- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/04/14
2025/04/14
Powered by:
Өглөөний мэнд. Монгол Улсын суудлын автомашины импорт өмнөх оноос 47% буурсан ч шатахууны импорт 43%-иар өсжээ.
Хаан Даатгал “Singapore Re”-тэй хамтран Монголд анх удаа Баталгааны багцын давхар даатгалын гэрээ байгууллаа.
Ирэх өвөл оргил ачааллын үед 200 МВт-ын хүчин чадлын дутагдал үүсэх эрсдэлтэйг ЭХЯ анхааруулав.

Давхар даатгал, хурдтай шийдэл
Нийт 22 компанитай, үүнээс цор ганц нь давхар даатгалын чиглэлээр ажилладаг Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн нөхцөлд улсаас зарладаг олон тэрбум төгрөгийн өртөгтэй томоохон тендерүүдэд оролцохдоо өндөр дүнтэй, бэлэн баталгаа гаргах шаардлага үүсдэг. Гэвч даатгалын компаниудын ийм хэмжээний баталгаа гаргах чадвар нь тэдний санхүүгийн тайлан баланс, эрсдэл хүлээх дээд хязгаараас шууд хамааран харьцангуй хязгаарлагдмал байдаг.
Иймд эрсдэлийн тодорхой хэсгийг олон улсын давхар даатгалын зах зээлд байршуулах замаар хөрөнгийн удирдлагыг илүү үр ашигтай хэрэгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах боломж бий. Ийм нөхцөлд давхар даатгалын бүтцийг хэрхэн оновчтой тодорхойлох нь онцгой ач холбогдолтой юм.
Факультатив давхар даатгал нь эрсдэл бүрийг тус тусад нь даатгах уламжлалт хэлбэр бөгөөд шийдвэр гаргалт, зохион байгуулалтын хувьд цаг хугацаа их шаарддаг төдийгүй урьдчилан төлөвлөх боломж харьцангуй хязгаарлагдмал байдаг.
Харин багцын давхар даатгал (treaty reinsurance) нь урьдчилан тохиролцсон нөхцөлийн хүрээнд эрсдэлийг багцаар нь шилжүүлж, даатгах боломж олгодог тул эрсдэл шингээх дээд хязгаарыг нэмэгдүүлэхээс гадна баталгааг илүү тодорхой, тогтвортой байдлаар төлөвлөх давуу талтай.

Дотоодын зах зээлд нөхөн төлбөрийн хэмжээгээр тэргүүлэгч Хаан Даатгал ХХК нь Сингапурын “AA” зэрэглэлтэй давхар даатгагч Singapore Re-тэй хамтран энэ төрлийн гэрээт давхар даатгалын хэлцлийг байгуулснаар салбартаа анхдагчдын нэг боллоо. Ингэснээр тус компани баталгаа бүрд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүйгээр харилцагчдадаа баталгаа гаргах боломжтой болж, үйл ажиллагааны уян хатан байдал болон хурд, үр ашгаа нэмэгдүүлж байна.
“Хэдийгээр зах зээлд ихээхэн боломж байгаа ч зохицуулагч байгууллагын шаардлага, хязгаарлалтаас шалтгаалан даатгагчид балансдаа их хэмжээний хөрөнгө байршуулалгүйгээр эрсдэл хүлээн авах боломж нь хязгаарлагдах эрсдэлтэй байдаг. Харин багцын давхар даатгалд шилжүүлэг хэлбэрээр ашигласнаар эрсдэлийг олон улсын давхар даатгалын зах зээлд илүү үр ашигтайгаар хуваалцах боломж бүрддэг” хэмээн тус гэрээнд брокероор оролцсон Mitsui Bussan Pana Harrison компанийн Дэд захирал Жун Сумита онцолж байлаа.
Цаг хугацааны хувьд энэхүү хамтын ажиллагаа нь онцгой ач холбогдолтой. Төсвийн хөрөнгө оруулалттай том төслүүд шил даран хэрэгжиж эхэлснээр тендер, гүйцэтгэл, урьдчилгаа төлбөрийн баталгааны эрэлт огцом өсөж байна. Баталгааг хэр шуурхай шийдэх нь тухайн тендерт ялж чадах эсэхтэй ихэвчлэн шууд хамааралтай байдаг. Харин Хаан Даатгал ХХК нь дээрх гэрээг байгуулснаар тендерийн баталгааг эх үүсвэр шаардахгүй, дүн заахгүйгээр түргэн шуурхай, олон улсын нэр хүндтэй даатгагчийн дэмжлэгтэйгээр шийдэж өгнө гэдгээрээ онцлог юм.
Анхаарлын төвд
Эргээд эвгүйтэв. Ойрх Дорнодын дайныг ойрын хугацаанд дуусгах хүлээлт дахин талаар боллоо. Амралтын өдрүүдэд Пакистанд болсон АНУ, Ираны хэлэлцээ үр дүнд хүрээгүйн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолой дахь Ираны усан боомтуудын орох, гарах хөдөлгөөнийг тэнгисийн цэргийн хүчээ ашиглан хаахаар болсноо мэдэгдэв. Ираны талаас энэ шийдвэрийг хууль бус хэмээн мэдэгдэж, өөрсдийнх нь боомтуудад цохилт ирвэл Персийн булан, Оманы тэнгис дэх бүх боомтод аюул учруулна хэмээн сүрдүүллээ. Үйл явдлын дараа хөрөнгийн зах зээл унаж, брент газрын тосны үнэ эргээд 100 ам.доллар давсан бол Европын байгалийн хийн фьючерс 18 хүртэлх хувиар огцом өсөв.
Орбаны засаглал нурав. Унгар улсын сөрөг хүчний залуу нам сонгуульд түүхэн ялалт байгуулснаар Ерөнхий сайд Виктор Орбаны 16 жил үргэлжилсэн улс төрийн ноёрхлыг зогсоож, тус улсын Европын Холбоо, ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай тогтоосон харилцааг шинээр бичихээр боллоо. Петер Мадьярын удирдсан "Тиса" нам Виктор Орбаны "эрх чөлөөг боомилсон" тогтолцоог нураах хатуу амлалтаараа иргэдийн дэмжлэгийг авч, Унгарын парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлэхээр болж байна.

Бид хамтдаа Орбаны босгосон системийг задалж чадлаа. Бид Унгарыг чөлөөлж, эх орноо эргүүлэн авах болно" хэмээн Петер Мадьяр сонгуулийн ялалтаа тэмдэглэж үг хэлэхдээ онцолжээ. Виктор Орбан сонгуулийн үр дүн "харамсалтай" байсныг илэрхийлж, мөн ялалт байгуулсан намд баяр хүргэсэн байна. Европын Холбоонд хамгийн удаан хугацаанд засаг удирдаж буй Ерөнхий сайд Виктор Орбаныг эрх мэдэлд нь үлдээх сонирхолтой Дональд Трамп, Владимир Путин нарт дээрх үр дүн цохилт болж байна.
Дахин нэг чанга өвөл. 2026-2027 оны өвлийн улиралд оргил ачааллын үед 200 МВт-ын чадлын дутагдал үүсэх эрсдэлтэй тул батарей хуримтлуурын станц яаралтай шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулахыг зорьж байгаагаа салбарын яам мэдээллээ. Эрчим хүчний салбарт 600-700 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр хуримтлагдаад байна. Одоогоор өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой дутагдлыг нөхөх ажлыг гүйцэтгэх санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа аж. Харин импортын эрчим хүчний тухайд ОХУ-аас 300 МВт буюу тулсан хэмжээнд импортолж байгаа, мөн БНХАУ-аас нэмэлтээр импортлох тухай хэлэлцэж буйг онцлов.
EV экспорт пуужиндав. БНХАУ-ын цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины экспорт гуравдугаар сард 140 хувиар өсөж, дээд түвшинд хүрснийг тус улсын Суудлын автомашины холбоо мэдээллээ. АНУ, Ираны дайны улмаас олон улсад газрын тосны үнэ савлаж, цахилгаан автомашины эрэлт өсөж буй. Тайлант хугацаанд БНХАУ-ын үйлдвэрлэгчид олон улсын зах зээлд 349 мянган нэгж цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашин нийлүүлжээ. Үүний гуравны нэгийг BYD-ийн автомашин бүрдүүлсэн бол Geely, Chery брэндийн автомашинуудын борлуулалтад эзлэх хувь хэмжээ өндөр байжээ.
Блумберг санал болгож байна
📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.
📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.
Гүн рүү: Автомашины урсгал татрав
Монгол Улсын суудлын автомашины импорт оны эхний гурван сард өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурсан ч шатахууны импорт нөгөө талд 43 хувиар өссөн байна.

Монгол Улс 2026 оны эхний гурван сарын хугацаанд 804.7 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн 618 сая ам.доллароор импортолсон нь өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өссөн үзүүлэл боллоо. Үүнээс автобензиний импорт 42.8 хувиар нэмэгдэж, 321.6 мянган тонн болсон бол дизель түлшний импорт сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч өссөн байна.
Ойрх Дорнодын дайны улмаас дизель түлш болон АИ-92 төрлөөс бусад төрлийн автобензиний үнэ өссөн нь уул уурхай, зам тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт шууд нөлөөлж, эдийн засаг, инфляцад томоохон сорилт дагуулаад байна.
Нефтийн бүтээгдэхүүний импорт нэмэгдэж буй ч автомашины импорт сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрч буурсан байна. I-III сард улсын хэмжээнд нийт 19 мянга гаруй суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 47 хувиар доогуур үзүүлэлт болжээ.
Үүний зэрэгцээ тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги импортоор худалдан авсан үнийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 орчим хувиар буурсныг статистик мэдээлэл харуулж байна.
Эцэст нь товчхон
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Монгол Ардын намын бүлэгт танилцууллаа. АМНАТ-ийн орлогоос орон нутагт түлхүү хуваарилах зохицуулалтыг тус хуулийн төсөлд тусгаж, орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж буй 10 хувийг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр байгаа аж.
Оюу Толгой ХХК-ийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгуулж, нийт 9.9 тэрбум төгрөгийг нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээлэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалын хүрээнд дэмжих боломжгүй гэж үзэж буйгаа мэдээллээ. Хуулийн төсөлд Парламентыг дархлаагүй болгох, хүний эрх, эрх чөлөөнд халдсан үзэл санаа агуулагдаж буй тул дэмжих боломжгүй гэжээ.
Онцлох зураг
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан сонгуулийн өдөр санал авах байранд үнэмлэхээ шалгуулж буй нь - Будапешт, Унгар

Attila Kisbenedek/AFP/Getty Images
