2025/03/11

Өглөөний мэнд. Монгол Улс 2028 онд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох зорилготой ч газрын тосны олборлолт жил бүр буурч байна. Ипотекийн зээлийн шийдэгдээгүй хүсэлтийн дүн ₮5.5 их наядад хүрч хуримтлагджээ. ЗГ Оюутолгой төслөөс хүртэх өгөөжийг 60 хувь давуулж, 2026 онд багтаан ногдол ашиг авах шаардлага Rio Tinto-д тавив.

Газрын тосны гацаа

Персийн булангийн газрын тосны нийлүүлэлтийн гол судас тасарснаар импортлогч орнууд дотоодын хэрэгцээгээ найдвартай болгохоор яаравчилж байна. Гэтэл шатахуун, түлшээ 100 хувь импортоор хангадаг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын газрын тосны олборлолт сүүлийн жилүүдэд тогтмол буурах боллоо.

2025 онд 500 орчим мянган тонн газрын тос олборлосон нь орд ашиглах төлөвлөгөөнөөс гурав дахин бага үзүүлэлт болсныг Ашигт Малтмал, Газрын Тосны Газар мэдээлсэн. Орд ашиглах төлөвлөгөөгөөр жилд 1.5 сая тонныг олборлох шаардлагатай аж.

Улсын хэмжээнд газрын тос олборлох чиглэлд гурван компанитай бүтээгдэхүүн хуваах дөрвөн гэрээ байгуулсан бол хайгуулын чиглэлд 18 гэрээ хэрэгжиж буйг АМГТГ-ын мэдээлэл харуулж байна. Харамсалтай нь хамгийн том олборлогч ПетроЧайна Дачин Тамсаг компанитай татварын маргаан үүссэний сацуу эрчим хүчний дутагдал, нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын эсэргүүцлээс шалтгаалж хөрөнгө оруулагч компаниудын санхүүжилт, олборлолт буурчээ.

Мөн одоогоор идэвхтэй олборлолт, хайгуул явуулж буй Petro Matad компани “Матад-XX”, “Борзон-VII” талбайнуудад бүтээгдэхүүн хуваах гэрээтэйгээр ажиллаж, удаан саатсан “Heron-1” цооногоосоо 2025 онд өдөрт дунджаар 161 баррель газрын тос олборлосноо сүүлд мэдээлж байв.

Монгол Улс 2028 он гэхэд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох зорилттой. Монгол, Энэтхэгийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 гаруй хувийн явцтай байгаа юм. Тус үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулж, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой болно гэж тооцоологдсон.

Гэтэл үйлдвэр ажиллаж эхлэх үед бүрэн хүчин чадлыг нь хангах хэмжээний 1.5 сая тонн газрын тос олборлож чадах эсэх нь одоогийн эрчээр эргэлзээтэй байна. Тиймээс энэ хугацаанд Монгол Улс газрын тосны салбарынхаа хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинэ ордууд нээж ашиглалтад шилжүүлэх зайлшгүй шаардлага үүсжээ.

Анхаарлын төвд

Эрт авна, ихийг авна. Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюутолгой” төслийн менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн асуудлаар Rio Tinto-ийн тавьсан саналыг хүлээн авахаас татгалзаж, төслөөс Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, наашлуулах шаардлагууд тавив. Одоогийн нөхцөлөөр Монгол Улс “Оюутолгой” төслөөс 20, 30 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр байгаа нь харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй гэдгийг илэрхийлжээ. Мөн УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангуулахын тулд ОТ төслөөс Монголд ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах зэрэг шаардлага тавьсан байна.

Шийдэгдээгүй хүсэлт хуримтлагдсаар. 2026 оны II сарын эцсийн байдлаар 5.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт хүлээгдэж байгааг Монголбанк мэдээллээ. ЗГ 2026 онд Хуримтлалын сангийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд Хуримтлалын сан, Монголбанк, банкнуудын эх үүсвэрээр энэ онд нийт 1 их наяд орчим төгрөгийн зээлийг хөтөлбөрийн хүрээнд олгохоор төлөвлөсөн юм. Өнгөрсөн онд дээрх эх үүсвэрүүдээр 1.1 их наяд төгрөгийн зээлийг 9 мянга гаруй өрхөд олгожээ. Төв банкны тайлангаас харвал Монголбанкны тайлангаас харвал ипотекийн зээлийн нийт үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 11.5 их наяд төгрөг болсон байна.

Монгол даатгал ХК хоёр жил алдагдалтай ажилласны эцэст 2025 он ашигтай ажилласан тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани 352.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласны дунд даатгалын үйл ажиллагааны ашиг нь долоон хувиар нэмэгдэж, 8.3 тэрбум төгрөг хүрчээ. Нээлттэй даатгалын компаниудаас зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр Монгол даатгалын хувьцаа он гарсаар хоёр өдөр л арилжаалагдсан байна.

Хий оргилсоор. TMK Energy компани "Гурвантэс XXXV" төслийн хийн урсгал нь дахин нэг удаа дээд цэгээ шинэчилснийг танилцууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд өдөрт 900 куб метр хий олборлосон нь I сарын түвшнээсээ 33 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Тэр дундаа сүүлд өрөмдсөн “Lucky Fox-07” цооногийн үйлдвэрлэл сүүлийн саруудад 500 хувиар өссөн байна. Ингэснээр 2025 оны VIII сараас хойш туршилтын төслийн хүрээнд хийн үйлдвэрлэл нийт 900 хувиар өссөн буюу бараг сар бүр шинэ дээд түвшнээ тогтоож байгаа юм.

Амсхийх үе. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зах зээлийг тайвшруулах дохио өгсний дараа даваа гарагт огцом савлаж байсан газрын тосны үнэ харьцангуй тогтворжлоо. Газрын тостой холбоотой хориг арга хэмжээнүүдийг цуцалж, Ормузын хоолойгоор гарах тээвэрлэг хөлгүүдийг АНУ-ын тэнгисийн цэргийн хөлгүүд хамгаалж, мөн Ирантай хийж буй дайны төгсгөл ойртсон байж магадгүйг тэрбээр мэдэгдсэн юм. Үүнээс гадна даваа гарагт Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, Украины дайн болон Иранд үүсээд буй асуудлыг шийдвэрлэх боломжуудын талаар ярилцсаныг TASS агентлаг мэдээлжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Саваа дүүргэнэ

Газрын тосны нийлүүлэлт доголдох эрсдэл нэмэгдсэнээр БНХАУ нөөцөө бүрдүүлэх үүднээс оны эхний хоёр сард газрын тосны худалдан авалтаа эрс нэмэгдүүлжээ. Энэ хугацаанд 96.9 сая тонн газрын тос импортолсон нь өмнөх оныхоосоо 16 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

  • Тайлант хугацаанд БНХАУ-ын нийт экспорт хүлээлтээс хурдтай өсжээ. Өмнөх оны мөн үеэс 22 орчим хувиар өссөн нь Bloomberg-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдын дундаж төсөөлөл болох 7.2 хувиас хамаагүй өндөр үзүүлэлт юм.

  • Нөгөө талд БНХАУ-ын импорт 20 орчим хувиар нэмэгдсэнээр худалдааны тэнцлийн ашиг нь 214 тэрбум ам.доллар хүрч, түүхэн дээд үзүүлэлт эвдсэнийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Хэдий тийм боловч Ойрх Дорнодын нөхцөл байдал цаашдын төлөвт эрсдэл дагуулж буйг шинжээчид анхааруулж байна.

  • Газрын тосны олборлолтоор тэргүүлэгч бүс нутагт мөргөлдөөн удаан үргэлжилбэл инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлтийн төлөвт сөргөөр нөлөөлнө. Энэ нь эргээд БНХАУ-ын экспортыг бууруулах эрсдэлтэйг Standard Chartered банкны шинжээч мэдээлсэн юм.

Зам зуур

Засгийн газрын гол зөвшөөрлийг авснаар АНУ-ын Нью-Йорк тэргүүтэй хотууд, тодорхой тооны мужуудад цахилгаан хөдөлгүүртэй нисдэг таксинууд туршилтын нислэг үйлдэх боломжтой болжээ.

АНУ-ын Тээврийн яам босоо чиглэлд хөөрч, буух дэвшилтэт агаарын тээвэр буюу нисдэг таксины туршилт явуулж, АНУ-ын агаарын орон зайд нэвтрүүлэх хөтөлбөрт найман төсөл хэрэгжүүлэгчийг сонгосноо даваа гарагт мэдээлсэн байна.

Хөтөлбөрт шалгарсан төсөл хэрэгжүүлэгчдийн дунд Joby Aviation, Archer Aviation зэрэг компаниуд багтсан бөгөөд АНУ-ын арваад муж, Нью-Йорк, Нью-Жерсигийн боомтын захиргаатай хамтран нислэг үйлдэхээр байгаагаа мэдээлжээ.

Онцлох зураг

Хиватари Мацүри шашны баярын үеэр модны халуун нурам дээгүүр гүйж буй ламхай - Токио, Япон

Takashi Aoyama/Getty Images