2025/03/20

Өглөөний мэнд. Иргэд нь АНУ-ын виз хүсэхдээ $15,000 хүртэлх барьцаа байршуулах ёстой орнуудын тоонд Монгол багтжээ. Гадаадын биржүүдэд бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын хувьцааны ханш уналттай байна. Инфляцын эрсдэл айсуй энэ үед Холбооны нөөцийн банк болон Японы төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа.

Онцгой 50-ийн нэг нь Монгол

АНУ-ын Төрийн департамент виз мэдүүлэгчдээс барьцаа хөрөнгө шаардах "Визийн бонд" хөтөлбөрт хамруулсан орнуудын жагсаалтдаа шинээр 12 улс нэмсний дунд Монгол Улс багтсан байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп барууны бус орнуудаас ирэх цагаачлалын хяналтыг чангаруулсан ээлжит томоохон алхам болж байна.

Жагсаалтад багтсан орнуудын иргэд АНУ-д аялал жуулчлал болон бизнесийн зорилгоор виз мэдүүлэхдээ 15 мянган ам.доллар хүртэлх дүнтэй барьцаа байршуулах юм. Тиймээс 2026 оны IV сарын 2-ноос эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө консулын зааврын дагуу барьцаа байршуулсан байх ёстойг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ.

Өнгөрсөн онд АНУ голчлон Африкийн орнуудаас бүрдсэн 38 улсыг "Визийн бонд" хөтөлбөрт хамруулаад байсан бол энэ удаа Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврикийн арлууд, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд, Тунис гэсэн 12 улсыг нэмсэн байна.

Д.Трампын засаг захиргааны зүгээс уг хөтөлбөрийг гадаадын иргэд АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлэн зорчихыг хязгаарлахаас гадна төсвийн орлогыг нэмэгдүүлэх, богино хугацаатай аялагчдад тавих хяналт шалгалтыг чангатгах зорилготой арга хэрэгсэл гэж тайлбарласан юм.

Төрийн департаментын мэдээлснээр барьцаа нь 5000, 10000, 15000 ам.доллар гэсэн гурван шатлалт дүнтэй байх бөгөөд визийн ярилцлагын үеэр барьцааны дүнг тодорхойлох аж. Мөн барьцаа байршууллаа гээд визийн хүсэлт зөвшөөрөгдөнө гэсэн баталгаа байхгүйг сануулсан байна. Гэхдээ зөвшөөрсөн, татгалзсанаас үл хамааран барьцааны дүнг бүрэн буцаан олгоно гэжээ.

Үнэхээр шударга шийдвэр үү?

Ийнхүү Монгол Улс сар орчмын хугацаанд иргэдийнх нь АНУ-д зорчих, оршин суух боломжийг хумьсан хоёр ч жагсаалтад багтаж байна. Нэгдүгээр сард тус улс дэлхийн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаанд зогсоохоор шийдвэрлэсний дунд манай улс багтсан юм. 

АНУ-ыг зоригсод визийн хугацаагаа хэтрүүлэх магадлалаар Монгол Улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад дундаж түвшинд багтаж байна. Тодруулбал 2023 онд Монголоос АНУ руу тухайн жилдээ буцах визтэй 10,600 иргэн зорчсоноос 400 нь буюу 3.77 хувь нь визийн хугацаагаа хэтрүүлсэн гэж бүртгэгдсэнийг АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын агентлагийн дата харуулж байна. Харьцуулбал визийн бондын шаардлагад багтаагүй буй Казахстан улсаас зорчигсдын 4.27 хувь нь визийн хугацаагаа хэтрүүлжээ.

Дашрамд дурдахад дээрх шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын гадаад харилцааны яам пүрэв гарагт АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүнээс бүрдсэн дипломатуудыг дуудаж уулзжээ. Уулзалтаар Монголын Стратегийн Гуравдагч хөрш болох АНУ-ын Засгийн газар ийм шийдвэр гаргасан үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгааг тэмдэглэж, уг жагсаалтаас Монгол Улсыг гаргахад АНУ-ын ЭСЯ-ыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Анхаарлын төвд

Хөдөлгөөнд орсон салбар. Эрчим хүчний шинэ сайдаар Б.Найдалаа, Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг томилох талаар пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц хүрээгүй тул чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулав. УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэсэн зарчмын шаардлага тавьж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоос татгалзаж буй. Үүнээс гадна эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлээс салбарын ажилчдын цалинг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхийг шаардаж, ажил хаялт хийхээ мэдэгдлээ.

Чухал цагийн шийдвэрүүд. Ираны дайн, газрын тосны үнийн савлагаанаас олон улсын эдийн засаг стагфляцад орох айдас бүрэлдэж буй энэ үед хоёр том төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэрээ зарлалаа. АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 3.5-3.75 хувьд хэвээр үлдээж, энэ онд хүүг нэг удаа бууруулах боломжтой гэсэн төсөөллөө өөрчилсөнгүй. Инфляц, ялангуяа тарифын нөлөөтэй үнийн өсөлт буурч, бодит ахиц гарах хүртэл бодлогын хүүг бууруулахгүй гэдгээ АНУ-ын төв банкны тэргүүн, ирэх V сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах Жером Пауэлл мэдэгдэв.

Түүнчлэн Японы Төв банк пүрэв гарагт хуралдаж, бодлогын хүүг 0.75 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Шийдвэр хүлээгдэж байхтай зэрэгцэн тус улсын хувьцаа, бондуудын ханш унасан бол иений ханш ам.долларын эсрэг 160 нэгж рүү дөхсөн байна.

Эрэлт ба итгэл. TMK Energy компани захиалга нь нийлүүлэлтээсээ давсан хувьцааны арилжаагаар 6 сая австрали долларын санхүүжилт татлаа. Энэ нь компанийн Монголд хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хийн төслийн ирээдүйд хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгаагийн дохио болов. TMK нэгж нь 0.12 австрали доллар буюу хувьцааны сүүлийн ханшнаас нь доогуур үнэтэй 50 сая ширхэг энгийн хувьцаа нэмж гаргах юм. Татсан санхүүжилтийг “Гурвантэс XXXV“ төслийнхөө хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, мөн гурван шинэ цооног нэмж гаргахад ашиглах аж.

2 өдөрт 1000%. Хүнгүй нисдэг төхөөрөмжид ашиглах хиймэл оюунт программ хангамж хөгжүүлэгч Swarmer компани хувьцаагаа нээлттэй санал болгосноос хойш хоёр өдрийн дотор хувьцааны ханш нь 1000 хувь давж, огцом өсжээ. Энэ нь сүүлийн жил гаруйн хугацаанд АНУ-ын хөрөнгийн зах зээлд хийгдсэн хамгийн амжилттай IPO-д тооцогдож байна. Ингэснээр Техас мужийн Остин хотод төвтэй Swarmer компанийн зах зээлийн үнэлгээ 680 сая ам.доллар хүрчээ.

Тус компанийн хөгжүүлсэн дроны платформыг 2024 оны дөрөвдүгээр сард Украины арми анх нэвтрүүлснээс хойш байлдааны талбар дахь 100 мянга гаруй удаагийн ажиллагаанд ашиглагдсан байна.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Олборлогчдын хувьцаа

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хувьцааны ханш уналтад орж эхэллээ. 2026 оны эхний сард компаниудын хувьцаа харьцангуй сайн өсөлттэй байсан ч хоёрдугаар сарын дунд үеэс хойш өсөлтөө алдаж, дийлэнх нь энэ оны байдлаар улаан бүсэд арилжаалагдаж байна.

  • Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш 35 хүртэлх хувиар өсөөд байсан бол сүүлд тайлангаа нийтэлснээс хойш ханш нь энэ он гарсаар 1.8 хувиар унасан үзүүлэлттэй болов.

  • Үүнээс гадна Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшнийн Торонтогийн Хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш 2026 он гарсаар 24 хувиар буурсан хөдөлгөөнтэй байна.

  • Харин Rio Tinto-ийн Австралийн Хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш харьцангуй тогтвортой байна. Он гарсаар 3.3 хувиар өссөн хөдөлгөөнтэй байгаа ч сарын өмнө 15 хувь хүртэлх өсөлт үзүүлж байсантай харьцуулахад дийлэнхийг нь алдаад буй.

Зам зуур

Дэлхийн аз жаргалын тайлангийн 2025 оны эрэмбэ пүрэв гарагт танилцуулагдаж, Финланд улс ес дэх жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгдэв.

Оксфордын их сургуулийн Аз жаргалын судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ, “Gallup” байгууллага хамтран улс орнуудын иргэд амьдралын чанараа хэрхэн үнэлснийг сүүлийн гурван жилээр дундчилан уг тайланг танилцуулдаг. Ингэхдээ нэг хүнд ногдох ДНБ, эрүүл амьдрах хугацаа, эрх чөлөөний мэдрэмж, нийгмийн итгэлцэл, өгөөмөр чанар зэрэг олон хүчин зүйлсийг суурь хэмжүүр болгодог юм.

Өнгөрсөн оны эрэмбэд 147 орноос 77 дугаарт бичигдэж байсан Монгол Улс энэ онд 75 дугаарт жагсаж, хоёр байр урагшилсан байна.

10 жилийн өмнө 100-аас хойш жагсаж байсан Монгол Улсын эрэмбэ сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан ч 2024 онд эрс доошилж, 61-ээс 77 руу ухарч байлаа. Урт хугацааны ахиц буюу 2005-2010 оны үзүүлэлтээсээ 2022-2024 онд ахисан байдлаар Монгол Улс тэргүүлэгчдийн эгнээнд байгаа юм.

Эцэст нь товчхон

УИХ: Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Тогтоолын төсөл батлагдсанаар автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг ЗГ-т олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татвар тогтоох, зохицуулалт хийх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч онцолжээ.

Казахстан улс эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Монгол Улс руу долоон жилийн дараа анх удаа худалдааны төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөснийг QazInform мэдээлжээ. Уг айлчлалыг Казахстан улсын Худалдаа, интеграцын яам болон тус яамны харъяа Qaztrade хамтран зохион байгуулах аж. Төлөөлөгчдийн багт хөдөө аж ахуй, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл зэрэг төрөл бүрийн салбарын экспортлогч компаниуд багтах юм байна.

Онцлох зураг

Эйд аль-Фитр баярт очиж оролцохоор галт тэрэг рүү авирч буй хүмүүс - Дхака, Бангладеш

Mohammad Ponir Hossain/Reuters