2025/11/10

Өглөөний мэнд. БНХАУ-ын худалдааны хэлэлцээ, таван жилийн төлөвлөгөө нь нүүрсний үнийн сэргэлтийг дэмжлээ. Монголд ажиллаж буй гадаад иргэдийн тоо 33.6 хувиар өсөж, БНХАУ-аас ирсэн иргэд 70 хувийг нь бүрдүүллээ. Илон Маск дэлхийн анхны “их наядтан” болох зам нь нээгдлээ.

Ус агаар шиг дэмжлэг

БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ энэ оны дээд түвшиндээ хүрч өслөө. Зах зээлд богино болон урт хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс хоршсоноор нүүрсний эрэлтийн төлөв эерэг байх хүлээлт үүсгэж байна.

Эрчим хүч, ус дулааны өвлийн бэлтгэл ажлаас хамаарсан улирлын шинжтэй өсөлтөөс гадна уурхайнуудын аюулгүй байдлыг хангах, гарцын илүүдлийг багасгах хяналт шалгалт удаан үргэлжилж байгаа нь нүүрсний эрэлт хэвийн түвшнээс давж нэмэгдэхэд нөлөөлжээ

Түүнчлэн Хятад улс АНУ-тай худалдааны асуудлаар тохиролцоонд хүрснээр эдийн засагт эерэг өөрчлөлт авчрах нөхцөл бүрдсэн, Хятадын эрх баригчид нүүрсний хэрэглээг хязгаарлах асуудалд илүү зөөлөн байр сууриас хандах болсон нь арилжаалагчдад итгэл өгч байна.

Чиньхуандао боомт дахь эрчим хүчний нүүрсний жишиг үнэ тонн тутамдаа 788 юань буюу 111 ам.доллар хүрсэн нь өмнөх сарынхаас 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт болохыг БНХАУ-ын Нүүрс тээвэрлэлт, түгээлтийн ассоциац мэдээлжээ.

Хятадын Засгийн газар эдийн засгийн ирэх таван жилийн төлөвлөгөөний төслийг гаргахдаа нүүрсний хэрэглээг бууруулж эхлэх цаг хугацааг нарийн тодорхойлоогүй. Энэ нь тус улсын нүүрсний хэрэглээ оргилдоо хүрэх буюу дахиж өсөхөөргүй түвшинд хүрэх хугацаа өмнөхөөсөө хойшлохыг илтгэж байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

БНХАУ-ын Нүүрсний үндэсний ассоциац ирэх онд нүүрсний эрэлт тогтвортой өсөж, харин 2030 он гэхэд өсөлт нь зогсож "хавтгайрна" гэсэн хүлээлттэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Анхаарлын төвд

Танана, бас нэмнэ. Засгийн газрын өргөн барьсан 2026 оны төсвийн төслийн хөрөнгө оруулалтаас 331.8 тэрбум төгрөг хассан ч шинээр 363.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээ нэмж тусгажээ. Шинэ төслүүдийн нийт төсөвт өртөг нь 1.1 их наяд орчим төгрөг байгаа бөгөөд бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл арга хэмжээнүүд, баруун бүсийн тогтвортой хөгжлийн дэд бүтцийн төсөлд хамгийн өндөр дүнтэй өртөг тусгажээ. Төсөлд тусгуулахаар дэмжигдсэн саналууд нь цаашид хөрөнгийн зардлыг өсгөх магадлалтайг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхааруулжээ.

Гадаад ажилчдын урсгал. Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо III улирлын байдлаар 23.8 мянга байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Гадаадаас ирсэн ажилчдын 70 орчим хувь нь БНХАУ-аас ирсэн бол дараа нь БНЭУ-ын иргэд бичигджээ. Энэтхэг улсын санхүүжилттэй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимжихтэй зэрэгцэн Монголд ажиллаж буй энэтхэгчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 63.2 хувиар өссөн байна.

Их наядтан Илон. Tesla компанийн Гүйцэтгэх захирал Илон Маскт олгох шагнал, урамшууллын багцыг 1 их наяд ам.долларын дүнтэйгээр батлах төлөвлөгөөг тус компанийн хувьцаа эзэмшигчид зөвшөөрлөө. Уг шийдвэр нь дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск ирэх арван жилд Tesla-д эзэмших хувиа 25 болон түүнээс дээш хувьд хүргэх, цаашлаад их наядын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн болох замыг нь засаж байна. Гэхдээ 1 их наяд ам.долларын урамшууллыг бүтэн авахын тулд тэрбээр компанийн борлуулалтын зорилтыг биелүүлж, Tesla-ийн зах зээлийн үнэлгээг 8.5 их наяд ам.долларт хүргэн даацтай нэмэгдүүлэх ёстой.

АНУ-ын сонирхол Төв Азид. АНУ-ын Засгийн газар зэвсэг үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг вольфрамын дэлхийн хамгийн том ашиглагдаагүй ордуудын нэгийг ашиглахаар Казахстан улстай хэлэлцээ хийж байна. Тодруулбал АНУ-ын Худалдааны сайд Х.Лутник Казахстаны вольфрамын хамгийн том хоёр ордыг ашиглах тендерийн талаар Cove Kaz Capital Group болон Казахстаны Баялгийн сангийн хооронд хэлэлцээр хийх суурь тавьсныг мэдээлжээ. Үүнээс гадна пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төв Азийн таван орны төрийн тэргүүнүүдтэй уулзаж, чухал ашигт малтмал болон газрын ховор элементийн нийлүүлэлтээ төрөлжүүлэх хүсэл сонирхлоо илэрхийлжээ.

Блумберг санал болгож байна

Блумберг ТВ Монголиа телевиз өнөөгийн шилжилтийн эдийн засагт хурд, бүтээмж, ур чадвар, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засагт хүргэх хурдасгуур болж буй шилдэг "Catalyst"-уудыг хоёр дахь жилдээ тодруулах гэж байна.

Энэхүү санаачилгаараа бид хиймэл оюун, технологийн эринд хөл нийлүүлэн инновацын шинэ боломжуудыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтад нэгдэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд таниулахыг зорих юм.

Гүн рүү: Тэг зогсолтын төлөөс

Төсөв санхүүжилтгүй болсон АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түүхэнд байгаагүй урт хугацаагаар тасалдаад байна. Мөн ойрын хугацаанд шийдэл гарах шинжгүйгээс эдийн засагт үзүүлэх нөлөө нь улам гүнзгийрч байна.

  • Энэхүү “тэг зогсолт” 40 гаруй хоног үргэлжилж буй нь Ерөнхийлөгч Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2019 оны эхэн үеийн “тэг зогсолт”-оос хэдийн давсан үзүүлэлт болж байна.

  • Шинжээчдийн тооцоолсноор үүнээс шалтгаалан АНУ-ын эдийн засагт долоо хоног бүр 10-30 тэрбум ам.доллар, дийлэнхдээ 15 тэрбум ам.доллар орчмоор хэмжигдэх хохирол учирч байгаа аж.

  • Энэ удаагийн “тэг зогсолт” эдийн засагт илүү хор хөнөөлтэй байх төлөвтэй агаад шалтгаан нь зөвхөн урт хугацаа биш болохыг эдийн засагчид анхааруулж байна. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал 7 жилийн өмнөхөөс илүү эмзэг болсон төдийгүй инфляц, ажил эрхлэлтийн асуудал америкчуудын санааг улам их зовоох болоод буй.

  • Үргэлжлэх хугацаанаасаа хамаарч энэ удаагийн “тэг зогсолт” АНУ-ын IV улирлын эдийн засгийн өсөлтийг хоёр хүртэлх нэгж хувиар бууруулах эрсдэлтэйг Конгрессын Төсвийн албанаас мэдээлжээ.

Зам зуур

Дэлхийн баячуудын хувьд Дубайгаас илүү тухтай газар одоогоор байхгүйг Savills Plc-ийн судалгаа харуулж байна.

Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч тус компани дэлхийн 30 том хотыг өндөр орлоготой иргэдийг татах чадвараар нь эрэмбэлжээ. Чинээлэг шилжин суурьшигчдын сонирхолд хамгийн их нийцдэг хотоор Дубай шалгарсны цаана тус хотын татварын давуу талууд (хөрөнгөд, өв залгамжлалд татвар ногдуулдаггүй), гэр бүлд ээлтэй дэд бүтэц, өндөр түвшний аюулгүй байдал гэсэн хүчин зүйлс бийг Savills онцолжээ.

"Дубайд өрхүүд олноороо нүүж ирэх болсноор тэндхийн олон улсын сургуулиуд элсэлтийн хүлээлгийн жагсаалт нь уртсаж байгааг мэдээлж байна. Манай индекст багтсан бүх хотууд дундаас олон улсын сургуулийн тоогоор Дубай хол тэргүүлсэн” хэмээсэн байна.

Олон улсад иргэдийн нийт хөрөнгө 2022 оны бууралтаасаа хойш тогтвортой сэргэж, Ази-Номхон далайн бүсэд хөрөнгийн хэмжээ хамгийн хурдтай өсөж байгаа аж. 2024 онд ам.долларын 680 мянга гаруй шинэ саятан бий болсон нь өмнөх оноосоо 1.2 хувиар өссөн үзүүлэлт болсныг тус тайланд дурджээ.

Эцэст нь товчхон

Bloomberg: БНХАУ-ын экспорт аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буюу сүүлийн найман сард анх удаа буурсан үзүүлэлттэй гарлаа. Хоёр улс худалдааны хэлцэлд хүрэхээс өмнөх зөрчил нь экспорт буурахад голлон нөлөөлсөн байна. Гэхдээ оны эхний 10 сарын байдлаар БНХАУ-ын нийт экспорт гурван их наяд ам.доллар давсан нь түүхэн дээд үзүүлэлт юм.

УБ: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 97 орчим хувьтай байгааг Хотын инженерийн дэд бүтцийн газраас мэдээллээ. Одоогоор шугам сүлжээний тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх ажил явагдаж буй бөгөөд удахгүй дуусахаар байгааг тодотгов.

Онцлох зураг

Хятадын 8 дахь удаагийн Олон улсын импортын үзэсгэлэн худалдааны үеэр боксын тулаан хийж буй удирдлагатай роботууд - Шанхай, БНХАУ

Hector Retamal/AFP/Getty Images