2025/03/19

Өглөөний мэнд. Монгол Улсын төсвийн алдагдал өмнөх оноос 27.3 хувиар өсөж, ₮720 тэрбум болов. Казахстан улс шинэ Үндсэн хуулиа баталж, тогтолцооны нүсэр шинэчлэл эхлүүллээ. Нүүрсний эрэлт саарсан 2025 онд ашиг нь 97 хувиар буурсныг Mongolian Mining Corporation тайлагнав.

Тогтолцооны нүсэр шинэчлэл

Казахстан улс бүх ард түмний дунд явуулсан санал асуулгын үр дүнд тулгуурлан шинэ Үндсэн хуулиа баталлаа. Төв Азийн хамгийн том эдийн засагтай тус улсын хувьд Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтносноос нь хойших улс төр, эрх мэдлийн тэнцвэрийн хамгийн том шинэчлэл нь энэ болж байна.

Мягмар гарагт БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурж, мөн бүх нийтийн санал асуулга явуулсан гуравдугаар сарын 15-ны өдрийг улс даяар Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэхээр хуульчилсныг The Astana Times мэдээллээ.

Ак Орда

Ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ Үндсэн хуульд 1995 онд батлагдсан Үндсэн хуулийн заалтуудыг бараг бүхэлд нь өөрчилж, нийт 99 зүйлээс ердөө дөрвийг нь өөрчлөлтгүй үлдээжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгаснаар Казахстаны хууль тогтоох байгууллага хоёр танхимт бүтцээс нэг танхимт систем рүү шилжиж, Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээж, засаглалын шинэ институцүүд бий болгохын сацуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дахин бататгаж байна.

Одоогийн хоёр танхимтай Парламентыг орлох “Курултай” хэмээх хууль тогтоох дээд байгууллага 145 гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүдийг таван жил тутам 100 хувь пропорциональ системээр сонгодог байхаар заажээ. Мөн Казахстан улсын Ерөнхийлөгчийг долоон жилийн бүрэн эрхтэйгээр зөвхөн нэг удаа сонгохоор хуульчилсан 2022 оны хуулийн өөрчлөлтийг шинэ Үндсэн хуульд дахин баталгаажуулж өгсөн байна.

Гэхдээ сөрөг хүчний зарим улс төрчид шинэ Үндсэн хуулиар улс төрийн тогтолцоонд Ерөнхийлөгчийн эрх мэдэл улам хүчирхэгжинэ гэж болгоомжилж буй.

Анхаарлын төвд

Алдагдлын намагт. АМНАТ болон онцгой албан татварын орлого тус бүр 40 хувь дөхөж агшсаны улмаас оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 56 тэрбум төгрөгөөр буурч, 4 их наяд төгрөгөөр хэмжигдлээ. Харин нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 4.7 их наяд болсноор төсвийн тэнцэл 720 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах бодлого баримталж, төлөвлөх зөвлөмжийг Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл гаргаад байгаа. Гэсэн ч энэ хаврын чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн төсөл батлагдвал ирэх оноос төсвийн орлогод -4 хүртэлх их наяд төгрөгийн нөлөө үзүүлэх тооцоо гарсан юм.

ERD-ийн хувьцаа нэмэгдэв. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, 61.8 сая ширхэг энгийн хувьцааг нь Торонтогийн Хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 69,171 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлснийг МХБ мэдээллээ. Ингэснээр тус компанийн МХБ дээрх нийт хувьцааны тоог 61.9 сая ширхэг болж байна. Хувьцааны ханш нь өнгөрсөн онд анхны алтаа олборлоход нь огцом өссөн эрчээ алдаж, 2026 он гарсаар 6.8 хувиар буурсан хөдөлгөөнтэй, III сар гарсаар 20 мянган төгрөгөөс доогуур түвшинд арилжаалагдаж байна.

ERD

Хувийн тэтгэврийг хуульчилна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Энэ хүрээнд тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэврээ өвлүүлэх зэрэг эрхзүйн орчин бүрдэх юм. Одоогоор хувийн нэмэлт тэтгэврийн сангийн эрх зүйн орчин байхгүй ч зарим байгууллагуудад 130 мянга гаруй иргэдийн 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болсон аж.

Бодлогын хүү болон зах зээлийн хүүгийн түвшин өндөр хэвээр буй энэ үед төгрөгийн хадгаламж өсөлтөө хадгалсан хэвээр байна. Төгрөгийн хадгаламжийн нийт үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 19.9 хувиар нэмэгдэж, 26.6 их наяд төгрөг хүрсэн бол валютын хадгаламжийн үлдэгдэл буурчээ. Банк, санхүүгийн байгууллагын зээл олголтыг хязгаарлаж, инфляцыг 6 (+-2) нэгж хувийн хооронд барих зорилтын хүрээнд мөнгөний нийлүүлэлт удааширч байсан юм. Харин өнгөрсөн оны зунаас хойш өсөх хандлагаа хадгалж байна.

Хүлээсэн хавар. Nvidia компани БНХАУ дахь үйлчлүүлэгчиддээ зориулж “H200” хиймэл оюуны чипийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээс гадна 2027 он хүртэл 1 их наяд ам.долларын борлуулалт хийх төсөөлөлтэй байгаагаа компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан мэдээллээ. Мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Nvidia нөхцөл байдал одоо өөрчлөгдөж, Хятадад маш олон хэрэглэгчид бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрөл аваад байгаагаа дурджээ. Гэхдээ БНХАУ-д нийлүүлэх “H200” чипэнд АНУ гаалийн хатуу шалгалт хийж, 25 хувийн татвар ногдуулах юм. Түүнчлэн тус чипийн борлуулалтыг худалдан авагч тус бүрд 75 мянгаар хязгаарлах, нийт нийлүүлэлтийг 1 саяас хэтрүүлэхгүй байх зохицуулалт хийжээ.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTV+ аппликейшнаар хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Хоёр дахин буурсан ашиг

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation компани цэвэр ашиг нь 2025 онд 97 хувиар буурсныг тайлагналаа. Өнгөрсөн оны эхний хагаст нүүрсний эрэлт, үнэ эрчтэй буурсан нь тус компанийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ.

  • Ашиг нь хэдийгээр базаахгүй үзүүлэлттэй байгаа ч Mongolian Mining Corporation-ийн хөрвөх чадвар, бэлэн мөнгөний нөөц сайн байгаа тул зээлжих зэрэглэлд нь сөргөөр нөлөөлөхгүй гэж Bloomberg Intelligence үзэж байна.

  • Тайлант хугацаанд тус компани 10.1 сая тонн нүүрс борлуулж, 823.4 сая ам.долларын орлоготой ажилласан нь 2024 оны 1.04 тэрбум ам.долларын орлогоос буурсан үзүүлэлт болж байна.

  • Харин Mongolian Mining Corporation-ийн хөрөнгө оруулсан, стратегийн түншлэлтэй Erdene Resource Development-ийн "Баян Хөндий" алтны төслөөс 2025 онд 31.3 сая ам.долларын орлого олжээ. Тус төслөөс тайлант хугацаанд 7434 унц алт болон 2,634 унц мөнгө олборлож, Монголбанканд нийлүүлсэн байна.

Зам зуур

III сарын 21-нд болох BTS хамтлагийн тоглолт БНСУ-ын түүхэн дэх хамгийн том концерт болох төлөвтэй тул Сөүл хотын захиргаа өмнөх сургамжаа санаж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах дорвитой бэлтгэл ажил хийж байна.

“BTS The Comeback Live | Arirang” нэртэй тус тоглолтыг үзэхээр Сөүлийн төв дэх Гванхвамун талбайд 260 мянга гаруй фэн цуглахын зэрэгцээ Netflix-ээр тоглолтын шууд дамжуулалтыг олон сая хүн үзэх хүлээлттэй байгаа аж. Хэт олон хүн цугларснаас үүдэх болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд албаныхан тоглолтын үеэр 15 мянга гаруй хамгаалалтын ажилтан ажиллуулахаар төлөвлөжээ.

Сөүл хотод мянгаар тогтохгүй сая хүн оролцсон том арга хэмжээг амгалан тайван зохион байгуулж байсан туршлага бий ч 2022 онд Итэвон хороололд Сүнсний баярын үеэр шахцалдаан үүсэж, 150 гаруй хүн амиа алдсан эмгэнэлт явдлаас хойш олон хүн цугласан үйл явдлуудын аюулгүй байдалд онцгой анхаарах болсон юм.

Эцэст нь товчхон

АҮЭБЯ: 2026 онд багтаан 150 мянган шоо метр багтаамжтай шатахууны агуулах ашиглалтад оруулахаар төлөвлөснийг салбарын сайд мэдээллээ. Мөн агуулах, сав барих төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгох зорилгоор арилжааны 17 банк, Монголбанк, бизнес эрхлэгчидтэй уулзаж, зээлийн нөхцөл, шаардлагыг боловсруулжээ.

ЗГ: Эрчим хүчний шинэ сайдаар ХҮН намын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайдаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилох талаар өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэж ЗГХЭГ-ын дарга мэдээллээ.

НЗДТГ: Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг энэ сардаа багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байна. Одоогоор төсөл хэрэгжүүлэх 26 нэгж талбар газрын 22 нэгж талбарыг чөлөөлжээ. Шинэ станцыг төвийн бүсийн эрчим хүчний системд холбох техникийн боломжийг Диспетчерийн үндэсний төв судалж, 2027-2028 оны түвшинд нэгдсэн сүлжээнд холбох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан юм.

Онцлох зураг

Шатахуун түгээх станцын самбар дээрх үнийг өөрчилж буй ажилчид - Манила, Филиппин

Ted Aljibe/AFP/Getty Images