2025/03/23

Өглөөний мэнд. V-Dem: Дэлхийн хэмжээнд ардчилал 1978 оны түвшиндээ эргэн очоод байна. Монголбанк геополитикийн тодорхой бус байдлыг харгалзаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалав. Алтны ханш 1983 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй арилжааны 7 хоногийг үдэв.

Дэлхий ардчиллаас ухарсаар

Шведийн Гётеборгийн их сургуулийн “V-Dem” буюу “Varieties of Democracy” институт дэлхийн ардчиллын нөхцөл байдалд үнэлгээ хийж, жил бүр танилцуулдаг Ардчиллын тайлангийнхаа 2025 оны хувилбарыг гаргалаа. Тайланд дүгнэснээр дэлхийн дундаж иргэний хувьд ардчилал 1978 оны түвшиндээ хүрч ухарсны сацуу 1970-аад оны үед эхэлсэн ардчиллын гурав дахь давлагаа өнөөдөр үндсэндээ сарниж үгүй болсон байна.

Дэлхийн хэмжээнд ардчилал хүчээ алдахад сүүлийн 50 гаруй жилийн турш либерал ардчилсан орнуудын гол төлөөлөгч байсан АНУ анх удаа зэрэглэл доошилж, “төлөөллийн ардчилсан” орнуудын бүлэг рүү орсон нь ихээр нөлөөлсөн гэж V-Dem-ийн шинжээчид үзжээ. Мөн автократ буюу улс төрийн дарангуйлалт тогтолцоо руу хэвийж буй гэж дүн тавиулсан 10 шинэ улс 2025 онд нэмэгдсэний дунд АНУ Их Британи, Италийн хамт багтжээ.

Ардчиллаас ухарч, автократжиж буй ангилалд 44 улс одоогоор хамрагдаж буй бөгөөд улс орнууд ийм олноороо нэгэн зэрэг автократжиж байсан тохиолдол урьд нь дэлхийн түүхэнд гараагүйг V-Dem анхааруулсан байна.

Ингэснээр хоёр дахь жилдээ дараалан дэлхийд автократ тогтолцоотой орнуудын тоо ардчилсан орнуудаас давжээ. Тайланд 179 орныг үнэлснээс 57 нь сонгуульт автократ, 35 нь хаалттай автократ дэглэм гэж үнэлэгдсэн бол либерал ардчилсан 31, сонгуульт ардчилсан 56 орон тоологдсон байна.

Түүнчлэн дэлхийд хүн амын тоогоор тэргүүлэгч таван улсын дөрөв нь буюу Энэтхэг, БНХАУ, Индонез, Пакистан улсууд автократ тогтолцоотой байна. Тодруулбал дэлхийн нийт хүн амын 74 хувь буюу 6 тэрбум орчим хүн автократ дэглэмд, ердөө 26 хувь нь ардчилсан засаглалд амьдарч байна гэж тооцоолжээ.

Саарал бүсэд

Засаглалын төлөвт тодорхойгүй байдал давамгайлсан, ардчилал ба автократ дэглэмийн аль ч тал руу хэвийж болохоор орнуудыг V-Dem “саарал бүс”-ийн орнууд гэж ангилж байгаа. 2025 оны байдлаар дэлхийд ердөө 21 орон тус бүсэд багтаж буйн нэг нь Монгол Улс болж байна.

1992 оноос хойш Азийн ардчиллын баянбүрд байж, уг тайланд “төлөөллийн ардчилсан” орны зэрэглэлээ 30 гаруй жилийн турш тогтвортой хадгалсан Монгол Улс 2023 онд саарал бүс рүү орсон бол 2024 онд автократжиж, дарангуйллын ирмэг дээр ирсэн орнуудын эгнээнд шилжээд байлаа. Харин 2025 онд 11 улс автократжих мөчлөгөөс гарч чадсаны нэг нь Монгол болж, иргэдийн оролцоо, зөвлөлдөх ардчилал, сонгуулийн ардчилал болон тэгш эрхийн үзүүлэлтүүдэд сайжирснаар төлөөллийн ардчилалт орнуудын саарал бүс рүү зэрэглэл ахижээ.

Анхаарлын төвд

Хүлээцтэй, хянуур. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Ингэснээр таван удаа дараалан Төв банк жишиг хүүгээ хэвээр үлдээж байна. Сүүлийн жил гаруй хугацаанд хэрэгжүүлж буй хатуу бодлого нь инфляцыг зорилтод түвшний голч руу ойртуулж ирсэн юм. Хэдий тийм боловч гадаад болон дотоод орчны тодорхой бус байдал үргэлжилж буй нь инфляцыг дахин өдөөх томоохон эрсдэл болж байгааг Мөнгөний бодлогын хорооны гишүүд онцоллоо.

Хүүгийн хүлээлт. Олон улсын BMI агентлагаас Монголбанк энэ оны хоёрдугаар хагас хүртэл бодлогын хүүг бууруулахгүй байх төсөөллийг танилцуулж байсан юм. Төв банкны Ерөнхийлөгч С.Наранцогт албан тушаалаа хүлээн авсныхаа дараа өр орлогын харьцааг бууруулж, заавал байлгах нөөцийг нэмэгдүүлсэн шийдвэр гаргаж, банкны салбарыг иргэдэд олгох хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү чиглүүлэх бодлого баримтлахаа илэрхийлж байв.

Ойрх Дорнодын дайн, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах зэрэг гадаад хүчин зүйлс, дотоодод шатахуун болон хүнсний үнэ өсөх зэрэг хүчин зүйл нь инфляцын цаашдын төлөв өөрчлөгдөхөд нөлөөлж болзошгүйг Төв банкнаас анхааруулсан ч 2027 оноос инфляцыг 5 (±2) хувийн интервалд барих зорилт хэвээр байгааг тодотголоо.

Ахицгүй жил. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл ба хэрэгжилт өмнөх онтой харьцуулахад төдийлөн ахицгүй байгааг Засгийн газрын тайланд мэдээллээ. Төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 59.7 хувьтай гарсан байна. Ялангуяа ТЕЗ нарын гүйцэтгэл өмнөх оноос 9.7 хувиар буурахад 2025 оны төсөвт тодотгол хийж, танасан нь нөлөөлсөн гэж дүгнэжээ. Мөн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан 326 төсөл арга хэмжээний 50.3 хувь нь 85 хувиас доош гүйцэтгэлтэй гарчээ.

Алт авах цаг биш. Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулах хүлээлт алсарснаар пүрэв гарагийн арилжаагаар алтны ханш 6.6 хүртэлх хувиар, баасан гарагт 3.4 хувиар уналаа. Ингэснээр шар металлын ханш 1983 оноос хойших хамгийн огцом уналттай долоо хоногийг үдэж байна. Эрчим хүчний үнэ эрс өссөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, Төв банкнууд бодлогын хүүг бууруулах хүлээлтийг бууруулж байна. Өнгөрсөн сарын сүүлд Ираны дайн эхэлснээс хойш арилжааны долоо хоног бүр алтны ханш суларч байгаа юм.

Зах зээл хэт хэлбэлзэлтэй байгаа тул алтны үнэ буурах үед нь худалдаж авахгүй байхыг JPMorgan Chase-ийн шинжээчид анхааруулж байна. Тогтворгүй байдал намжиж, үнэ бэхжих хүртэл зарах урсгал ихэснэ гэдгийг тодотгожээ.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: ERD-ийн уналт

Erdene Resource Development компанийн хувьцааны ханш III сарын 19-ний Торонтогийн арилжаагаар 12 хүртэлх хувиар буурсан нь сүүлийн зургаан жил дэх нэг өдрийн хамгийн огцом уналт боллоо.

  • Пүрэв гарагт Erdene Resource Development-ийн нэгж хувьцааны ханш 5.45 канад доллар хүрч буурсан нь өнгөрсөн оны VI сарын 31-нээс хойших бүх хаалтын ханшнаас доогуур түвшин болов.

  • Компанийн арилжаалагдаж буй хувьцааны тоо 44.5 мянга орчим хүрсэн нь тухайн цаг дахь арилжааны өмнөх 20 өдрийн дунджаас хоёр дахин өндөр дүн байлаа.

  • Ингэснээр компанийн хувьцаа өнгөрсөн оны есдүгээр сард “Баян Хөндий” төслийн алтны олборлолт эхэлснээс хойших өсөлтөө ерөнхийдөө алдаад байна. Сүүлийн 52 долоо хоногт ERD 14 хувиар өссөн бол Канадын S&P/TSX индекс 26 хувийн өсөлттэй байна. Харин сүүлийн нэг сарын хугацаанд ERD-ийн хувьцааны ханш 30 гаруй хувиар буурчээ.

  • Алтны ханш Ираны дайн эхэлснээс хойш гурван долоо хоног дараалан улаан бүсэд арилжаалагдаж буй. Үүнээс гадна ERD-ийн стратегийн түнш Mongolian Mining Corporation цэвэр ашиг нь 2025 онд 97 хувиар буурсныг тайлагнасан юм.

  • Erdene Resource Development 2025 оны бүтэн жилийн санхүүгийн тайлангаа Канадын цагаар III сарын 25-нд танилцуулахаа баасан гарагт мэдээлжээ.

Зам зуур

Netflix компани бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киноныхоо амжилтыг үргэлжлүүлж, “KPop Demon Hunters” дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.

Стриминг салбарт тэргүүлэгч Netflix компани “KPop Demon Hunters”-ийн дуунуудаас бүрдсэн амьд шоу зохион байгуулахаар арга хэмжээ зохион байгуулагч компаниудтай хэлэлцээ хийж эхлээд байгаа аж. Тус хүүхэлдэйн киноны дуунууд Billboard-ийн жагсаалтыг тэргүүлж, дэлхийг байлдан дагуулсан соёлын гоц үзэгдэл болсон юм.

Киноны дараагийн анги гарахаас урьтаж, ирэх жилээс эхлэн олон улсад аялан тоглолт хийхийг тус компани зорьж буй. Хэлэлцэгч талууд одоогоор томоохон хотуудын 10,000-20,000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнгүүдийг тохиромжтой байршил гэж үзэж байгааг мөн мэдээлжээ.

Эцэст нь товчхон

ЗГ: Наймдугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP-17 бага хурлын бэлтгэл ажил 60 орчим хувьтай байна. Энэ оны COP-17 чуулганд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тооцоотой байгаа юм.

Монноос ХК 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 80 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаа мэдээллээ. Нийт 28 сая орчим төгрөгийг ногдол ашигт хуваарилж, V сарын 31-ний дотор олгох юм байна.

Онцлох зураг

BTS хамтлагийн эргэн ирэлтэд зориулсан дроны гэрлийн шоугаар хамтлагийн гишүүн Jung Kook-ийн дүрийг урласан нь - Сөүл, БНСУ

Lee Jin-man/AP