2025/03/05

Өглөөний мэнд. Өнөөдөр эхлэх Бүх Хятадын АТИХ-аар БНХАУ-ын удирдагчид эдийн засгийн өсөлтийн төлөвлөгөөгөө тодорхойлно. Mongolian Mining Corporation 2025 онд ашиг нь 90 хувь буурах төсөөлөл танилцуулсан ч хувьцаа нь өсөлттэй байна. Премиум Нексус ХК-ийн борлуулалтын орлого 2025 онд 33 хувиар өсөв.

Таван жил, нэг зам

Геополитикийн хямралын үүл даян дэлхийг нөмрөөд буй энэ үед БНХАУ-ын удирдлагууд энэ долоо хоногт чуулж, улсынхаа 2030 он хүртэлх өсөлтийн зураглалыг эцэслэхийн зэрэгцээ олон улсын зөрчил үймээнээс эдийн засгаа хамгаалах төлөвлөгөөг танилцуулах гэж байна.

Өнөөдөр Бээжин хотод эхлэх Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганаар тус улсын Ерөнхий сайд Ли Цян 2026 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо танилцуулна. Мөн долоо хоног орчим үргэлжлэх уг арга хэмжээний төгсгөлд БНХАУ-ын Засгийн газар ирэх таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөг бүрэн эхээр нь албан ёсоор гаргах юм.

Дэлхийд шил шилээ даран дэгдэж буй зөрчил мөргөлдөөний үед үндэстний хэмжээний шийдвэр гаргах нь ер бусын өндөр эрсдэл дагуулдаг болж буй. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар тарифын асуудлаар уулзалдахаас хэдхэн долоо хоногийн өмнө зохион байгуулагдаж байгаагаараа энэ жилийн АТИХ онцлог. Түүнчлэн Ши Жиньпин батлан хамгаалахын салбартаа сүүлийн хагас зуунд байгаагүй том цэвэрлэгээ хийсэн тул энэ оны чуулганд оролцох мянга мянган төлөөлөгчдийн дунд ямар албан тушаалтан харагдахгүй байгааг шинжээчид анхааралтай ажиглах нь дамжиггүй.

2026 оны ДНБ-ий өсөлтийн зорилтын хувьд Бээжин 2023 оноос хойш анх удаагаа зорилтоо доошлуулж магадгүй гэж олон шинжээчид таамаглаж байна. Goldman Sachs, Citic Securities тэргүүтэй банкнууд, фирмүүдийн төсөөллөөр Хятадын эрх баригчид 2025 онд 5 хувийн зорилт тавьж байснаа энэ онд багасгаж, өсөлтийг 4.5-5 хувийн түвшинд барихаар зорих төлөвтэй. “Эдийн засгийн идэвх ерөнхийдөө удааширч байна. Геополитикийн үйл явдал, тарифын тодорхойгүй байдал гээд өсөлтийг доош татах эрсдэлүүд нэмэгдсэн. Эдгээр нь эрх баригчдаас бодлогын тодорхой арга хэмжээг өдөөж, ДНБ-ий зорилтыг доогуур тогтооход хүргэх магадлалтай” хэмээн Australia & New Zealand Group-ийн Ахлах эдийн засагч Рэймонд Юнг онцоллоо.

Хятадын эрх баригчид 15 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө ДНБ-д хэрэглээний салбарын эзлэх хувийг тогтоож зорилт тавих хүлээлттэй байна. Энэ нь тус улс экспортоос хамааралтай эдийн засгаа тэнцвэржүүлэхэд бүрэн төвлөрөхийн тод дохио болох юм. Мөн технологийн салбарын хөгжил дэвшилд төвлөрч ирээдүйн өсөлт, ажлын байрыг бий болгох, ялангуяа хиймэл оюун болон бусад шинэ төрлийн үйлдвэрлэлийн амбицтай төлөвлөгөө нь онцгой анхаарал татахаар байна.

Ерөнхийдөө БНХАУ дотооддоо хэрэглээний зарцуулалтыг сэргээх арга замууд туршиж, хөрөнгө оруулалтад тавих шалгуураа өндөрсгөх тул эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө удаашрахыг хүлцэнэ гэж шинжээчид үзэж байна.

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы нээлт, Ерөнхий сайд Ли Цяны хэлэх үгийг өнөөдөр 09:00 цагаас “Бизнесийн хэмнэл” хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй.

Анхаарлын төвд

Бэрхшээлийн ард. Mongolian Mining Corporation компани 2025 оны цэвэр ашиг нь 90 гаруй хувиар буурахаар байгааг анхааруулсан ч хувьцааны ханш нь өсөлттэй хэвээр байна. Энэ он гарсаар MMC-ийн хувьцааны ханш 18 гаруй хувиар өсөөд байгаа нь хөрөнгө оруулагчид тус компанийн урт хугацааны өсөлтөд итгэлтэй байгааг харуулж байна. Bloomberg Intelligence-ийн шинжээч Эндрю Чений төсөөллөөр 2025 онд MMC-ийн цэвэр ашиг 5-15 орчим сая ам.долларын түвшинд байж, оны эхний хагаст огцом унасан нүүрсний бизнес нь хоёрдугаар хагасаас тогтворжсон байх төлөвтэй аж.

Татварын драм. Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolia Energy Corporation-ийн Монгол дахь охин компани МоЭнКо ХХК татварын акт, торгууль, алдангид 512.2 тэрбум төгрөг төлөхийг шаардсан шүүхийн шийдвэр хүлээн авснаа мэдээллээ. Бичгээр гаргасан дээрх шийдвэртэй холбоотойгоор Монголын татварын мэргэжилтнүүд, хуулийн зөвлөхүүдээс туслалцаа эрэлхийлж байгаагаа MEC мэдэгдэлдээ дурдсан байна. Холбогдох хуулийн дагуу МоЭнКо нь татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор татварын маргаан шийдвэрлэх зөвлөлд давж заалдах эрхтэй аж.

Улсын авдарт. Монгол Улсын гадаад валютын нөөц II сарын эцэст 6.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. ГВАН хэдийгээр оны эхнээс 2.9 хувиар буурсан ч эхний хоёр сарын хугацаанд харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдаж, өмнөх оны мөн үеэс 42.8 хувийн өсөлттэй байна. 2025 оны сүүлийн сард гадаад валютын нөөц 1.1 тэрбум ам.доллароор эрс нэмэгдэж байсан юм. Түүнчлэн биет хэмжээгээр оны туршид бараг өөрчлөлтгүй байсан мөнгөжсөн алт оны эцэст үнийн дүнгээр 64 хувиар өссөн үзүүлэлттэй байв.

Гол цохилт нь Европт. Европын эдийн засаг шинэ хямралтай тулгарах уу, эсвэл сэргэлтийн хурд нь саарах уу гэдгийг ирэх долоо хоногууд тодорхойлохоор байна. Учир нь АНУ Ираны эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагаа удаан хугацаагаар үргэлжлэх тусам Евро бүсийн эдийн засгийн сэргэлтийг тасалдуулж, инфляцыг эргэн өдөөх эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байна. ОХУ, Украины дайнаас үүдэн эрчим хүчний үнийн өсөлт Европт аль хэдийн сорилт болоод байгаа юм. Ойрх Дорнодоос газрын тос, байгалийн хий зэрэг эрчим хүчний гол бүтээгдэхүүнээ авдаг Евро бүс Ираны дайнаас хамгийн том хохирол амсана гэж ING-ийн шинжээчид мэдээлжээ.

Ядууралтай тэмцэнэ. Улсын хэмжээнд, тэр дундаа хөдөө орон нутагт ядуурал буурахгүй байгаа тул Ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэхээр засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. 2022 оны судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь буюу 913.7 мянган хүн ядуурлын түвшнээс бага хэрэглээтэй амьдарч байна. Энэ үзүүлэлт хөдөө орон нутагт 35.5 хувь, хот суурин газарт 23 хувьтай байгаа. Ядуурлаас гаргах үндэсний санаачилгыг өрнүүлэхэд аймаг, сумын засаг дарга нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг идэвхтэй оролцуулж, хэрэгжилтийг улирал тутамд дүгнэхээр төлөвлөжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: CU ашигт ажиллагаанд

CU сүлжээ дэлгүүрийн толгой компани Премиум Нексус ХК-ийн борлуулалтын орлого 2025 онд 33 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

  • Өнгөрсөн оны сүүлийн хагас жилд тус компанийн борлуулалт эрчимжиж, оны эцэст 795.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Гэхдээ компанийн зардлууд тайлант хугацаанд нэлээд нэмэгдсэн нь цэвэр ашгийн маржин нь буурах гол шалтгаан болжээ.

  • Оны эцэст тус компани 27.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеэс 42.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

  • Премиум Нексус өнгөрсөн оны эцсээр хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж дууссан юм. Ингэснээр хувьцааны ханш нь эрс өсөж, түүхэн дээд түвшинд хүрээд байв.

  • Харин 2026 он гарсаар хувьцааны ханш нь буурч, одоогийн байдлаар сүүлийн дөрвөн сар орчмын доод түвшинд дөхөөд байна.

Зам зуур

Tesla компанид хамгийн их хувьцаа эзэмшдэг жижиг хөрөнгө оруулагчдын нэг болсноороо хэдэн жилийн өмнө олны анхаарлыг татаж байсан тэрбумтан Лео Ко Гуан мягмар гарагт Nvidia компанийн 1 сая ширхэг хувьцааг худалдан авснаа зарлажээ.

“Хиймэл оюунд хөөсрөлт үүсээгүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол зөвхөн эхлэл. Сандралтай зах зээлд дэм болохыг тулд дахиад Nvidia-ийн нэг сая хувьцааг авахаар төлөвлөж байна” хэмээн тэрбээр X хуудастаа бичсэн байна.

Мягмар гарагт Nvidia-ийн хувьцаа 180.05 ам.долларт хаагдсан тул Лео Ко Гуан ойролцоогоор 180 сая ам.доллар төлсөн гэсэн үг юм. Өдгөө 71 настай түүний нийт хөрөнгө 12.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.

Эцэст нь товчхон

“Туулын хурдны зам” төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй уг төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд үүнээс нийслэлийн төсвөөс 538.6 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр батлагдсан юм.

Улсын төсвөөр 2026 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийг III сарын 15-ны дотор зарлаж, IV сарын 30-ны дотор зохион байгуулж дуусгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад 3.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 296 төсөл арга хэмжээг шинээр тусгажээ.

Онцлох зураг

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргалж буй АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп - Нью-Йорк, АНУ

Angelina Katsanis/AP