2025/03/04

Өглөөний мэнд. Монгол Улсын ЗГ өрийн менежмэнт хийх зорилгоор $500 саяын бонд гаргаж, захиалга нь 2.6 дахин давлаа. Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийж, трамвайн төсөлд ₮350 тэрбум нэмж төсөвлөв. Ираны мөргөлдөөн бүс нутагт хүрээгээ тэлж, зах зээлийн шок улам гүнзгийрэв.

Шинэ бонд, эгзэгтэй цаг

Монгол Улсын Засгийн газар зургаан жилийн хугацаатай 500 сая ам.долларын бонд гаргалаа. Даваа гарагт бондын үнийг тогтоож, 6.3 хувийн өгөөжтэй гаргахаар анх төлөвлөсөн ч эрэлт өндөр байсан тул 5.95 хувь буюу нэрлэсэн үнэ дээр тогтож, гарсан байна.

Шинээр гаргаж буй бондод ирсэн захиалга 2.6 дахин давж, 1.3 тэрбум ам.доллар хүрчээ. Үүний томоохон хэсгийг Ази дахь төв банк болон хөрөнгө оруулалтын сангууд бүрдүүлснийг захиалгын мэдээлэл харуулж байна.

Өнгөрсөн оноос хойш хөгжингүй орнуудын төсвийн бодлогоос болгоомжилсон хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын Засгийн газрын бондууд руу шилжиж буй. 2026 онд ч мөн адил энэ хандлага үргэлжлэх төлөвтэй байгаа тул АНУ болон хөгжиж буй орнуудын Засгийн газрын бондын өгөөжийн зөрүү түүхэн доод түвшинд хүрсэн юм.

Шинэ бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр ЗГ 2028 болон 2029 онд хугацаа нь дуусах бондуудыг хэсэгчлэн эргүүлэн худалдан авахаар төлөвлөжээ. Түүнчлэн сарын дараа хугацаа нь дуусах бондын 174 сая ам.долларын эргэн төлөлтийг хийхээр байна.

Уг бондыг гаргаснаар хөрөнгө оруулагчдад одоогийн эргэлзээтэй нөхцөл байдалд Монгол бол харьцангуй тогтвортой орон зай гэсэн дохио өгөх боломжтой гэдгийг эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцолсон. Мөн хэсэгчлэн дахин санхүүжүүлснээр эргэн төлөлтийн хувиар илүү эрсдэл даах чадвартай болж байгааг Очун ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил хэлж байсан юм.

Тендер саналтай бондуудын ханш өнгөрсөн долоо хоногт өссөн ч Ойрх Дорнодын зөрчилдөөний улмаас өсөлтөө бүрэн алдаж, эргээд өмнөх түвшиндээ хүрсэн байна. Мягмар гарагийн байдлаар гараад удаагүй шинэ бондын ханш өсөлттэй арилжаалагдаж байна.

Анхаарлын төвд

Их наядаас буухгүй. 2025 онд АПУ ХК-ийн борлуулалтын орлого 1.3 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноосоо бараг өөрчлөлтгүй ч гурав дахь жил дараалан нэг их наяд төгрөгийн босго давсан үзүүлэлтээ хадгалжээ. Тайлант хугацаанд компанийн борлуулалтын өртөг 10 орчим хувиар нэмэгдсэнээр нийт маржин буурахад нөлөөлсөн байна. Харин цэвэр ашгийн хэмжээ 9.7 хувиар өсжээ. Бусад онцлох үзүүлэлтүүдээс харвал компани 2025 онд 16 тэрбум төгрөгийн богино хугацаат зээлээ төлж барагдуулснаар оны эцэст санхүүгийн зардал нь 63.2 хувиар огцом буурсан байна.

Дайны эргүүлэгт. Шаардлагатай бол Ираны эсрэг ямар ч үнээр хамаагүй арга хэмжээ авахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр цэргийн ажиллагааг анхнаасаа 4-5 долоо хоног гэж тооцоолсон ч илүү урт хугацаанд үргэлжлүүлэх нөөц, боломж байгааг онцолжээ. Ойрх Дорнодын дайн намжих шинжгүйгээр дөрөв дэх хоногтоо үргэлжилж, эрчим хүчний зах зээлд ноцтой тасалдал үүсэх болгоомжлол зах зээлд хүчтэй нөлөөлж эхэллээ.

Европ, Азийн орнуудын жишиг индексүүдэд өнгөрсөн IV сараас хойших хамгийн огцом хоёр өдрийн уналт бүртгэгдэв. Мөн Катар дахь байгалийн шингэрүүлсэн хийн томоохон үйлдвэр хаагдсанаар Европт байгалийн хийн үнэ 23 хувиар огцом цойлсны зэрэгцээ эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн гурван жилд байгаагүй өндөр дүнгээр өслөө. Брент газрын тосны өсөлт үргэлжилж, мягмар гарагт 4 хувиар өссөнөөр баррель нь 80 ам.доллар хүрээд байна.

Хийн олборлолт хаяанд. Jade Gas компани Монголд байрлах нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө нөөцийг тодорхойлох хөтөлбөрөө амжилттай эцэслэсэн байна. Одоогоор компани Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд нөөцийг баталгаажуулж, албан ёсоор бүртгүүлэх хүсэлт гаргахаар бэлтгэж эхэлжээ. Үүний дараа үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулж, хий олборлох тусгай зөвшөөрөлтэй болох үүд хаалга нь нээгдэх юм. Хөгжлийн төлөвлөгөөнд ойролцоогоор 800 цооног, 30-аас дээш жилийн ашиглалтын хугацаатай дэлхийн хэмжээний байгалийн хийн үйлдвэрлэлийн төсөл болгох зорилтыг тусгажээ.

Зээл тогтворжиж байна. 2025 онд арилжааны банкнууд нийт 880 сая ам.долларыг гадаад эх үүсвэрээс татаж, эх үүсвэр нь 10 хувиар нэмэгдсэнийг Монголын Банкны Холбооноос мэдээлж байна. Үүнд томоохон банкнуудын гадаад зах зээл дээр босгосон бонд, олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл зэрэг багтаж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн онд банкны салбарын зээлийн өсөлт 19 хувьтай гарч, 2024 оны эцэст хэт өндөр өсөлттэй байсантай харьцуулахад эдийн засгийн өсөлтийг дэмжихүйц тогтвортой болж ирж байгаа байгааг МБХ-ны Гүйцэтгэх захирал онцолж байв.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Трамвайд ₮350 тэрбум

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ. Энэ онд нийслэлийн төсөвт 5.4 их наяд төгрөгийн орлого төвлөрөх бол урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 8.8 тэрбум төгрөгийн зардлын шилжүүлэг хийж баталсан байна.

  • Энэ хүрээнд “Улаанбаатар трам” төслийн санхүүжилтэд 350 тэрбум төгрөг, Дулааны V цахилгаан станцын нийслэлээс хариуцах хөрөнгө болох 200 тэрбум төгрөг, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын байгууламжийн түрээсэнд 70.1 тэрбум төгрөг, “Сүү” хөтөлбөрийн хүүгийн дэмжлэгт 5 тэрбум төгрөг баталсан байна.

  • Мөн Улаанбаатар хотын шинэ их тойруу зам, автомашингүй гудамж, явган болон цахилгаан дугуйн замын байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл, шинэ дэд төвд Төрийн байгууллагын нэгдсэн цогцолборын барилга барих санхүүжилт зэргийг тусгажээ.

  • Тодотголоор нэмэгдэж буй зардалд нийслэлийн өөрийн бүтээн байгуулалт болох “Сэлбэ дэд төв”-ийн борлуулалтаас 438 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь татвар төлөгчдөд ачаалал болохгүй ч төсвийн төлөвлөлт, тооцоолол хангалтгүйн илрэл болохыг НИТХ дахь Ардчилсан намын бүлэг шүүмжилж байв.

  • Мөн “Улаанбаатар трам” төсөлд гэнэтийн нөхцөл байдлаар 350 тэрбум төгрөг төсөвлөсөн нь хардалт бас эрсдэл дагуулна гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Зам зуур

Дубай хотын нисэх буудал Ойрх Дорнодын нөхцөл байдлаас болж үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор тэнд аялж буй жуулчид автомашинаар 5 цаг явах зайтай Оман улсын нийслэл Маскат хот руу хошуурах болжээ.

Дубайн нисэх буудал Ираны пуужингийн цохилтод өртөх эрсдэл тун өндөр байгаа тул жуулчид аюулгүй байдлаа бодолцон тус хотоос аль болох түргэн гарахыг зорьж буй. Эрэлт нэмэгдсэнээр Оман улсын үндэсний агаарын тээвэрлэгч компани Европ болон Саудын Араб руу нэмэлт нислэг үйлдэж эхэлжээ. Мөн өмнө нь АНУЭ-аас Оман руу авто замаар зорчиход нэг гэр бүлийн төлөх хөлс 50 мянган ам.долларын үнэтэй байсан нь одоо хоёр дахин нэмэгдсэнийг эх сурвалж мэдээлж байна.

Нөхцөл байдал харьцангуй тайван байгаа Мaскат хот нь далайн эрэг болон уулсаараа алдартай, байгалийн үзэсгэлэнтэй газруудад ойр учраас хөрөнгөтэй зарим жуулчид Дубайгаас тус хот руу очиж амралтаа үргэлжүүлэх нь ч их байна.

Эцэст нь товчхон

Монголбанк хоёрдугаар сард 396.1 кг үнэт металл худалдан авснаа мэдээллээ. Харин 2026 он гарсаар нийт 2.3 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар өссөн үзүүлэлт боловч он гарахаас өмнөх хэдэн сартай харьцуулахад худалдан авалт саарсан дүр зураг ажиглагдаж байна.

ОХУ-аас Монголд хийх улаанбуудайн экспорт 2025-2026 оны хөдөө аж ахуйн жилд буюу VI сарын 1-нээс II сарын 20 хүртэлх хугцааанд 5.5 дахин өсөж, 94 мянган тонн хүрсэн байна. Өнгөрсөн онд Монгол Улсын баруун таван аймгийн боомтоор улаанбуудай, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан нь уг өсөлтийг өдөөжээ.

Онцлох зураг

Ираны цагдаагийн газрын байр агаарын цохилтод өртөх үеэр бэртсэн эмэгтэйг өргөн явж буй эр - Техран, Иран

Parspix/ABACA/Shutterstock