2025/02/28

Өглөөний мэнд. Аж ахуй нэгжийн зээлийн эрэлт 2024 оны хоёрдугаар улирлаас хойших дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. 2050 онд нэг тэрбум гаруй хүн дүрст робот хэрэглээнд нэвтэрнэ. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ.

Роботикийн уралдаан ширүүсэв

2050 он гэхэд нэг тэрбум гаруй хүн дүрст робот хэрэглээнд нэвтэрч, зах зээлийн эзлэх хэмжээ нь нэг их наяд ам.доллар хүрнэ гэж “Morgan Stanley” тооцоолжээ.

Сүүлд БНСУ-ын “Hyundai Motor” компани “Atlas” роботыг танилцуулсанаар “Tesla” болон БНХАУ-ын зарим компанитай зэрэгцэн хүн дүрст робот хөгжүүлэгчдийн тэргүүн эгнээнд зүй ёсоор багтах болсон юм.

“Tesla”, “Hyundai Motor” зэрэг автомашин үйлдвэрлэгчдийн хөгжүүлж буй хүн дүрст робот нь цэнэг хураагуураар тэжээгдэж, цахилгаан мотороор хөдөлж, мэдрэгч болон хиймэл оюунаар удирдуулдаг цахилгаан автомашинтай төстэй технологи юм.

“Hyundai Motor”-ийн “Atlas” робот нь хүний гартай ойролцоо хэмжээтэй, мэдрэхүйтэй, 360° эргэдэг үе мөчтэй. Нийт 50 кг хүртэлх ачаа өргөж, цельсийн хасах 20 хэмээс нэмэх 40 хэм хүртэлх эрс тэс нөхцөлд ажиллах чадвартай аж.

Энэхүү роботыг 2028 оноос эхлэн автомашины эд анги багцлах зэрэг олон давтамжтай үйлдвэрлэлийн дамжлагуудад нэвтрүүлж, 2030 он гэхэд илүү төвөгтэй угсралтын ажилд ашиглахыг зорьж буй. Одоогоор албан ёсны үнийг нь зарлаагүй ч 130,000-140,000 ам.доллар байж магадгүйг мэдээлжээ.

“Tesla” компани “Optimus” роботынхоо үнийг цахилгаан автомашинаас ч хямд буюу 20,000-30,000 ам.долларт тогтоохыг зорьж буй. Нөгөө талаас зах зээлд давамгайлж буй БНХАУ-ын хүн дүрст роботууд баруунд үйлдвэрлэсэн загвараас хэд дахин хямд байна. Тухайлбал: “Unitree Robotics” шинэ загвараа ердөө 4900 ам.доллароор санал болгож байгаа бол “Agibot”-ийн ердийн загвараа 14,000 ам.доллароор борлуулж байгаа аж.

Анхаарлын төвд

Эгүүлэн татна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилж, өргөн мэдүүлэхээр болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ. Хуулийн төсөлд ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Өргөсөн тангаргаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүний асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татна. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахаар зохицуулсан бөгөөд жагсаалтаар сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.

Ашиг нь цойлов. 2025 оны дөрөвдүгээр улиралд Хонконгийн Хөрөнгийн бирж 555 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар эрчимжсэн дүн болж байна. Тайлант улиралд тус биржийн үндсэн орлого нь 11 хувиар өссөн бол хувьцааны арилжаа нь 22 хувиар идэвхжив. Хонконгийн Хөрөнгийн биржид хийгдэх IPO болон хувьцааны арилжаа сэргэхэд хиймэл оюуны салбарын өсөлт болон БНХАУ-д хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Өнгөрсөн онд Хонконгт нийт 119 компани IPO хийж, 36.7 тэрбум ам.доллар босгосон юм.

Ногоон зээлээ нэмэгдүүлэв. “Төрийн банк” ХК 2025 оны дөрөвдүгээр улиралд ногоон зээлийн багцаа бараг хоёр дахин нэмэгдүүлснийг тус компанийн Гүйцэтгэх захирлын орлогч Х.Лхагвасүрэн “Earnings Calls”-д оролцох үедээ мэдээлсэн байна. Тухайлбал: 2025 оны эцэст ногоон зээлийн хэмжээ нь 116.9 тэрбум төгрөг хүрч өсжээ. Дөрөвдүгээр улиралд “Төрийн банк” ХК олон улсын зах зээлд 200 сая ам.долларын бонд гаргаж, үүний 50 сая ам.долларыг тогтвортой хөгжил болон ногоон зээлийн чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Олборлолт дээд цэгт. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани 100 хувь эзэмшдэг, нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслөөсөө өдөрт 720 метр куб хий олборлож, дахин шинэ дээд амжилт тогтоолоо. Энэ нь төслийн хувьд чухал, төлөвлөгөөний дагуу ахиц болж байна. “Lucky Fox-07” цооног нь хамгийн өндөр гүйцэтгэлтэй байж, тогтвортой өсөлтөө хадгалж чаджээ. Туршилтын явцад хийн төвлөрөл, усны түвшнийг бууруулах "хийн десорбци" ажиглагдаж эхэлсэн нь нэн чухал дэвшил аж.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Зээлийн эрэлт дээд түвшинд хүрнэ

Банкнууд 2026 оны эхний улиралд аж ахуйн нэгжийн зээлийн шалгуур өөрчлөгдөхгүй, нөхцөл нь бага зэрэг суларна гэсэн хүлээлттэй байгааг Монголбанкны судалгаа харууллаа. Тухайлбал: 2022 оноос хойш арилжааны банкнуудын байгууллагын зээлийн шалгуур дийлэнхдээ суларсаар ирсэн бөгөөд энэ оны эхний улиралд өөрчлөлтгүй байхаар байна.

Оны эхний улиралд зээлийн нөхцөлийн хувьд бага зэрэг суларч ирэхээр байна. Энэ нь эрэлт 2024 оны хоёрдугаар улирлаас хойших хамгийн өндөр түвшинд байх хүлээлтээс үүдэлтэй. Эрэлт төвлөрч буй гол салбарууд нь худалдаа үйлчилгээ, барилга болон хөдөө аж ахуйн салбар байна. Үүнийг дагаад нийлүүлэлт өсөх төлөвтэйг судалгаанд дурджээ.

Харин иргэдийн зээлийн шалгуур түүхэндээ хамгийн өндөр дүнгээр чангарах хүлээлт зах зээлд бий болоод байна. Дийлэнх зээлийн ангилал чангарахаар байгаа ба тэр дундаа малчны зээл болон цалингийн зээлийн шалгуур хамгийн их чангарах төлөвтэй байгаа аж. Харин иргэдэд олгох бизнесийн зээлийн шалгуур сулрах хүлээлттэй.

Нөхцөлийн хувьд өөрчлөгдөхгүй бол эрэлт нэмэгдэх хүлээлттэй байгааг банкнууд илэрхийлжээ. Хэдий тийм боловч өмнөх улирлуудтай харьцуулахад нийлүүлэлт удаашрахаар байгаа юм. Энэ оны I сарын байдлаар зээлийн үлдэгдэл 44.2 их наяд төгрөг болж жилийн дүнгээр 18.2 хувиар өссөн бөгөөд өсөлтийн хурд 2025 оны хоёрдугаар хагасаас хойш удааширч

Зам зуур

Япон улсад төрөлт 10 дахь жилдээ дараалан буурсан нь хүн ам зүйн хямрал улам бүр гүнзгийрч буйг харууллаа. Тодруулбал, 2025 онд тус улсад 706,000 хүүхэд төрсөн нь өмнөх оноос 2.1 хувиар буурсан үзүүлэлт болохыг Японы Хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ.

Аравдугаар сард Либерал Ардчилсан намын даргын албан тушаалд өрсөлдөхөөсөө өмнө Японы одоогийн Ерөнхий сайд Санаэ Такаичи хүүхэд асрагч болон гэрийн үйлчлэгчийн зардлыг татвараас чөлөөлөх, байгууллагын дэргэдэх цэцэрлэг ажиллуулдаг компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх санал дэвшүүлж байсан.

Мөн өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Японы парламентын ээлжит чуулганы нээлтийн үеэр Санаэ Такаичи жирэмсний хяналт, төрөх эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг жирэмслэлт, төрөлттэй холбоотой зардлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авахаа мэдэгдсэн ч аль ч санал нь одоогоор хэрэгжиж эхлээгүй байна.

Японы Ерөнхий сайд асан Фүмио Кишидагийн Засгийн газар 2023 онд хүн амын өсөлтийг дэмжихээр 23.1 тэрбум ам.долларын багц арга хэмжээг танилцуулсан бөгөөд уг бодлогыг Шигэрү Ишиба үргэлжлүүлж байсан юм.

Эцэст нь товчхон

МАН-ын дарга Н.Учрал сүүлийн 10 жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн дөрөв дахин, төсвийн орлого тав дахин, экспорт гурав дахин өссөн ч үр дүнг нь өрхүүд, иргэдэд хүртээж чадаагүй гэдгийг намынхаа бага хуралд танилцуулсан илтгэлдээ тодотголоо. Мөн гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч, 2025 онд 50 хувиар багассан. Иймд эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг чөлөөлөлтийн дөрвөн бодлого хэрэгжүүлэхээ танилцуулав.

ТБХ: Төрийн албан хаагчдын цалин хөлс болон тэтгэврийн тогтолцоог шинэчлэх чиглэлд Олон улсын валютын сангийн төлөөлөгчид дүгнэлт хийж, зөвлөмж гаргахаар ажиллаж байгааг мэдээллээ. Цаашид хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилт тавиад байгаа юм.

Онцлох зураг

“Manukau Sports Bowl” парк дахь Дэнлүүний баяр - Окленд, Шинэ Зеланд улс

Fiona Goodall/Getty Images