- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/03/18
2025/03/18
Өглөөний мэнд. Бондын арилжаалагчид төв банкнуудын шийдвэрийг хүлээж, Монголын ЗГ-ын олон улсад гаргасан бондууд унасаар байна. Бага дүнтэй, өдөр тутмын төлбөр тооцоонд бэлэн мөнгө чухал үүрэгтэй хэвээр байгааг Монголбанкны судалгаа харууллаа. Арилжааны банкнуудын зээлийн өсөлт дөрөв дэх сардаа дараалан удаашрав.

Төв банкнууд анхаарлын төвд
Ираны дайн инфляцын шинэ эрсдэлийг өдөөгөөд буй энэ үед дэлхийн топ төв банкнуудын бодлого тодорхойлогчид энэ долоо хоногт хүүгийн шийдвэрээ танилцуулах гэж байна. Төв банкнууд энэ удаа бодлогын хүүг бууруулах мөчлөгөө түр азнах, эсвэл эргээд өсгөх магадлал ч бий.
Эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ цойлсон нь хэрэглээний үнэ, эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөхийг анхааралтай ажиглаж буй Холбооны нөөцийн банк, Европын төв банк, Английн төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх хүлээлт давамгайлж байна. Эдгээр гурван банк, мөн энэ долоо хоногт шийдвэрээ танилцуулах бусад 18 улсын төв банк нийлээд дэлхийн эдийн засгийн 2/3-ийг хянадгийн хувьд инфляцын ээлжит шокийн эрсдэлийг үнэлж, илүү болгоомжтой ажиллах нь дамжиггүй.

Зах зээл яг таг тааварлаж чадахгүй байгаа ч зөрчил мөргөлдөөн хэр удаан үргэлжлэхээс их зүйл хамаарахаар байна. Д.Трампын дараагийн алхам хаашаа эргэх, газрын тосны үнийн савлагаанаас олон улсын эдийн засагт стагфляц буюу өндөр инфляц, зогсонги өсөлт хослох нь хөрөнгө оруулагчдын санааг чилээж буй гол зүйлс юм.
Бонд арилжаалагчдын хувьд төв банкнуудын мөнгөний бодлого “салаалсан” чиглэлтэй байна гэдэгт мөрий тавьж эхэлжээ. Энэ долоо хоногт болох төв банкнуудын хурлаас өмнө ЗГ-ын бондуудын ханш нэлээд өндөр савлагаатай байгаа. Тухайлбал зарим хөрөнгө оруулагчид өсөлт сул байгаа орны бондыг авч байгаа бол зарим нь харьцангуй өндөр өгөөжтэй, аль хэдийн хүүгийн түвшинг нэмэгдүүлж эхэлсэн Австрали, Япон зэрэг улсуудын бондыг авч байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ирэх долоо хоногт хуралдаж, энэ сарын 25-ны өдөр шийдвэрээ танилцуулах хүлээлттэй. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газраас олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш унасаар хэвээр байна.

Ираны дайн үргэлжилж буй энэ үед өндөр өгөөжтэй, хөгжиж буй орнуудын бондуудын ханш уналтаа үргэлжлүүлсээр байна. Тухайлбал 2028 болон 2029 онд хугацаа нь дуусах бондуудын ханш гуравдугаар сар гарсаар 1 орчим хувиар буураад байгаа юм.
Түүнчлэн хөрөнгө оруулагчид газрын тосны зах зээлийн “шок” улс орнуудын эрчим хүч цаашлаад төсөвт хэрхэн нөлөөлөх эрсдэлийг дахин үнэлж эхэллээ.
Анхаарлын төвд
Саваа бэлдэнэ. Шатахуун нөөцлөх, агуулах сав барихад ААН-үүдэд Монголбанкны репо санхүүжилтээр 1 их наяд орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна. Зээлийн хүүгийн татаас болох 20 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт тусгасан бөгөөд хүүгийн татаас нь 9 хувь байх аж. Улаанбаатарт Амгалан, Толгойт, Багахангай өртөө, Хүннү хотоос гадна 13 аймгийн төв болон боомтуудад агуулах сав барих байршил заажээ. Одоогоор 20 орчим ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт өгөөд байгаа аж. Хадгалах сав шинээр барих хүртэл ОХУ-ын хил орчимд агуулах түрээсэлж, шатахуун нөөцлөх чиглэлийг ЗГ салбарын яаманд даалгасан юм.
Бэлэн мөнгө хаан хэвээр. Бага дүнтэй, өдөр тутмын төлбөр тооцоонд бэлэн мөнгө чухал үүрэгтэй хэвээр байгааг Монголбанкны судалгаа харууллаа. Сүүлийн жилүүдэд карт, шилжүүлэг, ухаалаг хэтэвч зэрэг бэлэн бус төлбөр эрчимтэй нэмэгдэж буй ч бэлэн мөнгөний гүйлгээний дундаж дүн бэлэн бус төлбөрийн дунджаас 4 дахин өндөр хэвээр байжээ. Ялангуяа тэтгэврийн насныхан болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд бэлэн мөнгөний хэрэглээ харьцангуй өндөр байдаг аж. Нийт хэрэглээ нь голчлон жижиг дүнтэй гүйлгээнд төвлөрч буйг тус судалгаанд дурджээ.

Хоосон шахуу онгоцнууд. Аялагчид Персийн булангаас зайлсхийх болсноор Emirates компанийн Дубай чиглэлийн зарим нислэгт онгоцнууд бараг хоосон нисэх болжээ. Дайн сунжрах тусам олон улсад хамгийн томд тооцогддог тус агаарын тээврийн компани зорчигчдын урсгалаа сэргээхэд бэрхшээл улам нэмэгдэж буйг энэ нь харуулж байна. АНУ, эх газрын Европоос Дубай чиглэлд хийх нислэгүүдэд энэ нөлөө хамгийн хүчтэй мэдрэгдэж байгаа бөгөөд тухайлбал компанийн Прага, Будапешт хотоос буцаж ирэх онгоцнуудад суудал дүүргэлт ердөө 5-10 хувьтай байсныг Bloomberg-ийн эмхэтгэсэн дата харуулж байна.
Хоршоонд биш хэрэглээнд. Мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих зорилготой “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 894 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Гэсэн ч зээлийн 20-30 хувь нь хэрэглээний зээл болсон байх магадлалтай тул Ажлын хэсэг судалж үзээд санал дүгнэлт гаргах хүртэл шинээр зээл түр олгохгүй байхаар тогтжээ. Тус хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 10,578 шинэ хоршоо байгуулагдаж, 103,340 буюу нийт малчдын 33 хувь нь хоршоонд гишүүнээр элссэн тоо баримт байна. Зээлийн хэмжээ нь 50 сая төгрөг хүртэлх хэмжээтэй, 60 сарын хугацаатай бөгөөд жилийн зургаан хувийн хүүтэй, 12 хувийн хүүгийн зөрүүг төсвөөс хариуцан төлж байгаа юм.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.
Гүн рүү: Зээл саарсан хэвээр
Арилжааны банкнуудын зээлийн өсөлт дөрөв дэх сардаа дараалан удааширлаа. 2026 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 44.2 их наяд төгрөг хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.3 хувиар өсжээ.

Зээлийг сегментээр нь ангилж харвал иргэдэд олгосон зээл 11.5 хувиар өсөж, 25.1 их наяд төгрөг хүрсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үеийн 42.9 хувиар өсөж байсантай харьцуулбал эрс саарсан үзүүлэлт боллоо.
Монголбанк бодлогын хүүг сүүлийн дөрвөн хурал дараалан хэвээр хадгалж, өр орлогын харьцаа зэрэг үзүүлэлтийг чангалаад буй.
Харин хувийн хэвшилд олгосон зээлийн өсөлт төдийлөн буураагүй аж. Тайлант хугацаанд 28.1 хувиар өсөж, 17 их наяд төгрөг хүрээд байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчээ хадгалсаар байна.
Банкнуудын зээлийн өсөлт Төв банкны зорилтот түвшин рүү дөхөж ирэхийн зэрэгцээ чанаргүй зээлийн хувь хэмжээ эрс өөрчлөлтгүй байна. Нийт зээлийн 5.2 хувь нь тус ангилалд багтаж буй бол иргэдэд олгосон зээлийн 3.6 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байгаа юм.
Зам зуур

Pop Mart-ийн дэлгүүрүүдийн тавиур дүүрэн хэвээр боловч худалдан авагчид нэгэн үе уртаас урт дараалал үүсгэж, хоёрдогч зах зээлийг донсолгож байсан "Labubu" хүүхэлдэй рүү шуурахаа больжээ.
Өдгөө компанийн "Twinkle Twinkle", "Skullpanda", "Crybaby" нэртэй дүрүүд дийлэнх худалдан авагчдыг татаж, албан бус платформуудад өндөр үнээр зарагдаж, борлуулалтыг нь өндөр түвшинд хадгалж байна. Тэр дундаа "Twinkle Twinkle" чихмэл нь дэлгүүрүүдэд очоод хэдхэн минутын дотор зарагдаж дуусаж байгаа аж.
БНХАУ-ын Pop Mart 2025 онд 400 сая гаруй тоглоом борлуулсны 25 орчим хувийг "Labubu" хүүхэлдэйг багтаасан "The Monsters" цувралын тоглоомууд бүрдүүлсэн байна. Харин одоо "Labubu"-ийн эхлүүлсэн цуглуулдаг тоглоомын халуурлыг үргэлжүүлж чадах эсэх нь компанийн бусад дүрүүдээс шалтгаалах юм.
Цаашлаад Pop Mart хэсэг шуугиулаад мартагдах уу, эсвэл Walt Disney, Sanrio шиг урт хугацаанд байр сууриа дархалсан тоглоом үйлдвэрлэгчдийн эгнээнд нэгдэх үү гэдгийг энэ шилжилтийн үе шийдэхээр байна.
Эцэст нь товчхон
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох саналаа танилцуулахаар товлоод байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй.
Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж эхлээд байна. Монголбанкны сүүлийн статистик мэдээллээр 5.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт банкнуудад хүлээгдэж байгаа аж. Цаашид хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх бөгөөд Орон сууцны санхүүжилтийн банкны анхны хөрөнгө оруулалтыг хийнэ гэж Монголбанк мэдэгдлээ.
Онцлох зураг
Мекка хотын Их сүмд Рамадан сарын 27 дахь шөнийн залбирал үйлдэж буй муслим сүсэгтнүүд - Мекка, Саудын Араб

Saudi Press Agency/Reuters