- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/03/25
2025/03/25
Өглөөний мэнд. Ираны дайн эхэлснээс хойш нүүрсний үнэ эрс өсөж, 2024 оноос хойших дээд түвшинд хүрээд байна. 2025 онд дэлхийн 9500 орчим хотын 14 хувь нь л агаарын чанарын стандарт хангажээ. 2026 оны I улиралд ₮60 тэрбумын ЗГДҮЦ арилжаалагдав.

Дайн ба нүүрс
Ойрх Дорнодод зөрчил мөргөлдөөн ширүүсэх хэрээр нүүрсний үнэ өсөж, дэлхийн олон бүс нутагт эрэлт нэмэгдэж байгааг ӨАБНУ-д төвтэй Thungela Resources компани мэдээлжээ. Нүүрс хүчээ авсан нь Ираны дайнаас үүдсэн эрчим хүчний бүтээгдэхүүний тасалдалтай шууд холбоотой юм.
Газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт татарснаар улс орнууд ялангуяа Азийн орнууд эргэн нүүрсний эрчим хүчийг гол эх үүсвэрээ болгож эхэллээ. Тэр дундаа байгалийн хийн гол экспортлогч болох Катарын нийлүүлэлт эрчимтэй буурснаар Япон, Индонез, Вьетнам зэрэг улс нүүрснээс эрчим хүч гарган авахад төвлөрч байгаа юм.

Өмнөд Африкийн Richards Bay боомтоос гарах эрчим хүчний нүүрсний жишиг үнэ дайн эхлэхээс өмнө тонн нь 100 ам.доллар орчим байсан бол одоогоор 113 ам.долларт хүрснийг Thungela мэдээлжээ. Үүнээс гадна он гарсаар Ази, Номхон далайн бүсийн жишиг коксжих нүүрсний фьючерс үнэ 25 гаруй хувиар өсөөд байгаа бөгөөд энэхүү өсөлтийн дийлэнх нь Ираны дайн эхэлснээс хойш бүртгэгджээ.
Тэгвэл энэ хугацаанд түлшний стратегийн ихээхэн нөөц бүрдүүлсэн БНХАУ нүүрсний хэрэгцээндээ импортоос илүүтэй дотоодын нөөцөө ашиглахад төвлөрөх магадлалтай байгааг Bloomberg Intelligence онцолж байна. Далайгаар тээвэрлэдэг нүүрсний тээврийн тариф нэмэгдэж, БНХАУ-ын импортын нүүрс болон дотоодын нүүрсний үнийн зөрүү улам тэлэх төлөвтэй нь үүнд нөлөөлөх аж.
Иймд геополитикийн зөрчил, гол нийлүүлэгч Индонезийн тээвэрлэлтийн өртөг нэмэгдсэнээс шалтгаалж тус улсын нүүрсний импорт 2026 оны эхний улиралд биет хэмжээ нь өмнөх оноос 8 хувиар буурч 106 сая тонн болох төсөөллийг BI танилцууллаа.
Анхаарлын төвд
Улаан III сар. МХБ-ийн ТОП-20 индекс сүүлийн гурван сар гаруй хугацааны доод түвшинд хүрч буурлаа. Оны эхээр жишиг индекс дээд түвшинд хүрч өсөөд байсан ч сүүлийн хоёр сарын хугацаанд унасаар, оргил цэгээсээ 6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. ТОП-20 индексэд багтдаг компаниудын 5 нь энэ оны байдлаар өсөлттэй байгаа бол бусад нь бүгд улаан бүсэд арилжаалагдаж байна. Премиум Нэксус ХК сүүлийн байдлаар ТОП-20-ийн хамгийн өндөр уналттай хувьцаа болсон бол ЛэндМН ББСБ , Инвескор ББСБ зэрэг компанийн хувьцааны ханш он гарсаар 10 гаруй хувийн уналттай байгаа нь индексийн түвшнийг доош татаж байна.
Бүүдгэр дэлхий. 2025 онд дэлхийн хэмжээнд агаарын чанар муудаж, олон хот Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөсөн аюулгүй байдлын босгоос доогуур түвшинд орсныг IQAir шинэ тайландаа онцолжээ. Үүнд ой, хээрийн түймэр, шатах түлшний хэрэглээ, хөдөө аж ахуйн салбарын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт голлон нөлөөлсөн байна. Судалгаанд хамрагдсан 143 улсын 9446 хотын ердөө 14 хувь нь ДЭМБ-ын стандартыг хангасан нь 2024 оноос 3 орчим нэгж хувиар буурсан дүн болж байна.

Тайланд дурдсанаар хамгийн бохирдолтой хотуудын дийлэнх нь Энэтхэг, Пакистан, БНХАУ-ын хотууд байгаа бол жилийн дундаж PM2.5 үзүүлэлтээр Пакистан, Бангладеш улс тэргүүлжээ. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд 9400 гаруй хотоос бохирдлоороо 1211 дүгээрт эрэмбэлэгджээ. 2025 онд Улаанбаатарын агаар дахь PM2.5 тоосонцрын агууламж дунджаар 17.9 байсныг тогтоосон нь өмнөх онд 25.7 байсантай харьцуулбал 30 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.
Дайны төлөөс. 2025 он хүртэлх хоёр жилийн хугацаанд Израил улсын эдийн засагт 177 тэрбум шекель (57 тэрбум ам.доллар) буюу жилийн ДНБ-ийх нь 8.6 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал учирсныг төв банк нь тайлагналаа. Байнгын шахуу зөрчил мөргөлдөөнтэй нөхцөл байдлаас тус улсын эдийн засагт ирэх төлөөс асар их хэмжээнд хүрснийг энэ нь харуулав. Харин өдгөө дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж буй Иран дахь дайны өртгийг тооцоолоогүй ч тус улсын Засгийн газар энэ сард 2026 оны төсөвтөө тодотгол хийж, нэмэлтээр 13 тэрбум ам.долларыг дайны зардлыг нөхөхөд төсөвлөсөн юм.
₮250 тэрбумын эх үүсвэр. Аялал жуулчлалын салбарыг дэмжих 6 хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл зарлагдсаныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам мэдээллээ. Арилжааны 10 банкаар дамжуулан дэд бүтцийн бүтээн байгуулалт буюу зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, авто зам дагуух түр буудаллах цэг зэрэг чиглэлд уг зээлийг олгох аж. Энэ онд нийт 250 тэрбум төгрөгийн зээл олгохоор тооцоолж, хүүгийн дэмжлэгт зориулж 13 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт тусгасныг салбарын сайд мэдээлж байсан юм.
Бортээгийг борлуулна. Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дотоод, гадаадын долоон ААН хөрөнгө оруулах санал ирүүлснийг Эрдэнэс Тавантолгой ХК мэдээллээ. Хөрөнгө оруулагчдад борлуулалтын орлого хуваалцах загвараар санал ирүүлэх шаардлага тавьж байгаа аж. Үүнээс гадна Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшихгүйгээр олборлох, боловсруулах, борлуулах, тээвэрлэх дамжлага багтаасан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өөрийн хөрөнгөөр хийх нөхцөл тавьжээ. Бортээг нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй, үүний 95 хувь нь буюу 404.5 сая тонн сул коксжих, таван хувь нь буюу 19.6 сая тонн эрчим хүчний нүүрс юм.
Блумберг санал болгож байна
📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.
📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.
Гүн рүү: ЗГДҮЦ арилцаа амжилттай
2026 оны эхний улирлын Монгол Улсын Засгийн газрын дотоод үнэт цааснууд арилжаалагдаж дууслаа. Оны эхний гурван сарын байдлаар нийт 60 тэрбум төгрөгийн бондууд арилжаалагджээ.

Энэ сард хоёр дахь хамгийн урт буюу долоон жилийн хугацаатай бонд арилжаалагдсан бөгөөд хагас жил тутам хүүгийн төлөлттэй тус бондыг 5 тэрбум төгрөгийн хэмжээтэй гаргасан юм. Нийт захиалгын хэмжээ 6.3 тэрбум төгрөг хүрч, хүүгийн түвшин нь бодлогын хүүгээс үл ялиг өндөр буюу 13.13 хувь дээр тогтлоо.
III сарын эхээр Засгийн газар олон улсын зах зээлд бонд гаргахад дахин санхүүжилтийн зорилготой бус шинэ бонд хөрөнгө оруулагчдын дунд эрэлттэй байгааг Сангийн яам мэдээлж байсан юм.
Хэдий тийм боловч өнгөрсөн онд дотоод бонд гаргалтыг сэргээснээс хойш нийт 210 тэрбум төгрөгийн үнэт цаас шинээр гаргаад буй. Эдгээр нь дотоодын хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилготойг тодотгож байв.
Харин ирэх улиралд нийт гаргах үнэт цаасны дүн бага зэрэг нэмэгдэж, 70 тэрбум төгрөг хүрэхээр байна.
Зам зуур

Samsung Electronics компанийн сүүлд гаргасан ухаалаг утаснууд Apple компанийн "AirDrop" функцийг ашиглан "iPhone" утас руу зураг, видео болон бусад файл илгээх боломжтой болжээ. Салбарын гол хоёр өрсөлдөгчийн бүтээгдэхүүн энэ түвшинд нэгнээ дэмжин ажиллах, ялангуяа шуурхай файл хуваалцах нь хэдхэн жилийн өмнө бараг боломжгүйд тооцогдож байсан юм.
Шинэ функцийг Samsung компани энэ даваа гарагаас эхлэн "Galaxy S26" цувралын утаснуудад нэвтрүүлж эхэлснээ мэдээлсэн байна. Тодруулбал "Galaxy S26", "S26+", "S26 Ultra" утас хэрэглэгчид "Quick Share" функцийн "Share with Apple devices” тохиргоог идэвхжүүлснээр "AirDrop"-ийг дэмждэг Apple-ийн бүх төхөөрөмж рүү файл илгээх боломжтой аж.
Өнгөрсөн онд Google компани өдгөө Samsung-ийн ашиглаж эхлээд буй "AirDrop"-той холбогдох шийдлийг анх хөгжүүлж, "Pixel 10" цувралын утаснууддаа нэвтрүүлж байв. Харин Apple компани хөгжүүлэлтэд нь оролцоогүйгээс гадна үүнтэй холбоотой ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.
Эцэст нь товчхон
НОСК: Баянхошуу болон Шархад дэд төвд 220 айлын ногоон орон сууцны барилгын ажил дуусаж, ашиглалтад орж байна. Шархад дэд төвд ашиглалтод орж буй орон сууцны 1 м.кв-ын үнэ 3.3 сая төгрөг бол Баянхошуу дэд төвд 3 сая төгрөг байхаар тогтжээ. Харин Сэлбэ дэд төвийн орон сууцны үнэ ирэх IV сард тодорхой болохыг “Сэлбэ 20 минутын хот” корпорациас мэдээлсэн.
ЭЗХЯ: Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралын үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх хуулийн төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн барина гэж Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээллээ.
Онцлох зураг
Сургуулийн талбайд унасан Ираны пуужингийн хэсгийг чирэн холдуулж буй хүүхдүүд - Пэдуэль, Йордан голын баруун эрэг

Maya Levin/AFP/Getty Images