- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/03/10
2025/03/10
Өглөөний мэнд. Монгол Улсын инфляц үргэлжлэн саарч, II сард 6.5 хувь болж буурлаа. БНХАУ 5 жилийн төлөвлөгөөндөө уур амьсгалын “хашир” зорилт тогтоож, нүүрсний хэрэглээг өсгөх орон зай гаргажээ. Ираны дайны айдас нэмэгдэж, газрын тосны үнэ баррель нь $100 ам.доллар давлаа.

Нүүрс үнс болохгүй…
Дэлхийд бохирдуулалтаар тэргүүлдэг БНХАУ 2030 он хүртэлх уур амьсгалын зорилтоо хянуур түвшинд тогтоож, мөн ирэх таван жилд нүүрс болон газрын тосны хэрэглээгээ бууруулж эхлэх хугацааг яг таг тодорхойлсонгүй. Энэхүү хашир стратеги нь сүүлийн үед уур амьсгалын төлөөх үйл хэрэгт Хятад улсын баримталж буй мессежтэй нийцэж байгааг шинжээчид онцолж байна. Бээжингийн эрх баригчид хүлэмжийн хийн ялгарлыг эрчтэй бууруулахын оронд бохирдуулалт багатай ногоон салбаруудаа хөгжүүлэхийг тэргүүнд тавьж байгаа юм.
Шинэ зорилтоор тус улс энэ арваны төгсгөл гэхэд ДНБ-ий нэгж тус бүрд нүүрстөрөгчийн ялгарлыг 17 хувиар бууруулахаар амласан байна. Харьцуулбал 2025 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөгөөр тогтоож байсан 18 хувиар бууруулах зорилтдоо тус улс арай хүрч чадаагүйг жилийн тайлангууд харуулж буй.

Үүнээс гадна төлөвлөгөөнд “нүүрс, газрын тосны хэрэглээг оргилд нь хүргэхийг дэмжинэ” гэсэн амлалт багтаажээ. Өөрөөр хэлбэл эдгээр түүхий эдийн хэрэглээг шууд бууруулж эхлэх бус, харин дахин өсөхөөргүй түвшинд аваачихыг зорих агуулга илэрхийлсэн байна. Энэ нь Ерөнхийлөгч Ши Жиньпиний 2021 онд амлаж байсан нүүрсний хэрэглээг аажмаар бууруулах зорилтоос ухарсан явдал болоод зогсохгүй эрчим хүч, химийн үйлдвэрлэлийн салбарт нүүрсний хэрэглээ зорилтот дээд түвшнээс давж өсөх орон зай үлдээж байгааг Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв (CREA) онцолжээ.
Санал болгох: БНХАУ-ын химийн үйлдвэрүүд газрын тосноос нүүрс рүү шилжиж, тэрбум тэрбумаар нь ашиг хийж байна
Өмнө нь Хятадын төрийн хэвлэлүүд нүүрсний хэрэглээ 2027 онд, газрын тосны хэрэглээ 2026 он гэхэд оргилдоо хүрээд буурч эхэлнэ гэж таамаглаж байв. Мөн “чулуужсан эрчим хүчний бүтээгдэхүүний цэвэр бөгөөд үр ашигтай хэрэглээг бэхжүүлнэ” гэж төлөвлөгөөнд тусгасан нь өдгөө Хятадын нүүрстөрөгчийн ялгарал өсөхөд гол нөлөө үзүүлж байгаа нүүрс-химийн салбарыг улам өргөжүүлнэ гэсэн дохио болохыг CREA тодотгосон байна. Ерөнхийдөө тус салбарын өсөлтийг хязгаарлахын оронд ногоон устөрөгч, биомассын хэрэглээг нэвтрүүлэх замаар нүүрстөрөгчийн ул мөрийг нь бууруулах чиглэл баримтлах шинжтэй.
15 дугаар таван жилийн төлөвлөгөөнд жил бүр 30 сая тонн нүүрсний хэрэглээг бусад цэвэр хувилбаруудаар орлуулах зорилт багтаасан байна. Гэхдээ зөвхөн өнгөрсөн онд 3.17 тэрбум тонноор хэмжигдэж байсан БНХАУ-ын нүүрсний нийт хэрэглээтэй харьцуулахад дээрх зорилт өчүүхэн гэхэд болно.
Анхаарлын төвд
Инфляц цурамд оров уу? Улсын хэмжээнд инфляцын түвшин II сард 6.5 хувь болж саарлаа. ҮСХ-ны тайлангаас харахад хэрэглээний үнийн индекс 2024 оны дунд үеэс хойших доод цэгтээ хүрч, шинжээчдийн таамгаас доогуур түвшинд хадгалагдаж байна. Энэ оны эхний улиралд инфляц дунджаар 9.4 хувьтай байх төсөөлөлтэй байсан бол II сарын эцэст түүнээс 3 нэгж хувиар доогуур байна. Оны эхний сард 3.5 хувиар өсөөд байсан хүнсний бүлгийн үнэ II сард 1.8 хувь болсны зэрэгцээ үйлчилгээний үнийн өсөлт тайлант хугацаанд 8.9 хувиас 7 хувь болж буурсан нь инфляц саарахад нөлөөлжээ.
ГХО-ын халуун цэг. Төв Азийн хамгийн том эдийн засагтай улс болох Казахстан ирэх сарын эхээр юаниар нэрлэгдсэн “Panda” бонд гаргаж, 500 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт татахаар төлөвлөжээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 10 гаруй жилийн өмнө Казахстанд өргөн хүрээтэй "Бүс ба Зам" дэд бүтцийн санаачилгыг эхлүүлж байв. Украины дайн эхэлсний дараа ОХУ-ыг чиглэсэн хориг арга хэмжээ нэмэгдсэнээр БНХАУ Төв Азийн улсуудтай харилцаагаа гүнзгийрүүлж эхэлсэн юм. Евразийн Хөгжлийн банкны 2025 оны XII сард гаргасан тайланд дурдсанаар ашигт малтмал, эрчим хүчний нөөцөөр баялаг Төв Азийн бүс нутагт БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилд бараг 36 тэрбум ам.доллар хүрч өсжээ.

Нефтийн үнэ тэнгэрт. Эрчим хүчний зах зээлийг донсолгож буй Ойрх Дорнодын зөрчилдөөн улам ширүүссэнээр газрын тосны үнэ даваа гарагт огцом өсөж, баррель нь 120 ам.доллар шүргээд эргэн буурлаа. Ормузын хоолой дахь хөдөлгөөн зогссоноор олон улсад газрын тосны нийлүүлэлт хумигдаж, Кувейт, АНЭУ зэрэг Ойрх Дорнодын гол экспортлогч орнууд гарцаа танаж эхэлсэн нь үүнд нөлөөлөв. Брент газрын тосны үнэ 11 орчим хувиар өссөн нь анх 1988 онд фьючерс арилжаа явагдаж эхэлснээс хойших нэг өдрийн хамгийн өндөр дүнтэй өсөлт болж байна. Харин Их Долоогийн орнууд яаралтай үеийн стратегийн нөөцөө ашиглахаар төлөвлөж буй мэдээлэл гарсны дараа өсөлт нь саарлаа.
Эрчим хүчний стратеги. Монгол Улс эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жилд эрчим хүчний салбарт 18.8 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ. Эдгээр төслийн үр дүнд Монгол Улсын суурилагдсан хүчин чадал 2030 он гэхэд 2100 мВт хүрч, эрчим хүчний импортын хамаарал 40 хүртэлх хувиар буурах тооцоо гарсан байна. 2026 оны эхний хоёр сарын хугацаанд Монгол Улс 34 сая ам.доллароор цахилгаан, эрчим хүч импортлоод байгааг Гаалийн ерөнхий газар мэдээлж байв.
Бондын идэвхжил. Оны эхний хоёр сард Монголын Хөрөнгийн бирж дээрх бондын арилжаа эрс идэвхэжсэн байна. II сарын байдлаар 24.4 тэрбум төгрөгийн бонд арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 69.8 хувиар өсжээ. Нийт арилжааны үнийн дүнгийн дийлэнхийг Ти Эм Эл Пластик ХХК-ийн ам.долларын ногоон бондын арилжаа бүрдүүлсэн байна. Он гарсаар нийт 6.2 сая ам.доллар буюу 22 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээгээр тус ногоон бонд эргэлтэд оржээ. Энэ нь бондын зах зээлийн арилжааны идэвх нэлээд өндөр төвлөрөлтэй байгааг харуулж буй.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.
Гүн рүү: Зэсийн борлуулалт
Одоогийн зах зээлийн нөхцөл байдалд Монгол Улсын экспортын гол бараа, бүтээгдэхүүнүүд маш ашигтай байгаа нь өнгөрсөн сард нийт экспорт өмнөх оны мөн үеэс 52 хувиар өсөхөд нөлөөллөө. Экспортын бүрдэлд коксжих нүүрс хол илүү давамгайлдаг байсан нь өөрчлөгдөж, зэсийн баяжмалын экспорт өдгөө орлогын дийлэнхийг бүрдүүлж байна.

2026 оны эхний хоёр сарын байдлаар экспортод гаргасан алт, нүүрс, зэс болон төмрийн хүдрийн дүн өмнөх оны мөн үеэс 62.9 хувиар өсөж, 2.7 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний талаас дээш хувь буюу 1.4 тэрбум ам.долларыг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлсэн бол нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллартой тэнцэж байна.
Зэсийн экспортын хувьд II сард хилээр гаргасан хэмжээ эхний сарынхаас буурсан хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулбал биет хэмжээ нь 49.4 хувиар өссөн байна. Зэсийн ханш түүхэн дээд цэгтээ ойрхон арилжаалагдаж буйтай зэрэгцээд экспортод гаргасан зэсийн орлого өмнөх оны мөн үеэс 2.5 дахин нэмэгджээ.
Гэсэн хэдий ч дэлхийн зэсийн тэн хагасыг хэрэглэдэг БНХАУ-ын худалдан авагчид үнэ өндөр үед худалдан авалтаа бууруулж эхэлжээ. Сар шинийн амралтын дараа зэсийн эрэлт аажмаар сэргэсэн ч хангалтгүй хэвээр байгааг арилжаалагчид хэлж буй.
Хятадын зэс боловсруулах томоохон үйлдвэрүүд үнэ, премиумын эрсдэлээс сэргийлэхийн тулд нөөцөө доогуур байлгахыг илүүд үзэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Зам зуур

Монгол Улс энэ оны эхний хоёр сард 82.1 мянган жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна. Энэ нь өвлийн аялал жуулчлал хөгжиж буйн илрэл болохыг Ерөнхий сайд Г.Занданшатар "Tourism Week" чуулганы үеэр онцоллоо.
2021 оноос эхлэн Монголын аялал жуулчлалын салбарын өсөлт жилд ойролцоогоор 10-аас дээш хувьд хадгалагдсаныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Т.Баттулга мэдээлж байв. 1990 оноос хойших тоон үзүүлэлтийг харвал өмнө нь жилийн өсөлт дунджаар 2-3 хувьтай байсан аж.
Энд онд манай улс нэг сая жуулчин хүлээн авах зорилтоо дахин дэвшүүлээд байгаа. Аялал жуулчлалын салбарын бизнест зориулсан 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох, дэд бүтцийг хөгжүүлэх, Монголын байгаль, соёлын өвийг олон улсад сурталчлах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөснийг ЗГ-аас мэдээллээ.
Эцэст нь товчхон
АПУ ХК түгээлтийн стратегийнх нь чухал зангилаа болж, нийт ачилтын 38 хүртэлх хувийг дангаараа гүйцэтгэх хүчин чадалтай гэж тооцоолж буй Зүүн бүсийн автомат агуулахын төслөө эхлүүллээ. 75-80 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй тус төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн зүүн бүс төдийгүй зүүн, зүүн өмнөд аймгуудын түгээлтийн сүлжээг илүү оновчтой, найдвартай болгоно гэж үзжээ.
ГХЯ: Ойрх Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд III сарын 10-нд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. III сарын 01-ний өдрийн байдлаар тус бүс нутагт Монгол Улсын 350 орчим иргэн байгааг Гадаад харилцааны яам мэдээлж байсан.
Онцлох зураг
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран дахь ажиллагааны үеэр амь үрэгдсэн цэргийн цогцсыг авчрах үеэр ёсолж буй нь - Делавер, АНУ

Saul Loeb/AFP/Getty Images