- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/04/02
2025/04/02
Өглөөний мэнд. Тавантолгой ХК сүүлийн дөрвөн жилийн хамгийн тааруу үзүүлэлттэй тайлангаа танилцууллаа. Дональд Трамп Ираны дайныг 2-3 долоо хоногт дуусгахаа мэдэгдэж, зах зээл эрчтэй сэргэлээ. Шинэ ЗГ-т зарим салбарын Сайд нарыг улираан ажиллуулахаар байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэв.

Дайны сүүдэр, итгэлийн гэрэл
Эдгээр өдрүүдэд зах зээл итгэл, цөхрөлийн хооронд дэнжигнэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Ираны дайныг хоёроос гурван долоо хоногийн дотор дуусгавар болгоно гэж харж байгаагаа мэдэгдэв. Мөн АНУ цэргийн ажиллагааны зорилтуудаа ерөнхийд нь биелүүлсэн тул Ормузын хоолой дахь асуудлыг бусад улсуудад үлдээх санаа илэрхийллээ.
Ийнхүү дэлхийн зах зээлийг донсолгож, эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг боогдуулсан Ойрх Дорнодын зөрчил төгсгөлдөө ойртож буй найдлага нэмэгдсэнээр Уолл Стритийг даган Азийн бүсийн хувьцаанууд сүүлийн нэг жилд байгаагүйгээр огцом өсөж, бондуудын ханш дээшиллээ.

Харин газрын тосны үнэ унаж, тэр дундаа Брент төрлийн газрын тосны фьючерс ханш долоо хоногт анх удаа баррель нь 100 ам.доллароос доош оров. Ормузын хоолой хаалттай хэвээр, мөн бүс нутагт АНУ-ын цэргийн хүч нэмэгдэж ирснийг үл харгалзан газрын тосны үнэ буурсан нь энэ юм.
Ирэх долоо хоногуудад Иран АНУ-тай тохиролцоонд хүрэх бололцоо байсаар байгааг Д.Трамп илэрхийлж байсан ч дайныг дуусгахад заавал Техрантай гэрээ хийх шаардлага байхгүйг хэлсэн байна. Мөн Иран улс цөмийн зэвсэг хөгжүүлэх боломжгүй болсон цагт АНУ тэндээс явах ба Ираны одоогийн удирдлага нь дайны өмнө байсан дэглэмээс хамаагүй дээр гэж үзэж байгаагаа мөн нэмж дурджээ.
Гэсэн ч зах зээлийн энэ өсөлт урт настай гэж тооцоолох нь тун гэнэн хэрэг болно. Өмнөх өдрүүдэд Д.Трамп зөрүүтэй мэдээлэл гэж юу байдгийг утгаар нь үзүүлж, Техрантай хийх дипломат яриа хэлэлцээ ахицтай байгаа гэж байнга мэлзэх ч Иранд өгөх цохилтыг эрчимжүүлнэ гэж сүрдүүлсээр ирсэн юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт өнөөдөр 09:00 цагаас Дональд Трамп ард түмэндээ хандсан мэдэгдэл хийхийг X хуудастаа зарлаад байгаа. Түүний мэдэгдлээс нөхцөл байдал хааш эргэхийг Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.
Анхаарлын төвд
Хурдны замын хэрүүл. “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэх эсэх асуудалд ажлын хэсэг байгуулахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ. Нийт 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй тус төслийн энэ оны санхүүжилт нь 800 тэрбум төгрөг байх юм. Харин нийслэлийн төсвийн орлого 5 их наяд давахаар байгаа тул санхүүжилтэд асуудал гарахгүй гэж НЗДТГ-аас Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр тайлбарлаж байв. Одоогоор төсөл хэрэгжүүлэх урьдчилгаа 500 тэрбум төгрөгийг даатгалын компанийн баталгаатайгаар төсөл хэрэгжүүлэгч компанид олгоод байгаа аж.
Шинэ ЗГ-ын бүтцийг өнөөдөр УИХ-ын чуулганд оруулах төлөвтэй. Олон улсын чанартай гэрээ, хэлцлүүд хүлээгдэж байгаа тул бүх сайд нарыг өөрчлөх боломжгүй, зарим салбарын сайд нарыг улираан ажиллуулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо. Үүнээс гадна тавдугаар сарын нэгэнд төсвийн хүрээний хуулийн төслийг өргөн барих ёстой тул цаг хугацаа тулаад буйг дурдав.

Базаахгүй эхний хагас. Тавантолгой ХК сүүлийн дөрвөн жилийн хамгийн тааруу үзүүлэлттэй тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн онд тус компанийн цэвэр ашиг 2024 оныхтой харьцуулахад 55.7 хувиар буурч, 183 тэрбум төгрөг болсон байна. 2025 онд нүүрсний үнэ эрс унаж, нүүрс олборлогчдын хувьд оны эхний хагас жил нэлээд хүндрэлтэй байсан юм. Харин оны сүүлийн хагас жилд нөхцөл байдал дээрдсэнээр Тавантолгой компани 2025 оны борлуулалтынхаа 73 хувийг сүүлийн зургаан сард хийж гүйцэтгэсэн байна.
Махны үнийн өсөлт. Энэ долоо хоногийн эхний байдлаар зах, худалдааны төвүүдэд үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 26,976 төгрөгөөр, хонины мах 21,984 төгрөгөөр худалдаалагдаж буйг Нийслэлийн статистикийн газар мэдээллээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад махны үнэ ийнхүү 1.5-1.7 хувиар өссөн бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад үхрийн махны үнэ 35 хувиар, хонины махны үнэ 28 орчим хувиар өсжээ.
Махны үнэ ийнхүү эрчимтэй өсөж буй нь инфляцад нөлөөлөхөөр байна. Өнгөрсөн намар махны үнэ улирлын хандлагаа даган буураагүй нь хүнсний инфляц өсөхөд нөлөөлж, хоёрдугаар сард хүнсний инфляц улсын хэмжээнд 12.1 хувь, Улаанбаатар хотод 12.8 хувь хүрч эрчимжсэн юм.
Блумберг санал болгож байна
📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.
📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.
Гүн рүү: Тийм ч “аюулгүй” биш
АНУ Ойрх Дорнод дахь дайныг эцэслэх дохио өгснөөр алтны ханш арилжааны гурван өдөр дараалан ногоон бүсэд хадгалагдаж байна. Хэдий тийм боловч сарын дүнгээр дэлхийн санхүүгийн хямрал буюу 2008 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй арилжааны сарыг үдлээ.

Мягмар гарагийн арилжаагаар алт 3.9 хүртэлх хувиар өсөж, сүүлийн нэг долоо хоногийн дээд түвшинд хүрчээ. Сүүлийн байдлаар унц нь 4713 ам.доллароор арилжаалагдаж байна.
Гуравдугаар сард алтны үнэ 12 хувиар суларсан нь сарын дүнгээр дэлхийн санхүүгийн хямралаас хойш байгаагүй уналт аж.
Харин мягмар гарагт 7.3 хувиар чангарсан мөнгөний ханш сүүлийн байдлаар унц нь 75 ам.долларт тогтворжлоо.
Дэлхийн Алтны Зөвлөлөөс тайлагнаснаар Төв банкнууд одоогоор нийт 39 мянган тонн алт эзэмшиж байгаа нь хүн төрөлхтний түүхэнд олборлосон нийт алтны 18 хувийг эзлэх хэмжээ юм.
Зам зуур

Мобиком Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Ясүхиро Очи компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд дэвшин томилогдсон байна.
Ясүхиро Очи нь харилцаа холбоо, технологийн салбарт 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд өмнө нь Японы тэргүүлэх KDDI корпорацад удирдах албан тушаал хашиж байсныг Мобиком Корпораци онцолжээ.
Нэг сая гаруй хэрэглэгчтэй тус компанийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд удирдсан Кожи Курушимаг Ясүхиро Очи залгамжилж, Монгол Улсад 5G сүлжээг өргөн хүрээнд нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Мобиком уламжлалт харилцаа холбооны оператораас технологид суурилсан компани болох шилжилтийг манлайлан ажиллахаар болж байна.
Эцэст нь товчхон
УИХ: Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВТ-ын 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх "Эрчим хүч-4" төслийн зээлийн хэлэлцээрийг хэлэлцэхийг ЭЗБХ-ноос дэмжлээ. Уг төслийг Олон улсын Сэргээн босголт, хөгжлийн банкны 25 жилийн хугацаатай 78 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.
Узбекистаны үндэсний төлбөр тооцооны систем HUMO болон Mongol ID Holdings-ийн охин компани Takara Solutions хил дамнасан төлбөр тооцооны системийг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд эхний ээлжид харилцан төлбөр тооцоо, гүйлгээ хийх үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Онцлох зураг
Кашмир нутагт чангаанзны модод цэцэглэж эхэлсэн нь - Гханче, Пакистаны хяналтын бүс

Manzoor Balti/AFP/Getty Images