- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/03/24
2025/03/24
Өглөөний мэнд. Арилжааны банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл 2025 онд 72.6 хувиар өсжээ. “Mongolian Mining Corporation” 300 мянган хувьцаагаа HK$3.1 саяар худалдан авлаа. Алтны ханш 8.3 хувиар буурснаар энэ оны бүх өсөлтөө алдав.

Ногоон зээл эрчимжив
2025 оны эцэст банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болж, 72.6 хувиар өссөн байна. Сүүлийн хоёр жилийн дата мэдээллээр ногоон зээл олголт эрчимжсэнийг Монголбанкны тайлан харуулж буй.
Арилжааны банкнууд 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл болгох зорилт тавьсан бөгөөд одоогийн байдлаар тус зорилт 50 хувьтай биелж, нийт зээлийн багцын 5.3 хувийг ногоон хөгжлийг дэмжсэн зээл бүрдүүлжээ.
Ногоон ангиллын зээлийн ихэнх хэсгийг эрчим хүч хэмнэлтийн чиглэлд олгосон зээл бүрдүүлж байна. Энэ дундаа эрчим хүчний хэмнэлттэй барилгын зээлийн үлдэгдэл нэг их наяд төгрөг байгаа нь хамгийн том хэсгийг бүрдүүлж буй юм. Мөн нарны эрчим хүч, тогтвортой хөдөө аж ахуй болон нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг тээврийн хэрэгслийн зээлүүд бичигдэж байна.
Эх үүсвэрийн хувьд 2025 онд олон улсын байгууллагуудаас олгосон санхүүжилт дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Ногоон зээлийн эх үүсвэрийн 50 хувиас илүү хувийг банкнууд өөрийн эх үүсвэрээс олгодог байсан бол олон улсын байгууллагуудаас энэ төрлийн санхүүжилт нэмэгдэж байгааг Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо мэдээлж байсан юм.
Анхаарлын төвд
Маргаантай мега төсөл. Нийт 32 км урттай Туулын хурдны замын трасст 43.2 га талбай өртөхөөр тооцоолсноос 10 га нь мод, бут таарч байгаа бөгөөд үүнийг зайлшгүй чөлөөлөх шаардлагатай гэж мэдээлсэн юм. Хохирлын хэмжээ 805 сая төгрөг байх тооцоо гарчээ. Мөн нөхөн сэргээлт хийх нийт талбайг 118 га байна гэж үзэж байна. Нийслэлээс зарласан мега төслүүдийн нэг болох Туулын хурдны зам төслийн нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд таван жилийн хугацаанд нөхөн сэргээлт хийхээр тооцоолсон гэж НЗДТГ мэдээллээ.
Бүх өсөлтөө алдав. Даваа гарагийн арилжаагаар алтны ханш 8.3 хувиар унаж, унц нь 4117 ам.доллар хүрснээр энэ оны бүх өсөлтөө алдав. Өнгөрсөн долоо хоногт алтны үнэ 11 орчим хувиар суларсан нь 1983 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон юм. Ойрх Дорнодын дайн дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж буй энэ үед талууд эрчим хүчний дэд бүтцүүд рүү цохилт өгөхөөр сүрдүүлж буй нь инфляцын дарамтыг өдөөж, хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш алтны ханш долоо хоног бүр суларч байгаа юм.

Хувьцаагаа худалдан авав. “Mongolian Mining Corporation” компани гуравдугаар сарын 20-нд 300 мянган хувьцаагаа эргүүлэн худалдан авснаа мэдэгдлээ. Нэгж хувьцаагаа 10.6 орчим хонконг доллароор буюу нийт 3.1 сая хонконг долларын худалдан авалт хийсэн байна. Тус компани хувьцаагаа буцаан худалдан авах хөтөлбөрийнхөө хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 5.5 сая гаруй хувьцаагаа худалдан аваад байгаа аж. Нийт худалдан авахаар зөвшөөрсөн тоо хэмжээ нь 103.3 сая байгаа юм. “Mongolian Mining Corporation”-ийн хувьд худалдан авсан хувьцаагаа зах зээлээс цөөлж, нийт хувьцааны тоогоо бууруулах төлөвлөгөөтэй байна. Одоогоор 1.19 сая хувьцаагаа цуцлахаар хүлээгдэж байгаа бөгөөд энэ нь нийт хувьцааных нь 0.1 хувийг бүрдүүлж буй.
Зээлжих зэрэглэл өөрчлөлтгүй. Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B1”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээлээ. Одоогийн байдлаар үнэлгээнд өөрчлөлт орох шаардлагагүй гэж тус агентлаг үзжээ. Одоогийн үнэлгээ нь дийлэнхдээ уул уурхайн салбар дээр тулгаварласан дунд хугацааны өсөлтийн төлөв болон бүтцийн дутагдал хоёрыг тэнцвэржүүлэн тусгаж өгсөн байна. Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй, гадаад болон төлбөр төлөх чадварын эрсдэлтэйг “Moody's” онцоллоо.
Блумберг санал болгож байна
📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.
📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.
Гүн рүү: Татварын хөнгөлөлт
УИХ-д өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон онцлох өөрчлөлтүүдээс харвал жилийн 400 сая төгрөг хүртэлх орлоготой бол хялбаршуулсан горимоор буюу борлуулалтын орлогоос нэг хувийн татвар төлөх боломжтой.
Мөн үйл ажиллагааны цэвэр орлогод шаталсан хувиар татвар ногдуулахаар тусгажээ. Тухайлбал: жилийн 120 сая төгрөг хүртэлх дүнд 10 хувь, 120 саяас 180 сая төгрөг хүртэл бол 15 хувь, 180 сая төгрөгөөс дээш дүнтэй бол 20 хувиар татвар ногдуулна.
Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хувьд цалин хөлс, шууд бус орлого, үйл ажиллагааны цэвэр орлогын жилийн нийт дүн зургаан сая төгрөг хүртэл бол татвараас 100 хувь хөнгөлнө.
Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ногоон орон сууцжуулалтыг дэмжих, бүсийн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон стандарт хангасан орон сууц худалдан авах, барих, засварлах, гэр хорооллын дулаан алдагдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдан авсан бол 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлтийг нэг удаа үзүүлнэ.
Үүний зэрэгцээ амьдрах зориулалтаар анх удаа орон сууц худалдан авах, барихад үзүүлдэг зургаан сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлтийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан 15 сая төгрөг хүртэл нэмэгдүүлнэ.
Аймаг, сум, нийслэлийн дагуул хот Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт анх удаа орон сууц худалдан авах болон барихад татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж заажээ.
Зам зуур

Өнгөрсөн бямба гарагт Сөүл хотын Гванхвамун талбайд зохион байгуулагдсан BTS хамтлагийн тоглолтыг үзэхээр 100,000 гаруй хүн цугларсныг Hybe компаниас мэдээллээ. Түүнчлэн Netflix дээр тоглолтын шууд дамжуулалтыг 300 сая хүн үзжээ.
Нэг цаг үргэлжилсэн тоглолтын үеэр тус хамтлаг нийт 12 дуу дуулсан бөгөөд Arirang цомгийн шинэ дуунуудаас гадна Butter, Dynamite зэрэг хит дуунууд багтжээ. Тоглолтын найруулагчаар “Super Bowl Halftime Show”-г удирдсан туршлагатай Хамиш Хэмилтон ажилласан юм.
BTS хамтлагийн төлөвлөсөн аялан тоглолт Тэйлор Свифтийн олон рекорд эвдсэн "Eras Tour"-тэй өрсөлдөхүйц түвшний орлого олно гэж шинжээчид тооцоолж байгаа юм.
Эцэст нь товчхон
ЗГ: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Тухайлбал, дулааны шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын сүлжээ барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр 2026 онд шийдэх боломжийг судлан, Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.
УИХ дахь МАН-ын бүлэг: Ээлжит хуралдаанаар хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ нь иргэд ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа сайн дурын үндсэнд хуримтлал үүсгэж, ирээдүйд тэтгэвэр авах боломж бий болгох юм. Одоогоор 135,000 орчим иргэн 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэсэн ч үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй. Хууль батлагдсанаар урт хугацааны хөрөнгө оруулалтын сангууд бий болж, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм.
Онцлох зураг
Норвегийн тамирчин Кристиан Блюмменфельт 'Ironman 70.3' тэмцээнд түрүүлэхээр явах замдаа бие халаалт хийж буй мөч - Жилонг, Австрали
Asanka Ratnayake/Getty