- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/03/13
2025/03/13
Өглөөний мэнд. Ираны дайн дэлхийн газрын тосны зах зээлд түүхэнд байгаагүй том тасалдал үүсгээд байгааг ОУЭХА мэдээлэв. Монгол Улсын эдийн засаг оны эхний сард 8.6 хувиар эрчимжсэн байна. БНХАУ-ын газрын тосны компаниуд гэрээгээр нийлүүлэх газрын тосны экспортуудаа цуцалж эхэлжээ.

Түүхэнд байгаагүй тасалдал
Ираны дайнаас шалтгаалан газрын тосны зах зээлд урьд хожид тохиогоогүй том хямрал нүүрлэж, дэлхийн нийт нийлүүлэлтийн 7.5 хувьтай дүйцэх хэмжээний хохирол учраад байгааг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг мэдээллээ.
“Ойрх Дорнод дахь дайн дэлхийн газрын тосны зах зээлийн түүхэн дэх нийлүүлэлтийн хамгийн том тасалдал үүсгээд байна” хэмээн тус байгууллага мягмар гарагт гаргасан сарын тайландаа онцолжээ. Өмнөх өдөр нь тус байгууллагын гишүүн орнууд зах зээлийг намжаах үүднээс яаралтай үед ашиглах нөөцөөсөө анх удаагаа 400 сая баррель газрын тос нийлүүлэхээр тохиролцоод байсан юм.

II сарын 28-нд АНУ, Израил хамтран Иран улсад довтолсноор газрын тосны үнэ огцом өсөж, нэн чухал усан зам болох Ормузын хоолойгоор дамжих хөлөг онгоцны хөдөлгөөн үндсэндээ зогссон юм. Өнгөрсөн онд тус хоолойгоор 20 сая тонн түүхий газрын тос тээвэрлэгдэж байсан бол өдгөө нийт урсгал нь 90 гаруй хувиар буураад байгааг ОУЭХА тооцоолжээ. Түүнчлэн дайнаас шалтгаалж энэ сард дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдрийн 8 сая баррелиар буурахыг онцолсон байна.
Шатахуун түлшний үнэ өсөж, нислэгүүд цуцлагдаж, эдийн засгийн төлөв тодорхойгүй байгаа нь газрын тосны эрэлтэд хүчтэй нөлөөлснөөр 2026 онд дэлхийн газрын тосны нийт хэрэглээний өсөлт 25 орчим хувиар буурч, өдрийн 640 мянган баррель болох тооцоог мөн гаргажээ.
Сүүлийн байдлаар Ойрх Дорнодын нөхцөл байдал эргээд хурцдаж, пүрэв гарагт Иракийн эргийн ойролцоо явсан газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг цохилтод өртсөний сацуу Дубай хотод орон сууцны барилга, Кувейтийн олон улсын нисэх буудал руу дроноор довтолжээ. Улмаар газрын тосны үнэ эргэн өсөж, баррель нь 100 ам.доллар давлаа.
Ираны талаас гал зогсоохын тулд АНУ болон Израил ирээдүйд тус улс руу халдахгүй гэсэн баталгаа хэрэгтэй гэж мэдэгдсэнийг Bloomberg мэдээлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт ярилцлага өгөхдөө “Иранд цохилт өгөх байршил ер нь үлдээгүй” хэмээсэн ч дайралтаа хэт эрт зогсоох нь ухаалаг бус шийдвэр гэсэн утгатай дохио өгсөн юм.
Албан ёсны мэдээлэл, төрийн бус байгууллагуудын тооцооллоор Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш 2500 гаруй хүн амь үрэгдээд байна.
Анхаарлын төвд
Бүгдийг дотооддоо. БНХАУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд шатахуун, дизель түлшний экспортын гэрээт нийлүүлэлтүүдээ цуцалж эхэлснийг ойрын эх сурвалжууд мэдээллээ. Ойрх Дорнодын дайны нөлөөллийг даван туулахын тулд Бээжин хязгаарлалтаа чангаруулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын газрын тосны томоохон компаниуд Засгийн газраасаа экспортын шинэ гэрээ байгуулахаа зогсоох, урьдчилж тохиролцсон захиалгыг цуцлах асуудлаар хэлэлцээ хийх чиглэл авч байв. Харин энэ удаа гаалийн бүрдүүлэлт нь хараахан эцэслэгдээгүй цэвэр газрын тосны бүх бүтээгдэхүүний экспортыг зогсоох зааварчилгаа өгсөн аж.
Их бүтээн байгуулалт. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац хоорондын Усны компакт гэрээний хүрээнд шинээр байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг хүлээлгэн өгөхөд бэлэн болсныг Монголын Мянганы сорилтын сан мэдээллээ. Уг төслийг багтаасан Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр таван жил хэрэгжсэний эцэст 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр бүрэн дуусах юм. Энэхүү төсөл нь ирэх 30 жилд эдийн засагт 11 орчим хувийн өсөлт авчрах урьдчилсан тооцоо гарч байлаа.

Хэлэлцээ үргэлжилсээр. “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээний хүрээнд хоёр талын төлөөлөгчид уулзсаныг Сангийн яам мэдээллээ. Монголын зээлжих зэрэглэл сайжирч, сүүлд олон улсад боломжийн өртөгтэй бонд гаргасан зэргээр эрсдэл буурч байгаа тул зээлийн хүүг бууруулах боломжтой талаар Сангийн сайд Б.Жавхлан уулзалтын үеэр илэрхийлжээ. Засгийн газар IV сард багтаан УИХ-д уг хэлэлцээний явц, үр дүнг тайлагнах ёстойг Ерөнхий сайд өмнө нь мэдэгдэж байсан юм. Талууд энэ сард багтаан дахин нэг уулзахаар товложээ.
Шинээр цойлогч. МХБ-д бүртгэлтэй Монгол алт ХК-ийн цэвэр ашиг 2025 онд 35 хувиар өслөө. Дархан-Уул аймагт геологийн судалгаа, алт олборлолт, худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани тайлант хугацаанд 256.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Түүнчлэн 2025 онд нийт ашгийн хэмжээ нь 1 тэрбум төгрөг давсан үзүүлэлттэй байсны зэрэгцээ хоёр дахь жилдээ дараалан хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. 6.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй тус компани одоогоор Дархан суманд орон сууцны хоёр төсөл хэрэгжүүлж байгааг цахим хуудастаа мэдээлсэн байна.
Анхны бууралт. Хоёрдугаар сард орон сууцны үнийн индекс өмнөх сараас 1.1 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөж, өсөлтийн хурд нь харьцангуй саарсан байна. Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ 4.76 сая төгрөг болж өмнөх сараас 2.8 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх сараас 0.4 хувиар тус тус буурсныг Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээ. Энэ нь үнийн статистик хөтөлж эхэлснээс хойш анх удаагаа сарын дүнгээр буурсан үзүүлэлт болжээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулбал шинэ орон сууцных 10.9 хувийн, хуучин орон сууцных 9.6 хувийн өсөлттэй байна.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.
Гүн рүү: Уул уурхай дахин манлайд
Уул уурхайн салбарын огцом өсөлт болон улирлын нөлөөллийн ачаар Монгол Улсын эдийн засаг оны эхний сард 8.6 хувиар өсөж, сарын дүнгээр сүүлийн хэдэн жилд тохиогоогүй эрчийг үзүүллээ.

Тайлант хугацаанд уул уурхайн салбар 33.2 хувиар, үйлчилгээний салбар 4.3 хувиар өссөнийг ҮСХ тайландаа мэдээлсэн байна.
Оны эхний сард нүүрсний олборлолт 55.7 хувиар, зэсийн баяжмалын олборлолт 32.6 хувиар өссөн нь салбарын өсөлтийн гол хөдөлгүүр болж байна. Ингэснээр уул уурхайн салбар нийт өсөлтийн 5.5 нэгж хувийг дангаараа бүрдүүлж буй.
I сарын 8.6 хувийн өсөлт нь 2023 оны II сараас хойших хамгийн хурдтай өсөлтөд тооцогдож байна. Өнгөрсөн оны мөн үед 2.4 хувийн өсөлттэй байсан ДНБ энэ он гарсаар уул уурхайн салбарын идэвхжлийг дагаж хурдтай эрчимжсэн байна.
Үүнээс гадна бүтээгдэхүүний цэвэр татвар I сард 2.8 хувиар, тэр дундаа онцгой албан татвар, импортын бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ын татвар нэлээд буурсан нь нөлөөлжээ.
Зам зуур

АНУ-ын эм, эмийн бүтээгдэхүүний Eli Lilly & Co БНХАУ дахь үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр ирэх 10 жилийн хугацаанд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа зарлалаа.
Тус компани АНУ-д эрчимтэй хөгжиж буй таргалалтын эсрэг эмийн зах зээлд ноёрхлоо бэхжүүлэхийг зорьж байгаа юм. Тиймээс дээрх санхүүжилтийн дийлэнх хувийг БНХАУ-ын зохицуулагч байгууллагаас шалгаж буй орфорглипрон тураах эмийн үйлдвэрлэлд зарцуулах аж. Энэ хүрээнд Pharmaron Beijing Pharmaceutical зэрэг орон нутгийн компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Eli Lilly нь эрчимтэй хөгжиж буй БНХАУ-ын эмийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн дэд бүтцийг ашиглахын зэрэгцээ тус зах зээлд нэвтрэхийг зорьж байгаа АНУ-ын эм үйлдвэрлэгчдийн нэг юм.
Эцэст нь товчхон
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа. Журамд төрийн албан хаагчийн квотыг 35 хувь, үүнээс төрийн үйлчилгээний албан хаагчид буюу эмч, багшийн квотыг дангаар нь 20 хувь байхаар тогтоожээ.
Монголын Төмөр Зам ТӨХК 2025 онд 38.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2024 онтой харьцуулахад 26 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна. Тайлант хугацаанд борлуулалтын орлого нь 291.6 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 130 гаруй хувийн өсжээ.
Онцлох зураг
АНУ-ын B-1 стратегийн бөмбөгдөгч онгоц газардахын өмнө - Фэрфорд, Англи

Christopher Furlong/Getty Images