2025/03/03

Өглөөний мэнд. Д.Трампын Иранд өгсөн цохилт АНУ хүч чадлаа дураар ашиглах шинэ эриний эхлэл боллоо. 2026 онд 86 компани ногдол ашгийн шийдвэрээ танилцуулснаас 47 нь ногдол ашиг хуваарилахаар болсныг СЗХ мэдээлэв. Warner Bros. Discovery-ийг худалдан авах хэлцлээс яагаад гарах болсноо Netflix тайлбарлав.

Гайхамшигт шинэ ертөнц

Peter Martin, Eric Martin

АНУ бусдын улсыг тохинуулж өгдөг цаг өнгөрсөн гэдгийг Ерөнхийлөгч Дональд Трамп байнга давтсаар ирсэн. Харин одоо тэрбээр урьдын Америкийн эрин үеийг санагдуулам интервенцийн бодлогыг гараа дэлгэн хүлээн авч байна. Дайсагнагч талын удирдагчийн амь насанд ил тодоор халдаж, эсвэл олзлон баривчилж, ингэхдээ цаашдын үр дагаврыг хэрхэн зохицуулах эсэх асуудлыг хайхарсан шинж харуулсангүй.

Хэдхэн долоо хоногийн өмнө АНУ-ын хүчнийхэн агаарын гэнэтийн довтолгоогоор Венесуэл улсын Ерөнхийлөгчийг олзлов. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеиг ангуучлан устгах тушаал өгснөөрөө Д.Трамп улам ахилаа.

Үүгээр Д.Трампын өгч буй мессеж илэрхий: Цөмийн зэвсэгтэй л биш бол Америкийн бараг ямар ч дайсан аюулгүй оршин тогтноно гэдэгтээ итгэлтэй байж болохгүй. Өрсөлдөгч улсууд нь Америкийн саад хориглолтгүй хүч чадлыг сөрөх шаардлагатай болж байна. Ингэснээрээ Вашингтон бусад улсаас ямагт шаардсаар ирсэн хууль журмын хязгаарлалтаа өөрсдөө эвдэж буй хэрэг хэмээн шүүмжлэгчид хэлж байна.

“Трамп АНУ-ын ашиг сонирхолд нийцнэ гэсэн зөвхөн өөрийн итгэлдээ хөтлөгдөн ямар ч үед АНУ-ын цэрэг зэвсгийн агуу хүчийг саадгүйгээр ашиглахад бэлэн болсон шинжтэй байгаа нь санаа зовоож байна. Хүчтэй нь хүчгүйгээ дийлэх энэхүү арга барил нь аливаа улс бусад улсын удирдагчид чөлөөтэй халдах маш аюултай жишиг тогтоож байна. Чухам үүнээс сэргийлэхийн тулд л НҮБ-ын дүрэм зохиогдсон” хэмээн Их Британи улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Питер Рикеттс Bloomberg-т ярьж байв.

“Өмнөх Ерөнхийлөгч нарын үеийг харвал бид хүчээ хэзээ ч бүрэн ашиглаж байгаагүй. Түвшнээр илэрхийлбэл ихдээ 7-р түвшинд л байсан. Харин Трамп 10-р түвшинд хүргэлээ. Энэ бол гайхамшигт шинэ ертөнц” хэмээн АНУ-ын Тагнуулын төв агентлагийн Үйл ажиллагаа хариуцсан захирал асан Жак Девайн мөн онцолж байна.

Анхаарлын төвд

Холын аюул. Ойрх Дорнодод болж буй үйл явцаас хамаарч дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 10-15 хувиар савлаж болзошгүй ч Монгол Улсад шууд нөлөөлөхгүй гэдгийг Эдийн засагч Н.Энхбаяр онцоллоо. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас импортолж, үлдсэнийг нь БНХАУ-аас худалдан авч буй. Мөн ОХУ-аас АИ-92 төрлийн автобензин хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юм. Гэхдээ геополитикийн эрсдэлийг харгалзаж шатахууны нөөц бүрдүүлэх нь чухал ч Монгол Улс 480 мянган тонны нөөц бүрдүүлэх ердөө 117 агуулах савтайг салбарын яамнаас мэдээлж байв.

Ашгийн хишиг. 2026 онд 86 компани ногдол ашгийн шийдвэрээ танилцуулснаас 47 нь хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар болсныг СЗХ мэдээлж байна. Нийт дүнгээр энэ онд 946.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгогдохоор байгаа нь өнгөрсөн оныхоос 200 орчим тэрбумаар доогуур дүн юм. Мөн ногдол ашгийн дийлэнх хувийг МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй 21 компани олгох бөгөөд тэр дундаа сүүлийн гурван жилийн хугацаанд хэлбэрээ өөрчилж, нээлттэй болсон 8 компанийн 5 нь энэ онд ногдол ашиг тараахаар болсныг мэдээлжээ.

Нислэг нэмэгдэнэ. БНХАУ-ын Spring Airlines компани Улаанбаатар-Шанхай чиглэлд шууд нислэгээ өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдээлсэн байна. Хямд өртөгтэй нислэгийн үйлчилгээ үзүүлдэг тус компани долоо хоногт хоёр удаа уг чиглэлийн нислэгийг үйлдэх бөгөөд нэг талын тийзийн үнийг 132.9 ам.доллароос эхлүүлэхээр төлөвлөжээ. Spring Airlines нь Шанхай хотод төвтэй, 134 агаарын хөлгөөр дэлхийн 12 улсын 103 чиглэлд нислэг үйлддэг компани юм.

Аварга IPO. Илон Маскийн SpaceX компани энэ сард багтаан IPO хийх хүсэлтээ гаргах хүлээлттэй байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Ингэснээр тус компани энэ оны зургаадугаар сард олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болох магадлалтай болж байна. Bloomberg-ийн тооцооллоор SpaceX-ийн зах зээлийн үнэлгээ 1.75 их наяд ам.доллар, татан төвлөрүүлэх хөрөнгийн дүн нь 50 тэрбум ам.доллар байх төлөвтэй. Сүүлд Saudi Aramco 2019 онд 29 тэрбум ам.доллар босгож байсан нь түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-ийн рекордыг эзэмшдэг юм.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Даатгалын салбар 2025 онд

Өнгөрсөн онд даатгалын гэрээний нийт тоо 13 хувиар нэмэгдэж, 1.8 сая хүрсэн ч Монгол Улсын даатгалын гүнзгийрэлт үл ялиг буурсан үзүүлэлттэй байна.

  • Даатгалын гэрээнээс хувь хүнтэй хийсэн гэрээний тоо 1.5 сая хүрч, харьцангуй өндөр өсөлт үзүүлжээ. Харин ангиллаар нь авч үзвэл гэнэтийн осол, эмчилгээний гэрээний тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

  • Салбарын нийт хураамжийн орлогын өсөлт удааширч, 2024 онд 28.3 хувийн өсөлт үзүүлж байсан бол 2025 оны эцэст ердийн болон урт хугацаатай даатгалын хураамж 585 тэрбум төгрөг хүрч, 16.2 хувиар нэмэгджээ. Энэ нь шинээр нэмэгдсэн гэрээнүүд харьцангуй бага дүнтэй байгааг харуулж байна.

  • Нийслэлээс авто тээврийн импорт болон дугаар олголтод хязгаарлалт хийснээр автомашины борлуулалт, цаашлаад даатгал буурсныг даатгалын салбарын төлөөлөгчид мэдээлж байсан юм.

  • Улмаар 2025 онд жолоочийн хариуцлагын даатгал болон авто тээврийн даатгалын хураамж нийт хураамжид эзлэх хувь буурсан үзүүлэлттэй байна.

  • Харин салбарын ашигт ажиллагаа өсөлтөө үргэлжлүүлсээр байгаа аж. Өнгөрсөн онд салбарын компаниуд нийт 56 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, өмнөх оны үзүүлэлтээ 2.2 дахин өсгөсөн байна.

Зам зуур

Netflix компани Warner Bros. Discovery-ийг худалдан авах хэлцлээс гарахаар болсноо II сарын 26-нд зарласан нь Холливудын ​хувьд гэнэтийн шийдвэр болсон.

Тус компани өнгөрсөн оны XII сард Warner Bros.ийн студи болон HBO Max стриминг бизнесийг худалдаж авахаар тохиролцоод байсан юм. Netflix-ийн Гүйцэтгэх захирлуудын нэг Тед Сарандос Цагаан ордонд хэд хэдэн удаа хэвлэлд ярилцлага өгч, хэлцлийн талаар мэдээлж байлаа.

Тэрбээр харин сүүлд Bloomberg News-т өгсөн ярилцлагадаа “Хэлцэлтэй холбоотой хоёр компанийн тавьсан саналуудыг үнэлж үзсэний эцэст хэлцлээс гарах шийдвэр аль хэдийн гаргасан байсан” гэж мэдээлжээ.

Тус компанийн өрсөлдөгч Paramount компани Warner Bros. Discover”-ийг худалдан авахын тулд олон арван тэрбум ам.доллар зээлж байгаа аж. Ингэснээр Paramount зардлаа бууруулж, олон мянган ажлын байраа цомхотгохоос өөр аргагүй болно гэж Тед Сарандос байр сууриа илэрхийлсэн байна.

Эцэст нь товчхон

“Дулааны Тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлж, өрөмдлөг хийж эхэлсэн талаар Засгийн газарт танилцууллаа. Ингэснээр ирэх IV сарын 1-нд станцын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

ГХЯ: III сарын нэгний өдрийн байдлаар Ойрх Дорнодын бүс нутагт Монгол Улсын 350 орчим иргэн байна. Энэ дундаа АНЭУ-д 139, Катарт 54, Саудын Арабд 27 иргэн байгаа аж.

Онцлох зураг

Fenglong Electric компанийн цахилгаан барааны үйлдвэрлэлийн шугам дахь ажилчид - Наньянг, БНХАУ

VCG/Getty Images