2025/03/06

Өглөөний мэнд. БНХАУ газрын тосны топ компаниуддаа дизель, шатахууны экспортоо зогсоох даалгавар өгчээ. 2025 онд Монголд шинээр баригдсан орон сууцны тоо 25,000 давж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Ойрх Дорнодын дайны гал 10-аад улсыг хамарч, Ираны агаарын орон зайг эзлэхэд ойрхон байгаагаа АНУ мэдэгдэв.

Шатахууны экспортыг хаав

Персийн булан дахь зөрчил хурцдаж, газрын тос үйлдвэрлэлийн гол бүс нутгийн нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газраас улсынхаа тэргүүлэх газрын тос боловсруулагч компаниудад дизель түлш, шатахууны экспортоо түр зогсоохыг үүрэг болгожээ.

Тодруулбал тус улсын эдийн засгийн төлөвлөгч агентлаг болох БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо газрын тосны компаниудын удирдлагуудтай уулзаж, тээвэрлэлтийг түр зогсоохыг даалгасан талаар ойрын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хятад улс бүс нутагтаа газрын тосны бүтээгдэхүүний экспортоор гуравдугаарт бичигддэг. Газрын тос боловсруулалтын нүсэр салбар нь дийлэнхдээ дотоодын хэрэгцээг хангахад ашиглагддаг байна. Дайн эхэлснээс ердөө 6 хоногийн дараа тус улс ийнхүү экспортоо зогсоосон нь Ойрх Дорнодын хямрал гүнзгийрэх тусам улс орнууд дотоодын хэрэгцээгээ эн тэргүүнд тавьж эхэлснийг харууллаа. Бямба гарагт Ираны эсрэг АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Персийн булангаас газрын тос, түлшний нийлүүлэлт бараг хийгдээгүй юм.

Монгол Улс одоогоор нийт шатахууны хэрэглээнийхээ 5 орчим хувийг БНХАУ-аас импортолж буй. Хэдэн сарын өмнө улсаараа түлш, шатахууны ноцтой хомсдолд орсны дараа импортлогчид Хятад улсаас худалдан авалтаа нэмэгдүүлэх болоод буй. Энэ хүрээнд БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацтай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцсоныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд I сард мэдээлж байв.

Хятадын эрх баригчид газрын тосны салбарынхантай уулзахдаа шинэ гэрээ байгуулахаа зогсоох, эсвэл гэрээгээр тохирсон нийлүүлэлтээ цуцлах талаар нөгөө талтайгаа хэлэлцэх зөвлөмж өгснийг эх сурвалж мөн мэдээлжээ. Тус улсын Төрийн өмчит PetroChina, Sinopec, CNOOC, Sinochem Group болон хувийн хэвшлийн Zhejiang Petrochemical зэрэг том компаниуд Засгийн газраасаа шатахуун, түлш экспортлох квот тогтмол авдаг байна.

Анхаарлын төвд

Персийн тэнгэрт. Ираны дайн зургаа дахь өдрөө үргэлжилж, мөргөлдөөний шуурганд 10 гаруй улс өртөөд байна. Пүрэв гарагт АНУ-ын шумбагч онгоц Энэтхэгт тэнгисийн цэргийн сургуулилалтад оролцоод буцаж явсан Ираны хөлгийг Шри-Ланкагийн эргийн ойролцоо живүүлжээ. Ираны талаас энэ үйлдэлд хүчтэй хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж, Арабын орнуудыг хамарсан пуужин, дроны довтолгоогоо үргэлжлүүлэв. Ерөнхийлөгч Дональд Трампын мэдээлснээр Америкийн цэргийн хүч Ираны агаарын орон зайд бүрэн хяналтаа тогтооход тун ойртсон байна.

Их барилгажилт. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 25 мянга гаруй орон сууцны барилга шинээр баригдсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байгааг ХББОСЯ мэдээллээ. ҮСХ-ны мэдээллээр барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 онд 11.7 их наяд төгрөг болсон нь 2024 оноос 28 хувиар өсөж, мөн л түүхэн дээд түвшинд тооцогдож байна. 2025 оны IV улирлын байдлаар 61.2 мянган шинэ орон сууцны нийлүүлэлт хийгдсэнийг Тэнхлэг зууч компани мэдээлж байна. Үүний 70.4 хувь нь стандарт зэрэглэлийн орон сууц бөгөөд нэг м.кв-ийн дундаж үнэ нь 3.8 сая төгрөг орчим байна.

Өндөгний хэрэглээ. Өнгөрсөн онд үндэсний үйлдвэрлэгчид 395 сая ширхэг өндөг үйлдвэрлэж дотоодын нийт хэрэглээний 76 орчим хувийг хангасныг Тахианы аж ахуй, өндөгний бизнес эрхлэгчдийн холбоо мэдээллээ. Харин үлдсэн 24 хувь буюу 120 сая ширхгийг импортоор хангасан байна. Нийт хүн амын өндөгний хэрэглээ сүүлийн 25 жилд зургаа дахин өсөж, үүнийг дагаад дотоодын үйлдвэрлэл болон импортын худалдан авалт нэмэгдэж буй. Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээр өндөгний импортод квот тогтоож, 90 сая ширхэг хүртэлх өндгөнд гаалийн тарифыг 50 хувь хөнгөлсөн бол түүнээс дээш 15 хувиар тооцохоор тохиролцсон юм.

Тулж ажиллах салбар. БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл сүүлийн хоёр жилийн турш буурсаар байна. Тус улс 2025 оны эцэст 960.8 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 4.4 хувиар буурсан үзүүлэлт боллоо. 2024 онд ч мөн адил тус улсын гангийн үйлдвэрлэл 1.7 хувийн агшилт үзүүлж байсан юм. Өчигдөр эхэлсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлаар БНХАУ-ын эдийн засгийн төлөвлөгчид нийлүүлэлт, хүчин чадал нь илүүдээд байгаа ган болон газрын тос боловсруулалтын салбарт онцгойлон анхаарч, илүүдлийг зохистой бууруулахаа амлажээ.

Харин Харин Монгол Улсын нүүрсний экспорт сүүлийн гурван жилд улам эрчимжжээ. Тухайлбал 2025 онд сард дунджаар 7.5 сая тонн нүүрс экспортолж, жилийн эцэст 90 орчим сая тонн давсан үзүүлэлттэй.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Тооноос илүү тогтвортой байдал

БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилтоо 1991 оноос хойших хамгийн доод түвшинд тогтоолоо. Энэ нь эрчимтэй өсөлтийг дэмжихэд чиглэсэн сүүлийн 40 гаруй жилийн хөгжлийн загвар нь сорилттой тулгарч буйг шууд бусаар хүлээн зөвшөөрсөн үйлдэл болж байна.

  • Bloomberg-ийн хүлээн авсан БНХАУ-ын Засгийн газрын жилийн ажлын тайлангийн хуулбарт дурдсанаар 2026 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн зорилтыг 4.5-5 хувийн хооронд тогтоожээ. Энэ нь 2023 оноос хойш анх удаагаа зорилтоо албан ёсоор бууруулсан тохиолдол боллоо.

  • Шинжээчдийн төсөөлөл дээрх тоотой нийцэж байсан ч ДНБ-ий өсөлтийн зорилт нь эдийн засгийн төсөөлөл гэхээс илүү улс төрийн томоохон мэдэгдэл гэдэг утгаараа ач холбогдолтой юм.

  • Энэ удаагийн шийдвэр нь Бээжингийн зүгээс эдийн засгийн өсөлт саарахыг хүлээн зөвшөөрч буйг илтгэж байна. Мөн өрөөр санхүүждэг үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг орлох илүү тогтвортой өсөлтийн хөдөлгүүрийг эрэлхийлж буйн дохио болж байна.

  • Ингэснээр дэлхийн худалдаа тогтворгүй буй энэ үед эдийн засгийг дэмжих түрэмгий бодлого хэрэгжүүлэх шаардлага багасах юм.

Зам зуур

Apple компани 599 ам.долларын үнэтэй “MacBook Neo” хэмээх шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, боломжийн үнэтэй зөөврийн компьютерийн зах зээлд “Windows” системтэй лаптопууд болон “Chromebook”-тэй өрсөлдөхөөр орж ирлээ.

Шинэ “MacBook” нь Apple-ийн худалдаанд гаргасан шинэ үеийн бүхий л зөөврийн компьютероос даруй 400 ам.доллароор хямд үнэтэй байгаа юм. Мөн дөрвөн өнгөний сонголттой, 13 инчийн дэлгэц бүхий авсаархан хэмжээтэй тул оюутнууд, энгийн хэрэглээнд тохирсон бүтээгдэхүүн хайгчдын сонирхлыг илүүтэй татах боломжтой.

Түүнчлэн “MacBook Neo” нь “iPhone” утасны “A18 Pro” процессороор ажиллана. Энэ нь Apple компани Mac брэндийн компьютертоо гар утасны чип ашигласан анхны тохиолдол болж буй аж.

Эцэст нь товчхон

Дархан нэхий ХК-ийн цэвэр ашиг 2025 онд өмнөх оноос 22.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. 2024 онд тус компанийн ашиг түүхэн дээд амжилтаа тогтоогоод байсан бол өнгөрсөн онд нэлээд буурч, 4.8 тэрбум төгрөг болжээ. Компанийн түрээс болон хүүгийн орлого өсөлттэй байж, борлуулалтын орлого 11.6 хувиар өссөн ч бусад орлого бараг бүрэн тасалдсан нь ашигт ажиллагаа нь буурахад ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Мөн тайлант хугацаанд тус компанийн ерөнхий болон удирдлагын зардал хоёр дахин нэмэгджээ.

Онцлох зураг

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын нээлтийн хуралдааныг дуусгаад гарч буй төлөөлөгчид - Бээжин, БНХАУ

Kevin Frayer/Getty Images