2025/03/26

Өглөөний мэнд. Erdene Resource Development “Баян Хөндий” төслөөсөө 7,434 унц алт борлуулж, $31 саяыг олсноо тайлагнав. Дизель түлшний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэхээр болж, AИ-92 шатахууны үнийг ойрын гурван сарын хөдөлгөөн шийднэ. ЗГ-аас эрчим хүчний тарифыг чөлөөлөх хувилбаруудыг нухацтай судалж эхэлжээ.

Эрчим хүчний эргэлтийн цэг

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын шүдний өвчин болоод байгаа эрчим хүчний салбарын ужгирсан асуудлын гол үндэс суурь болсон алдагдалтай ажиллагааг засаж, эрчим хүчний үнийг чөлөөлөх хувилбаруудыг холбогдох яамд нухацтай судалж эхэлсэн байна.

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах өргөтгөсөн шуурхай хуралдаанд оролцсон 48 үйлдвэр, компани алдагдалтай ажиллаж байгаагаа мэдээлжээ. Гүйцэтгэх удирдлагуудын зүгээс эрчим хүчний үнэ тариф өртөгтөө хүрэхгүй байгаагаас хөрөнгө мөнгөний дутагдалд орж, бэлтгэн нийлүүлэгч дээр өр төлбөр их хэмжээгээр хуримтлагдаж, ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй болж, улмаар үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг танилцуулсан байна.

Үүнээс гадна эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг 30 болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй тул ажил хаялт зарлах нөхцөл бүрдсэнийг тус салбарын үйлдвэрчний эвлэлээс анхааруулж байгаа.

Одоогоор эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинд 550 тэрбум төгрөг зарцуулж байгааг 30 хувиар нэмэгдүүлэхэд 180 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатайг Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэл мэдээлсэн. Мөн тус салбарын 27 компани 24 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэсэн тооцоолол гаргажээ.

Татаас зайлшгүй юу?

Цалин нэмэх эн тэргүүний эх үүсвэр нь эрчим хүчний тарифыг өсгөх явдал боловч сүүлд дулааны үнэ нэмэх шийдвэрийг хойшлуулсантай холбоотойгоор цалин хөлс нэмэх боломжгүй байгааг салбарын яамнаас үйлдвэрчний эвлэлд мэдэгджээ. Тиймээс салбарын ажилтнуудын цалингийн зөрүүг татаас хэлбэрээр олгохоор ЗГ-аас шийдвэрлэх боломжийг ярилцаж байгаа аж.

Түүнчлэн тарифыг чөлөөлснөөр иргэдэд очих цохилтыг зөөлрүүлэхэд мөн татаас шаардагдах магадлалтай байна. 2026-2028 он хүртэл гурван жилийн хугацаанд 1.1 их наяд төгрөгийн татаас олговол иргэдэд огцом дарамт учруулахгүйгээр 2028 оноос үнийг чөлөөлөх боломжтой гэж салбарын яам тооцоолсныг Сангийн сайд Б.Жавхлан хэлж байлаа. Татаасны 600 орчим тэрбум төгрөгийг энэ онд, 300 орчим тэрбум төгрөгийг ирэх онд, үлдсэнийг 2028 онд олгох тооцоолол хийжээ.

Анхаарлын төвд

Цаг хугацааны асуудал. Дизель түлшний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэхээр болсныг АҮЭБЯ мэдээллээ. Зах зээлд үнэ огцом өссөнөөс шалтгаалж дизель түлшний үнийг 1000-1500 төгрөгөөр нэмэх шаардлага үүссэн ч инфляцад үзүүлэх нөлөөг тооцоолж, эхний ээлжид 300 төгрөгөөр нэмэгдүүлэхээр ААН-үүдтэй тохиролцсон байна. Харин АИ-92 автобензинийг 705 ам.доллароор тогтворжуулсан үнээр худалдан авч байгаа тул ойрын гурван сард үнэ нэмэгдэхгүй ч дэлхийн зах зээлд үнэ нь 30 хувиар өсөж, гурван сар үргэлжилбэл ОХУ-ын талаас үнэ нэмэх санал гаргах эрхтэйг гэрээнд заажээ.

Хямрал хаяанд. Ойрх Дорнодын дайн Азийн газрын тос импортлогч орнуудын эдийн засагт хүчтэй заналхийлж эхэллээ. Филиппин улсын Ерөнхийлөгч эрчим хүчний бүтээгдэхүүний нөөц ноцтой түвшинд буурсантай холбоотойгоор үндэсний хэмжээнд эрчим хүчний онц байдал зарласан байна. БНСУ-ын Засгийн газар болзошгүй хямралын нөхцөл байдлын төлөвлөгөө гаргаж, төсвийн тодотгол хийх саналууд гарч эхэлжээ. Мөн Вьетнамын үндэсний агаарын тээвэрлэг “Vietnam Airlines” компани түлш шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалан зарим чиглэлийн нислэгээ түр хугацаанд зогсоохоор төлөвлөжээ.

АНУ-ын талаас энх тайвны саналууд гаргаж эхэлснийг үл харгалзан Ираны дайн намжихгүй үргэлжилж байна. New York Times-ийн мэдээлснээр АНУ дайныг эцэслэх зорилготой 15 заалт бүхий төлөвлөгөөг Пакистан улсаар зуучлуулан Иранд илгээсэн аж. Гэсэн ч Ираны талаас энхийн яриа хэлэлцээний талаарх мэдээллүүдийг эрс няцааж, байлдааныг үргэлжлүүлэх байр суурь илэрхийлж буй.

Дайны ашиг. ОХУ-ын түүхий газрын тосны экспортын орлого эрс өсөж, 2022 оноос буюу Украины дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Ойрх Дорнодод шинэ зөрчил эхэлснээр газрын тосны үнэ өсөж, ОХУ-ын эсрэг тавьсан хоригууд суларсан нь үүнд голлон нөлөөлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын экспортын орлого өдөрт дунджаар 135 сая ам.доллар байсан бол энэ сарын байдлаар 270 сая ам.доллар хүрээд байгаа аж.

AI санхүүгийн салбарт. Санхүүгийн байгууллагуудын хиймэл оюуны хэрэглээний судалгаанд 75 байгууллага хамрагдсанаас 29.4 хувь нь хиймэл оюун нэвтрүүлсэн байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооны шинэ судалгаанд онцолжээ. Хиймэл оюун нэвтрүүлсэн компаниудын 23 хувь нь дотооддоо хөгжүүлсэн хиймэл оюуны ашигладаг байна. Мөн нийт байгууллагын 56 хувь нь хиймэл оюунд чиглэсэн бодлого, стратеги баталсан, 41 хувь нь ирэх гурван жилд энэ чиглэлд зориулан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ хиймэл оюуныг нэвтрүүлэхэд хамгийн том хүндрэл нь боловсон хүчний дутагдал байгааг нийт байгууллагын 45 хувь нь тодорхойлсон байна.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: ERD-ийн тайлан

"Баян Хөндий" төслөөсөө алт олборлож эхлээд байгаа Erdene Resource Development компани хөгжүүлэлтээс үйлдвэрлэл рүү шилжсэний дараах анхны тайлангаа танилцууллаа.

  • 2025 оны IX сард олборлолтоо эхлүүлсэн тус компани нийт 7,434 унц алтыг унц тутамд 4,187 ам.долларын дундаж үнээр борлуулж, дайвар түүхий эд болох мөнгөний борлуулалтыг нэгтгэсэн дүнгээр 31 сая ам.долларын нийт орлоготой ажилласан байна.

  • "Баян Хөндий" төслийн гарц XII сард нийт хүчин чадлынхаа 88 хувьд хүрсэн нь "Хөндий" эрдсийн дүүрэгт өртөг багатай үйлдвэрлэлийн бааз суурь байгуулах ERD-ийн стратегийн эхэн шатны зорилтууд биелж буйг харууллаа.

  • Өсөлтийн энэ үе шатанд компанийн цэвэр алдагдал өмнөх онтой харьцуулахад ялимгүй буурч, 8.18 сая ам.доллароор хэмжигджээ. Гэхдээ IV улирлын нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ нь 0.05 канад долларт хүрсэн байна.

  • Тайлангийн дараа тус компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн биржид 2 гаруй хувиар, МХБ-д 3.3 хувиар тус тус өслөө.

  • Үүнээс гадна ERD-ийн хайгуул хийж буй "Зуун мод" ордын молибденийн баттай болон бодит нөөц шинэ тооцооллоор 22 хувьиар өсөж 333 сая фунт болсон бол зэсийн нөөц 16 хувиар өсөж 384 сая фунт хүрснийг тайландаа мэдээлжээ.

Зам зуур

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын солонгос хэл дээрх оноосон нэрийн албан ёсны бичиглэлийг монгол хэлнийхтэй ойртуулж, "Уланбатор"-оос "Улаанбаатар" болгон өөрчилснийг БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам лхагва гарагт мэдээлжээ.

Улаанбаатар хотын нэрийг бичих дүрмийг өөрчлөх талаар БНСУ-ын Гадаад хэргийн яамны хүсэлтийг Солонгос хэлний Үндэсний хүрээлэн хянаж үзсэний дагуу энэ шийдвэрийг гаргасан болохоо БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам тодотгосон байна. Орос хэлний дуудлагаас үүсэлтэй "Уланбатор" хэмээх бичиглэл нь монгол хэлний бичиглэл болон дуудлагаас зөрж, албан үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байсныг мөн тайлбарлажээ.

"Энэхүү шийдвэр нь хоёр улсын ард түмний хоорондох нөхөрсөг харилцан ойлголцол өргөжиж, хоёр талын харилцаа ирээдүйг харсан чиг баримжаатайгаар хөгжихөд дэм болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн тус яам мэдэгдэлдээ дурджээ.

Эцэст нь товчхон

Худалдаа Хөгжлийн Банк хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар боллоо. Нэгж хувьцаанд 692 төгрөг тооцон өнгөрсөн жилийн цэвэр ашгийн 14 орчим хувийг ногдол ашигт олгохоор тооцсон байна.

Засгийн газрын хуралдаанаар “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус хуулийн төсөлд мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээдийг бүх шатанд хамгаалах, дэмжих цогц зохицуулалтыг тусгасан бөгөөд мэдээлэл гаргасан мөчөөс эхлэн хамгаалалтад авах, эрх зүйн баталгааг нь бүрэн хангах асуудлыг багтаажээ.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Хятадын ардын банкны Ерөнхийлөгч Пань Гоншэнтэй хоёр талт албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр талын валютын своп хэлцлийг шинэчлэх, төлбөр тооцооны системийг орчин үед нийцүүлэх, бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг сэдвүүдээр санал солилцжээ.

Онцлох зураг

Сакура мод цэцэглэх өдрүүд - Такома, АНУ

Steph Chambers/Getty Images