- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/03/02
2025/03/02
Өглөөний мэнд. Ойрх Дорнодын зөрчил шинэ шатанд гарч, Ираны Дээд удирдагч Аятолла Али Хамени амиа алдлаа. Ормузын хоолойгоор дамжих газрын тос, байгалийн хийн тээвэрлэлт тасалдаж, Персийн булангийн томоохон нисэх буудлууд нислэгүүдээ зогсоогоод байна. Kincora Copper хайгуулын ажилдаа зориулж A$4 саяыг татан төвлөрүүллээ.

Дайн өргөжлөө
Иран улсын Дээд удирдагч Аятолла Али Хамени АНУ, Израилын агаарын цохилтод амь үрэгдсэнээр газрын тосоор баян Ойрх Дорнодод үргэлжилж буй зөрчил шинэ шатанд гарч, далайн тээврийн нэн чухал суваг Ормузын хоолой дахь тээвэрлэлт тасалдаж эхэллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар өөрийн сошиал хуудастаа “түүхэн дэх хамгийн хорон муу хүмүүсийн нэг болох Али Хамени алагдсан” хэмээн зарлаж, мөн “хүчтэй, нарийн тусгалтай бөмбөгдөлт долоо хоногийн турш, шаардлагатай бол илүү урт хугацаанд зогсолтгүй үргэлжлэх болно” хэмээн мэдэгджээ.

Али Хамени өөрийн ажлын өргөөндөө амь эрсдсэн болохыг Ираны төрийн хэвлэл Трампын мэдэгдлээс хэдэн цагийн дараа бататгасан бөгөөд 40 хоног үргэлжлэх үндэсний гашуудал орон даяар зарлагдсаныг мэдээлсэн. Мөн дараагийн удирдагч сонгогдох хүртэл Иран улсыг түр хугацаанд удирдах тусгай зөвлөлийн гишүүдийг сонгосон болохыг тус улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн дарга Али Ларижиани мэдээллээ.
Исламын Бүгд найрамдах улсыг 30 гаруй жилийн турш хатуу гараар захирсан удирдагчийг хороосон нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааг тодорхойлох гол үйл явдал байж болохоор байна. Ирэх 11 дүгээр сард АНУ-ын Сенатын завсрын сонгууль хүлээж буй энэ үед Ойрх Дорнод дахь зөрчил сунжирснаар эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өсөх, Америк цэргүүдийн хохирол нэмэгдэх эрсдэлтэй юм.
Али Хаменигийн үхлийн дараа Ираны талаас нэн даруй хариу цохилт өгч, Израил болон Саудын Араб, Катар, АНЭУ зэрэг Персийн булангийн орнууд дахь АНУ-ын цэргийн баазуудад пуужингаар довтолсон. Харин Израилын зэвсэгт хүчин сөнөөгч онгоцнууд нь Ираны агаарын хамгаалалтын систем, пуужин харвах платформ зэргээс бүрдсэн 500 орчим байг онилж, довтолгооны чадавхыг нь ноцтой доройтуулсан болохоо мэдээлж байна.
Ням гарагийн байдлаар Ираныг батлан хамгаалахын болон иргэний байгууламжуудыг чиглэсэн цохилтуудын улмаас 201 хүн амь үрэгдэж, 747 хүн шархдаад байгааг Ираны телевиз мэдээлжээ.
Иран цөмийн зэвсгийн хөтөлбөрөө орхихоос татгалзсантай холбоотойгоор энэхүү цэргийн ажиллагааг эхлүүлж буйгаа Д.Трамп мэдэгдсэн. Мөн 1979 оны Исламын хувьсгалаар тогтсон дэглэмийг түлхэн унагахыг тэрбээр Иранчуудад уриалж, мөн хариу цохилт улам олон довтолгоог дуудахыг тус улсад анхааруулж байлаа.
Гүн рүү: Амин чухал хоолой
Ираны нөхцөл байдал хэрхэн эргэхээс дэлхийн эдийн засагт учирч болох гол эрсдэл нь газрын тос болохыг Bloomberg Economics онцолж байна. Иран улс дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 5 хувийг хангахын сацуу газрын тосны тээвэрлэлтийн нийт урсгалын 1/5 нь дамждаг Ормузын хоолой тус улсын мэдэлд байдаг.

Ормузын хоолойг хаах сүрдүүлэг нь хэрэв бодит болбол газрын тосны үнэ баррель нь 108 ам.доллар хүрч өсөх боломж бийг Bloomberg-ийн шинжээчид тооцоолжээ.
Газрын тос, байгалийн хий тээвэрлэгч хөлгүүд Ормузын хоолойгоор зорчихоос зайлсхийх болж, одоогоор тус хоолой үндсэндээ хаагдаад байгааг Tasnim агентлаг мэдээлсэн.
Мөн хөлөг онгоцнууд Ормузаар тээвэрлэлт хийх нь аюултай болсныг Ираны Хувьсгалт Гвард анхааруулсныг Tasnim мөн мэдээлжээ.
Ойрх Дорнодод АНУ цэргийн хүчээ төвлөрүүлж эхэлсэнтэй зэрэгцэн газрын тосны үнэ энэ он гарсаар 20 гаруй хувь өсөөд байгаа.
Баасан гарагт Брент газрын тосны үнэ баррель 2.5 хувиар өсөж, баррель нь 72.48 ам.доллар болсон нь VII сараас хойших хамгийн өндөр хаалтын ханш болсон юм.
Анхаарлын төвд
Зангилаа төвүүдийн саатал. Ираны хариу цохилт хоёр дахь өдрөө үргэлжилснээр Персийн булангийн агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, дэлхийн хамгийн ачаалалтайд тооцогдох бүс нутгийн нисэх буудлуудад томоохон саатал үүсээд байна. Дэлхийн хамгийн том олон улсын авиа компани болох “Emirates” бүх нислэгээ тодорхойгүй хугацаанд зогсоосон бол “Etihad Airways” түр зогсолтоо даваа гарагийн 02:00 цаг хүртэл сунгажээ. Мөн нислэгээ зогсоогоод байгаа “Qatar Airways” даваа гарагийн 09:00 цагт нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөө зарласан байна.

Үүнээс гадна Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК бүс нутаг дахь нөхцөл байдалтай холбоотой Бахрейны “Gulf Air” компанид түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын нисэх бүрэлдэхүүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн болохоо мэдэгдлээ.
Мах Импэкс ХК-ийн борлуулалтын орлого 2025 онд өмнөх оноос бараг хоёр дахин нэмэгдэж, 103.5 орчим тэрбум төгрөг хүрсэн байна. Ингэснээр цэвэр ашгийн дүн өмнөх оноос 91.6 хувиар өсөж, 3.9 тэрбум төгрөг хүрчээ. Мөн 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөгөөр тооцон, ногдол ашиг хуваарилахаа тус компани мэдээллээ. 2022 оноос хойш тус компанийн нэгж хувьцаанд олгох ногдол ашиг өөрчлөлтгүй байгаа юм. Энэ он гарсаар Мах Импэкс ХК-ийн хувьцааны ханш 3800 төгрөг орчимд тогтвортой арилжаалагдаж байна.
Хайгуулын санхүүжилт. Австрали болон Торонтогийн венчур биржид бүртгэлтэй Kincora Copper компани хаалттай хүрээнд 4 сая австрали доллар татан төвлөрүүллээ. Дотоодын болон олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсныг тус компани онцолж байна. Нэгж нь 1.05 австрали долларын үнэтэй, 3.81 сая хувьцаа нэмж гарган босгосон хөрөнгийг бие даан эхлүүлэх хайгуулын ажилдаа зарцуулахаа тус компани мэдэгджээ. Kincora Copper сүүлд Монгол дахь зэс-алтны "Хүрэл үнэг" төслөө ямар нэгэн нэмэлт зардалгүйгээр эргүүлэн өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан юм.
Блумберг санал болгож байна
Зам зуур

Боливи улсын албаныхан онгоцны ослын үеэр тэнгэрээс унасан 62 сая ам.доллартой тэнцэх дүнтэй мөнгөн тэмдэгтийг олж устгахаар яаравчлан ажиллаж байна.
Боливийн төв банканд хүргэх шинэ мөнгөн дэвсгэртүүдийг тээвэрлэж явсан цэргийн нисэх онгоц баасан гарагийн үдээс хойш Эль-Алто хотын олон улсын нисэх буудлын ойролцоо осолдсоноор багадаа 22 хүн амь үрэгдэж, 37 хүн гэмтэж бэртжээ. Осолд өртөж амиа алдагсдын дийлэнх нь нисэх буудлын ойролцоо автомашинтай зорчиж байсан хүмүүс аж.
Түүнчлэн ослын улмаас нийт 423 сая боливианогийн дүнтэй 17 сая гаруй ширхэг мөнгөн дэвсгэрт Эль Алто хотод алдагдсаныг Боливийн төв банкны Ерөнхийлөгч мэдээлжээ. Улмаар олз хайсан хүмүүс ослын газарт цугларсан тул албаныхан амьд үлдэгсдийг эрэн хайхын хажуугаар мөнгөн дэвсгэртүүдийг шатааж устгах шаардлагатай болсон байна.
Эцэст нь товчхон
Монголын Хөрөнгийн биржид хоёрдугаар сард нийт 23.5 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсан ба үүний 50-иас дээш хувийг багцын арилжаа бүрдүүлжээ. Үүнд Голомт банк ХК-ийн 6.5 тэрбум төгрөгийн хувьцаа, Инвескор ББСБ ХК-ийн 3.3 тэрбум төгрөгийн хувьцаа багцаар арилжаалагдсаныг онцолж болохоор байна.
ХААН Банк ХК 2026 оны эцэс гэхэд нийт зээлийн багцын 25 хувийг ногоон зээл болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөснөө онцоллоо. Тус банк 2025 оны эцэст 1.12 их наяд гаруй төгрөгийн ногоон зээлийн багцтай байсан нь Монгол Улсын 2.3 их наяд төгрөгийн зээлийн багцын 48 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.
Онцлох зураг
Иран дахь цэргийн ажиллагааг дэмжих цуглаанд оролцож буй иргэд - Лос-Анжелес, АНУ

Kyle Grillot/Bloomberg