2025/04/06

Өглөөний мэнд. Монгол Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчлэв. Шинэ Засгийн газарт өмнөх ЗГ-аас арван сайд улиран ажиллахаар боллоо. QPay-ээр сард дунджаар ₮1.3 их наядын гүйлгээ хийж байгаа Инновэйшн Инвестмент ХК-ийн цэвэр ашиг 2025 онд 34 хувиар өсжээ.

Авдар дүүрэн алт

Зэсийн экспорт, алт худалдан авалт нэмэгдсэний үр дүнд 2026 оны I улирлын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 7.18 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрлээ.

Өнгөрсөн оны мөн үед валютын нөөцийн хэмжээ 5 тэрбум ам.доллартой тэнцэж байсан бол түүнээс хойш 43.9 хувиар буюу 2 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Тэр дундаа 2025 оны эцсийн гүйцэтгэлээр валютын нөөц анх удаа 7 тэрбум ам.долларын босго давж байв. Харин III сарын байдлаар ГВАН оны эхнээс өсөн нэмэгдсэн дүнгээр 2.6 хувиар буюу 182.5 сая ам.доллароор өссөнийг Монголбанк мэдээллээ.

Одоогийн түвшинд байгаа нөөц нь валютын төлбөртэй барааны импортын найман сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын зургаан сарын хэрэгцээнд хангалттай. Түүнчлэн богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь хангах түвшинд байна.

II сарын статистик үзүүлэлтээс харвал мөнгөжсөн алт нийт нөөцийн 20 хувь буюу 1.4 тэрбум ам.доллар бүрдүүлсэн байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд алтны ханш түүхэн өндөр өсөлт үзүүлснээр Монгол Улсын нөөц дэх алт биет хэмжээгээр өнгөрсөн оны мөн үеэс 19 хувиар нэмэгдсэн ч үнийн дүнгийн хувьд хоёр дахин өсжээ.

Дэлхийн алтны зах зээлд хөрвөх чадварын гол нийлүүлэгч, ханшийн гол дэмжигч нь төв банкнууд байсаар ирсэн юм. 2025 оны эцсийн байдлаар дэлхийн төв банкнууд нийт 39 мянган тонн алт буюу нийт олборлогдсон алтны 18 орчим хувийг нөөцөлсөн байгааг Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлэл харуулж байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд Ойрх Дорнодын зөрчил мөргөлдөөнөөс шалтгаалж алтны үнэ оргил түвшнээсээ өдгөө 18 орчим хувиар буурснаар геополитикийн хүнд нөхцөлд хөрөнгөө аюулгүй хадгалах гол хэрэгсэл болдог байр суурь нь ганхаад байгаа. Үнийн бууралт нь зарим төв банкнуудад худалдан авалтаа улам нэмэгдүүлэх, заримд нь нөөцөөсөө зарж валютын ханшаа хамгаалах нөхцөл болж байна. Тухайлбал Монголбанк II сард алтны үнэ оргил цэгтээ байхад 305 кг алт авч байсан бол III сард үүнийгээ хоёр дахин нэмэгдүүлж, 704 кг-д хүргэжээ. Харин Туркийн төв банк дайнаас үүдсэн эрчим хүчний үнийн өсөлт, ам.долларын өндөр эрэлтээс валютын ханшаа хамгаалахын тулд нөөцөөсөө 8 тэрбум ам.долларын алт гаргасан байна.

Гэхдээ Goldman Sachs банк алтны ханшийн өөдрөг төсөөллөө хадгалж, дунд ххугацаандаа төв банкнуудын худалдан авалт, АНУ-ын бодлогын хүүгийн бууралтаас хамааран унц нь 5,400 ам.доллар хүрэх боломжтой гэж үзэж буй.

Анхаарлын төвд

Тохироо, томилгоо. 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал гурван нам, эвслийн төлөөлөгчөөс бүрдсэн Засгийн газраа өмнөх ЗГ-аас улирсан 10 сайд, шинэ 9 сайдын бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлж, батламжиллаа. “Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах” чадвартай эсэхийг тооцож сайд нарыг томилсноо тэрбээр онцолж байв. Мөн 12 дэд сайдыг цомхотгож, үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай ажиллахаар Ерөнхий сайд шийдвэрлэжээ. Үүнээс гадна баасан гарагт Сандагийн Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжив.

Хоёрдогч зах зээлд. III сарын 30-нд анхдагч зах зээлийн арилжаа нь явагдсан “Нийслэл бонд”-ын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ. 658.5 сая ам.долларын төсөвт өртөгтэй Дулааны V цахилгаан станц төслийг санхүүжүүлэх тус бонд нь нийслэлийн хоёр дахь нээлттэй бонд болж байна. Өмнө нь 2024 онд Монголын Хөрөнгийн биржид 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж байлаа. Энэ удаа гурван жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 мянган ширхэг бондыг олон нийтэд нээлттэй арилжиж байгаа юм.

Э-транс Ложистикс компани 2025 онд 2.87 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, үүнээс 22 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнав. Өмнөх оны дүнтэй харьцуулахад борлуулалтын орлого нь 20 орчим хувиар буурсан бол цэвэр ашгийн дүн нь 30 дахин буурчээ. Улс төрийн тогтворгүй байдал, иргэдийн худалдан авах чадвар, татвар, мөнгөний бодлого, тээврийн хэрэгслийн дугаар олголтын журам зэрэг нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ. Улмаар компанийн үндсэн үйл ажиллагаа болох төмөр замаар шилжүүлэн ачих үйл ажиллагаа 2025 онд 93.5 хувиар, орлого нь 88 хувиар буурчээ.

$2 их наяд руу зүтгэнэ. SpaceX компани энэ онд хийхээр төлөвлөсөн IPO-оор зах зээлийн үнэлгээгээ 2 их наяд ам.доллар давуулахаар зорьж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Илон Маскийн компанийн төлөөлөгчид, зөвлөхүүд ирэх долоо хоногуудад боломжит хөрөнгө оруулагчидтай тандах уулзалт хийж, IPO-оор татан төвлөрүүлэх зорилтот хөрөнгийн түвшнийг танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Хэрэв тус компанийн үнэлгээ 2 их наяд ам.доллар давбал үнэлгээ нь хэдхэн сарын дотор бараг 60 гаруй хувиар өснө гэсэн үг юм. Түүнчлэн S&P 500 индексэд бүртгэлтэй Nvidia, Apple, Alphabet, Microsoft, Amazon гэсэн технологийн аваргуудаас бусад бүх компанийн үнэлгээг нийлүүлснээс өндөр үнэлгээтэй болно.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: QPay-ийн өсөлтийн цаана

Төлбөр тооцооны QPay үйлчилгээг хөгжүүлэгч Инновэйшн Инвестмент ХК-ийн цэвэр ашиг 2025 онд өмнөх оны мөн үеэс 34 хувиар өсөж, 13.4 тэрбум төгрөг давжээ. Харин борлуулалтын орлого нь 45 хувиар өсөж, 38.1 тэрбум төгрөг хүрсэн байна.

  • Жилийн дүнгээр нийт 16.1 их наяд төгрөгийн 250 сая орчим гүйлгээ хийснээ тус компани тайлагналаа. Тухайлбал өдөрт дунджаар 44.6 тэрбум төгрөгийн гүйлгээ, сард дунджаар 1.3 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдэж байгаа аж.

  • Инновэйшн Инвестмент ХК 2023 оны 12 дугаар сард анх IPO хийж, 8.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн юм. 2025 оны эцсийн байдлаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт нь 41 хувьтай байна. Энэ дундаа ККТТ ХХК-ийн эзэмшиж буй 9.2 сая ширхэг энгийн хувьцааны төлбөрт хоёр тэрбум 80 сая төгрөг зарцуулжээ.

  • Мөн техник, тоног төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах үйл ажиллагаанд 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

  • Тус компани IPO хийснээс хойш хувьцааны ханш нь 27.2 хувиар өсөж, сүүлийн байдлаар нэгж хувьцаа нь 281 төгрөг орчимд арилжаалагдаж байна.

Зам зуур

БНХАУ-ын хүн дүрст робот үйлдвэрлэгч UBTech Robotics компани ахлах эрдэмтний ажлын байр зарлаж, жилийн 124 сая юань буюу 18 сая ам.доллар хүртэлх дүнтэй цалин санал болгож байгаагаа мэдээллээ.

Ахлах эрдэмтэн нь UBTech-ийн бүтээх роботыг тодорхойлж, оюун ухааных нь хөгжүүлэлтийг зураглаж, хиймэл оюуны моделиудын судалгааг удирдах ёстойг Шэньжэньд төвтэй тус компани дурдсан байна. Мөн компани инженерчлэлийн багтаа дахин арваад мэргэжилтэн элсүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Элит түвшний эрдэмтэд, инженерүүдээс бүрдсэн Meta тэргүүтэй компанийнхтай дүйцэх хэмжээний цалинг санал болгосон нь Хятадын хиймэл оюуны салбарт тун ховор үзэгдэл юм.

Хятадын хүн дүрст роботын салбарт тавих хөрөнгө оруулагчдын хүлээлт 2026 онд болсон арга хэмжээнүүдийн нөлөөгөөр дорвитой нэмэгдээд байгаа. Тус улсын робот үйлдвэрлэлийн салбараас анх удаа биржид гарсан компани болох UBTech өнгөрсөн онд борлуулалтаа 50 гаруй хувиар өсгөснөө өнгөрсөн долоо хоногт тайлагнажээ.

Эцэст нь товчхон

УИХ: Хуурамч шатахуун үйлдвэрлэлийг таслан зогсоох зорилгоор газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн мэдүүлсэн байна. Уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Нано Интернэйшнл: Швейцарын 180 жилийн түүхтэй, шоколад үйлдвэрлэгч Lindt & Sprüngli компани Монголын зах зээлд албан ёсоор нэвтрэхээр Нано Интернэйшнл компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа.

Онцлох зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийг уушийн газрын телевизээр үзэж буй үйлчлүүлэгч - Брүүклин, АНУ

David Dee Delgado/Reuters