2025/04/01

Өглөөний мэнд. Усны компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл 5 жил хэрэгжиж, албан ёсоор хаалтаа хийлээ. Олон тэрбумын хөрөнгө, 50 жилийн хүлээлтийн эцэст NASA саран дээр эргэн очихоор бэлтгэж байна. Jade Gas арилжааны зорилтуудаа хэрэгжүүлэхээр A$1.8 саяын санхүүжилт татан төвлөрүүлэв.

Эргээд сарны зүгт

Америкийн сансрын нисэгчид хамгийн сүүлд 1972 онд саран дээр хөл тавьсан юм. Үүнээс хагас зуун жилийн дараа NASA тэнд эргэн очиж, дахин нэг удаа “том алхахаар” бэлтгэж байна.

АНУ-ын сансрын агентлаг “Artemis II” хэмээн нэрлэгдсэн нислэгээ Флорида мужийн “Kennedy” сансрын буудлаас наанадаж дөрөвдүгээр сарын 1-ний өдөр үйлдэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлсэн. Уг нислэгээр Boeing компанийн бүтээсэн “Space Launch System” пуужин, Lockheed Martin компанийн бүтээсэн “Orion” хөлгийн багийн капсулыг туршина. “Orion”-д дөрвөн сансрын нисэгч сууж, сарыг тойрон аялаад дэлхийд эргэн ирэх юм.

Хэрэв амжилттай болбол энэ аялал нь сансрын нисэгчдэд магадгүй хоёр жилийн дараа гэхэд Нил Армстронгийн “нэг том үсрэлт”-ээ хийсэн газар дахин алхах замыг засна. Гэхдээ үүнээс урьтаж олон зүйл санаснаар төгс бүтэх ёстойн сацуу их хэмжээний мөнгө хэрэг болох юм.

“Artemis” хөтөлбөр нь өмнөх “Apollo” хөтөлбөрийн нислэгүүдийг тодорхойлж байсан гал цогтой хүсэл эрмэлзлийг сэргээх ёстой байлаа. Гэсэн хэдий ч эхэлснээсээ хойш энэ хөтөлбөр нөхөөс, засвараар дүүрч, зардлын хэтрэл, хугацаа хойшлолтод ороогдсон юм. “Artemis”-ийн анхны нислэг 2017 онд төлөвлөгдсөн байсан ч таван жилээр хойшилсон.

Хэдий тийм боловч саран дээр буух “Artemis” хөтөлбөр NASA-ийн ирээдүйг тодорхойлно гэж олон хүн найдаж байна. Армстронг тэргүүтэй сансрын нисэгчдийг саран дээр хүргэсэн “Apollo” хөтөлбөр нь АНУ Хүйтэн дайнд стратегийн давуу байдал олж авах хүчин чармайлтын нэг хэсэг байлаа. Харин өдгөө “Artemis” нь NASA Америкийн аж үйлдвэр, энтрепренериализмын хүчийг ашиглаж саран дээр аж төрөх аргыг нээх үү, цаашлаад Ангараг дээр бууж чадах уу гэдгийг харуулах юм.

Анхаарлын төвд

Трамп мохов уу. Ираны эсрэг цохилтыг улам нэмэхээр сүрдүүлж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зорьсноосоо ухарсан байж магадгүйг Wall Street Journal мэдээллээ. Өмнө нь тэрбээр бүс нутаг руу нэмж цэрэг илгээж, Ираны эрчим хүч, усны байгууламжуудыг онилох санаа дэвшүүлж байсан юм. Гэтэл сүүлд Д.Трамп Ормузын хоолойг нээлгүйгээр дайнаас гарч, оронд нь Техранд дипломат шахалт үзүүлэхээр ярьж эхэлснийг WSJ албаны эх сурвалжийг эш татан мэдээлжээ. Сар гаруйн өмнө дайн эхэлснээс хойш тэрбээр Ирантай өнөө маргаашгүй тохиролцоонд хүрэх, эсвэл Иранд цохилтоо эрчимжүүлэх гэх зэргээр зөрүүтэй мэдээлэл өгсөөр ирсэн юм.

Их замын төгсгөлд. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Усны компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжиж, албан ёсоор хаалтаа хийлээ. Компакт төсөл ийнхүү төлөвлөсөн хугацаандаа, батлагдсан төсөвтөө амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамж ойролцоогоор 64 сая шоо метр буюу өнөөгийн түвшнээс 80 хувиар нэмэгдэх боломж бүрдэж байна. Цаашид усны үйлчилгээний салбар зардлаа нөхөх чиглэлд тогтвортой байдлын төлөвлөгөөг боловсруулж ажиллана гэж салбарынхан мэдээлж байлаа.

MCA Mongolia

Jade Gas Holdings компани Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө арилжааны болон стратегийн чухал үйл ажиллагааг санхүүжүүлэхээр 1.8 сая австрали долларын хөрөнгө татан төвлөрүүлснээ мэдээллээ. Шинээр татсан хөрөнгийг Монголд анх удаа арилжааны зорилгоор байгалийн хий үйлдвэрлэхэд шаардлагатай бэлтгэл ажлуудад зарцуулахаа онцлов. Энэ хүрээнд 60 сая ширхэг энгийн хувьцаа шинээр гаргаж, нэгж бүрийг 0.03 австрали долларын үнээр мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон байна. Компани одоогоор “Улаан нуур” төслийн хийн нөөцийг баталгаажуулах, байгалийн хий олборлолтын зөвшөөрөл авах зэрэг ойрын хугацааны зорилтууддаа төвлөрч ажиллаж байна.

Экспортын эрчтэй бууралт. Говь ХК 2025 онд борлуулалтын нийт орлогын 81 хувийг дотоодын зах зээлээс, 10 хувийг нь экспортоос бүрдүүлснийг үйл ажиллагааны тайландаа мэдээллээ. Экспортын зах зээлд нийт 27 харилцагч бүтээгдэхүүнээ нийлүүлж, 24.9 тэрбум төгрөгийн борлуулалттай байсан нь 2024 оныхоос 57 хувиар буурсан дүн болжээ. Компанийн зүгээс үйлдвэрийн бүтээмж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхээр экспортын харилцагчаа бууруулах шийдвэр гаргаад байсан юм.

Шинэ кабинетын хүлээлт. Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал ойрын өдрүүдэд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулах хүлээлттэй байна. Тэрбээр даваа гарагт чуулганы хуралдаанаар гишүүдийн асуултад хариулах үеэрээ өмнөх ЗГ-уудын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг харгалзан кабинетаа бүрдүүлэхээ мэдээлсэн. Мөн ерөнхий чиг үүргийн дөрвөн яамаас бусад нь Дэд сайдгүй ажиллахыг онцолсон юм. Ерөнхий чиг үүргийн яаманд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яам багтдаг.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Дайны нөлөөлөл Азид

Ойрх Дорнодын зөрчилдөөнөөр эрчим хүчний үнэ цойлж, эдийн засаг удааширч инфляц эрчимжих эрсдэлт нүүрлэснээр хөгжиж буй орнуудын хувьцаанууд 2026 оны өсөлтөө алдлаа.

  • Хөгжиж буй орнуудын MSCI Index 0.9 хувиар унаж, энэ оны байдлаарх 15 гаруй хувийн өсөлтөө алдаад байна.

  • Хөрөнгө оруулагчид хиймэл оюуны дэд бүтцийн хувьцаануудыг ихээр худалдан авснаар хөгжиж буй зах зээлүүд 2026 оныг эрчтэй эхлүүлж байсан юм. Сүүлийн зарах урсгал анх эрчим хүч импортлогч улс орнуудад төвлөрч байсан бол одоо Ойрх Дорнодын дайн дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлийн улмаас зарах хандлага бүс нутаг даяар тархаад байна.

  • Үүний зэрэгцээ III сард Ази дахь өрийн даатгалын зардал 2023 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өссөнийг тайлагнах төлөвтэй байна. Зээлийн эрсдэлийн своп энэ сард 27 суурь нэгжээр өсөж, 2023 оны наймдугаар сард БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хямрал гүнзгийрч байх үеэс хойших хамгийн өндөр дүн болж буй.

Зам зуур

Virgin Galactic компани арилжааны зориулалттай сансрын нислэгээ хоёр жил завсарласны эцэст дахин эхлүүлснээ мэдээлсний дараа хувьцааны ханш нь огцом өслөө.

Калифорнид төвтэй, тэрбумтан Ричард Брэнсоны үүсгэн байгуулсан тус компани сансарт аялуулах цөөн тооны экспедицийн тасалбарыг тус бүр нь 750 мянган ам.доллароор санал болгож эхэлсэн нь өмнөхөөсөө 100 мянган ам.доллароор өндөр үнэ болж байна.

Энэ он гарснаас хойш 30 гаруй хувийн бууралттай байсан Virgin Galactic-ийн хувьцааны ханш дээрх мэдээллийн дараа 22 хүртэлх хувиар өссөн байна.

Өргөн хүрээнд сансрын аялал жуулчлалын салбар сул эрэлт, технологийн сорилтуудын улмаас бэрхшээлтэй тулгараад байгаа. Нэгдүгээр сард Blue Origin компани "New Shepard" пуужингаар нислэг үйлдэхээ зогсоож байгаагаа зарласан тул Virgin Galactic сансрын аялалд төвлөрдөг цор ганц томоохон компани болон үлдсэн юм.

Эцэст нь товчхон

АҮЭБЯ: Хаврын тариалалт эхлэхтэй холбогдуулан газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тогтмол үнээр буюу 3400 төгрөгөөр шатахуун олгохоор болж, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч ААН-үүдтэй гэрээ байгуулжээ. Тариалалтын үеэр 7,500 тонн шатахуун хэрэг болно гэж тооцоолж, 10 мянган тонныг олгохоор болсон байна.

Онцлох зураг

Үндэсний хувцсаараа гоёсон бүсгүй карнавал жагсаалын үеэр - Мехико, Мексик

Daniel Cardenas/Anadolu/Getty Images Images