2025/03/16

Өглөөний мэнд. Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд батлагдвал татварын орлогод 3.7 их наяд төгрөгөөр буурах тооцоотой. Ойрын гурван сардаа АИ-92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүйг АҮЭБЯ мэдэгдэв. Asian Battery Metals зэс-алтны "Майхан уул" төслийг худалдан авч, 100 хувь эзэмшиж эхэллээ.

Ачаа үнэхээр хөнгөрөх үү?

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудаас татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлт анхаарал татаж буй. Хуулийн төслийн үр нөлөөг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тооцсоноор ААН-үүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр, иргэдийн татварын ачааллыг 2.7 их наяд төгрөгөөр бууруулна гэж үзжээ.

НӨАТ-ын буцаан олголт, ААН-үүдийн татварын босго зэргийг шинээр тодорхойлсон татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар төсөвт 4 хүртэл их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ гэж Сангийн яам тооцоолж байгаа.

Хуулийн төсөл батлагдаж 2027 оноос мөрдөгдөж эхэлснээр татварын орлогод огцом нөлөөлж, эдийн засгийн цаашдын өсөлтийн төлөвт нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл үзэж буй аж. Тодруулбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 719 тэрбум төгрөгөөр, Хувь хүний орлогын албан татварын орлого 483 тэрбум төгрөгөөр дутахаар байгаа аж.

Мөн 2025 оны XI сард батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2027 оноос буцаан олголт гурван шатлалтай болох юм. Татварын орлогод НӨАТ-ын үзүүлэх нөлөөлөл нь 2.5 их наяд орчим төгрөг байна гэж тооцоолжээ. Ингэснээр татварын зохицуулалтын өөрчлөлтүүд татварын орлогод нийтдээ -3.7 их наяд төгрөгийн нөлөө үзүүлэхээр байгааг мэдээлсэн юм.

Төсөл батлагдвал эдийн засгийн өсөлт 2027 онд 5.5 хувь, 2028-2029 онд 5.3 хувьтай байна гэж тооцоолсон бол батлагдахгүй тохиолдолд эдийн засгийн өсөлт 2027 онд 5.6 хувь, 2028-2029 онд өмнөх төсөөллөөс үл ялиг доогуур түвшинд буюу 5-5.15 хувь байна гэж таамаглажээ.

Анхаарлын төвд

Asian Battery Metals компани стратегийн чухал худалдан авалт хийж, Говь-Алтай аймаг дахь "Майхан уул" зэс-алтны төслийг 100 хувь эзэмшилдээ шилжүүлэх эрхээ хэрэгжүүлснээ мэдээллээ. Хэлцлийн дүн нийт 890 мянган ам.доллароор хэмжигдсэн байна. "Майхан уул" нь ABM-ийн эзэмшдэг зэс-никелийн "Ямбат" төслийн талбайгаас ердөө найман км зайтай, олборлолтын тусгай зөвшөөрөл 2045 он хүртэл хүчинтэй гэдгээрээ онцлог. Төслийн талбайд сүүлд хийсэн тандалтын өрөмдлөгөөр 132.5 метрийн гүнээс 2.23 хувийн зэс, тонн тутамд 0.73 граммын алтны агуулгатай 14.5 метрийн эрдэсжилт илэрсэн нь олборлолтын нөөц бололцоо өндөр болохыг илтгэсэн байна.

Түлшний түгшүүр. Персийн булангийн дайнаас шалтгаалж БНХАУ газрын тосны бүтээгдэхүүнийхээ экспортод хориг тависнаар Монгол Улс шатахуун, түлшний экспортоор зөвхөн ОХУ-д найдах болоод байна. АИ-92 автобензинийг энэ он дуустал ОХУ-аас нэг тонныг нь 705 ам.доллароор худалдан авах гэрээтэй бөгөөд хэрэв олон улсын зах зээлд үнэ 705 ам.доллароос 30 хувийн өөрчлөлттэй болох тохиолдолд аль нэг талын санаачилгаар гэрээнд өөрчлөлт оруулах заалттайг АҮЭБЯ мэдээлж байв.

Гэхдээ ойрын гурван сард АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт гарахгүй ч Евро-5, дизель түлшний үнэ хэлбэлзэхийг үгүйсгэхгүйг онцолсон. III сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 40 хоног, дизель түлшний 27 хоног, АИ-95 автобензиний 75 хоногийн нөөцтэй байна.

Засгийн дэмжлэг. Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдэд 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор болсоныг Засгийн газар мэдээллээ. Төсөвт зээлийн хүүгийн татаас болгон 13 тэрбум төгрөг тусгасан бөгөөд 2026 онд 250 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор тооцоолсон байна. Зээлд хамрагдах компаниудын хамгийн гол шалгуур нь дотоодын компани байх, хамгийн багадаа аялал жуулчлалын хоёр мэргэжлийн албан хаагчтай байх аж. Аялал жуулчлалын салбарт 160 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлж байсан юм.

Ногдол ашгийн урсгал. 2025 онд 51 хувьцаат компанийн 434.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иар зуучлуулан хуваарилжээ. Өнгөрсөн онд МХБ-д бүртгэлтэй компаниуд нийт 1.1 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилж байснаас харвал нийт ногдол ашгийн 40 орчим хувийг ҮЦТХТ-өөр дамжуулан хуваарилсан байна. Эдгээр дундаас ХААН Банкны 33.5 мянган хувьцаа эзэмшигчдэд очих 327 гаруй тэрбум төгрөгийг ҮЦТХТ-ийн дансаар байршуулсан нь хамгийн өндөр дүнтэйд тооцогдож байна.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: ЗГ-ын бондуудын уналт

Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш хэсэг хугацаанд тогтворжоод байсан ч эргэн уналтад орлоо.

  • Арилжаалагчид болон хөрөнгө оруулагчид АНУ, Израил Ираны дайн намжиж, газрын тосны зах зээл тогтворжиж эхэлж байна гэж үзэж байсан хэдий ч нөхцөл байдал эргээд ширүүсэж, бондуудын ханшид дарамт болж байна.

  • Тухайлбал: 2027 болон 2028 онд хугацаа нь дуусах бондуудын ханш даваа гарагт огцом буурсан ч өдрийн дотор тогтворжиж, мягмар гараг гэхэд уналтаа бага зэрэг нөхсөн дүр зурагтай байв.

  • Харин пүрэв гарагт ханш нь даваа гарагийн уналтаас давж буурсан бөгөөд баасан гарагийн байдлаар уналт нь үргэлжилсэн хөдөлгөөнтэй байна.

Зам зуур

БНХАУ-ын BYD компани олон улсын зах зээлд брэнд нэр хүндээ өсгөх зорилтын хүрээнд “Formula One” зэрэг авто спортын уралдаан, тэмцээнүүдэд оролцож эхлэхээр боломжууд судалж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.

Цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэдэг тус компани дотоодын зах зээлээсээ олон улсад эрчтэй тэлэхтэй зэрэгцэн авто спортын салбар уламжлалт хөдөлгүүрээс хосолмол хөдөлгүүрийн технологи руу аажмаар шилжиж байгаа юм.

Тус компанийн судалж буй хувилбаруудад F1-ээс гадна “Le Mans”-ийн 24 цагийн уралдаан, “World Endurance Championship” зэрэг багтаж буй аж. Эдгээр уралдаанд оролцохдоо BYD өөрийн багийг шинээр бүрдүүлэх, эсвэл одоогийн багуудаас худалдан авах боломжууд байгааг мөн онцолжээ.

Хэрэв BYD энэхүү зорилгоо гүйцэлдүүлбэл Европын багууд ноёрхдог авто спортын салбарт БНХАУ-ын үйлдвэрлэгч шууд өрсөлдөх ховорхон тохиолдол болох юм.

Эцэст нь товчхон

ЭХЯ: Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам хэрэгжиж эхэлсэн байна. Уг журам батлагдсанаар хэрэглэгч илүү гарсан эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлж, дутагдлыг нөхөх давуу талтай болохыг салбарын мэргэжилтнүүд онцолж байсан юм.

ҮСХ: Зочид буудлын салбарын орлого 2025 онд 354.1 тэрбум төгрөг хүрч, өмнөх оныхоос 17.5 хувиар өслөө. 2022 онд тухайн салбарын орлого 190.3 тэрбумаар хэмжигдэж байсантай харьцуулахад түүнээс хойш тасралтгүй өсөх хандлагаа хадгалж байна.

ҮСХ: Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс хоёрдугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 112.7 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар, өмнөх сараас 2.9 хувиар тус тус өссөн байна. Жилийн өсөлтөд металлын хүдэр олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 69.4 хувиар, бусад ашигт малтмал олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 25.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Онцлох зураг

Агаарын цохилтод өртсөн барилгын нуранги доороос амьд үлдсэн хүн хайж буй аврагчид - Техран, Иран

Sajjad Safari/AP