2025/02/27

Өглөөний мэнд. Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.5 хувиар өсөх төлөвтэйг ЕСБХБ-наас мэдээллээ. Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн хугацаанд нийт 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ. "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно.

ДНБ-ий өсөлт саарах төлөвтэй

ЕСБХБ-аас 2026 болон 2027 онд Монгол Улсын эдийн засаг 5.5 хувиар өсөх төсөөллийг танилцууллаа. Өнгөрсөн онд дотоодын эдийн засаг хөдөө аж ахуйн салбар сэргэснээр 6.8 хувиар тэлж, тус банкны төсөөлж байснаас 0.4 нэгж хувиар өндөр өсөлт үзүүлсэн. Хэдий тийм боловч богино хугацаандаа бага зэрэг саарахаар байгааг тайланд дурджээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард ЕСБХБ Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлтийг 0.5 нэгж хувиар бууруулж, 5.5 хувьд авчирсан ба сүүлд нийтэлсэн тайландаа энэ төсөөллөө хэвээр үлдээжээ. Харин Монголбанкнаас 2026 оны өсөлтийг 5.6 хувьтай байхаар төсөөлсөн байгаа юм.

Эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдээс удааширхаар байгаа ч уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, газрын ховор элементийн төслүүдийг хөгжүүлэх нь өсөлтийг хурдасгах томоохон хүчин зүйл болохыг ЕСБХБ тодотгосон юм. Харин Хятад улсын эрэлтийг тойрсон тодорхой бус байдал нь эсрэгээрээ эдийн засгийг удаашруулах гол эрсдэлд тооцогдож байна.

Төв Азийн бусад улс орнуудын төсөөлөлтэй харьцуулж үзэхэд Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт харьцангуй бага байгааг тайлангаас харж болно. Тухайлбал, Киргизстаны эдийн засаг энэ онд ес орчим хувиар, 2027 онд долоон хувиар өснө гэж ЕСБХБ-наас тооцоолсон. Түүнчлэн Узбекистаны ДНБ энэ онд 6.5 хувиар, ирэх онд зургаан хувиар тус тус өсөх хүлээлттэй байна.

Анхаарлын төвд

Үнэ харилцан адилгүй. Газрын зориулалтаас хамааран үл хөдлөх хөрөнгийн үнэд эзлэх жин ялгаатай байгааг “Barilga.MN”-ийн сүүлд хийсэн судалгаа харуулж байна. Тухайлбал, Сүхбаатар болон Баянгол зэрэг дүүргүүдэд хоосон газрын үнэ маш өндөр байгаа тул үл хөдлөх хөрөнгө нийт үнийг 36-41 хувиар өсгөж байна. Харин Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт үл хөдлөх хөрөнгө байгаа тохиолдолд үнэ нь 2.2-2.3 дахин өсөж байна. Гэвч захын дүүргүүдэд үл хөдлөх хөрөнгө нийт үнийг 200-330 хувиар өсгөж буй нь газрын суурь үнэ хямд боловч барилга, агуулахын өртөг өндөр жин дарж байгаагийн илрэл хэмээн тайлбарлажээ.

Хөнгөлөлттэй зээл олгоно. 2026 онд “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 350 тэрбум төгрөг, “Атар-4” аяны хүрээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Өнгөрсөн онд “Цагаан алт” хөдөлгөөнөөр ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихэд давхардсан тоогоор 182 үйлдвэр, аж ахуйн нэгжид 509 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн “Атар-4” аяны хүрээнд нийт 616.4 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 982 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.

Төмрийн хүдрийн экспорт өсөв. 2025 онд Монгол Улс 8.8 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оноосоо 17 гаруй хувиар өссөн дүн болохыг ГЕГ-аас танилцууллаа. Тайлант хугацаанд Монголын Хөрөнгийн бирж дээр нийт 5.89 сая тонн төмрийн хүдэр болон баяжмалын 1.34 их наяд төгрөгийн арилжаа хийгджээ. Гангийн гол орц болох төмрийн хүдрийн экспорт өсөхтэй зэрэгцээд Уул уурхайн биржийн арилжаа ч дагаад нэмэгдсэн дүр зурагтай байна. Тухайлбал, өнгөрсөн гурван жилд төмрийн хүдрийн экспорт жилд дунджаар 24.1 хувиар өссөн юм.

Дэлхийн өр түүхэн дээд цэгт. Дэлхийн нийт өр өнгөрсөн онд 348 их ам.доллар болж, түүхэн дээд түвшиндээ хүрсэн байна. Ийнхүү улс орнуудын өр цар тахлаас хойших хамгийн хурдацтай өсөлт үзүүлэхэд хөгжингүй болон хөгжиж буй орнуудын зээлийн санхүүжилт нэмэгдсэн нь нөлөөлжээ. Олон Улсын Санхүүгийн Хүрээлэнгийн мэдээлснээр улс орнуудын Засгийн газрын болон корпорацын зээлийг оролцуулан дэлхийн нийт өр 2025 онд 29 их наяд ам.доллароор өссөн байна. БНХАУ, АНУ болон Европын орнуудын төсвийн алдагдал, зарцуулалт нэмэгдсэн аж. Ингэснээр өсөлтийн гуравны хоёрыг хөгжингүй улс орнууд бүрдүүлжээ.

Тайлангийн улирал

🔸 Хөвсгөл Алтан дуулга ХК 2025 онд 12.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 206.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа МХБ-д илгээсэн тайландаа мэдээллээ. Тус компани өнгөрсөн оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэжээ.

Мөн Монгол Алт ХК 2025 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөгөөр тооцон, ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Нийт 265,800 гаруй хувьцаа эргэлтэд гаргаснаас долоон хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 81.14 хувийг эзэмшиж байгааг МХБ мэдээлсэн юм.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Нэгж хувьцаанд ногдох ашиг буурав

Эрдэнэс Тавантолгой ХК 2026 онд 35 сая тонн нүүрс олборлож, 32.9 сая тонн нүүрс борлуулснаар 7.9 их наяд төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ. Ингэснээр 1.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлж, 947 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоолол гаргажээ.

  • Тус компани 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн шугам хоолойн барилга угсралтын төслийн санхүүжилтүүд томоохон дүн эзэлж байна.

  • 2026 онд баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 5.4 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан. Энэ нь 2025 оны гүйцэтгэлээс 4.6 дахин нэмэгдэнэ гэсэн үг аж.

  • Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн хугацаанд нийт 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргасан бөгөөд үүнээс иргэдэд 2.4 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2024 онд 326.5 төгрөг байсан бол 2025 онд 65.55 төгрөг болж буурсан. 2025 оны цэвэр ашгаас нийт 786 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах юм.

  • Эрдэнэс Тавантолгой компанийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангаж, энэ оны есдүгээр сард дотоодод хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Зам зуур

Samsung Electronics компани Сан Франциско хотноо болсон арга хэмжээний үеэр дизайны шинэчлэлээс илүү хиймэл оюунд суурилсан үйлдлын систем, хувийн нууцлалд голлон төвлөрсөн Galaxy S26 шинэ цувралаа танилцууллаа.

Galaxy S26 Ultra загварын үнийг 1,300 ам.доллароор тогтоосон бол Galaxy S26 Plus загвар 1,100 ам.доллар, Galaxy S26 стандарт хэмжээтэй загвар нь 900 ам.доллароор худалдаалагдана. Шинэ цуврал нь үнийн хувьд Apple компанийн iPhone 17 цувралтай шууд өрсөлдөхүйц байгаа юм.

Ultra загварын үнэ өмнө онтой ижил түвшинд байгаа бол Plus болон стандарт загваруудын үнэ 100 ам.доллароор өссөн нь санах ойн чипийн нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Galaxy S26 Ultra загварт “Privacy Display” хэмээх шинэ горимыг нэвтрүүлсэн бөгөөд уг тохиргоо идэвхжсэн үед гар утасны дэлгэцийг хажуу талаас харах боломжийг хязгаарлаж, хэрэглэгчийн хувийн мэдээллийг илүү сайн хамгаалах аж.

Эцэст нь товчхон

АҮЭБЯ: Шатахууны нөөц бүрдүүлэх, нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас нэг их наяд гаруй төгрөгийн репо санхүүжилт гаргаж, ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Монголбанк, арилжааны банкны төлөөлөгчид уулзаж, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаар хэлэлцсэн. Талууд ААН-үүдэд хүндрэл багатай, арилжааны банкнуудад дарамт болохгүйгээр зохион байгуулах шаардлагатайг дурджээ.

УИХ дахь АН-ын бүлэг: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өнгөрсөн хугацаанд ногдол ашигт хуваарилсан 10 орчим их наяд төгрөгийн дийлэнх нь төрд ногдсон байна. Засгийн газраас үүний хэдэн хувийг Үндэсний баялгийн сан болон төсөвт хуваарилсан талаарх мэдээллийг тайлагнах ёстой гэж УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэв мэдэгдлээ.

Онцлох зураг

“Warabi Hadaka” наадмын үеэрх шавар дундах тулаан - Йоцукайдо, Япон улс

Yuichi Yamazaki/AFP via Getty