2025/04/13

Өглөөний мэнд. ТӨК, үйлдвэрийн газруудын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт ₮8.4 их наядын зөрчил илэрчээ.

БНХАУ Хөххот, Манжуур, Эрээнд чөлөөт худалдааны шинэ бүс байгуулах төлөвлөгөөг баталжээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5.7 хувь болж саарах бол ирэх оноос 6 хувь хүрч эрчимжих төсөөллийг АХБ гаргав.

Шинэ чөлөөт бүсүүд

БНХАУ-ын Төрийн зөвлөл Өвөр Монголын Өөртөө засах оронд туршилтын чөлөөт худалдааны бүс шинээр байгуулах төлөвлөгөөг баталсныг Xinhua агентлаг мэдээллээ. Тус улс чөлөөт худалдааны бүсийнхээ тоог үндэсний хэмжээнд ийнхүү 23-д хүргэсэн нь хөрш улсуудтайгаа хийх хил дамнасан худалдааг нэмэгдүүлэхэд чиглэсэн дорвитой алхам болж байна.

Шинэ чөлөөт худалдааны бүс нь 120 км.кв орчим талбайг хамрах бөгөөд ӨМӨЗО-ы нийслэл Хөххот, ОХУ-тай хиллэх Манжуур, Монгол Улстай хиллэх Эрээн гэсэн гурван байршил дахь дэд бүсээс бүрдэх аж.

CGTN

Төлөвлөгөөнд ЧХБ-ийг дотоодын болон олон улсын зах зээлийг холбосон олон зориулалттай платформ байдлаар ашиглах бөгөөд цаашид хил дамнасан худалдааны цогц төв болгоход чиглэсэн өргөн хүрээтэй шинэчлэлүүд авч хэрэгжүүлэхийг онцолжээ.

"Ерөнхий төлөвлөгөөгөөр Хятад улсын хойд зүгийн үүд хаалга болсон Өвөр Монголын газарзүйн байршлын давуу талыг институцын хүчин чадал болгон ашиглахыг зорьж байгаа" хэмээн БНХАУ-ын Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны академийн Ахлах судлаач Жоу Ми онцолсныг Global Times мэдээлжээ. Мөн шинэ ЧХБ хил дамнасан логистик, аж үйлдвэрийн холболтыг сайжруулснаар Бүс ба зам санаачилга болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын хөтөлбөрт оролцогч хөрш улсуудад шинэ боломжууд нээнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

ӨМӨЗО-ы нийт худалдааны эргэлт 2025 онд 6.4 хувиар өссөн нь улсын дунджаас 2.6 нэгж хувиар өндөр үзүүлэлт болохыг БНХАУ-ын гаалийн статистик харуулж байна. Мөн Эрээн-Замын-Үүд боомтоор 2025 онд нийт орсон, гарсан зорчигчдын тоо түүхэн дээд түвшинд хүрснийг тус боомтын захиргаанаас мэдээлж байв. Тодруулбал оны эхнээс XI сарын 29-нийг хүртэлх хугацаанд тус боомт нийт 2.596 сая зорчигч, 693 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 9.2 болон 12.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт болжээ.

Анхаарлын төвд

ТӨК-иудын маапаан. Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 8.4 их наяд төгрөгийн 648 зөрчил илэрснийг Үндэсний аудитын газар мэдээллээ. Үүнээс 323 зөрчилд буюу 5.9 их наяд төгрөгт албан шаардлага, 612.9 сая төгрөгт төлбөрийн акт, 152.6 тэрбум төгрөгт хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн таван асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шийдвэрлэжээ. Төрийн өмчийн томоохон компаниудаас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тайланд хийсэн аудитаар нийт 5.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн бол МИАТ ТӨХК-д нийт 178.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

Хэлэлцээрт хүрэх санал. Entrée Resources компани “Оюутолгой” төслийн тусгай зөвшөөрлийн эзэмшилтэй холбоотой удаан хугацаанд үргэлжилж буй асуудлыг шийдэх зорилгоор гуравдугаар сарын эцсээр Монгол Улсын Засгийн газарт албан ёсны санал хүргүүлсэн болохоо мэдээллээ. Лиценз шилжүүлэлтийг эцэслэх нь төслийн талбайн цаашдын хөгжүүлэлтэд тулгарсан саад, үйл ажиллагааны тодорхойгүй байдлыг арилгахад нэн чухал болохыг онцолсон байна. Тиймээс хамтарсан компаниар дамжуулан эзэмшдэг тэдгээр лицензийг одоо хүчин төгөлдөр гэрээний дагуу “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх, Засгийн газрын эзэмших 34 хувийг тусгай рояалтигаар орлуулах саналуудыг тусгажээ.

ХасБанк ХК 2026 оны I улиралд 42.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар буурсан дүн боллоо. Ингэснээр тус банкны өөрийн хөрөнгийн өгөөж 19.4 хувь, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 161.6 төгрөгт хүрч байна. Тайланд хугацаанд тус банкны жижиг дунд бизнесийн зээл 12.6 хувиар, иргэдийн банкны зээл 4.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй. Мөн нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл нь өмнөх улирлаас 1.7 хувиар буурч 3.6 их наяд төгрөг болсон нь бизнесийн мөчлөгтэй уялдан харилцах дансны үлдэгдэл буурсантай холбоотойг онцолжээ.

Малаар баян Монголд. Өнгөрсөн оны зунаас хойш махны үнийн өсөлт инфляцад сар бүр өмнөхөөсөө өндөр нөлөө үзүүлж байгаа бөгөөд ялангуяа III сард улсын хэмжээнд инфляцын түвшин 7.4 хувьтай гарсны 2.1 нэгж хувийг нь махны үнийн өсөлт бүрдүүлсэн байна. Малын тоо толгой хорогдож, цөөрснөөр махны үнэ эрчимтэй өсдөг. Цар тахлаас хойш Монгол Улсын нийт малын тоо толгой буурсаар байгаа бөгөөд 2022 оны оргил үед 71.1 сая толгой хүрсэн бол 2025 оны эцэст 58.1 сая болжээ. Улмаар 2025 онд махны үнэ 20.1 хувиар өссөн нь 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Макро төсөөлөл. Монголбанк шинжээчдийн дунд явуулдаг макро эдийн засгийн төсөөллийн судалгаагаа танилцууллаа. Шинжээчид 2026 оны I улиралд эдийн засгийн өсөлт бага зэрэг саарч 5.5 хувь, инфляц ялимгүй эрчимжиж 7.9 орчим хувьд байна гэж төсөөлж байв. Тэгвэл III сард инфляц улсын хэмжээнд 7.4 хувьтай, оны эхний хоёр сард эдийн засгийн өсөлт 7.6 хувьтай гарсан нь аль аль нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болов. Харин энэ оны IV улирал гэхэд инфляц 7.9 хувьтай, эдийн засгийн өсөлт 5.8 хувь орчимд байна гэж тэд төсөөлжээ.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Дайны дарамт

Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2026, 2027 онд 5.1 хувь болж саарах төлөвтэйг Азийн Хөгжлийн Банк мэдээллээ. Өнгөрсөн оны 5.4 хувийн өсөлтөөс ийнхүү буурч байгаа нь Ойрх Дорнодын мөргөлдөөн, олон улсын худалдааны тодорхой бус байдал эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж байгаатай холбоотойг шинэ тайландаа дурдсан байна.

  • Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох БНХАУ-ын ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд 5 хувьтай гарч байв. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэхгүй удаж, экспортын өсөлт нь саарсны улмаас энэ онд 4.6 хувь, ирэх онд 4.5 хувь болж буурна гэж АХБ төсөөллөө.

  • Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5.7 хувь болж саарах бол ирэх оноос 6 хувь хүрч хурдасна гэж тооцоолжээ. Инфляцын хувьд энэ онд 7.8 хувь хүрч эрчимжин, 2027 онд 6.8 хувь болж эргээд саарах төлөвтэй байна.

  • Ойрын хугацаанд уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч байж, эдийн засгийн өсөлтийн 0.8 нэгж хувийг бүрдүүлэхээр байгааг тайланд дурджээ.

  • БНХАУ-д эрэлт тогтвортой байгаагаас гадна 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн экспортын зориулалттай төмөр замын холболт нь нүүрсний худалдааг дэмжихийг мөн онцолсон байна.

Зам зуур

Samsung Electronics компани Вьетнамд үйл ажиллагаагаа өргөжүүлж, чипийн туршилт, савлагааны үйлдвэр байгуулахад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тус улсын хойд бүсийн Тхай Нгуен мужид үе шаттайгаар хэрэгжүүлэх ба эхний шатанд хоёр тэрбум ам.доллар зарцуулна. Одоогоор тус төслийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг боловсруулах ажил хийгдэж буйг Вьетнамын Сангийн яамнаас мэдээлжээ.

Тус компани 2008 онд Вьетнамд анхны үйлдвэрээ байгуулж байсан ба үүнээс хойш олон улс дахь хамгийн том гар утас үйлдвэрлэлийн бааз нь болж хөгжөөд буй.

Олон улсын компаниуд БНХАУ-аас үйлдвэрлэлээ төрөлжүүлж, АНУ-тай үүссэн худалдааны зөрчлөөс үүдэх эрсдэлийг бууруулах стратеги барьж буй үед Ази тивд хамгийн хурдтай өсөж буй эдийн засгуудын нэг болох Вьетнам улс нь үйлдвэрлэлээ тэлэх томоохон төвд тооцогдож байна. 2024 оны байдлаар Samsung компани тус улсад 23.2 тэрбум ам.доллароор хөрөнгө оруулж, 90 мянган ажлын байр бий болгожээ.

Эцэст нь товчхон

УИХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг энэ долоо хоногийн пүрэв гарагт хийхээр хойшлууллаа. Гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул ирцийг сайжруулах үүднээс АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авсан юм.

МХБ: Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг бүртгэлээ. Анхдагч зах зээлийн арилжааг IV сарын 15-ны өдөр зохион байгуулах бөгөөд ингэхдээ нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50 мянган ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм байна.

Онцлох зураг

Сарыг тойрох түүхэн нислэг гүйцэтгэсэн “Artemis II” экспедицийн сансрын нисэгчид дэлхийдээ эргэн ирж буй мөч

NASA