2025/04/07

Өглөөний мэнд. Дэлхийн олон хот газрын тосны хямралыг нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх боломж болгож байна. Шинэ ЗГ татварын өрийн улмаас дансаа хаалгасан 12,100 компанийн дансыг нээхээр шийдвэрлэв. Дэлхийн уул уурхайн салбарт $100 тэрбумаас дээш үнэлгээтэй компаниудын тоо 6 болж нэмэгдэв.

Хямралаас ургасан боломж

2026 оны газрын тосны их хямрал тав дахь долоо хоногтойгоо золгож, дэлхий даяар хотууд удаан үргэлжлэх төлөвтэй шатахуун, түлшний үнийн өсөлтийн нөлөөг бууруулахаар төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал Мельбурн хот нийтийн тээврийн галт тэрэг, автобус, трамвайн тасалбарыг түр хугацаанд үнэгүй болгох замаар “замын ачааллыг бууруулж, түлшний хэрэглээний дарамтыг хөнгөлөх” арга хэмжээ авч байгааг Австралийн Викториа мужийн захирагч Жасинта Аллан мэдээлжээ. Эсрэгээрээ Бангкок хотын гатлага завины компаниуд дизель түлшний үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор тасалбарын үнээ нэмсэн байна.

Европт Брюссель хотын захиргаанаас иргэдийг гэрээсээ ажиллаж, автомашины хэрэглээгээ багасгахыг уриалсан бол Францын хууль тогтоогчид тээврийн салбарт олгох түлшний татаас зэргийг багтаасан тусламжийн багц төсөв баталжээ. АНУ-ын Жоржиа муж 60 хоногийн хугацаанд шатахууны нэмэлт татварыг тэглэхээр болсон байна. Тус улсад шатахууны дундаж үнэ 2022 оноос хойш анх удаа галлон нь 4 ам.доллар давсантай холбоотойгоор бусад хэд хэдэн муж дээрх арга хэмжээг авахаар судалж буй.

Олон Улсын Эрчим Хүчний агентлагаас иргэдийг нийтийн тээврээр зорчих, унаагаа хуваалцах, зайнаас ажиллах, хурдны замын дээд хурдны хязгаарыг бууруулах зэрэг зөвлөмжийг өгсөн байна. Судалгаагаар автомашины хурдыг цагт 10 км-ээр бууруулахад нэг жолоочийн шатахууны хэрэглээ 5-10 хувиар буурдаг тооцоо гарчээ.

Шатахуунд төлөх үнэ нэмэгдэхэд нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо дагаад нэмэгддэг болохыг дэлхийн түүхэнд урьд тохиосон газрын тосны хямралууд харуулдаг. 1973 оны их хямралын үеэр Нидерландын эрх баригчид ням гараг бүр автомашины хөдөлгөөнийг хориглож, улмаар иргэд унадаг дугуйг ихээр хэрэглэх болсон нь тус улсын өнөөгийн зам тээврийн дэд бүтцийн өвөрмөц онцлогийг бий болгосон юм.

Салбарын экспертүүд олон улсад газрын тосны үнэ цаашид илүү өндөр түвшинд хүрч өснө гэж тооцоолж байгаа энэ үед бодлого тодорхойлогчид шатах түлшнээс хамааралтай байдлыг бүр мөсөн бууруулж, дараагийн хямралаас иргэдийг хамгаалах энэхүү өөрчлөлтийн том боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй гэж идэвхтнүүд уриалж байна.

Анхаарлын төвд

Зайлшгүй өсөлт. Улаанбаатар хотод дизель түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдэж, IV сарын 4, 5-ны өдрүүдэд литр нь 3490-3990 төгрөгөөр борлуулж буйг салбарын яам мэдээллээ. Орон нутагт мөн өмнөх долоо хоногийн баасан гарагийн үнэтэй харьцуулахад 400-430 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй бол АИ-95 автобензиний үнэ литр нь 4100 төгрөг болжээ. ОХУ-ын Роснефть компанитай байгуулсан гэрээний хүрээнд АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулсныг АҮЭБЯ мэдээлсэн.

Түр өршөөл. Шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал татварын өрийн улмаас данс нь хаагдсан 12,100 компани, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 3800 компанийн дансыг сарын хугацаатай нээх шийдвэр гаргалаа. Эдийн засагт онцгой байдал үүссэн үед ийм арга хэмжээ авахыг зөвшөөрдөг Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн албан даалгаврыг гаргажээ. Мөн төрөөс ажил авсан ААН-үүдийн санхүүжилтийг ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэдэг байх зохицуулалт хийж байгааг мэдээллээ. Ингэснээр ААН-үүд төрийн ажил гүйцэтгэсний дараа төлбөр, мөнгөө авах асуудал цэгцэрнэ гэж үзэж байна.

Дашрамд дурдахад, Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондуудын уналт түр завсарлаж, ханш нь тогтворжлоо. Ерөнхий сайд асан Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд бондуудын ханш эрс унаад байсан бол өнгөрсөн долоо хоногийн эцсээр уналтаа бүрэн нөхөж, шинэ долоо хоногийн арилжаагаар тогтвортой байна. Гэсэн хэдий ч бондуудын ханш зах зээлийн төлөв байдалтай уялдан өнгөрсөн нэг сарын хугацаанд хоёр орчим хувиар буурсан юм.

COP17-ын бэлтгэл. 2026 оны VIII сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 26.9 га талбайд СОР17 хурлын үндсэн арга хэмжээг зохион байгуулах ба үүнээс барилгажих талбай нь 44 мянган м.кв байхыг БОУАӨЯ мэдээллээ. Мөн нийт 800 автомашины зогсоол, 20 түр байгууламж барих бөгөөд үндсэн зам талбайн ажил тавдугаар сард дуусах төлөвтэй аж.

Гал зогсоох шахалт. АНУ-д холбоотон орнууд нь Ирантай нэн яаралтай гал зогсоох хэлэлцээрт хүрэх шахалт үзүүлж буй мэдээлэл гарснаар газрын тосны үнэ доошилж, АНУ-ын хувьцаанууд өслөө. Тодруулбал Пакистан, Египет, Турк улсууд 45 орчим хоног үргэлжлэх гал зогсоох гэрээ байгуулахад зуучилж, АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөөс сэргийлэхээр эрчтэй ажиллаж байгааг Axios мэдээлсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Техранд Ормузын хоолойг нээх 10 хоногийн хугацаа өгсөн байснаа 24 цагаар сунгаж, эцсийн хугацааг мягмар гарагийн 20:00 цаг болгосон утгатай мэдэгдэл хийжээ.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Уул уурхайн луугарууд

Энэ оны эхний улиралд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн 50 компанийн зах зээлийн үнэлгээ 250 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 2.41 их наяд ам.доллар хүрсэн байна.

  • Дэлхийн тэргүүлэх 50 уул уурхайн компаниуд дунд 100 тэрбум ам.доллароос дээш үнэлгээтэй хоёрхон компани байсан бол одоо энэ тоо зургаа болж нэмэгдсэн байна.

  • Ираны дайн уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа ч 2026 он гарсаар ихэнх металлууд тодорхой хэмжээнд өсөлтөө хадгалсаар байгаа тул компаниудын өсөлтөд дэмжлэг болсоор байна.

  • Дайн эхлэхээс өмнө алт, мөнгөний үнэ хоёр оронтой хувиар буурсны дараа олборлогч компаниудын хувьцааны ханш унасан юм. Түүнээс хойш алтны үнэ унц нь 4700 орчим ам.доллар, мөнгөний үнэ унц нь 70 ам.долларын ойролцоо тогтвортой байгаа ч түүхэн дээд түвшнээсээ 50 хувиар доогуур хэвээр байна.

  • Түүнчлэн литийн үнэ сэргэсэн нь Чилийн SQM болон АНУ-ын Albemarle компани 2025 оны IV улиралд уул уурхайн тэргүүлэгч 50 компанид эргэн нэгдэхэд дэмжлэг болжээ.

Зам зуур

"Ye" буюу хуучнаар Канье Уэст уран бүтээлийн карьераа эргэн голдиролд нь оруулах томоохон алхмууд хийгээд байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Лос-Анжелесийн "SoFi" цэнгэлдэх хүрээлэнг бүтэн дүүргэсэн хоёр удаагийн тоглолт хийж, нийт 33 сая ам.долларын орлого олсныг эх сурвалж мэдээлжээ. Ялангуяа баасан гарагийн тоглолтынх нь зөвхөн тасалбарын борлуулалт 18 сая ам.доллар давсан байна. Энэ нь хөгжмийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой нэг удаагийн тоглолтуудын нэгд зүй ёсоор бичигдэх амжилт юм.

Сүүлийн жилүүдэд тэрбээр удаа дараалсан хэл ам, таагүй асуудлуудад орооцолдсон ч үнэнч шүтэн бишрэгчид нь цөөрөөгүйг гэнэтийн гэж болох дээрх тоглолтууд нь харуулж байна. Үүгээр зогсохгүй "Ye"-ийн шинэ цомог "Bully" нь гарсан долоо хоногтоо хамгийн олон тоогоор борлуулагдсан цомгуудын жагсаалтад багтсан байна.

Эцэст нь товчхон

СЗХ “Ногоон угаалт”-д чиглэсэн зохицуулалт, түүний бодит нөлөөллийг хянан баталгаажуулах механизм, хяналт шалгалтын тогтолцоо бүрдээгүй байгааг ээлжит судалгаандаа онцолсон байна. "Green Washing" буюу “Ногоон угаалт” гэх нэр томьёо Монгол Улсын санхүүгийн салбарт шинэлэг бөгөөд цаашдын бодлогод анхаарах чиглэлээ болгох шаардлагатайг мэдээлжээ.

Монос Хүнс ХК “East log” буюу зүүн бүсийн агуулахын бүтээн байгуулалтын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээллээ. Мөн АНУ Lifecykel Labs компанийн Gвстрали дахь салбар компанитай албан ёсны дистрибьютерийн гэрээ байгуулж, өтгөн барагшун, чацарганы цэвэр тос зэргийг тусгай сав баглаа боодолтойгоор экспортлох ажлын бэлтгэлийг хангаж байгааг үйл ажиллагааны тайландаа дурджээ.

Онцлох зураг

Ама Янгри ууланд өглөөний нар тусахыг харахаар цугласан жуулчид - Катманду, Балба

Niranjan Shrestha/AP