2025/02/26

Өглөөний мэнд. Гадаадын биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын хувьцааны ханш өсөв. Д.Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн урт "Нэгдсэн улсын байдлын тухай" илтгэлээрээ улс орнууд худалдааны гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг тодотгов. Бүх төрлийн тээврээр 2025 онд 146.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 9.5 хувиар өссөн ч орлого нь өмнөх оноос 5.9 хувиар буурчээ.

Уул уурхайн хувьцаанууд өсөлттэй байна

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын биржүүдэд бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханш 2026 он гарсаар дийлэнхдээ өсөлттэй байна.

Тухайлбал, Rio Tinto группийн хувьцааны ханш он гарснаас хойш Австралийн Хөрөнгийн биржид бараг 10 хувийн өсөлт үзүүлээд буй. Түүнчлэн сүүлийн нэг жилийн хугацаанд 36 орчим хувиар өссөн нь бүртгэлтэй биржийнхээ жишиг индексийг өсөлтөөрөө илүүрхсэн үзүүлэлт юм.

Сүүлийн нэг жилд “Rio Tinto”-ийн зэсийн нэгжийн гүйцэтгэл таваарын үнийн өсөлттэй холбоотойгоор огцом сайжирсан нь хувьцааны ханшид ихээхэн дэмжлэг болжээ.

Үүнээс гадна “Mongolian Mining Corporation“-ийн хувьцааны ханш 21 хувийн өсөлттэй байна. Хоёрдугаар сар гарснаас хойш компанийн хувьцааны ханш нэлээдгүй өндөр савлагаатай байгаа. 2025 оны нүүрсний үнийн уналт болон бонд эргүүлэн худалдан авалт нь тус компанийн ашигт ажиллагаанд цохилт болох төлөвтэй байгаа аж.

“Bloomberg Intelligence”-ийн Андрю Чан “Нүүрсний эрэлт сул байгаа энэ үед Mongolian Mining Corporation түүхий эдийн ханшийг дэмжихийн тулд коксжих нүүрсний үйлдвэрлэлээ багасгах төлөвтэй” гэж үзэж буйгаа тодотгосон. БНХАУ-ын эдийн засаг илүү үнэ цэнтэй үйлдвэрлэл болон ногоон технологи руу төвлөрч эхэлснээр дэд бүтэц болон барилгын салбарт ашиглагддаг гангийн эрэлт энэ онд ч гэсэн сул байх төлөвтэй байгаа. Мөн Хятадын нийт гангийн хэрэглээний 30 хувийг бүрдүүлдэг үл хөдлөхийн салбарын эрэлт буурч буй. Гэхдээ жилд 5-6 сая тонн нүүрсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Mongolian Mining Corporation нь жилийн найман сая тонн нийлүүлэх гэрээг тус улсын төрийн өмчит компаниудтай байгуулсан нь томоохон тулгуур болж өгөх юм.

Харин Торонто болон Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш харьцангуй хөдөлгөөн багатай байна. Оны эхээр түр хугацаанд буухиа өсөлт үзүүлсэн ч хоёрдугаар сар гарснаас хойш эргээд тогтворжсон юм.

Анхаарлын төвд

Эдийн засгийн бодлогоо хамгаалав. Дональд Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн "Нэгдсэн улсын байдлын тухай" илтгэлийг тавьсан ч бодлогын шинэ санаачилгаас илүүтэй улс төрийн дайралт болон маргаан давамгайлав. Тэрээр Дээд шүүхийн тарифыг цуцлах шийдвэр нь "харамсалтай", "урам хугалсан" үр дүн болохыг илтгэлдээ тодотгоод Конгрессын дэмжлэггүй ч тарифын бодлогоо тууштай хэрэгжүүлэх өөр арга зам эрэлхийлэхээ мэдэгдсэн. Мөн Дональд Трамп уг бодлого нь орлогын албан татварын уламжлалт системийг ч орлох боломжтойг дурджээ. Гэхдээ бодит байдал дээр тарифын орлого нь орлогын албан татвартай харьцуулахад маш бага байгаа бөгөөд импорлогчид тариф төлснөөр гол зардлыг АНУ-ын хэрэглэгчдэд шилжүүлж буйг шинжээчид онцолж байна.

Ногдол ашиг өөрчлөлтгүй. Мах Импэкс ХК 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөгөөр тооцон, ногдол ашиг хуваарилахыг МХБ мэдээллээ. Тус компани нь бирж дээр 3.7 сая ширхэг хувьцаагаа эргэлтэд гаргасан байдаг бөгөөд 2022 оноос хойш нэгж хувьцаанд олгох ногдол ашиг нь өөрчлөлтгүй байна. Энэ он гарсаар нэгж хувьцааны ханш нь 3800 төгрөгт тогтвортой арилжаалагдаж буй. Хувьцааны төвлөрлийн хувьд таваас дээш хувийн хувьцаа эзэмшиж буй нөлөө бүхий гол таван хөрөнгө оруулагч бий. Үүнээс Баянгол зочид буудал ХК 12.49 хувийг нь эзэмшиж буйг МХБ-ийн мэдээлэл харуулж байна.

ММСС-ийн төслүүд дуусах шатандаа байна. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд 462 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах гурван төсөл хэрэгжүүлж, дуусах шатандаа ороод байна. Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг гуравдугаар сарын 31-ний дотор бүрэн ашиглалтад оруулахыг Монголын Мянганы сорилтын сан мэдээлжээ.

Тайлангийн улирал

🔸 Баянтээг ХК нэгж хувьцаанд нь 3960 төгрөгөөр тооцон, ногдол ашиг хуваарилахыг МХБ мэдээллээ. Тус компанийн 70 хувь нь орон нутгийн өмчид байгаа бол 23.54 хувийг Шунхлай групп эзэмшиж байна.

Мөн Хөвсгөл Хүнс ХК нэгж хувьцаанд 30 төгрөг тооцож, нийт 7.9 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Ачаа эргэлт өссөн ч орлого буурав

Сүүлийн гурван жилийн хугацаанд тээврийн салбарын нийт ачаа эргэлт өсөлтөө тогтвортой хадгалсан ч орлого нь 2025 онд анх удаа ₮700 тэрбумаар буурлаа.

Өнгөрсөн онд нийт 146.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 9.5 хувиар өссөн ч орлого нь 11.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.9 хувиар буурчээ.

Хэдийгээр авто замын тээврийн ачаа эргэлт хэмжээний хувьд 9.9 хувиар өссөн ч нийт орлого нь 6.2 их наяд төгрөг болж өмнөх оны гүйцэтгэлээс 1.2 их наядаар дутсан нь салбарын орлого буурах гол шалтгаан болжээ.

Автотээврийн ачаа эргэлтийн 96 орчим хувь нь зөвхөн нүүрснээс хамааралтай хэвээр байгааг ҮСХ-ны дата мэдээлэл харуулж байна. Нүүрс тээврийн үйл ажиллагаанд гаднын компаниудын оролцоо их байгаа зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцэлд тээврийн салбар ихээхэн алдагдал хүлээж байгаа юм. 2022-2024 оны жилийн эцэст дунджаар 700-800 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2025 онд 37 хувиар буурч, 504 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.

Төмөр замын ачаа тээвэрлэлт сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа бөгөөд 2025 онд өмнөх оноос 8.8 хувиар өсжээ. Төмөр замын ачаа тээврийн 89.5 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн бол үлдсэнийг нь барилгын материал болон бусад бүтээгдэхүүн эзэлж буй. Гэхдээ дотоодын цемент үйлдвэрлэгчид болон аж үйлдвэрийн салбарын компаниуд төмөр замын хүчин чадал хангалтгүй, суурь дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг тодотгож байна.

Төмөр замаар зорчигчдын тоо тогтмол буурсан хэвээр байгаа бөгөөд үүнд олон улсын төмөр замын зорчигч тээвэр зарим чиглэлд зогссон нь нөлөөлжээ.

Агаарын тээврийн ачаа болон зорчигчдын тоо цар тахлаас хойш тогтмол өсөж байгаа аж. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 2.4 сая зорчигч агаарын тээврээр зорчсон нь дээд үзүүлэлт болсон юм. Түүнчлэн дотоодод болон олон улсад тээвэрлэсэн ачааны хэмжээ 20-40 гаруй хувиар нэмэгджээ.

Зам зуур

Геополитикийн хурцалмал байдлын улмаас Япон руу аялахаас зайлсхийж буй Хятад жуулчид Тайландын аялал жуулчлалын салбарын сэргэлтэд хувь нэмрээ оруулах болжээ.

Хятадын Сар шинийн баярын оргил үеэр буюу хоёрдугаар сарын 22-ноор эцэслэсэн долоо хоногт Тайландад аялсан гадаад жуулчдын 23 хувийг Хятадууд бүрдүүлсэн нь цар тахлын өмнөх үеийн түвшинд дөхсөн аж. Өмнөх оны мөн үед Хятад жуулчид ердөө есөн хувийг эзэлж байсан юм.

Япон болон БНХАУ-ын харилцаа хурцдаж, Бээжингийн зүгээс иргэдээ Японд аялахаас зайлсхийхийг анхааруулж буйгаас бүс нутгийн аялал жуулчлалын чиг хандлага өөрчлөгдөж байна. Он гарснаас хойш хоёрдугаар сарын 22-ныг хүртэл Тайланд улсад 5.9 сая гадаадын жуулчин хүрэлцэн ирсний 16 хувийг Хятад иргэд бүрдүүлсэн аж.

Түүнчлэн Сар шинийн баярын ес хоногийн бүх нийтийн амралтаар Хятад улсад 596 сая дотоодын аялал бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 95 саяар өссөн үзүүлэлт болжээ.

Эцэст нь товчхон

АҮЭБЯ: Монголын уул уурхайн компаниудыг Лондоны Хөрөнгийн биржид бүртгүүлэх, биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны үйл ажиллагааг сайжруулах чиглэлд Лондоны Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар тохиролцсоноо мэдээллээ. Мөн ЕСБХБ-тай геологийн суурь судалгаа хийж, цахимжуулах чиглэлд хамтран ажиллахаар болжээ.

ЗГ-ын шийдвэр: Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газар олгох асуудлыг орон нутаг илүү бие даан шийдвэрлэх боломж бүрдүүлж, шат дамжлагыг цөөлөхөөр тусгасан байна. Мөн малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар таван га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар нэг га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх заалт оруулжээ.

Онцлох зураг

Мельбурн хотын бизнесийн дүүргийн тэнгэр баганадсан барилгуудын хажуугаар хөөрөн өнгөрч буй агаарын бөмбөлөг - Мельбурн, Австрали улс

William West/AFP via Getty