2025/04/09

Өглөөний мэнд. Инфляц гуравдугаар сард эргэн эрчимжиж, улсын хэмжээнд 7.4 хувьтай гарав.

БНСУ-ын KakaoBank олон улс дахь тэлэлтийнхээ дараагийн зах зээлээр Монгол Улсыг сонгожээ.

АНУ, Иран 14 хоногийн хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрснээр газрын тосны үнэ огцом унаж, хувьцаанууд чангарлаа.

Ам мөлтөс тохиролцоо

Ираны дайнд талууд эцсийн мөчид гал зогсоох тохиролцоонд хүрснээр олон улсын зах зээлүүд амсхийж, газрын тосны үнийн дарамт хөнгөрлөө. Мөн Ойрх Дорнодод дахиад олон хүний амь эрсдэхээс аврагдаж байна.

Техран Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээсний хариуд АНУ, Ираны талууд хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрч, дайныг улам хурцатгах Ерөнхийлөгч Дональд Трампын сүрдүүлэг биеллээ олохоос ам мөлтөс зайлсхийж чадав.

Alex Brandon-Pool/Getty Images

Зуучлагч Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр талыг гал зогсоох хэлэлцээрт хүрэхийг ятгасан нээлттэй уриалга гаргаснаас хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Дональд Трамп тохиролцооны нөхцөлийг зөвшөөрч байгаагаа сошиал хуудсаараа дамжуулан зарласан юм. Үүнээс өмнө Д.Трамп Иранд тохиролцоонд хүрэх, эсвэл “улсаа там болгох” хоёр хувилбар тулгасан эцсийн хугацаа өгөөд байв.

Гал зогсоох тохиролцоо нь дайсагнагч талуудад олон хүний аминд хүрч, дэлхийг эрчим хүчний хямрал руу хөтөлсөн мөргөлдөөнөө зогсоох урт хугацааны гэрээ байгуулах цаг гаргаж өгч байна. Хоёр тал хоёул энэ тохиролцоог өөрийн талын ялалт мэтээр тайлбарлаж буй ч дайныг бүрэн зогсооход шаардлагатай нөхцөлүүд дээр санал зөрөлдөх асуудлууд маш олон хэвээр болохыг эксперт хэлж байна.

Иран Ормузын хоолойг нээхээр зөвшөөрсөнтэй зэрэгцэн газрын тос, байгалийн хийн ханш огцом унаж эхэллээ. Лхагва гарагт брент төрлийн газрын тосны үнэ 16 хүртэлх хувиар буурч, баррель нь 95 ам.доллар орчимд очсон бол Европт байгалийн хийн фьючерс ханш 20 хувь давж унасан нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр дүнтэй уналт болов.

Харин дайны тодорхойгүй байдлын мананд буруу эргэлт хийхээс эмээж байсан хөрөнгө оруулалтын фирмүүд Трампын мэдэгдлийн дараа бондууд, AI салбарын хувьцаанууд руу хошуурч, ам.долларын зарж эхэлжээ. Мөн Ази, Номхон далайн бүсийн хувьцаануудын индекс III сарын эхэн үеийн түвшиндээ эргэн очсон бол Биткойны ханш гурван долоо хоногийн дээд түвшинд хүрч өслөө.

Анхаарлын төвд

Халалт хаяанд. III сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.4 хувьтай гарч, өмнөх сараас 1.2 хувиар эрчимжлээ. Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн, махны үнэ өсөж байгаа зэргээс шалтгаалан хэрэглээний үнийн индекс ирэх саруудад улам эрчимжих эрсдэл нэмэгдэж байна. Өнгөрсөн сард хүнсний барааны бүлгийн үнэ улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.9-15.2 хувиар өсжээ. Мөн мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн нь хамгийн өндөр дүн болж байна.

БНСУ-ын банк Монголд. БНСУ-ын хамгийн том дижитал банк болох KakaoBank олон улс дахь тэлэлтийн стратегийнхаа дараагийн алхмаар Монгол Улсыг сонгоод байгааг тус банкны Гүйцэтгэх захирал Юн Ху Ён лхагва гарагт мэдээлжээ. Тус банкны хүртээмжтэй санхүүжилтийн батлагдсан загварыг Өмнөд Солонгосоос бусад улсад экспортлох боломж учраас дээрх алхам чухал ач холбогдолтой болохыг тэрбээр Сөүл хотод болсон хэвлэлийн хурлын үеэр онцолсон байна. Энэ хүрээнд KakaoBank дотооддоо хөгжүүлсэн зээлийн оноо тогтоох "KakaoBank Score" системийг Монголын санхүүгийн байгууллагад нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Металл үйлдвэрлэлийн амбиц. ЗГ-ын ээлжит хуралдаанаар гангийн цогцолбор байгуулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, ирэх сарын 27-ны дотор зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Урьдчилсан ТЭЗҮ-ээр төслийн нийт хөрөнгө оруулалт 806 сая ам.доллар болж, найман жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцоолжээ. Тухайн цогцолбор нь Дархан-Уул аймагт байрлах бөгөөд жилд багадаа 1 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Үүнээс гадна алт цэвэршүүлэх үйлдвэрийн олон улсын сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болж байгаа, зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа орсныг мэдээллээ.

Азийн томчуудын эгнээнд. Вьетнам улс анх удаагаа “emerging” буюу хөгжиж буй зах зээлтэй орнуудын ангилалд орсныг FTSE Russell мэдээллээ. Ингэснээр тус улс Азийн хамгийн эрчтэй өсөлттэй зах зээлүүд болох БНХАУ, БНЭУ, Индонез улстай нэг ангилалд багтаж байна. FTSE Russell-ийн тооцооллоор энэхүү өөрчлөлтийн үр дүнд Вьетнам улсыг чиглэсэн хөрөнгийн урсгал 6 тэрбум ам.доллароор нэмэгдэх боломжтой. Одоогоос зургаан сарын өмнө тус байгууллагын зүгээс Вьетнамыг “Frontier” буюу анхдагч түвшний зах зээлийн ангиллаас ахиулах төлөвтэйг анх танилцуулсан юм.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Гадаад худалдаа “гал асаав”

Зэсийн экспорт сайн үзүүлэлтээ хадгалж, нүүрсний экспорт түүхэн дээд түвшинд хүрсний нөлөөгөөр Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний улиралд 2.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 5.2 дахин өслөө.

  • Нийт экспортолсон бараа, бүтээгдэхүүний үнийн дүн 4.9 тэрбум ам.доллар хүрч, 62 хувиар өссөн байна. Харин импорт үл ялиг буурч, 2.5 тэрбум ам.доллартой тэнцжээ.

  • Тайлант хугацаанд 740.4 сая ам.долларын үнийн дүнтэй 11.1 сая тонн нүүрс хилээр гаргасан нь сарын дүнгээр нүүрсний экспортын түүхэн дээд түвшин болсон байна.

  • Харин зэсийн экспорт тэргүүн байраа хадгалсаар байна. Гуравдугаар сард 230.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, үүнээс 783.5 сая ам.долларын орлого олжээ.

  • Дайны улмаас зэсийн ханш Лондоны Металлын биржид бага зэрэг буураад байгаа ч өндөр түвшинд хэвээр байна. Томоохон банкнуудаас зэсийн ханшийн төсөөллөө үл ялиг багасгасан хэдий ч энэ онд ЗГ-ын төсөвлөсөн ханшаас илт дээгүүр хадгалагдаж байна.

  • 2026 оны эхний улиралд 650.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 2.2 тэрбум ам.долларын орлоготой байгаа нь өнгөрсөн оныхоос 2.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

Зам зуур

Илон Маск OpenAI-ийн Гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүн Сэм Олтмэныг албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Тэрбээр OpenAI ашгийн бус байгууллага байх анхны зорилгоосоо ухарсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм. Нэхэмжлэлийн зорилго нь “OpenAI-ийг ашгийн төлөө компани болгох хэлэлцээ, компанийн бүтцэд өөрчлөлт оруулах” үйл явцыг зогсоох явдал гэж мэдээлжээ.

Энэ сарын эцсээр эхлэх шүүх хуралдаанд тэрбээр Сэм Олтмэны эсрэг ялалт байгуулбал нэхэмжлэлийн нөхөн төлбөрийг OpenAI-ийн ашгийн бус үйл ажиллагаанд хандивлана гэж тодотгожээ.

Эцэст нь товчхон

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ААН-үүдийг дэмжих хүрээнд 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцлахаар шийдвэрлэв. Зөвхөн эрүүл мэнд, байгаль орчинд бодит эрсдэл үүссэн, иргэний санал, гомдолд үндэслэн хяналт шалгалт хийхийг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоох шийдвэр гаргасныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрснийг мэдээлж байв.

Онцлох зураг

Сваямбху сүм дэх Буддагийн хөшөөний мөрөн дээр сууж буй хоёр сармагчин - Катманду, Балба

Narendra Shrestha/EPA