2025/04/10

Өглөөний мэнд. Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2026 онд удааширч, 5 хувь болох төсөөлөл танилцуулав.

TMK Energy-ийн метан хийн гарц 48 хувиар өсөж, өдөрт олборлосон хэмжээ нь дээд түвшинд хүрэв.

АНУ, Ираны дайн завсарласнаар дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний хөрөнгө нэг өдөрт $256 тэрбумаар нэмэгджээ.

Макро зураглал 2026 онд

2025 онд эрчтэй сэргэсэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын тогтворжлыг даган 5.0 хувь болж саарах бөгөөд цаашид геополитикийн зөрчил, түүхий эдийн үнийн савлагаа зэрэг гадаад орчны нөлөөллөөс шалтгаалж өсөлтийн төлөвийг бууруулж болзошгүй эрсдэлүүд өндөр байх төсөөллийг Дэлхийн Банк Монголын эдийн засгийн шинэ тойм тайландаа онцолжээ.

Оюу Толгойн зэсийн үйлдвэрлэл эрчээ авсны зэрэгцээ мал аж ахуйн салбар зудын хорогдлын дараа огцом сэргэсэн нь нүүрсний экспортын бууралт, гадаадын сул хөрөнгө оруулалтыг нөхөж, 2025 онд 6.9 хувьтай гарсан эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн юм. Харин энэ онд өсөлтийн эдгээр хөдөлгөгч хүч хэвийн түвшиндээ очсоноор өсөлт 5 хувь руу буурна гэж үзжээ.

Уул уурхайн салбарын идэвхжил, улирлын чанартай нөлөөллийн ачаар Монгол Улсын ДНБ оны эхний сард 8.6 хувиар, хоёрдугаар сард 7.6 хувиар өсөж, сүүлийн хэдэн жилд харагдаагүй эрчийг үзүүлж буй.

Дэлхийн Банкны таамагласнаар дотоодын тогтвортой эрэлт болон төрийн оролцоотой төсөл, хөтөлбөрүүдийн зарцуулалт, бүтээн байгуулалт нь эдийн засгийн өсөлт тогтолцооны хувьд тэсвэртэй байхад гол дэмжлэг болох төлөвтэй. Тиймээс дунд хугацаанд буюу 2027-2028 онд өсөлт 5.5 ххувь орчимд тогтворжино гэж үзжээ. Гэхдээ уул уурхайн том төслүүдийн ажил дууссанаар гадаадын шууд хөрөнгө оруулалт удааширч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ойрын хугацаандаа хязгаарлагдмал байх төлөвтэйг тэмдэглэсэн байна.

Геополитик, худалдааны тодорхойгүй байдал, таваарын үнийн савлагаанаас үүдэж гадаад орчны нөлөөллийн төлөв сөрөг тал руу хэвийж буйг мөн анхааруулжээ. Харин дотоодод төсвийн сул бодлого өсөлтийг түр хугацаанд эрчимжүүлэх ч инфляцыг дахин өдөөж, урсгал дансны алдагдлыг тэлж, цаашлаад мөнгөний хатуу бодлого хадгалагдах нөхцөлд хүргэж болзошгүй гэж үзсэн байна. Макро эдийн засгийн дарамт их байгаагаас Монголд инфляц 2026 оны турш 8.5 хувь орчимд өндөр хадгалагдах төсөөллийг Дэлхийн Банк гаргажээ.

Анхаарлын төвд

Хийн ундарга. “Гурвантэс XXXV" төслийн хийн олборлолт гуравдугаар сард 48 хувиар өсөж, өдөрт 1350 метр куб хий олборлосон нь дахин нэг дээд амжилт болсныг TMK Energy компани мэдээллээ. Үүнээс гадна тус компани Ашигт малтмал, газрын тосны газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд Өмнөговь аймаг дахь нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслийнхөө 2025 оны ажлын үр дүн, 2026 оны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж, зөвшөөрөл олгожээ. Ингэснээр ашиглалтын лиценз авах, олборлосон хийгээ эрчим хүч үйлдвэрлэлд нийлүүлэх чиглэлд томоохон ахиц гаргаж байна.

Шаардлагыг биелүүлэв. Аж ахуйн нэгжүүдээс гарсан санал болон цаг үеийн нөхцөлд байдалд үндэслэн өнөөдрөөс үхрийн махны үнийг кг тутамд 3000 төгрөгөөр нэмэгдүүлж 18 мянган төгрөг, хонины махыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 15 мянган төгрөгөөр худалдаалахаар НЗДТГ шийдвэрлэжээ. Мөн нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалах бөгөөд өргөтгөсөн худалдаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мах бэлтгэн нийлүүлдэг ААН, компаниуд шатахууны өртгөөс үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул нийлүүлэлтийн үнийг нэмэгдүүлэх, татаас өгөх зэрэг дэмжлэгийн арга хэмжээ авахыг хүссэн байна.

Худалдаа Хөгжлийн банкны 2027 онд хугацаа дуусах бондын ханш 2025 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлттэй байна. Ираны дайн эхэлснээс хойш олон улсын бондын зах зээл бүхэлдээ уналтад орж, тэр дундаа энэ онд хөрөнгө оруулагчдын дунд хамгийн өндөр эрэлттэй байгаа хөгжиж буй орнуудын бондод дарамт учруулж байсан юм. Улмаар ХХБ-ны бонд өнгөрсөн өнгөрсөн оны VIII сараас хойших бүх өсөлтөө алдаад байсан бол сүүлийн өдрүүдэд эргэн огцом өссөн хөдөлгөөнтэй байна. 8.5 хувийн хүүтэй гарч байсан бондын ханш одоогоор 98.9 ам.доллар хүрчээ.

Доргиосон арилжаа. Samsung компанийг үндэслэгч гэр бүлийн гишүүн 3.1 их наяд вонтой тэнцэх дүнтэй 15 сая ширхэг хувьцаагаа зарсан байна. Энэ нь БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэнд компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хийсэн хамгийн өндөр дүнтэй зарах хэлцлийн нэгт тооцогдох юм. Зохицуулагч байгууллагад очсон мэдээллээс харвал Samsung-ийн ТУЗ-ийн дарга агсан И Кун Хигийн эхнэр Хун Ра Хи өв залгамжлалын татвар болоод зээлийн эргэн төлөлт хийх хүрээнд 15 сая ширхэг хувьцаагаа худалдсан байна. Энэхүү аварга дүнтэй хэлцэлд Bank of America, Citigroup, JPMorgan, UBS Group зэрэг томчууд андеррайтераар хамтран ажилласныг мэдэээлжээ.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Гал зогсож, хэтэвч зузаарав

АНУ болон Ираны гал зогсоох тохиролцооны дараа хувьцааны зах зээл цойлсноор дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн нийт хөрөнгийн хэмжээ лхагва гарагт 256 тэрбум ам.доллароор өслөө. Энэ нь Bloomberg-ийн тэрбумтнуудын индекст бүртгэгдсэн нэг өдрийн хамгийн өндөр дүнтэй өсөлтүүдээс хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт болов.

  • Meta-ийн Гүйцэтгэх захирал Марк Закербергийн хөрөнгө 12.8 тэрбум ам.доллароор нэмэгдэж, хөрөнгийн өсөлтөөр тэргүүлжээ.

  • Мөн LVMH-ийн Бернар Арно болон Google-ийн хамтран үүсгэн байгуулагч Лэрри Пэйж, Сергей Брин нарын хөрөнгө тус тус найман тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.

  • Тэрбумтнуудын индексэд багтсан 61 хүний хөрөнгө тус бүр нэг тэрбум гаруй ам.доллароор нэмэгдсэн байна. Хэдий тийм боловч энэхүү өсөлт нь тэрбумтнуудын 2026 онд амссан алдагдлыг нөхөж чадаагүй аж.

  • Одоогоос жил гаруйн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тарифын арга хэмжээгээ 90 хоногоор хойшлуулсны дараа Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс нэг өдөрт 304 тэрбум ам.доллароор нэмэгдэж байсан нь индексийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй өсөлт болж байлаа.

  • Энэ он гарснаар хамгийн чинээлэг 500 тэрбумтны алдсан нийт хөрөнгө 38.8 тэрбум ам.доллартой дүйцэж буй бөгөөд хөрөнгийнх нь нийт хэмжээ одоогоор 11.7 их наяд ам.доллартой тэнцэж байна.

Зам зуур

Инчоны нисэх буудлын дамжин өнгөрөх хэсэгт 14 сарын турш саатуулагдсан 52 настай Конго улсын иргэнд нөхөн төлбөр олгож, цаашид үүнтэй төстэй зөрчил гарахаас сэргийлэх алхмууд авахыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс БНСУ-д хандан уриалсныг нийтийн эрх ашгийн төлөөх хуульчдын "Duroo" холбооноос лхагва гарагт мэдээлжээ.

Орогнол хүсэх зорилгоор БНСУ-д ирсэн тус иргэнийг 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл 14 сарын турш нисэх буудлын дамжин өнгөрөх хэсэгт байлгасан нь хууль эрх зүйн тодорхой үндэслэлгүйгээр хүний эрх чөлөөг дур мэдэн хязгаарласан явдал гэж Хүний эрхийн зөвлөл дүгнэсэн байна. Энэ хугацаанд тэрбээр хүнлэг бус, хувийн орон зай бага, наад захын хэрэгцээт зүйлсээр дутагдсан нөхцөлд амьдарч байсныг онцолжээ.

Конго улсын иргэн 2020 оны хоёрдугаар сард дамжин өнгөрөх нислэгээр Инчонд бууж, дүрвэгчийн статус авах хүсэлтэй байгаагаа гаалийн ажилтанд мэдэгдсэн аж. "Duroo"-ийн мэдээлснээр түүнийг Уганда улсын дэмжлэгтэй зэвсэгт босогчдын бүлэгт хүчээр элсүүлсэн бөгөөд зургаан сарын дараа тэндээсээ зугтаж, улмаар БНСУ-д иржээ.

Эцэст нь товчхон

УИХ: Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүдийн дийлэнх нь эсрэг байр суурьтай байсан тул хуулийн төслийг үргэлжлүүлж хэлэлцэх эсэх санал хураалтыг чуулганы өнөөдрийн хуралдаан хүртэл хойшлууллаа.

ҮСХ: Улаанбаатар хотын инфляц гуравдугаар сард эргэн эрчимжиж, өмнөх сараас 1.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өслөө. Инфляцын гол хөдөлгүүр нь энэ удаад хүнсний бүлэг барааны үнийн өсөлт байлаа. Гуравдугаар сард хүнсний бүлэг барааны үнэ 15.3 хувиар өссөн нь 2023 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Онцлох зураг

АНУ, Израилыг эсэргүүцсэн агуулга бүхий зурагтай ханын өмнүүр алхаж буй эмэгтэй - Техран, Иран

Abedin Taherkenareh/EPA