2025/04/03

Өглөөний мэнд. Роснефть компанийн бүтээгдэхүүнүүдийн хил үнэ IV сард 441-648 ам.доллароор нэмэгджээ. МХБ дэх үнэт цаасны арилжаа I улиралд өмнөх оноос 86.2 хувиар өссөн ч хувьцаанууд уналттай байна. Дональд Трамп Ираны дайныг улам ширүүсгэх дохио өгснөөр газрын тосны үнэ эргэн цойллоо.

Улаан руу хэвийсэн улирал

Засгийн газрын бондтой холбоотойгоор Монголын Хөрөнгийн бирж дэх арилжааны хэмжээ оны эхний улиралд эрс нэмэгдсэн байна.

2026 оны эхний гурван сард нийт 231.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 86.2 хувиар өссөн дүн болов. Өнгөрсөн оны эхээр арилжаалагдаж эхлээгүй байсан Засгийн газрын дотоод үнэт цаас энэхүү өсөлтийн томоохон хэсгийг бүрдүүлжээ.

Гол үнэт цааснуудын арилжаа ч өсөлттэй байж, тэр дундаа хувьцааны арилжаа оны эхний гурван сарын байдлаар 68.8 тэрбум төгрөг хүрч, 45 хувиар нэмэгджээ. Бондын хоёрдогч зах зээлийн арилжаа мөн адил огцом өсөлт үзүүлж, 42.5 тэрбум төгрөг хүрсэн байна.

2025 оны эхээр арилжааны идэвх буурсантай холбоотойгоор Монголын Хөрөнгийн биржийн үндсэн үйл ажиллагааны орлого томоохон цохилт амсаж байсан юм. Харин энэ он гарсаар арилжаа нэмэгдэхтэй зэрэгцээд шинэ үнэт цаас гаргалт хүлээгдэж байгаа тул МХБ-ийн үндсэн үйл ажиллагааны орлого сэргэх төлөвтэй.

Арилжааны идэвх хэдий өндөр байгаа ч зах зээлд зарах урсгал давамгай байна. МХБ-ийн ТОП-20 индексийн 14 компанийн хувьцааны ханш он гарсаар уналттай байгаа юм. Индексийн түвшин эхний улиралд 7.4 хувиар буурч, сүүлийн таван сарын доод түвшинд хүрээд байна.

Түүнчлэн Азийн индексүүд дундаа ТОП-20 уналтаараа толгой цохисон хэвээр байна. Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш бүс нутгийн зах зээлүүд огцом уналтад орж, энэ оны өсөлтөө алдаад байгаа ч эхний гурван сарын байдлаар ТОП-20 индекстэй харьцуулахад эерэг үзүүлэлттэй хэвээр…

Анхаарлын төвд

Эмзэг, ойлгомжгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайн ойрын 2-3 долоо хоногт дуусах бус, дахин ширүүсэх дохио өгснөөр түүхий газрын тосны үнэ баррель нь 105 ам.доллар давж огцом өслөө. Пүрэв гарагт ард иргэддээ хандаж хэлсэн мэдэгдэлдээ тэрбээр дайн дуусах дөхөж байгааг онцолсон ч Иранд ойрын хугацаанд “асар хүчтэй” цохилт өгнө хэмээн амласан. Хоёр утгатай, хэт ерөнхий мэдэгдэл нь арилжаалагчдын итгэлийг мохоож, зах зээлд асуудлын гол цөм болоод байгаа Ормузын Хоолойн хувь заяаг тодорхойгүй хэвээр үлдээв.

Үнэ тэсрэхэд бэлэн. Монгол Улсын шатахууны гол ханган нийлүүлэгч Роснефть компанийн бүтээгдэхүүний хил үнэ IV сард төрлөөсөө хамаараад 441-648 ам.доллароор өссөн байна. Иймд дотоодын зах зээлд энгийн АИ-92-оос бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ 500-2200 төгрөгөөр нэмэгдэж, литр тутмыг нь 4100-5300 төгрөгөөр борлуулах нөхцөл үүссэнийг Ерөнхий сайд Н.Учрал Төсвийн байнгын хороонд танилцууллаа. Шинэ ЗГ шатахууны гаалийн албан татварыг тэглэснээр үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр бууруулахад нөлөөтэй гэж тооцоолж буй аж.

Спикерийн сонголт. МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад санал нэгтэйгээр нэр дэвшүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан ч Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа. Парламентыг удирдах спикерийш аль нэг нам биш Парламент дотроосоо нэр дэвшүүлж, илээр санал хураан сонгох ёстой гэсэн байр суурийг АН-аас илэрхийлэв. УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх, УИХ-ын даргыг 64 гишүүний саналаар нэр дэвшүүлж сонгох заалт бүхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өргөн бариад байгаа.

$1.4 тэрбумын зах зээл. Монгол Улс 2025 онд 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын экспортын орлого 728 сая ам.долларт хүрснийг Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ. Үүн дээр дотоодын жуулчдын зарцуулалтыг нэмж тооцсоноор Монголын аялал жуулчлалын зах зээл өнгөрсөн онд 5.2 их наяд төгрөг буюу 1.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд дурдсанаар өнгөрсөн онд Монгол Улс жуулчдын тооны өсөлтөөр дэлхийд тэргүүлсэн 20 орны жагсаалтад багтаж байв.

Эрдэнэс Тавантолгой ХК 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 56 хувиар өссөн хэмжээ боллоо. Мөн олборлосон бүх нүүрсээ 100 хувь экспортод гаргасан байна. Ийнхүү 641.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь нүүрсний үнэ эрс буураад байсан өмнөх оны эхний саруудтай харьцуулахад 72 хувиар өндөр үзүүлэлт болсон байна.

Алт овооров. Монголбанк үнэт металл худалдан авалтаа хоёр дахин нэмэгдүүллээ. II сард алтны ханш оргил цэг рүүгээ тэмүүлж байх үед төв банканд алт тушаах иргэд, ААН-ийн тоо эрс багасаж, тухайн сард 305 кг алт худалдан авч байсан юм. Харин III сард Ойрх Дорнодын дайнаас үүдэж алтны ханш огцом унасныг даган тушаах хэмжээ эргээд нэмэгдэж 704 кг-д хүрсэн байна. Ингэснээр өнгөрсөн оны эхний улиралд Монголбанк 1.4 тонн алт худалдан авч байсан нь энэ онд 2.5 тонн болж өссөн байна. Үүнд нийт 1.4 их наяд төгрөг төлжээ.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Өсөлтийн хөдөлгүүр доголдов

БНХАУ-ын технологийн компаниуд сүүлийн гурван жилийн хамгийн сул өсөлттэй улирлын тайлангаа танилцууллаа. Ингэснээр тус салбарын хувьцаанууд сэргэх эсэхэд хөрөнгө оруулагчдын эргэлзээ улам гүнзгийрч байна.

  • Hang Seng Tech Index-д багтдаг 30 компанийн ашиг 2025 оны 12 дугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд өмнөх оны мөн үеэс 30 хувиар буурчээ. Энэ нь 2022 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болж байна.

  • Тухайн үед технологийн салбар дахь зохицуулалтын дарамтаас гадна Covid-19 цар тахлын дараа хэрэглээний зардлын сэргэлт сул байсан зэрэг хүчин зүйл компаниудын ашгийг доош татаж байсан юм.

  • Хонконгийн биржид бүртгэлтэй технологийн компаниудын жишиг индекс энэ онд 14 хувиар буурч, DeepSeek-ийн амжилтаар буухиалсан бараг бүх өсөлтөө алдахад ойрхон байна.

  • Үүний зэрэгцээ зах зээлийн шинжээчид ирэх 12 сарын нэгж хувьцаанд ногдох ашгийн төсөөллийг нь гуравдугаар сард 9 хувиар бууруулаад байгаа аж. Tencent, Alibaba зэрэг томоохон компани хиймэл оюунд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх стратеги барихаа мэдэгдсэн нь үүнд голлон нөлөөлсөн байна.

Зам зуур

NBA-ийн Милуоки Бакс багийн од Яннис Адетокумбо алдарт хөлбөмбөгчийн Дэвид Бэкхемийн IM8 компанид хувь эзэмшиж эхэлжээ.

IM8 нь өдөр тутмын эрүүл амьдралын хэвшлийг сайжруулах зориулалт бүхий тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тус компанийг Дэвид Бекхэм эрүүл мэндийн шинжлэх ухааны Prenetics компанитай хамтран 2024 оны 12 дугаар сард байгуулсан бөгөөд сүүлийн 11 сарын орлого нь 100 сая ам.доллар хүрсний мэдээлжээ.

“IM8 дангаараа хүрч чадахгүй байх магадлалтай зах зээл, олон нийтийн үүд хаалгыг би нээж чадна. Гэхдээ зөвхөн компанийн нүүр царай байх бус доторх дуу хоолой нь баймаар байна” хэмээн Адетокумбо онцолсон байна.

Уг хэлцлийн мөнгөн дүн болон бусад мэдээлэл одоогоор ил болоогүй аж.

Эцэст нь товчхон

СЗХ: Гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 161 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит хурлыг хуралдуулах тухай мэдэгдэл ирүүлсэн байна.

НЗДТГ: Нэгдүгээр тойрог зам төслийн тендер зарлагдаж, БНХАУ-ын дөрвөн компани үнийн саналаа өгч оролцсон байна. Төслийн нийт санхүүжилт 3.2 их наяд төгрөг бөгөөд санхүүжилтийн 15 хувийг буюу 492 тэрбум төгрөгийг Эрдэнэс монгол нэгдэл гаргахаар болсон юм.

Онцлох зураг

Жил бүр болдог “Мияако Одори” бүжгийн ёслолд оролцохоор бэлтгэж буй гэйша - Киото, Япон

Philip Fong/AFP/Getty Images