2025/11/11

Өглөөний мэнд. Монгол Улсын төлбөрийн тэнцэл гурав дахь сардаа дараалан ашигтай гарч, урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар буурчээ. Jade Gas компани LNG үйлдвэрлэх төсөлдөө A$70 саяын санхүүжилт татах эрмэлзлийн бичиг байгууллаа. 2025 он гарсаар хүнс үйлдвэрлэгчдийн хувьцааны ханшид уналт давамгайлж байна

Макро тоонууд, мега зорилтууд

Монгол Улсын төлбөрийн тэнцэл гурав дахь сардаа дараалан ашигтай гарлаа. Есдүгээр сарын эцэст төлбөрийн тэнцлийн дүн 49 сая ам.долларын ашигтай гарснаар энэ оны эхний есөн сард 53.2 сая ам.доллар хүрч байна. VIII болон IX сард барааны экспорт сайжирч, оны эхний долоон сарын турш алдагдалтай байсан урсгал данс сарын дүнгээр ашигтай гарч эхэлсэн юм.

Ялангуяа IX сард барааны экспорт 1.6 тэрбум ам.доллар хүрч, нэг сарын дүнгээр түүхэн дээд түвшинд хүрэхэд оны хоёрдугаар хагасаас эрчимжсэн эрдэс бүтээгдэхүүний экспорт гол түлхэц болжээ.

Эхний арван сард нүүрсний экспортын биет хэмжээ 65 сая тоннд хүрсэн бөгөөд тэр дундаа зөвхөн хоёрдугаар хагаст 30 сая тонныг экспортлоод буй. Хэдий үнийн дүнгийн хувьд өмнөх оныхоос 3 тэрбум ам.доллароор бага байгаа ч нөгөө талд зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.9 сая тонн болж, үнийн дүнгээр 4.5 тэрбум ам.доллар хүрсэн нь том дэм болсон байна.

Түүхэн чиг хандлагаас харвал III улирлын сүүлийн сард үйлчилгээний алдагдал, тэр дундаа боловсролтой холбоотой аяллын үйлчилгээний алдагдал өмнөх саруудаасаа нэмэгдэж урсгал дансанд дарамт болдог. Гадагш чиглэсэн боловсролын төлбөрөөс үүдэлтэй алдагдал өнгөрсөн IX сард 176 сая ам.доллар хүрсэн нь урсгал дансны үзүүлэлтийг тодорхой хэмжээнд доош татсан. Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад урсгал дансны алдагдал 7.6 хувиар буурч, оны эхний арван сард 1.6 тэрбум ам.доллартой тэнцэж байна.

Солонгон эдийн засгийн төлөө

Түүхий эдээс 90 гаруй хувийн хамааралтай, уул уурхайн экспорт сэргэхэд дагаад сэргэдэг эдийн засгийнхаа үр ашгийг нэмэгдүүлэх нь ирэх таван жилд баримтлах гол чиглэлүүдийн нэг болохыг Засгийн газраас зарласан. Ялангуяа боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6 хувиас дээш тогтвортой хадгалах түлхүүр гэж үзжээ. Ирэх таван жилд баримтлах үндсэн чиглэлүүдтэй дараах холбоосоор дэлгэрэнгүй танилцаарай.

Анхаарлын төвд

Улам алдуурсаар. Улсын хэмжээнд инфляцын түвшин X сард эрчимжиж, 9.2 хувьтай гарлаа. VI сараас хойш хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт Төв банкны зорилтот түвшнээс ийнхүү холдсоор IX сараас 0.6 хувиар өсөв. Хүнсний бүлгийн индексийн өсөлт нэлээн эрчимжиж, 11.6 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Инфляцын түвшин дэх оролцоог харвал VII сард хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн оролцоо 22 хувьтай байсан бол сүүлд 34 хувь болж өссөн байна.

LNG үйлдвэрлэх санхүүжилт. Монголд нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлж буй Jade Gas Holdings компани шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх төслийнхөө эхний шатанд санхүүжилт татах зорилгоор БНХАУ-ын Langrun компанитай хамтран ажиллах эрмэлзлийн бичиг байгуулснаа мэдээллээ. Хэлцлийн хүрээнд 70 сая австрали доллар буюу 46 сая ам.доллар хүртэлх дүнтэй санхүүжилт бүрдүүлэх бөгөөд "Улаан нуур" талбайн дараагийн 18 цооногийн өрөмдлөг, олборлолтын үйл ажиллагаа, олборлосон хийг боловсруулж шингэрүүлэх байгууламжуудад зарцуулахаар төлөвлөжээ.

CU хязгаарт тулав. Премиум Нэксус ХК-ийн хувьцаа эргүүлэн худалдан авах ажиллагаа эхэлсэнтэй зэрэгцэн 1.2 сая ширхэг орчим хувьцаанд нь 318.7 сая төгрөгийн арилжаа хийгдлээ. Улмаар хувьцааны ханш нь өглөөний арилжаа нээхэд 15 хувиар цойлсон хөдөлгөөнөө хадгалж 265.75 төгрөгт хаав. Тус компани XII сарын 23-ны өдрийг дуустал нэгж хувьцаагаа 350 төгрөгөөр үнэлэн худалдан авахаар болсон нь сүүлийн зургаан сарын дундаж ханшаас нь 75 хувиар өндөр үнэ болох юм.

Эмч нарын ээлж. XI сарын 13-нд эхлэх эмч нарын ажил хаялтад 100 гаруй эмнэлгийн 15 мянга орчим эмч, ажилтан нэгдэж байгааг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос мэдээллээ. Мөн ажил хаялтын үеэр эмч нар “0 зогсолт” хийх боломжтой гэдгээ анхааруулж байв. МАН-ын бүлгээс мэдээлснээр эмч нарын цалинг ирэх оны I сарын 1-нээс 15 хувиар нэмэхээр байгаа. Одоогоор 1-4 жилийн ажлын туршлагатай эмч нарын цалин 1.8 саяас 2.5 сая төгрөгийн хооронд байгааг 15 хувиар нэмэгдүүлбэл ойролцоогоор 200-аас 300 мянган төгрөг нэмж авахаар байна.

Блумберг санал болгож байна

Блумберг ТВ Монголиа телевиз өнөөгийн шилжилтийн эдийн засагт хурд, бүтээмж, ур чадвар, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засагт хүргэх хурдасгуур болж буй шилдэг "Catalyst"-уудыг хоёр дахь жилдээ тодруулах гэж байна.

Энэхүү санаачилгаараа бид хиймэл оюун, технологийн эринд хөл нийлүүлэн инновацын шинэ боломжуудыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтад нэгдэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд таниулахыг зорих юм.

Гүн рүү: Хүнс үйлдвэрлэгчид улаан бүсэд

Монголын Хөрөнгийн биржид III улирлын тайлангаа нийтэлсэн хүнс үйлдвэрлэгч дөрвөн компанийн гурвынх нь хувьцааны ханш энэ он гарсаар уналттай байна.

  • Эм Жи Эл Акуа, Монос Хүнс, Газар шим үйлдвэр ХК-иудын хувьцааны өнгөрсөн оны эцсээс 16 хүртэлх хувийн уналттай арилжаалагдаж байна.

  • Харин тайлант хугацаанд Сүү ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байгаа төдийгүй МХБ дэх энэ он гарсаар хамгийн өндөр өсөлттэй байгаа хувьцаануудын нэг боллоо. Гэхдээ ашигт ажиллагааны хувьд харахад III улиралд Сү” ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 35 хувиар буурсан нь ерөнхий зардал эрс нэмэгдсэнээс үүдэлтэй.

  • Монос Хүнсийн цэвэр ашиг гурав дахин өссөн бол салбарын бусад компаниудын ашиг буурсан дүр зурагтай. Гэхдээ борлуулалтын хувьд ерөнхийдөө өсөлттэй байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн ашиг түр зуурын удаашралд орсныг харуулж байж болох.

  • Оны эцсээр тохиох баярын улирал ойртож байгаа нь хүнс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд эерэг үр дагавартай байх төлөвтэй.

Зам зуур

Тайландад аялагсад үдийн халуунд цангаагаа тайлаад өндөр торгуульд унах эрсдэлтэй болжээ. Бямба гарагаас хэрэгжиж эхэлсэн хуулийн өөрчлөлтийн дагуу тус улсад согтууруулах ундааны хяналт, маркетинг болон сурталчилгааны журам эрс чангарсан байна.

Тайландад жижиглэн худалдааны ихэнх дэлгүүр, супермаркетуудад өдрийн 14-17 цагийн хооронд согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон журам 1972 оноос хойш хэрэгжиж буй. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр иргэн хориотой цагт, хориотой газар согтууруулах ундаа хэрэглэсэн, эсвэл үйлчлүүлсэн бол 10 мянган бат (300 ам.доллар) болон түүнээс дээш дүнгээр торгохыг тусгажээ.

Хэдийгээр тусгай зөвшөөрөлтэй үзвэр үйлчилгээний газар, зочид буудлууд, аялал жуулчлалын бүс дэх зөвшөөрөлтэй байгууллага зэрэг нь хязгаарлалтаас чөлөөлөгдөж байгаа ч гол хяналт үйлчилгээ үзүүлэгчдэд бус хэрэглэгчид дээр очиж буй нь санаа зовоох асуудал болж магадгүй аж.

Эцэст нь товчхон

Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсын гамшгийн бэлэн байдлыг сайжруулах инновац, технологийн дэмжлэг үзүүлэх чиглэлд 32 сая ам.долларын санхүүжилтийн багц баталсан байна. Багц нь АХБ-ны хөнгөлөлттэй хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжих 18 сая ам.долларын зээл, ердийн хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжих 12 сая ам.долларын зээл, Азийн хөгжлийн сангийн 2 сая ам.долларын буцалтгүй тусламжаас бүрдэх аж.

Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын IX нэгдсэн хуралдаанаар талууд “Цайны зам”-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Төлөвлөгөөний дагуу хамтарсан аялал жуулчлалын маршрут, зогсоолуудыг боловсруулж, хувийн автомашинтайгаа хил дамнан аялах боломжтой “Цайны замын брэнд” бий болгож хөгжүүлэх зорилттой байгаа юм.

Онцлох зураг

Боливи улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Родриго Пас тангаргаа өргөснөөр тус улсад 20 гаруй жил үргэлжилсэн социалист дэглэм дуусгавар боллоо - Ла-Пас, Боливи

Luis Gandarillas/Pool/Bloomberg