- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/03/09
2025/03/09
Өглөөний мэнд. Ойрх Дорнодын дайнаас үүдэх валютын ханшийн уналтаас хамгаалахаар Азийн орнууд валютын даацтай нөөц бүрдүүлээд байна. БНХАУ 5 жилийн төлөвлөгөөндөө ОХУ-ын хийн хоолойн төслийг урагшлуулах зорилт багтаажээ. Монгол Улсын гадаад худалдаа I-II сард $4.6 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өслөө.

Хурааснаа ашиглах цаг
Хөгжиж буй орнуудын хувьцаа, валют 2020 оны цар тахлын оргил үеэс хойших хамгийн уналттай долоо хоногоо үдлээ.
MSCI-ийн хөгжиж буй орнуудын валютын индекс өнгөрсөн долоо хоногт 1.4 орчим хувиар буурсан бол хөгжиж буй орнуудын хувьцааны индекс нь 6 хувь давж доошилжээ. Ингэснээр хаалтын ханшаар тооцвол аль аль нь 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн тааруу үзүүлэлттэй долоо хоногийг өндөрлүүлэв.
Газрын тосны үнийн өсөлт, ялангуяа Брент төрлийн түүхий газрын тос өнгөрсөн долоо хоногт 2024 оны долоодугаар сараас хойших дээд түвшиндээ хүрч өссөн нь хөгжиж буй орнуудын валютын ханшийн төлөвийг доош татаж байгаа юм. Мөн аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн эрэлт нэмэгдсэнээр хөгжиж буй орнуудын валют ам.долларын эсрэг дийлэнхдээ суларлаа.

Азийн орнуудаас Энэтхэгийн рупи шинэ доод түвшиндээ хүрч унасан бол БНСУ-ын вон дэлхийн санхүүгийн хямралын үеийн түвшинд, Индонезын рупиа зургаан долоо хоногийн доод түвшинд хүрч тус тус суларчээ.
Ойрх Дорнодын дайн ийнхүү эрчим хүчний бүтээгдэхүүнийг өсгөж, газрын тос импортлогч орнуудын гол эрсдэл биеллээ олж буй энэ үед Азийн орнууд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа хамгаалахад нийт 8 их наяд ам.доллароор хэмжигдэж буй валютын нөөцийнхөө хэргийг гаргахаар байна.
Азийн томоохон төв банкнуудын гадаад валютын нөөц 2024 оны сүүлээс хойш 600 тэрбум орчим ам.доллароор өссөнийг Bloomberg тооцоолжээ. Өнгөрсөн жилээс хойш төв банкнууд валют ихээр хуримтлуулж эхэлсэнтэй зэрэгцэн алтны үнэ цойлж, ам.долларын ханш суларсан нь нөөцийн үнэлгээ улам зузаарахад нь дэм болжээ.
Тэгвэл одоо бодлого тодорхойлогчид Ираны дайнаас айсуй цохилтыг зөөлрүүлэхээр сан хөмрөгөө хэдийнээ “уудалж” эхэлсэн байна. Тухайлбал Индонез, Энэтхэг, Тайвань валютын зах зээлдээ интервенц хийгээд байгаа бол БНХАУ өдөр тутмын баримтлах ханшаар дамжуулан юанийн ханшийг дэмжих дохио өгчээ.
Өнгөрсөн оны сүүлд 1.1 тэрбум ам.доллароор огцом өсөж, түүхэнд анх удаа 7 тэрбумын босгыг даваад байсан Монгол Улсын гадаад валютын албан нөөц II сарын эцэст 6.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Оны эхний хоёр сарын байдлаар хэдий ялимгүй бууралттай ч ГВАН өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 40 гаруй хувиар өндөр байгаа. 2026 онд гадаад валютын нөөцийн хэмжээ улирлын онцлогоос хамааран хэлбэлзэх ч эдийн засгийн суурь нөхцөл эерэг байх хүлээлттэйгээ Монголбанк өнгөрсөн сард мэдэгдсэн юм.
Анхаарлын төвд
Зэсийн нуруун дээр. Түүхий эдийн экспортын сэргэлт эрчээ хадгалж, оны эхний хоёр сард Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 4.6 тэрбум ам.доллар болсноор өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өслөө. ГЕГ-ын мэдээлснээр экспортын дүн импортын дүнгээс 1.5 тэрбум ам.доллароор давж, худалдааны тэнцэл эерэг гарсан байна. Нүүрсний үнэ, экспорт эрс доройтож байсан 2025 оны эхний саруудтай харьцуулахад экспорт 51.9 хувиар өсөөд зогсохгүй 2023, 2024 оны эхний хоёр сарын дүнгээс ч өндөр байна. Экспортын орлогын 46.8 хувийг зэсийн хүдэр ба баяжмал, 34.4 хувийг чулуун нүүрс, 7.4 хувийг алтны борлуулалт тус тус эзэлжээ.
Барихаар шулуудав. БНХАУ эдийн засгийн 15 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө ОХУ-ын байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд ахиц гаргах зорилт багтаасан байна. Энэ нь Бээжингээс түлшний нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангах, Москватай харилцаагаа бэхжүүлэх томоохон алхам боллоо. Пүрэв гарагт танилцуулсан төлөвлөгөөнд Хятад-Оросын байгалийн хийн төв хоолой буюу "Сибирийн хүч-2" хийн хоолойг барих урьдчилсан шатны ажлыг урагшлуулах зорилт тусгасан байна.

Гараанаас хөдөлсөн ч ахиц удаашралтай байгаа тус төсөл одоогийн "Сибирийн хүч" хоолойг дэмжиж, Ойрх Дорнодын зөрчил мөргөлдөөн бүс нутгийн байгалийн хийн нийлүүлэлтийн найдвартай байдалд эргэлзээ төрүүлэх болсон энэ үед БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх юм.
Монгол талын шинэ захирал. Rio Tinto компани Оюу Толгой ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Бэгзжавын Дуламсүрэнг Зэсийн группийнхээ Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар дэвшүүлэн томилсныг ойрын эх сурвалж мэдээллээ. Rio Tinto-ийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан С.Мөнхсүх өнгөрсөн оны сүүлээр Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд очоод байгаа. Б.Дуламсүрэн нь С.Мөнхсүхийг орлон Rio Tinto-ийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцах бөгөөд ирэх тавдугаар сард албан тушаалаа хүлээн авах юм байна.
Ураны хамтрал. Монгол, Узбекистан улсууд хамтран Монголын ураны боломжит нөөцтэй бүсүүдэд геологийн судалгаа явуулах талаар хэлэлцээ хийснийг UzDaily агентлаг мэдээллээ. Тодруулбал Узбекистаны Төрийн өмчит Navoiyuran компанийн төлөөлөгчид болон Uzbek Overseas Geology компанийн баг Монгол Улсад зочилж Мон-Атом компанийн төлөөлөгчидтэй уулзжээ. Энэ хүрээнд ирэх IV сард Засгийн газар хоорондын уулзалт хийж, хоёр улсын уул уурхайн яамд, холбогдох байгууллагууд стратегийн гэрээ байгуулахаар төлөвлөсөн байна.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.
Гүн рүү: Шинэ бонд яаж байна?
Монгол Улсын Засгийн газраас гуравдугаар сарын 2-ны өдөр шинээр гаргасан олон улсын “Сенчири-5” бондын ханш өсөлтөө хадгалсаар байна.

Анхдагч зах зээлийн арилжаа дууссанаас хойш тус бондын ханш бага зэрэг өсөж, баасан гарагийн байдлаар тогтворжиж эхэлсэн байна. Бондын эрэлт өндөр байж, захиалга нийт гарч буй хэмжээнээс хэд дахин даваад байсан нь хоёрдогч зах зээлд ханшид нь дэмжлэг болж байгаа юм.
Зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын уг бондоор 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын 321.6 сая ам.долларыг, ирэх сард хугацаа нь дуусах 5.125 хувийн хүүтэй “Номад” бондын 154 сая ам.долларыг дахин санхүүжүүлэх юм.
Хөрөнгө оруулагчид Монгол Улсын макро эдийн засгийн төлөв болон өрийн удирдлагыг оновчтой хэрэгжиж байгаад өндөр үнэлгээ өгч байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөх үеэр онцолж байлаа.
Зам зуур

Дэлхийн хамгийн том үнэт эдлэлийн эзэнт гүрнийг босгосон гэр бүлийн бизнесийн тэргүүн, Энэтхэгийн тэрбумтан Жой Алуккас ирэх жилүүдэд дэлхий дахиныг геополитик, эдийн засгийн эрсдэлүүд нөмөрснөөр алтны үнэ одоогийнхоос улам өснө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Дараагийн 2-3 жилд дэлхийн хэмжээнд өргөн зургаараа, ялангуяа АНУ-ын эдийн засаг болон геополитикийн талбарт нөхцөл байдал сайжирдаггүй л юм бол алтны ханшид дорвитой коррекц үүснэ гэж бодохгүй байна. Түр хугацаанд буурах боломжтой, гэхдээ ерөнхий чиглэл нь дээшээ байна” хэмээн тэрбээр Дубайд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
69 настай, 5.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Алуккас нь АНЭУ, Энэтхэг, АНУ-д нийт 200 гаруй үнэт эдлэлийн дэлгүүртэй, мөн гулдмай, гоёл чимэглэл байдлаар эзэмшиж буй нийт алт нь 16 мянган кг-аар хэмжигддэг аж.
Эцэст нь товчхон
Ш.Алтантуяа агсны хэргийг Малайзын холбооны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхтэй холбогдуулан Монголын Засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар болсныг хохирогчийн аав С.Шаарийбуу мэдээллээ. Сүүлд Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын ЗГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг тус улсын давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон юм.
Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн 660 мВт-ын цахилгаан станцын төслийн хүрээнд Эрчим хүчний яам, Шивээ-Овоо ХК болон төслийн хэрэгжүүлэгч “Ар И Си Си Эм Жи” ХХК хооронд “Нүүрсийг урт хугацаанд худалдах, худалдан авах тухай” гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагджээ.
Онцлох зураг
Загвар өмсөгчид Парисын загварын долоо хоногт “Reverie by Caroline Hu” шоуны үеэр - Парис, Франц

Gonzalez Alain-Gil/Abaca/Shutterstock