- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/02/25
2025/02/25
Өглөөний мэнд. Монгол Улсын Засгийн газар зургаан жилийн хугацаатай ам.долларын бонд гаргахаар хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтаа эхлүүлж буй талаар Сангийн яам мэдээллээ. 2026 онд МХБ-д бүртгэлтэй компаниуд нийт 893 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд байна. COP17 хурлын байгууламж, үйлчилгээний түрээсийн зардалд ₮70.1 тэрбумыг зарцуулахаар Нийслэлийн төсөвт тусгах асуудлыг хэлэлцэв.

ЗГ ам.долларын бонд гаргана
Монгол Улсын Засгийн газар зургаан жилийн хугацаатай ам.долларын бонд гаргахаар хөрөнгө оруулагчдад танилцуулж эхэлсэн талаар Сангийн яам мэдээллээ. Шинэ бонд гаргах үйл ажиллагаанд “HSBC”, “Morgan Stanley” болон “Standard Chartered” банкнууд андеррайтераар ажиллаж буйг мөн баталгаажууллаа. Шинэ бондуудад “Moody's Ratings” агентлаг “B1”, “S&P Global Ratings” агентлаг "BB-" үнэлгээ өгөх төлөвтэй байна.

Өмнө нь харьцангуй өндөр хүүтэй гарч байсан 2028, 2029 онд хугацаа нь дуусах бондууд болон энэ оны дөрөвдүгээр сард хугацаа нь дуусах бондод тендер санал тавьсан байна. Шинээр гаргаж буй бондоор дээрх бондыг эргүүлэн худалдан авах ажиллагааг санхүүжүүлэхээр төлөвлөж буйг ойрын эх сурвалж мэдээлсэн. Хангалттай хөрөнгө татан төвлөрүүлж чадсан тохиолдолд 2026 оны бондыг эргүүлэн төлөх ба нэмэлт өрийн зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор олон улсын зах зээлд арилжаалагдаж байгаа бондуудын ханш огцом өөрчлөлтгүй байна.

“JPMorgan Chase”-ийн хөгжиж буй орнуудын бондын өгөөжийн зөрүүг хэмждэг индекс 2007 оноос хойших доод түвшинд хүрсэн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш хөрөнгө оруулагчид эдгээр бондын худалдан авалтаа тогтмол нэмэгдүүлсэн хандлага 2026 онд ч үргэлжлэхээр байна.
Анхаарлын төвд
Нийслэлийн төсөв тэлнэ. Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хурлаар хэлэлцлээ. Тодотголоор нийслэлийн төсвийн урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, 8.8 тэрбум төгрөгийн урсгал зардлын шилжүүлэг хийхээр тусгасан бөгөөд үүнээс 70.1 тэрбум төгрөгийг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо болох “COP-17’ бага хурлын байгууламж, үйлчилгээний түрээсийн зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн “Сүү” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгт таван тэрбум төгрөг нэмж тусгасан. Зээлийн хүүгийн хоёр хувийг фермерүүд төлөх бол үлдсэнийг нийслэлийн төсвөөс төлөхөөр тооцоолж буй юм.
Үнэ нэмсэн ч алдагдал буурсангүй. Төрийн өмчийн эрчим хүчний компаниудын алдагдал нэмэгдэж, 2025 оны хүлээгдэж буй үр дүнгээр 190 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байгааг Эрчист Монгол компанийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээлэв. Эрчим хүчний компаниуд 2024 онд 100 гаруй тэрбум төгрөгийн татаас авсан ч 130 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. 2025 онд цахилгааны тариф нэмсэн ч алдагдал буураагүй байна. Эрчим хүчний компаниудын өр төлбөр дунджаар 68 хувиар өсөж, бүтэц нь томорч байгаа хэдий ч үнэ цэн нь нэмэгдэхгүй байгааг тодотголоо.
Тарифыг тогтоох боломжийг судална. АНУ-ын Дээд шүүхээс тарифын бодлогыг хүчингүй болгох шийдвэр гаргасны дараа Дональд Трамп шинэ нэмэлт тариф тогтоох хүрээнд үндэсний аюулгүй байдлын мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, цэнэг хураагуур, хуванцар, цахилгаан шугам сүлжээ болон харилцаа холбооны тоног төхөөрөмж, аж үйлдвэрийн химийн гаралтай бараа бүтээгдэхүүн зэргийн импортод шалгалт хийхээр бэлтгэж эхэлснийг эх сурвалж мэдээлжээ.
Тайлангийн улирал
🔸 “Материалимпэкс” ХК-ийн эргэлтийн хөрөнгө 2025 онд өмнөх оноос 2.5 тэрбум төгрөгөөр, богино хугацаат өр төлбөр 6.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөнийг МХБ мэдээллээ. Тайлант хугацаанд хуучин автомашины тээвэр 20 хувиар буурсан нь өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн нийслэлээс мөрдөж эхэлсэн автомашины дугаар олголтын шинэ журам болон банк бус санхүүгийн байгууллагын зээл олголтын босго өндөр болсонтой шууд холбоотойг компани тодотгожээ.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.
Гүн рүү: Хөрөнгө оруулагчид ногдол ашигт төвлөрсөн хэвээр байна
2026 онд МХБ-д бүртгэлтэй компаниуд нийт 893 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд байна. Сүүлийн байдлаар МХБ-д нийт 32 ХК Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг нээлттэй байршуулжээ.
2024 онд эдийн засаг цар тахлын дараах сэргэлтэд орж, компаниудын үйл ажиллагаа болон санхүүгийн гүйцэтгэл нэлээдгүй сайн байсан бөгөөд улмаар 2025 онд 46 компани ногдол ашиг олгохоор шийдвэрлэж байв. Харин энэ оны байдлаар хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компанийн тоо багассан байх төлөвтэй байна.
Гэсэн ч хөрөнгө оруулагчид ногдол ашигт тулгуурлан хөрөнгөө байршуулсан хэвээр байгаа. Нээлттэй компаниуд сүүлийн нэг жил гаруй хугацаанд 43.7 мянган шинэ хувьцаа эзэмшигчидтэй болсноос дийлэнх буюу 38 мянга нь ногдол ашиг олгохоор шийдвэрлээд буй компаниуд дээр төвлөрчээ.
Хөрөнгийн зах зээлийн хамгийн том хэсгийг бүрдүүлж, хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг хуваарилдаг банкны салбарын хоёр компанийн ТУЗ-ийн шийдвэр хүлээгдэж байна.
Өнгөрсөн жил үйл ажиллагаа нь удааширсан “Тавантолгой ХК”-ийн ногдол ашгийн хэмжээ хоёр дахин буурсан нь онцлох үзүүлэлт боллоо. Үүний дараагаар компанийн хувьцааны ханш огцом уналт үзүүлсэн юм.
Зам зуур

Meta Platforms болон тус компанийн хамтрагч EssilorLuxottica SA ухаалаг нүдний шилний эрэлт нэмэгдэж буй энэ үед бүтээгдэхүүний үнэ, стратеги дээр нэгдсэн байр сууринд хүрэхээр хэлэлцэж буйг эх сурвалжууд мэдээллээ.
Компаниуд 2025 онд долоон сая гаруй Ray-Ban болон Oakley AI нүдний шилийг борлуулсан бөгөөд оны сүүлийн хагаст шинэ загваруудыг танилцуулснаар эрэлт нь улам эрчимжсэн юм.
Meta компанийн хувьд ухаалаг нүдний шилний зах зээлд Apple тэргүүтэй өрсөлдөгчдөөс өрсөж, байр сууриа бэхжүүлэхийг зорьж буй. Энэ хүрээнд тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өргөн хүрээнд нэвтрүүлэхийн тулд үнийг доогуур түвшинд хадгалахыг зорьж буйг эх сурвалжууд тодотгосон.
IDC судалгааны байгууллагаас дэлхийн ухаалаг нүдний шилний зах зээл жил бүр 29 хувиар өссөнөөр 2029 он гэхэд 30 сая ширхэгт хүрч, зах зээлийн хэмжээ нь 10.8 тэрбум ам.доллорт хүрнэ гэж тооцоолсон. Үүнтэй харьцуулахад жилд нэг тэрбум ухаалаг гар утас дэлхий даяар нийлүүлэгдэж байгаа юм.
Эцэст нь товчхон
ГИХГ: Олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлын хүрээнд Чех улсад төвтэй “Caritas Czech Republic”, БНСУ-д төвтэй “Байгаль орчны мониторингийн үндэсний төв”, ОХУ-д төвтэй “Silk Way Rally” зэрэг зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 70 олон улсын болон гадаадын ТББ-ын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна.
Монгол базальт ХК 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.61 төгрөгөөр тооцож, нийт 147.24 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэснийг МХБ мэдээлэв. Аудитлагдсан санхүүгийн тайлангаар тус компани өнгөрсөн онд 147.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 7.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт ашгийнхаа 99.86 хувийг ногдол ашигт хуваарилахаар байна.
Онцлох зураг
Нью-Йорк хотын Төв парк дотор цасан шуурган дунд нохойгоо салхилуулж буй оршин суугч - Нью-Йорк, АНУ
Ryan Murphy/Getty Images