2025/04/08

Өглөөний мэнд. Биржийн бус зах зээлд 2026 оны эхний улиралд шинээр гарсан бондын дүн өмнөх оноос хоёр дахин нэмэгджээ.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ өнгөрсөн улиралд ₮1.5 их наядын борлуулалт хийж, төсөвт төвлөрүүлсэн орлого нь 42% өсөв.

Сансарт хамгийн хол аялсан “Artemis II” хөлгийн багийнхан дэлхийдээ буцахаар хөдөллөө.

Дэлхийдээ буцахаар хөдлөв

NASA-ийн "Artemis" хөтөлбөрийн дөрвөн сансрын нисэгч сарыг тойрох аяллаа дуусгаад дэлхийдээ буцахаар хөдөлснийг мэдээллээ. Уг аялал нь хүн төрөлхтөн сансрын уудамд дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн дээд амжилтыг шинэчлээд зогсохгүй сүүлийн 50 гаруй жилд сарны гадаргууд хамгийн ойртож очсон аялал болж түүхэнд үлдэж байна.

"Хөлөг дэлхийг чиглэн хөдөллөө. Та бүхнийг гэрт тань хүргэхэд бэлэн" хэмээн "Artemis II"-ийн нөөц багийн гишүүн, Канадын сансрын агентлагийн сансрын нисэгч Женни Гиббонс сарыг тойрон гарч ирсэн хөлгийн багийнханд хандан мэдэгджээ.

NASA.gov

"Artemis II" нислэгийн "Orion" капсулд суусан сансрын нисэгчид сарны гадаргууд хамгийн багадаа 6545 км зайд ойртсоныг NASA-ийн тооцоолол харуулж байна. Зүйрлэж хэлбэл сар хөлгийн багийнханд гараа сунгавал бариад авахаар сагсан бөмбөгтэй ойролцоо хэмжээтэй харагджээ.

Түүнчлэн сансрын хөлөг дэлхийгээс хамгийн ихдээ 406,771 км зайтай холдсоныг NASA-ийн тэргүүн Жаред Айзекмен сошиал хуудастаа нийтэлсэн байна. "Apollo 13" хөлгийн багийнхан 1970 онд дэлхийгээс 400,170 км зайнд аялснаараа өмнөх дээд амжилтыг эзэмшдэг байсан юм.

NASA-ийн мэдээлснээр ирэх онд төлөвлөсөн “Artemis III” нислэгээр сансрын нисэгчид дэлхийн тойрог замд капсул болон саран дээр газардагч төхөөрөмжийг холбох дадлага хийнэ. Харин 2028 онд төлөвлөсөн “Artemis IV” нислэгээр сансрын нисэгчид Нил Армстронгийн анх хөл тавьсан газар дахин алхах оролдлогыг хийх юм.

Гол шүдний өвчин: Жорлон

Сарны дэргэд очсон энэ хүлээлтээс давсан амжилттай болсон ч хөлгийн багийнханд хүндрэл учруулсан ганц технологи нь жорлон байжээ.

Нислэгийн багийнхны сууж яваа Lockheed Martin компанийн бүтээсэн "Orion" хөлөг нь "Universal Waste Management System" (UWMS) хэмээх ариутгах татуургын системээр тоноглогдсон байна. Сансрын нисэгчдийн 10 хоногийн турш ашиглах тус жорлон нь Олон улсын сансрын станцад ашигладаг жорлонтой ерөнхийдөө ижил аж.

Хэдий тийм боловч тэрхүү төвөгтэй бүтэцтэй хэрэгслийг нислэгийн үеэр ном журмаар нь ажиллуулна гэдэг олон давтагдах асуудал болж хувирчээ.

Анхаарлын төвд

Эрчтэй эхлэл. Уул уурхайн биржид идэвхтэй арилжаа хийсний нөлөөгөөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2026 оны эхний улиралд 1.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Үйлдвэрийн олборлолт болон борлуулалт нэмэгдсэнээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого нь 42 хувиар нэмэгдэж, 438.9 тэрбум төгрөг хүрчээ. Тайлант хугацаанд ТӨҮГ нийт 44.9 сая ам.долларын бүтээгдэхүүн биржээр борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 дахин өссөн дүн аж.

Баянгол зочид буудал ХК 2025 онд борлуулалтын орлого нь өмнөх оноосоо 200 орчим сая төгрөгөөр буурч, 10.1 тэрбум төгрөг болсныг МХБ-д тайлагнав. Жуулчдын эрэлт нэмэгдсэн хэдий ч хүний нөөцийн хомсдол, үйл ажиллагааны өртгийн өсөлт, зардлын дарамт зэрэг асуудал үргэлжилсэн хэвээр байгааг тус компани дурдсан байна. Тиймээс гадаадаас ажиллах хүч нэмэх, борлуулалтаа нэмэгдүүлэх хүрээнд олон улсын сувгуудаа нэмэх зэрэг ажлыг эрчимжүүлж байгаа аж. Нийт 203 өрөөтэй Баянгол зочид буудал аяллын бус улирлуудад ойролцоогоор 60-70 хувийн дүүргэлттэй, үйлчлүүлэгчдийн дийлэнхийг гадаад жуулчид бүрдүүлдэг байна.

БОНЗ-ын стандарттай болно. Монгол Улс 2026-2032 оны хугацаанд тогтвортой байдлын тодруулгын олон улсын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэх замын зураг боловсрууллаа. Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран боловсруулсан уг төлөвлөгөөнд компанийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэм, засаглалын нөлөөллийг ил тод тайлагнах IFRS “S1” болон S2" стандартуудыг нэвтрүүлэхээр тусгажээ. Стандартуудыг эхний ээлжид банк, санхүүгийн байгууллагууд, Төрийн өмчийн томоохон компаниудад нэвтрүүлж, 2032 он гэхэд 500 гаруй ААН, байгууллагыг хамруулахаар төлөвлөсөн байна.

8 нугарсан ашиг. Оны эхний улиралд Samsung Electronics компанийн ашиг найм дахин өссөн нь урьдчилсан төсөөллөөс хамаагүй өндөр үзүүлэлт боллоо. Ойрх Дорнодод үүссэн дайны улмаас зах зээлд тодорхойгүй байдал байгаа ч хиймэл оюуны чипийн эрэлт өндөр хэвээр байгаа нь өсөлтөд түлхэц болсон байна. Үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгчид, дата төвүүдэд ашигладаг өндөр хурдны санах ойн чипийн захиалга нь нэмэгдсэнээр тус компанийн чипийн ашиг ухаалаг гар утасны ашгийг нь давсан байна. Тайланг мэдээлсний дараа Samsung-ийн хувьцааны ханш 5 хувиар өсжээ.

Зэсийн эрсдэл. Ормузын хоолой удаан хугацаанд хаалттай хэвээр байвал зэсийн үнэ үргэлжлэн унах эрсдэлтэйг Goldman Sachs-ийн шинжээчид анхаарууллаа. Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш зэсийн ханш 7 орчим хувиар буураад байгаа юм. Хэдий тийм боловч АНУ-аас бусад зах зээлд нийлүүлэлтийн хомсдол, стратегийн нөөц бүрдүүлэлт зэрэг хүчин зүйлс зэсийн үнэд дэмжлэг болж буйг дурджээ.“Goldman Sach энэ оны зэсийн дундаж үнийн төсөөллөө тонн нь 12,850 ам.доллар байсныг 12,650 ам.доллар болгон бууруулаад байгаа.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: ББЗЗ-ийн халуун цэг

Биржийн бус зах зээлд энэ оны эхний улиралд 456.5 тэрбум төгрөгийн бонд шинээр гарсан байна. Үүнийг өнгөрсөн оны I улиралтай харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

  • 2025 оны эхний хагас жилд эдийн засаг хүндрэлтэй, төлөв байдал харьцангуй бүрхэг байх үед шинэ бонд гаргалт удааширсан дүр зурагтай байсан юм.

  • Харин хоёрдугаар хагаст Монгол Улсын уул уурхайн экспорт сэргэж, валютын нөөц нэмэгдэхтэй зэрэгцээд бондын зах зээл идэвхжиж эхэлсэн ба 2026 оны эхээр энэ эрчээ хадгалсаар байна.

  • Нийт идэвхтэй байгаа бондын дүн сүүлийн нэг жилийн хугацаанд нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж, 3.4 их наяд төгрөг хүрээд буй. Өсөлтийн дийлэнхийг сүүлийн гурван улиралд гарсан үнэт цаас бүрдүүлжээ.

  • Хоёрдогч зах зээлийн арилжаа ч мөн адил нэлээд нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны сүүлд биржийн бус зах зээл блокчейнд шилжиж, арилжааг 24 цаг гүйцэтгэдэг болсон юм. Ингэснээр энэ оны эхний улиралд 600 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн ба сарын дунджаар 40 гаруй хувиар өсжээ.

Зам зуур

БНСУ-ын CJ Foodville компанийн нарийн боов үйлдвэрлэлийн "Tous les Jours" брэнд Азийн орнууд дахь мастер франчайз бизнестээ тогтвортой өндөр өсөлттэй ажиллаж, Монгол, Индонез зэрэг улсын зах зээл өсөлтийг манлайлж байгааг The Korea Herald мэдээлжээ.

"K-bakery"-г олон улсад гаргасан анхдагчдын нэг тус брэнд дотоодын түнш Артизан ХХК-тай франчайз гэрээ байгуулан Монголын зах зээлд нэвтрээд 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Энэ хугацаанд Tous les Jours 1.7 сая гаруй ширхэг бялуу борлуулсан нь Монголын хоёр иргэн бүрд нэг бялуу ногдох хэмжээний үзүүлэлт болохыг онцолсон байна.

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Tous les Jours Монголд нийт 24 салбар нээсэн бөгөөд оны эхний улиралд компанийн брэндинг шинэчлэлийн дагуу зарим салбарууддаа засвар, шинэчлэл хийснээ мэдээллээ.

Эцэст нь товчхон

ХХААХҮЯ: Энэ хавар улсын хэмжээнд нийт 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна. Үүний 312 мянган га-д улаанбуудай, 16 мянган га-д төмс, 18 мянган га-д хүнсний ногоо тариалах бол 100 гаруй мянган га-д тэжээл болон тосны ургамал тариалахаар төлөвлөжээ.

Онцлох зураг

Нидерландын Гауда хотын захиргаа Улаан өндөгний баяр бүрээр иргэддээ хотын төвд үнэгүй өглөөний хоол өгдөг

ANP/Shutterstock