- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/03/17
2025/03/17
Өглөөний мэнд. Усны Компакт гэрээний гол бүтээн байгуулалтуудын нэг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ. Ираны дайн дуусах шинжгүй үргэлжилж, Д.Трамп Ормузын хоолойг нээхэд туслахыг холбоотнуудаасаа шаардав. 2021 оноос хойш Монгол Улсад ГШХО-ын орох урсгал өссөөр 2025 оны эцэст $3.8 тэрбум хүрчээ.

Ирээдүйг тэтгэх үйлдвэр
Өдөрт 50 мянга, жилд 18 сая шоо метр хүртэлх усыг дахин боловсруулж, дулааны III, IV цахилгаан станцуудад нийлүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр Улаанбаатар хотноо албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хоорондын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд бүтээн байгуулсан гурван үндсэн төслийн нэг болох Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд амжилттай бүтээн байгуулж, ашиглалтад хүлээлгэн өгч байна.
Монгол дахь энэ төрлийн анхны томоохон төсөл болж буй тус үйлдвэр нь Улаанбаатарын хамгийн том ус хэрэглэгч болох эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус нэвтрүүлэх юм.

Улаанбаатар хот хоногт 150-170 мянган шоо метр ус газрын гүнээс авч ашигладгаас 20-22 хувь нь эрчим хүчний хэрэглээнд зориулагддаг байна. Тэгвэл Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс станцуудын үнс зайлуулах, цамхаг хөргөх зэрэг техникийн хэрэгцээнд ус нийлүүлснээр нийт усны хэрэгцээнийх нь 18 сая хүртэлх шоо метрийг хангах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Энэхүү бүтээн байгуулалтаар хаягдал ус цэвэрлэх үйлдвэрээс гадна 12 км дамжуулах шугам хоолой, 4000 шоо метр багтаамжтай нөөцийн сав, өргөлтийн насос станцийг барьж байгуулжээ. Үйлдвэр байнгын ажиллагаанд орсноор Монгол Улсад усны хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай удирдах болон хотжилт, хүн амын төвлөрлөөс үүдэх ирээдүйн сорилтыг даван туулах чадавхыг бэхжүүлэх юм.

Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага болоод зогсохгүй цаашид аж үйлдвэрлэлийн бусад олон салбарт хаягдал усаа эргүүлэн ашигладаг болох, төдий хэмжээгээр гүний усны нөөцөө хэмнэн хамгаалж, ирээдүй хойчдоо үлдээх түүчээг ийнхүү эхлүүлж байна.
Төслийг хэрэгжүүлэхэд нийт 4516 хүн ажилласны 98 хувийг монгол инженер, техникийн ажилтнууд бүрдүүлсэн бөгөөд үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр М-Си-Эс Проперти ХХК, ус дамжуулах шугам систем, дулааны цахилгаан станцуудын техникийн усны схемийн өөрчлөлтийн ажлыг М Си Эс Интернэйшнл компани тус тус гүйцэтгэжээ.
462 сая ам.долларын өртөгтэй Усны Компактын ээлжит том бүтээн байгуулалт ийнхүү ашиглалтад орлоо. Таван жилийн турш үргэлжилсэн Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр гуравдугаар сарын 31-нд бүрэн хэрэгжиж дуусахыг Монголын Мянганы сорилтын сангаас мэдээлсэн юм.
Анхаарлын төвд
Трампын анхааруулга. II сарын 28-нд АНУ, Израил хамтран Ираныг бөмбөгдсөнөөс хойш хоёр талын харилцан довтолгоо зогсох шинжгүй үргэлжилж байна. Даваа гарагт Иран Арабын Нэгдсэн Эмират улсын газрын тосны экспортын гол терминал Фужайра боомтод дроны цохилт өглөө. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойгоор хөлөг онгоцнуудыг саадгүй нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэхийг бусад улсуудаас шаардаж, мөн БНХАУ үүнд оролцохгүй бол тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийхээр төлөвлөсөн уулзалтаа хойшлуулахаар сүрдүүлэв.
Ширүүхэн эхлэл. УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Эдийн засгийн өсөлтийг тэтгэж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж, Төрийн оролцоог бууруулахад чиглэсэн хууль тогтоолын төслүүдийг батлахад гишүүд онцгойлон анхаарах шаардлагатай гэж УИХ-ын дарга Н.Учрал чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцлов.

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг намрын чуулганы төгсгөлд УИХ-аар хэлэлцэн баталсан бөгөөд хаврын чуулганаар нийт 32 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр байна. Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж шийдвэрлэжээ. “Таван нам, эвсэл нэгдсэн, 126 гишүүнтэй Парламентыг аль нэг намын дарга удирдах ёсгүй” гэж үзэж байгаагаа АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн юм.
Дахин дээд амжилт. TMK Energy компани анх удаа өдөрт 1000 метр куб хий олборлож, өмнөх дээд амжилтаа ахиуллаа. Ингэснээр "Гурвантэс XXXV" төслийн хийн гарц хоёрдугаар сарынхаас 100 хувиар өсжээ. Нийт олборлолтын 70 хувийг нь хамгийн сүүлд өрөмдсөн “Lucky Fox 07” цооног хангасан байна. Тус цооног нь десорбцийн түвшинд буюу хийн урсгалыг дорвитой нэмэгдүүлэхэд шаардлагатай даралтын түвшинд хүрсэн анхны цооног болж байгаа нь чухал эргэлтийн цэг болохыг компани онцолжээ.
Хувьцаа хөрч, бонд халав. Монголын Хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжааны идэвх саарч эхэллээ. III сарын эхний 15 хоногт нийт 8.3 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсан нь зөвхөн II сард 23.5 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсанаас нэлээн буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн онд ч мөн III, IV сард хувьцааны арилжаа саарч байсан нь хөрөнгө оруулагчдын идэвх энэ саруудад буурах хандлагатай байгааг харуулж байна. Харин бондын арилжаа нэмэгдэж III сарын 13-ны өдөр хүртэл нийт 8.7 тэрбум төгрөгийн бонд хоёрдогч зах зээлд эргэлдсэн нь өнгөрсөн сарын дүнг давсан үзүүлэлт боллоо.
Харилцан адилгүй хурд. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг бүтээн байгуулалтыг 2026 онд 80 хувьд хүргэж, 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг Зам, тээврийн сайд мэдээлэв. Хил холболтын төмөр замын гүүр барихад энэ оны ажил төвлөрөх бөгөөд одоогоор БНХАУ-ын талд гүүрийн тулгуур 34 багана баригдах ёстойгоос бүгд баригдсан бол Монголын талд 284 багана баригдахаас одоогоор гурав дахь баганын угсралтыг эхлүүлээд буйг Тавантолгой Төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал мэдээлж байлаа.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.
Гүн рүү: ГШХО-ын урсгал
Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эрчимжсээр байна.

2025 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын дүн 3.8 тэрбум ам.доллар хүрч, 2021 онтой харьцуулахад 41.2 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Нийт хөрөнгө оруулалтын урсгалын 80 хувь нь уул уурхайн салбарт чиглэж байгаа бол санхүү болон худалдааны салбарыг чиглэсэн хөрөнгө оруулалт араас нь бичигдэж байна. Эдгээр салбар өнгөрсөн онд тус тус 210 орчим сая ам.долларын ГХО татсан нь нийт хөрөнгө оруулалтын дүнгийн 10 хувийг бүрдүүлж байгаа юм.
2022 оны дунд үеэс хойш өрийн хэрэгсэл хэлбэрээр орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалын хурд харьцангуй нэмэгдэж эхлээд буй. Ингэснээр 2025 оны эцэст үлдэгдэл хэмжээ нь 18.1 тэрбум ам.доллар хүрч, нийт үлдэгдлийн талаас дээш хувийг бүрдүүлсэн байна.
Харин тухайн хугацаанд хувь нийлүүлсэн хөрөнгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт ижил түвшинд өсөөгүйг Монголбанкнаас танилцуулсан үзүүлэлтүүдээс харж болохоор байгаа юм.
Зам зуур

Номин Холдинг ХХК-ийн хөрөнгө оруулалттай Chingis Airlines Unity компани энэ оны II улирлаас Даланзадгад, Ховд, Мөрөн чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөжээ.
Тус компани 70 хүний суудалтай “ATR 72-600” нисэх онгоцоо эхний ээлжид хүлээн авсан бөгөөд орон нутгийн нислэгээс гадна ойрын зайн нислэг үйлдэх боломжийг судалж байгааг компанийн Гүйцэтгэх захирал Н.Ганболд онцолж байна.
Монголын агаарын тээврийн салбарт дотоодын тав, олон улсын 20 орчим компани үйл ажиллагаа явуулж буй. Үүнээс одоогоор зөвхөн МИАТ ТӨХК орон нутаг руу тогтмол нислэг үйлдэж байгаа юм.
Эцэст нь товчхон
ЭХЯ: Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг 8 МВт-ын багтаамж бүхий батарей хуримтлууртайгаар барихаар болж, гэрээнд гарын үсэг зурлаа. Тус станц ашиглалтад орсноор жилдээ 39.3 сая КВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээг 17.1 хувиар бууруулна гэж тооцоолжээ.
Онцлох зураг
Ват Сакет сүмийн алтан орой жаргаж буй наранд - Бангкок, Тайланд

Athit Perawongmetha/Reuters