlitun-д байршилтай аж. Олон давхраас бүрдсэн дэлгүүрүүдийнх нь барилгын ажил тансаг зах зээлийн борлуулалт унаснаас шалтгаалж удаашралтай байгааг өнгөрсөн онд компанийн ойрын эх сурвалж мэдээлж байв.
LVMH мөн Шанхай хот дахь HKRI Taikoo Hui худалдааны төвд Christian Dior брэндийнхээ шинэ дэлгүүрийг 2027 он гэхэд нээхээр Swire компанитай яриа хэлэлцээ хийж байгааг мэдээлжээ.
Эцэст нь товчхон
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж буй үед Засгийн газар улам эрчтэй ажиллана хэмээн тэрбээр онцолжээ. Эрх баригч намын Их хурал энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болж, даргаа сонгох юм.
ҮСХ: Тээврийн салбарын үйлдвэрлэгчдийн үнийн индекс X сард 96.5 болж, өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсан ч өмнөх сараас 2.3 хувиар өссөн байна. Ерөнхий индекс буурахад хуурай замын тээврийн үнэ өмнөх оны аравдугаар сараас 7.6 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Онцлох зураг
Мөнх цэвдэг хэр хурдан хайлж байгааг тогтоохоор хөрснөөс дээж авч буй судлаачид - Аляска, АНУ

Nathaniel Wilder/Bloomberg
