- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/02/24
2025/02/24
Өглөөний мэнд. Нэг ажиллагчид ногдох ДНБ 2025 оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өсөж, ₮6.9 сая хүрлээ. “Rio Tinto Group” зэсийн салбарын бизнесээ өргөжүүлэхэд анхаарна. “Мандал Даатгал” ХК-ийн цэвэр ашиг 57.1 хувиар өслөө.

Зэсийн бизнестээ төвлөрөх зорилт
“Glencore”-той нэгдэх төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн “Rio Tinto Group” зэсийн бизнесээ бие даан өсгөхөд бүрэн төвлөрөхөө мэдэгдлээ.
Хэдийгээр тус компанийн зэсийн салбарын ашиг 2025 онд хоёр дахин өссөн ч дунд хугацааны төлөвлөгөө нь бусад өрсөлдөгч компаниудтай харьцуулахад сул байгааг шинжээчид онцолж байна.

“Оюутолгой” төслийн яриа хэлэлцээ ид өрнөж буй энэ үед “Rio Tinto”-ийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт ч мөн адил зэсийн салбарт төлөвлөгөөгөө сайжруулах хэрэгцээ байгааг мэдэгдсэн. "Бэлэн байгаа сонголтуудаа бодит үнэ цэн өгөх төсөл болгон хувиргах хэрэгтэй" байгааг тэрбээр тодотгосон байна.
Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрээд буй энэ үед “Anglo American”, “Glencore” болон “BHP Group” зэрэг компани энэ салбарт шуурхай, бүрэн төвлөрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Тухайлбал: “Anglo American”-ийн хувьд өрсөлдөгч “Teck Resources”-ийг өөртөө нэгтгэхийг зорьж байгаа бол “Glencore” ирэх 10 жилд зэсийн гарцаа хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
2025 онд “Rio Tinto”-ийн зэсийн ашиг хоёр дахин өсөж, 7.37 тэрбум ам.долларт хүрсэнийг тайлагнасан. Мөн зах зээлд үнэ сэргэхтэй зэрэгцээд хөнгөн цагаан, литийн бизнес нь 29 хувийн өсөлт үзүүлжээ. Хэдий тийм ч компанийн хамгийн ашигтай нэгж нь төмрийн хүдэр хэвээр байна.
“Glencore”-ийг худалдан авах нь “Rio Tinto”-ийн зэсийн гарцыг бараг хоёр дахин тэлж, зэсийн салбарт дунд хугацаанд өсөлт авчрах боломжийг нэмэгдүүлэхээр байсан. “Glencore”-ийг худалдан авах үнэ, үнэлгээнд талууд тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас дэлхийн хамгийн том уул уурхайн компани байгуулагдах нэгдэл биеллээ олоогүй юм.
Анхаарлын төвд
Ногдол ашиг тараана. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ нийт 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар ТУЗ-ийн хурлаараа шийдвэрлэжээ. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм. Нэгж хувьцаанд 65.55 төгрөг ногдож байгаа бөгөөд 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгох аж. 2024 оны жилийн эцсийн байдлаар компанийн нийт хувьцааны 73.51 хувийг төр, 26.34 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж буйг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тайланд мэдээлжээ.
Хэлэлцэх гол асуудлууд. УИХ-ын Хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон Татварын багц хуулийн төсөл, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүд анхаарал татаж байгаа. Үүнээс гадна худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга, боловсролын ерөнхий хууль болон нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд хэлэлцэнэ. Мөн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр байна.
Ногдол ашгийн хур. "Хаан банк" ХК 2025 оны үйл ажиллагааны татварын дараах цэвэр ашиг болох 694.84 тэрбум төгрөгийн 58.89 хувь буюу 409.2 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 214.0 төгрөгөөр тооцож хуваарилах шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар нээлттэй таван банкны гурав нь ногдол ашиг хуваарилах шийдвэрээ танилцуулаад байна. Эдгээр банк нь нийтдээ хагас их наяд төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байгаа юм.
Ши Жиньпинд давуу байдал үүсэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орнуудад ногдуулсан тарифаа хүссэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжгүй болсноор БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинд хэлэлцээрийн ширээнд давуу байдал үүсгэснийг шинжээчид тодотгож байна. Дональд Трамп гуравдугаар сарын 31-нд БНХАУ-д айлчлахаар төлөвлөж буй нь АНУ-ын Ерөнхийлөгчийн 2017 онд хийсэн айлчлалаас хойших анхны айлчлал нь болох юм. Хоёр улсын удирдагчийн энэхүү уулзалтаас хэдхэн долоо хоногийн өмнө БНХАУ-д шахалт үзүүлэх Дональд Трампын гол зэвсэг болоод байсан тарифын шийдвэрийг АНУ-ын Дээд шүүх ийнхүү хүчингүй болгоод байгаа юм.
Тайлангийн улирал
🔸 БиДиСЕК ҮЦК 2025 онд 15.8 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажилласнаа МХБ-д мэдээллээ. Энэ нь өмнөх оноос 63 хувиар өссөн дүн болсон байна.
Мөн Мандал даатгал ХК-ийн цэвэр ашиг өнгөрсөн онд 57.1 хувиар өсөж, 13.1 тэрбум төгрөгт хүрчээ.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.
Гүн рүү: Салбаруудын зөрүү тэлсээр
Нэг ажиллагчид ногдох ДНБ 2025 оны IV улиралд 7.3 хувиар өсөж, 6.9 сая төгрөг хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 2022 оны сүүлийн улиралд 6.1 сая төгрөгөөр хэмжигдэж байсан нэг ажиллагчид ногдох ДНБ-ий өсөлт 2024 онд үл ялиг удааширсан ч 2025 оны гүйцэтгэлээр эрчимжсэн байна.
Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбар нийт өсөлтөд голлон нөлөөлсөн бол уул уурхай олборлолтын салбарынх буурсаныг ҮСХ-ны тайлан харуулж байна. Хэдий тийм боловч хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарын нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хол зөрүүтэй хэвээр байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын нэг ажиллагчид ногдох ДНБ 1.7 сая төгрөг байгаа бол уул уурхайн салбарынх 15.6 сая төгрөг байгаа юм. Зудын эрсдэл, эрдэс бүтээгдэхүүний үнийн савлагаа дээрх салбарын өсөлтийг хамгийн ихээр хойш татаж буй.
Монгол Улс үйлдвэрлэлийн бүрэн үе шатыг дамжилгүйгээр хөгжиж буй нь богино хугацаанд эдийн засгийн өсөлт бий болгосон ч төрөлжилт, технологийн дэвшил, чанартай ажлын байр нэмэгдүүлэх боломжийг алдагдуулсан нь урт хугацаанд бүтээмжийг сулруулж буйг Азийн бүтээмжийн байгууллага тодотгожээ. Мөн тус байгууллага одоогийн эдийн засгийн загвараар явбал 2050 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4672 ам.доллар болж, буурах тооцоолол гарсан байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийн оролцооны түвшин 63.6 хувь, ажилгүйдэл 6.4 орчим хувьд хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа аж. Хүн амын оновчтой өсөлтөөс гадна хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсролын салбарыг дэмжсэнээр бүтээмжийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтойг Азийн бүтээмжийн байгууллага онцолж байна.
Зам зуур

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн бизнес болох "Trump Organization" компани Австрали улсад анхны “Trump” цамхаг барих гэрээг үзэглэлээ.
Квинсланд мужийн Surfers Paradise амралтын бүсэд 91 давхар 6 одтой зочид буудал болон тансаг зэрэглэлийн 270 айлын орон сууцны цогцолбор, дэлгүүр, үйлчилгээний төвүүдийг багтаасан томоохон хэмжээний байгууламж босох аж. Барилгын ажлыг гүйцэтгэх Altus Property Group уг цамхагийг Австралийн хамгийн өндөр барилга болохыг онцолжээ. Нийт төсөвт өртөг нь 1.06 тэрбум ам.доллар байхаар тооцоолоод байна. Altus компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Янг анх 2007 онд уг төслийн санааг дэвшүүлж, энэ талаар хэлэлцэхээр Иванка Трамптай холбогдож байснаа ярьжээ.
Эцэст нь товчхон
Orano Mining компанийн Гүйцэтгэх захирал Никола Мас ураны зах зээлд хөрөнгө оруулалтын сангуудын оролцоо нэмэгдэж буй нь бодит эрэлтийг тааварлахад бэрхшээлтэй болгож, ялангуяа ураны спот үнийн хөдөлгөөнд эрс савлагаа үүсгэж байгааг анхааруулсан байна. Тус компани Монгол дахь “Зөөвч овоо” төслөө 2029 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Эрдэнэбүрэнгийн 90 мегаваттын УЦС төслийн бүтээн байгуулалт 20 гаруй хувьтай үргэлжилж байгааг ЗГ мэдээллээ. Төслийн нийт төсөвт өртөг 271.4 сая ам.доллар бөгөөд үүнээс 253.1 сая ам.долларыг Монгол Улсын ЗГ болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээрээр шийдвэрлэсэн. Усан цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй.
Онцлох зураг
"Милано Кортина 2026" өвлийн олимпын наадмын хаалтын арга хэмжээ - Милан, Итали улс
Piero Cruciatti/AFP via Getty Images