- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/03/27
2025/03/27
Өглөөний мэнд. Ойрх Дорнодын дайны улмаас Ази-Европын гол чиглэлүүдийн нислэгийн тийзийн үнэ энэ сард 560 хүртэлх хувиар өсөөд байна. ТТБЗ Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалтгүй гэж үнэлэв. ОУВС Ираны дайнаас болж санхүүжилт шаардлагатай болж магадгүй улс орнуудад үнэлгээ хийж байна.

Тийзийн үнэ ↑560%
Зуны амралтаараа далайн чанадыг зорьж аялахаар төлөвлөж буй хүмүүс бодит хяслантай нүүр тулах нь...
Дайнаас үүдэлтэй саатал, бэрхшээл дэлхийн агаарын тээврийн хамгийн ачаалалтай дамжин өнгөрөх цэг болох Персийн буланг дайрснаар Ази, Европыг холбосон гол чиглэлүүдийн тийзийн үнэ энэ сард 560 хүртэлх хувиар өссөнийг Alton Aviation Consultancy мэдээлж байна. Үүгээр зогсохгүй үнийн өндөр түвшин энэ зун, намар дамнан хадгалагдах магадлалтайг анхаарууллаа.

Cirium компани болон аяллын цахим агентуудын мэдээлэлд суурилан тооцоолбол ирэх зургаадугаар сард Ази-Номхон далайн бүсээс Европ талдаа хамгийн их зорчигч явдаг долоон чиглэлийн тийзийн үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 70 хувиар өндөр байхаар байгааг Alton мэдээлжээ.
Түүнчлэн ойрын хэдэн сардаа үнэ буурахыг хүлээх хэрэггүй бололтой. Ирэх аравдугаар сар хүртэл нислэгүүдийн үнэ өнгөрсөн оны түвшнээс 30 гаруй хувиар өндөр хэвээр байх төлөвтэй.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил Иран руу довтолсноор эхэлсэн уг хямралын улмаас 70 мянга гаруй нислэг цуцлагдаж, дэлхийн агаарын сүлжээний эмзэг байдлыг тодотгон харуулсан юм. Агаарын зам хаагдаж, Персийн булангийн зангилаа төвүүдийн хүчин чадал буурч, онгоцны түлшний үнэ өссөн зэрэг давхар цохилтууд нислэгийн тийзийн үнэ ийнхүү огцом өсөж, олон сарын турш энэ түвшнээ хадгалагдахад хүргээд байна.
Олон нислэг нь Дубай, Абу Даби, Доха зэрэг Ойрх Дорнодын хотуудаар дамждаг тул Ази, Европыг холбосон нислэгүүд үнийн хамгийн хүчтэй шокт өртөж буй. "Alton"-ийн мэдээлснээр Хонконгоос Лондоны Хитроу хүрэх нислэг гуравдугаар сарын 23-ны байдлаар 3,318 ам.долларын дундаж үнэтэй байсан нь өмнөх сараасаа 560 хувиар өссөн үзүүлэлт аж. Бангкокоос Франкфурт чиглэлд үнэ 505 хувиар өсөж 2,870 ам.доллар болсон бол олон аялагч зорчдог Австрали, Их Британи чиглэлийн үнэ ижил хугацаанд 429 хувиар цойлжээ.
Анхаарлын төвд
Ээлжит тулаан. УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй бол огцруулах арга хэмжээнд шилжихээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдлээ. Таван нам эвслээс бүрдсэн Парламентыг аль нэг намын дарга удирдах ёсгүй гэж Ардчилсан намын бүлэг үзэж, УИХ-ын даргыг ажлаа өгөх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэж буй. Үүнтэй зэрэгцэн өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, гаргасан шийдвэрийг МАН-ын бүлэг хэрэгжүүлэхээр болсныг МАН-ын бүлгийн дарга мэдээллээ.
Хямралын дохио. Олон Улсын Валютын Сан Ираны дайн удаан хугацаанд үргэлжилбэл ямар улс орнуудад шинэ санхүүжилт шаардлагатай байж болох талаар үнэлгээ хийж байна гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ хүрээнд ОУВС улс орнуудаас урсгал дансны болон санхүүжилтийн хэрэгцээ зэрэг мэдээллээ хуваалцахыг хүссэн байна. Газрын тос, байгалийн хий зэрэг түүхий эдийн үнийн өсөлт дэлхийн эдийн засагт томоохон дарамт учруулж, улсуудын төсвийн орлого буурч, зардал өсөх эрсдэл нэмэгдээд байгаа.

Сүүлийн очир эрдэнэ. Rio Tinto компани очир эрдэнийн хамгийн сүүлийн төслөө хааж, хагас зууны турш үргэлжилсэн уурхайн олборлолтыг зогсоохоор шийдвэрлэжээ. Компани Канад улсын баруун хойд хэсэгт байршилтай "Diavik" очир эрдэнийн уурхайгаас сүүлчийн олборлолтоо хийж дууссанаа мэдээлсэн байна. Тус уурхайгаас олборлосон хамгийн том үнэт чулуу нь 552.74 каратын жинтэй байжээ. Rio Tinto гол түүхий эд болох төмөр, зэс, лити, хөнгөн цагаан дээр төвлөрөх төлөвлөгөөнийхөө хүрээнд энэхүү уурхайн үйл ажиллагааг зогсоож, очир эрдэнийн бизнесээ бүрэн орхиж байна.
Төлөвлөлт ба төсөвлөлтийг уялдуулаагүйгээс шалтгаалж Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гэж үнэлэгдсэнийг Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл анхаарууллаа. Тухайлбал 2025 оны төлөвлөгөөнд батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 53.7 хувийг улсын жилийн төсөвт тусгаагүй, нийт зарцуулах төсвийн 37.9 хувийг л ондоо багтааж санхүүжүүлсэн нь жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. Мөн нийт төлөвлөсөн 326 төслөөс 49.1 хувь нь зорилтот түвшинд хэрэгжсэн бол үлдсэн 50 орчим хувь нь зорилтот түвшинд хүрээгүй гэж үнэлжээ.
Блумберг санал болгож байна
📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.
📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.
Гүн рүү: Бондууд түр тогтворжив
Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш энэ долоо хоногийн байдлаар тогтвортой байна.

2028 болон 2029 онд хугацаа нь дуусах бондуудын ханш энэ сарын байдлаар 2.5 хүртэлх хувиар буураад байсан ч энэ долоо хоногийн байдлаар харьцангуй тогтвортой байна.
Бондуудын ханш таваарын зах зээлд газрын тосны үнэ огцом савлах үед буурч буй нь хөрөнгө оруулагчид эрчим хүчний доголдолтой холбоотой эрсдэлийг тооцоолж байгааг харуулж байна.
Гуравдугаар сар гарснаас хойш буюу Ойрх Дорнодод дайн эхэлсэн өдрөөс эхлэн бондуудын ханш эрс унаж эхэлсэн юм.
Зам зуур

Пянз, кассет тоглуулагч, дижитал аппарат зэрэг "үеэ өнгөрөөсөн" бүтээгдэхүүнүүд залуу хэрэглэгчдийн дунд эргэн хүчээ авах давлагааг 2026 онд утастай чихэвч үргэлжлүүлж байна.
Circana судалгааны фирмийн сүүлд гаргасан тайланд мэдээлснээр утастай чихэвчний борлуулалт таван жил дараалан буурсны дараа гэнэт эрчтэй сэргэж, 2025 онд зах зээлдээ эзлэх хувь нь 3 хувиар өсөөд зогсохгүй 2026 оны гурван сард борлуулалт нь 20 гаруй хувиар цойлсон байна.
Арваад жилийн өмнө Apple компанийн "Airpods" зах зээлд анх нэвтрэх үед TWS буюу утасгүй "bluetooth" технологиор холбогддог чихэвч яваандаа уг зах зээлийн үндсэн бүтээгдэхүүн болж, AUX болон USB оролтоор холбодог хямд төсөр чихэвч хэдэн жилийн дараа хэрэглээнээс бүрэн гарна гэсэн төсөөлөл давамгайлж байлаа.
Гэтэл ретро бүтээгдэхүүний тренд, алдартнуудын нөлөөлөл гэсэн энгийн хоёр хүчин зүйл дээрх чиг хандлагыг ийнхүү эргүүлжээ. Лили-Рөүз Депп, Пол Мескал, Белла Хадид зэрэг алдартнууд нь утастай чихэвчний трендийн түүчээлэгчид болохыг The Guardian онцолсон байна. Мөн Vogue сэтгүүл Apple-ийн "Earpods"-ийг гоёлын аксесуар байдлаар ашигласан зургийг шинэ дугаарынхаа нүүрэнд тавьснаар уг трендэд улам эрч нэмжээ.
Эцэст нь товчхон
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу толгой ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авах үүрэг даалгаврыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт өгөөд байгаа. Тус компани ус бохирдуулсны төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тохиолдолд ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж танилцуулахыг даалгажээ.
Онцлох зураг
Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Мексикийн тамирчин Донован Карилло эрэгтэй ганцаарчилсан төрөлд үзүүлбэрээ үзүүлж байна - Прага, БНЧУ

Martin Divíšek/EPA