- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/03/12
2025/03/12
Өглөөний мэнд. ОХУ-аас агаарын тээврийн түлш авах тухай шүүмжлэл дагуулсан хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар болов. Шатахууны хомсдолын улмаас Азийн орнууд ажлын 4 өдөрт шилжиж, сургуулиудаа хааж эхэлж байна. Үндэсний үйлдвэрийн мах, сүү, гурил, хүнсний ногоо зэргийг НӨАТ-аас чөлөөлдөг заалтыг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Азийг нөмөрсөн түгшүүр
Азийн зарим орнуудын Засгийн газрууд шатахуун, түлшний хэрэглээгээ хязгаарлаж, иргэддээ сандарч тэвдсэн худалдан авалт хийхгүй байхыг уриалж эхэлжээ. Энэ нь тус бүс нутаг эрчим хүчний импорт болон нийлүүлэлтийн тасалдалтай холбоотой эрсдэлд маш эмзэг байгаагийн тод илрэл боллоо.
Тухайлбал Вьетнам улс газрын тосны тодорхой төрлийн бүтээгдэхүүнүүдийн импортын татварыг бууруулж, экспортод гаргахаар гэрээлээгүй газрын тосыг заавал дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд худалдах журам гаргажээ. Мөн тус улсын Иргэний агаарын тээврийн газраас IV сарын эхээр онгоцны түлшний хомсдол үүсэж болзошгүйг анхааруулсан байна.

Монголтой адил газрын тосны бараг бүх хэрэглээгээ импортоос хангадаг Филиппинд Төрийн байгууллагууд ажлын дөрвөн өдрийн системийг түр хугацаанд нэвтрүүлсний сацуу цахилгаан шатны хэрэглээг хязгаарлах, агааржуулагчийг хамгийн багадаа Цельсийн 24 хэм дээр тохируулах зэрэг зөвлөмжийг иргэддээ өгчээ.
Пакистан улс мөн ажлын өдрүүдийг цөөлөх, сургуулиудыг амраах, Засгийн газрын сайд нарын цалин хангамжийг түр зогсоох зэрэг хэмнэлтийн 10 гаруй арга хэмжээг авч хэрэгжүүлж буй талаар тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф даваа гарагийн орой үндэсний телевизээрээ зарлажээ.
Дэлхийд эрчим хүчний импортоор тэргүүлдэг бүс нутагт дайн дэгдэж, Персийн булангаас нийлүүлэх газрын тос, түлшний хангамж хязгаарлагдаад буй. Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт үндсэндээ зогссон нь Азийн орнуудын Засгийн газар болон компаниуд нөөцийн хомсдолыг шийдэх, нийлүүлэлтийн өөр хувилбар хайх зэрэг асуудлуудтай ийнхүү нүүр тулаад байна
Анхаарлын төвд
Яарч хөдлөх цаг. ОХУ дотооддоо нөөц бүрдүүлэхэд анхаарч байгаа ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээнд өөрчлөлт орохгүй гэдгээ илэрхийлснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ. 2025 оны эцсээр тус улсаас 60,000 тонн АИ-92 төрлийн шатахууныг нэгжийг нь 705 ам.доллараар авах гэрээг сунгаж чадсан юм. Мөн Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Монгол Улстай хиллэдэг бүс нутгуудад байгаа шатахуун нөөцлөх савуудыг яаралтай түрээсэлж, нөөц бүрдүүлэхийг салбарын сайдад даалгасан байна
“Сэвтэй” хэлэлцээр. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд мэдээллээ. Тус хэлэлцээрийг өнгөрсөн онд УИХ-аар хэлэлцүүлсэн ч багагүй шүүмжлэл дагуулж, дахин боловсруулах шаардлагатай гэж үзсэн юм. Хэлэлцээрийн өмнөх төсөлд Монголын 60 хувь, ОХУ-ын 40 хувийн эзэмшил бүхий хамтарсан компани байгуулж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглах агуулгатай заалт орсон байсан нь эсэргүүцэл дагуулж байв.

Ураны дундрашгүй ач холбогдол. БНФУ-ын Ерөнхийлөгч Эмманэль Макрон Европын орнууд ураны нийлүүлэлтээр ОХУ-аас хамааралтай байдлыг бууруулахын тулд Казахстан, Узбекистан, Монгол, Канад, Австрали зэрэг бусад орнуудаар нийлүүлэлтээ төрөлжүүлэх шаардлага байгааг онцолжээ. Парист болсон олон улсын Цөмийн эрчим хүчний чуулга уулзалтын үеэр тэрбээр үг хэлэхдээ цөмийн эрчим хүч нь улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд нэн чухал ач холбогдолтойг мөн тодотгосон байна. Түүнчлэн ойрын өдрүүдэд Францын цөмийн бодлогын зөвлөл хуралдаж, эрчим хүчний стратегитэй холбоотой шинэ шийдвэрүүд гаргахыг мэдээлжээ.
Хөнгөлөлт үгүй. УИХ-д өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд дотоодод үйлдвэрлэж, борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнийг НӨАТ-аас чөлөөлдөг заалтыг хүчингүй болгохоор тусгасан байна. ЗГ-ын Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 2.7 их наяд төгрөгөөр бууруулна гэж тооцоолж байгаа. Гэтэл өгөө талдаа үндэсний үйлдвэрийн өргөн хэрэглээний зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтийг цуцалснаар үнэ нь нэмэгдэх эрсдэл бий болж байна.
Хотын инфляц. Улаанбаатар хотын хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс II сард 6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.3 нэгж хувиар, өмнөх сараас 1.5 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна. Инфляц саарахад хүнснээс бусад бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийн өсөлт удааширсан нь голлон нөлөөлжээ. Харин хүнсний бүлгийн үнийн өсөлт нийслэл хотод улсын дунджаас өндөр түвшинд хэвээр хадгалагдаж байна.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.
Гүн рүү: Дайнаас ирэх ашиг
Ойрх Дорнодын дайны улмаас ОХУ-ын газрын тосны борлуулалтаас бүрдүүлэх орлого ирэх долоо хоногуудад эрс өсөх төлөвтэй байна. Олон улсад тус түүхий эдийн жишиг үнэ өссөнтэй зэрэгцэн АНУ хоригуудаа чөлөөлөх нь гол дэмжлэг болохоор байна.

Гуравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын газрын тосны экспортын дундаж хэмжээ өдөрт 3.26 сая баррель хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 200 мянган баррелиар буурсан дүн болж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ зөвшөөрөл өгснөөс хойш Энэтхэгийн үйлдвэрүүд ОХУ-аас 30 сая баррель газрын тос худалдан авахаар тохиролцоод буйг эх сурвалжууд мэдээлсэн юм.
Өмнө нь АНУ Нарендра Модигийн Засгийн газрыг тарифаар сүрдүүлж, ОХУ-аас эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авах зогсоохыг шаардаж байв. Харин Ойрх Дорнодын дайнаас болж нийлүүлэлт доголдох эрсдэл үүссэнээр хоригоо сулруулсан нь энэ аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эрчим хүч нийлүүлэгч компаниуддаа хандан "Түүхий эдийн одоогийн өндөр үнэ бол түр зуурын үзэгдэл" гэдгийг сануулж, гэнэтийн ашгийг ухаалаг зарцуулахыг уриалсан байна.
Зам зуур

Английн Төв банк фунт стерлингийн дэвсгэртийнхээ загварыг шинэчилж, дэвсгэртийн ар талд залсан Ерөнхий сайд Уинстон Черчилл, зохиолч Жэйн Остин, математикч Алан Тюринг зэрэг түүхэн хүмүүсийн хөргийг хасахаар болжээ.
Шинэ үеийн дэвсгэртүүд дээр тэдний оронд Их Британид байдаг зэрлэг амьтдын зургийг дүрслэхээр болсон байна. Мөн ургамал, газар нутгийн дүрслэл зэрэг байгалийн бусад элементүүд нэмж магадгүйг онцолжээ.
Өнгөрсөн онд Английн Төв банк фунт стерлингийн дэвсгэртүүдийг шинэчлэх асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулж, байгалийн сэдэвт дүрслэл оруулах хувилбарт хамгийн олон буюу 44 мянган санал авчээ.
Хэдий тийм боловч олон улсад зөрчил мөргөлдөөн хурцдаж, дотоодод нь улс төрийн нөхцөл байдал баруун, зүүн жигүүр хооронд улам хуваагдаж буй энэ үед үндэсний бахархалт хүмүүсийн хөргийг солих нь эсэргүүцэл, маргаан дагуулах эрсдэл өндөр байна.
Эцэст нь товчхон
ҮСХ: Хоёрдугаар сард орон сууцны үнийн индекс өмнөх сараас 1.1 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөж, өсөлтийн хурд нь харьцангуй саарсан байна. Энэ дундаа шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ 4.76 сая төгрөг болж, өмнөх сараас 2.8 хувиар буурчээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулсан байна. Үүнд гадаадад байгаа иргэд болон санал авах өдөр оршин суугаа хаягаасаа өөр газарт буюу уул уурхай, орон нутагт ажиллаж буй иргэд, оюутнуудын санал өгөх арга, хэлбэрийг нэмэгдүүлэхээр боловсруулжээ.
Онцлох зураг
Ираны дайнаас үүдэж болзошгүй хомсдолоос болгоомжилж, шатахуун түгээх станц дээр урт дараалал үүсгэн зогсож буй жолооч нар - Дака, Бангладеш

Mohammad Ponir Hossain/Reuters