2025/03/31

Өглөөний мэнд. Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдож, цар тахлаас хойших хамгийн эгзэгтэй үед эдийн засгийг жолоодох үүрэг хүлээв. Татвар, стратегийн ордын асуудалд ороогдсон SouthGobi Resources компани $133.2 саяын алдагдалтай ажилласнаа тайлагнав. Нийслэл ДЦС V-ыг санхүүжүүлэх зорилготой 200 тэрбум төгрөгийн "Нийслэл бонд" гаргалаа.

35 дахь Ерөнхий сайд

УИХ-ын Хаврын чуулган эхэлснээс хойш улс төрийн шийдвэрүүд хөвөрсөөр эрх баригч нам төрийн өндөрлөгүүдийн дунд томоохон халаа сэлгээ хийлээ. Даваа гарагт УИХ үдээс өмнөх хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, үдээс хойших хуралдаанаар түүнийг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилов.

УИХ-ыг намын даргаар удирдуулахгүй байх шаардлага тавьсан Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдааныг бойкотлож, улмаар 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар “төрийн ажлыг гацаахгүй байх” зорилгоор албан тушаалаа хүлээлгэн өгөөд байсан юм.

Ингэснээр 14 жилийн улс төрийн карьертаа ИТХ-ын төлөөлөгчөөс УИХ болон ЗГ-ын гишүүн, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга гээд бүхий л том албан тушаалыг хашсан Ням-Осорын Учрал гадаад, дотоодын тун эгзэгтэй нөхцөл байдалд Засгийн газрыг жолоодохоор томилогдож байна.

Зөрчил мөргөлдөөнөөс шалтгаалж олон оронд онц байдлын түвшинд хүрээд байгаа эрчим хүчний бүтээгдэхүүний тасалдлаас Монгол Улсад ирэх шокыг зөөлрүүлэх, байгалийн баялгаас ирэх өгөөжийг нэмэгдүүлэх өмнөх Ерөнхий сайдын хүчин чармайлтыг үргэлжлүүлж, Оюутолгой төслийн хувь нийлүүлэгч талтай хэлэлцээ хийх нь Н.Учралын эхний сорилтууд болохоор байна.

Тэрбээр УИХ-ын даргын хувиар дэвшүүлж байсан иргэд, хувийн хэвшлийг дэмжих "Дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байв. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой байх Эдийн засгийн эрх чөлөөний хууль, Татварын багц хууль, Зөвшөөрлийн тухай хууль зэрэг дуншсаар байгаа хууль тогтоомжууд мөн түүнийг хүлээж байна.

Эдийн засгийн бодлогын тал дээр Н.Учрал гишүүдийн асуултад хариулахдаа үнийн өсөлтөөс иргэд, ААН-үүдийг хамгаалах шаардлага үүсвэл эдийн засгийг “халаах” бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм. Тиймээс мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, өр зээл тэлэх болгоомжлол шинэ ЗГ-ын үед үргэлжлэх шинжтэй.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд Н.Учрал өмнөх Засгийн газруудын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг харгалзан кабинетаа бүрдүүлэхээ мэдэгдсэн бол сөрөг хүчний зүгээс ЗГ-ын бүтцийг цомхотгож, Дэд сайдгүй ажиллахыг шаардаж байлаа.

Анхаарлын төвд

Станцын бонд. Дулааны V цахилгаан станцыг санхүүжүүлэх зорилгоор нийслэлээс 200 тэрбум төгрөгийн "Нийслэл бонд" гаргаж, даваа гарагийн МХБ-ийн арилжаагаар захиалга нь дүүрлээ. Шинээр гарсан бонд нь гурван жилийн хугацаатай, 2024 онд гарж байсан бондтой ижил буюу 14 хувийн хүүтэй тогтжээ. Нийт 658.5 сая ам.доллароор хэрэгжих V цахилгаан станцын төслийн нийт өртгийн 80 хувийг нь тендерээр сонгогдсон Камбожийн “Митайм Интернейшнл” компани хариуцах бол үлдсэн 20 хувийг нийслэлээс санхүүжүүлэх юм.

УБ дахь ашгийн урсгал. Shangri-La Asia Ltd. компани 2025 онд Монгол Улс дахь үйл ажиллагаа, тэр дундаа зочид буудал, арилжааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бизнес нь дорвитой өсөлттэй байсныг тайлагнажээ. Тайлант жилд Улаанбаатар дахь "Shangri-La" зочид буудлын орлого нь өмнөх оноос 5.1 хувиар өсөж 22.8 сая ам.долларт хүрсэн байна. Ингэснээр Монголын уг сегментэд 2024 онд 2.2 сая ам.долларын алдагдал хүлээж байсан нь 2025 онд эерэг үзүүлэлт рүү орж, 0.6 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Харин Монгол дахь оффис түрээс, жижиглэн худалдааны үйл ажиллагааг багтаасан арилжааны үл хөдлөх хөрөнгийн бизнесээс 40.1 сая ам.доллар олсон нь өмнөх оноос 9.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

SGR-ийн ухралттай жил. Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Southgobi Resources компани 2025 онд 133.2 сая ам.долларын алдагдалтай ажилласнаа тайлагналаа. 2024 онд 153.9 сая ам.долларын ашигтай ажиллаж байсантай нь харьцуулахад энэ нь огцом эргэлт болж байна. Хэдийгээр тус компанийн үйл ажиллагаа өргөжиж, борлуулалт нь өмнөх оноосоо 60 хувиар өссөн ч коксжих нүүрсний үнэ эрчимтэй буурсан нь алдагдалтай ажиллагаанд хүргэжээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас тус компанийн "Овоот толгой" болон "Сүмбэр" лицензүүдийг стратегийн ордод хамааруулж магадгүйг тайландаа онцолжээ.

Алт сэхээ авав. Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш алтны ханш анх удаа арилжааны долоо хоногийг ногоон бүсэд хаалаа. “Dip-buyers” буюу ханш унах үед худалдан авалт хийдэг хөрөнгө оруулагчид зах зээлд орж ирсэн нь үүнд нөлөөлжээ. Баасан гарагийн арилжааг 2.7 хувийн өсөлттэй хаасан алтны ханш даваа гарагийн арилжаагаар унц нь 4459 ам.долларт хадгалагдаж байна. Ираны дайн эхэлснээс хойш алтны ханш 15 орчим хувиар буураад буй. Ерөнхийдөө хувьцааны зах зээлтэй ижил чиглэлд, газрын тосны үнийн эсрэг чиглэлд хөдөлж байна.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: BYD-ийн мөрөөдөл хэрхэх вэ?

Цахилгаан автомашины үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт бичигдэж буй BYD компани санхүүгийн гурван улирал дараалан гүйцэтгэл нь хүлээлтээс доогуур гарсныг тайлагналаа. Үүний дараа тус компанийн ТУЗ-ийн дарга Ван Чуаньфу БНХАУ-ын цахилгаан автомашины салбарт цаашид хүнд нөхцөл байдал үргэлжлэхээр байгааг анхааруулав.

  • Тэрбээр хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа "Өрсөлдөөн дээд цэгтээ тулж, зах зээл шигшигдэх үе шатанд орж, салбарын дараагийн зуун жилийн өөрчлөлтийг шийдвэрлэх үе тохиож буй”-г тэмдэглэсэн байна.

  • Тус компанийн цэвэр ашиг IV улиралд өмнөх оны мөн үеэс 38 хувиар, борлуулалтын орлого нь 14 хувиар буурсныг тайлагнажээ. Ийнхүү сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа жилийн дүнгээр тус компанийн ашигт ажиллагаа буурсан байна.

  • Хэдий олон улсад борлуулалтаараа Teslaийг илүүрхсэн ч компанийн нийлүүлэлт 2025 онд сүүлийн зургаан жилийн хамгийн сул дүнгээр өсжээ.

  • БНХАУ-ын зах зээлд эрэлт тааруу хэвээр ч 2026 онд экспорт нь харьцангуй тогтвортой байна гэж BYD тооцоолж байгаа аж. Энэ хүрээнд энэ онд экспортоо 1.3 сая нэгжид хүргэх зорилт дэвшүүлсэн байна.

Зам зуур

Rolex компанийн хамгийн алдартай загваруудын нэг болох ган их биетэй, улаан болон хөх өнгийн хүрээтэй "GMT Master II" цагны үнэ хоёрдогч зах зээлд эрс өсөөд байна. Өнгөний өвөрмөц хоршлоороо "Pepsi" хочтой болсон тус цагийг компани үйлдвэрлэхээ зогсоож магадгүй гэсэн таамаглал, мөн ирэх дөрөвдүгээр сард болох цагны салбарын хамгийн том арга хэмжээ "Watches and Wonders"-той холбоотой хүлээлтүүд үнийн өсөлтийг өдөөж байгаа аж.

Швейцарын Женев хотноо 60 гаруй брэнд бүтээгдэхүүнээ дэлгэх тус үзэсгэлэнд Rolex юу бэлдэж очих нь хамгийн их анхаарал татаж буй. Цагны худалдааны "Chrono24" платформын мэдээлснээр гуравдугаар сарын эхний долоо хоногт "Pepsi" загварыг худалдан авах хүсэлт 2025 оны дундажтай харьцуулахад 500 хувиар өссөн байна. Мөн гүйлгээний дүнгээр хамгийн өндөр борлуулалттай 50 цагны үнийг дагадаг Bloomberg Subdial Watch Index-ийг харвал он гарснаас хойш "Pepsi" загварын үнэ 3000 орчим ам.доллароор эрс нэмэгджээ.

Хэдийгээр баттай мэдээлэл гараагүй ч тус цаг ховордох тухай таамаглал зах зээлд хэр том нөлөөтэйг уг өсөлт харуулж байна.

Эцэст нь товчхон

АҮЭБЯ: 2026 онд алтны олборлолтыг 20 тоннд хүргэхээр төлөвлөжээ. Гэхдээ олборлолтын үйл ажиллагаа явуулахад байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг 100 хувь урьдчилан дансанд байршуулах шаардлага тавихыг онцолсон байна.

УБТЗ: БНХАУ-аас импортолж, гэр хорооллын айл өрхүүдийн хэрэгцээнд нийлүүлэх хагас коксжсон нүүрс нийт 367 мянган тонныг тээвэрлэхээс өнөөдрийг хүртэл 350.2 мянган тонныг тээвэрлээд байна.

Онцлох зураг

“Formula 1”-ийн Японы Гран-приг үзэхээр цугласан фэнүүд - Сузука, Япон

Mark Sutton/Formula 1/Getty Images