- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/02/23
2025/02/23
Өглөөний мэнд. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 6.8 хувьд хүрэв. Дэлхийн улсуудад ногдуулсан тарифыг АНУ-ын Дээд шүүхээс хууль бус гэж дүгнэснээр Д.Трамп худалдааны бодлогоо хэрэгжүүлэх өөр арга замууд хайж эхэллээ. I сард онцгой албан татварын орлого 50.3 хувиар, АМНАТ-ийнх 71.8 хувиар буурчээ.

Тарифыг тас цохив
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн онд дэлхийн дийлэнх улсын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тарифын арга хэмжээг АНУ-ын Дээд шүүх хууль бус гэж дүгнэж, хүчингүйд тооцлоо. Ингэснээр Д.Трампын нэрийн хуудас болсон эдийн засгийн бодлогод цохилт өгч, Цагаан ордонд эргэж ирснээс нь хойших хууль шүүхийн хамгийн том ялагдлыг нь амсуулж байна. Мөн АНУ-ын импортлогчдын төлсөн тарифыг буцаан олгохтой холбоотой хууль эрх зүйн нүсэр тэмцэл өрнөх магадлалтай боллоо.

Яг юуг хүчингүй болгов?
Дээд шүүхийн шийдвэр нь Д.Трампын Онцгой байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хуульд үндэслэн хэрэгжүүлсэн тарифын арга хэмжээнүүдийг хамарч байгаа. 1977 онд батлагдсан тус хуулийг Д.Трамп өнгөрсөн онд тарифын зорилгоор анх удаа ашиглаж, АНУ-тай худалдааны хэлэлцээр хийгээгүй орнуудад суурь 10 хувиас 41 хувь хүртэлх дүнтэй тариф ногдуулж байв. Доод шатны шүүхүүд уг шийдвэрийг хууль бус гэж дүгнэсэн ч Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас давж заалдсанаар тариф хүчин төгөлдөр хэвээр үлдсэн юм.
Харин ган, хөнгөн цагаан, автомашин зэрэг тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүнд чиглэсэн, өөр хуульд үндэслэсэн тарифуудыг Дээд шүүх хэлэлцээгүй үлдээсэн байна.
Тэгэхээр яах вэ?
Д.Трампын засаг захиргаа 2025 оны шийдвэрийнхээ хүрээнд импортоос үргэлжлүүлэн тариф авах боломжгүй болоод зогсохгүй өмнө нь тариф төлсөн этгээдүүдэд буцаан олгох шаардлагатай тулгарч байна. Импортлогчдоос хэн нь, хэдий хэмжээний буцаан олголт авах эрхтэйг тодорхойлох ажлыг Дээд шүүх доод шатны шүүхүүдэд хариуцуулсан. Буцаан олгох нийт дүн 170 тэрбум ам.доллар хүрэх боломжтой нь Д.Трампын тарифаас олсон нийт орлогын тэн хагасаас давах юм.
Тарифын дийлэнхийг цуцалснаар АНУ-ын Засгийн газрын төсөв хүндрэлд орох эрсдэл бий. Ялангуяа бондын зах зээлийн хөрөнгө оруулагчид тус улсын өсөн нэмэгдсээр буй өрийн хуримтлалд санаа зовж байгаа. Тарифаас орж ирсэн нэмэлт орлогыг VII сарын 4-нд баталсан Татварын шинэ хуулиар хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн зардлыг нөхөхөд ашиглахаа Д.Трампын засаг захиргаа өмнө нь илэрхийлж байв.
Яаралтай хариу
Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн бүх улсад 10 хувийн шинэ тариф ногдуулах захирамж гаргаж, энэ сарын 24-нөөс эхлэн хэрэгжихийг мэдэгдэв. Энэхүү тарифыг тэрбээр 1974 онд батлагдсан Худалдааны тухай хуулийн 122 дугаар зүйлд үндэслэн ногдуулж буй. “Төлбөрийн тэнцлийн суурь асуудал” үүссэн үед Ерөнхийлөгчид тариф тогтоох эрх мэдэл олгохыг тус хуульд заасан байдаг аж. Гэхдээ өмнө нь уг заалт огт ашиглагдаж байгаагүйгээс гадна тарифын хувь хэмжээг 15 хувиас хэтрүүлэхгүй, 150 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх хязгаартай. Иймд Д.Трамп тариф хэрэгжих хугацааг сунгахын тулд Конгрессоос зөвшөөрөл авах ёстой болох юм.
Анхаарлын төвд
Өсөлт сэргэсэн жил. 2025 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 6.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 2024 онд 4.9 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт ийнхүү эрчимжихэд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, мөн Оюутолгой төслийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспортын сайн үзүүлэлт гол хөдөлгөгч хүч болсон байна. ДНБ-ий өсөлтийн 2.9 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа бүрдүүлсэн бол 1.5 нэгж хувийг барилга, үйлдвэрлэлийн салбар, 1.4 нэгж хувийг уул уурхайн салбар, 1 нэгж хувийг үйлчилгээний салбар тус тус бүрдүүлжээ.
Гэм зэм. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёл бүх насаар хоригдох ял сонслоо. 2024 онд цэргийн онцгой дэглэм зарлаж, улсаа сүүлийн олон жил тохиогоогүй улс төрийн гүн хямралд оруулсан түүний үйлдлийг төрийн эсрэг бослого удирдсан гэмт хэрэг мөн гэж Сөүлийн төвийн дүүргийн шүүх дүгнэсэн байна. Прокуроруудын зүгээс Юн Сог Ёлд Үндсэн хуульт тогтолцоонд заналхийлсэн үндэслэлээр цаазаар авах ял оноох ёстой гэж үзэж байв.

Юн Сог Ёл богино хугацаанд үргэлжилсэн онцгой дэглэм тогтоосныхоо хариуд албан тушаалаа алдаад зогсохгүй бүрэн эрхийн хугацаандаа баривчлагдаж, ял сонссон БНСУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна. Өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж буй тэрбээр шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой аж.
Морь жилийн эхний долоо хоногт олон улсад геополитикийн салхи ширүүсэв. Ираныг хэлэлцээрт шахаж буй АНУ Ойрх Дорнодод нисэх онгоц тээвэрлэгч хоёр хөлөг, түлш цэнэглэгч танкер, сөнөөгч онгоц зэргээс бүрдсэн их хэмжээний цэргийн хүчээ төвлөрүүлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цөмийн хөтөлбөрийн асуудлаар эцсийн тохиролцоонд хүрэх 10-15 өдрийн хугацаа өгч байгаагаа пүрэв гарагт мэдэгдсэн юм. АНУ-ын зэвсэгт хүчин Ирак руу халдан довтолж байсан 2003 оноос хойш дээрхтэй ижил хэмжээний цэргийн хүч байршуулж байсан удаагүй юм.
Тайлангийн улирал
🔸 Жижиг хувьцаа эзэмшигчдийн тоогоор тэргүүлэгчдийн нэг Түмэн Шувуут ХК 2025 оны цэвэр ашгийн 30 хувийг буюу нэгж хувьцаанд 21.8 төгрөг тооцон ногдол ашигт хуваарилахаар боллоо. Нэгж хувьцаанд ногдох дүн нь анх ногдол ашиг тооцон олгосон 2019 оныхтой харьцуулахад 4.5 дахин өсөөд байна.
🔸 ХААН Банк ХК өнгөрсөн оны 695 тэрбум төгрөгийн цэвэр ашгийнхаа 409.2 тэрбумыг нэгж хувьцаанд 214 төгрөгөөр тооцон ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэв. 12 дугаар сарын 31-ны хаалтын ханш болох 1,380 төгрөгөөр тооцвол ногдол ашгийн өгөөж нь 15.5 хувь байна. Түүнчлэн Төрийн банк ХК 2025 оны татварын дараах ашгаас нэгж хувьцаанд 51.8 төгрөг тооцон ногдол ашигт олгохоор болжээ.
🔸Газар шим үйлдвэр ХК 2025 онд 47.2 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 15 хувиар өссөн үзүүлэлт ч цэвэр ашиг нь өмнөх оноосоо 12.4 хувиар буурсан байна. Мөн нэгж хувьцаанд 2.49 төгрөг тооцон ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлээд байгаа нь цэвэр ашгийнх нь 45 орчим хувьтай дүйцэх дүн юм.
Блумберг санал болгож байна
Гүн рүү: АМНАТ-ийн хямрал
Улсын нэгдсэн төсвийн тэнцэл нэгдүгээр сард 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдлын хэмжээ 67.6 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Татварын орлого 1.6 их наяд төгрөг болж, 9.3 хувиар өсөхөд нийгмийн даатгалын орлого болон НӨАТ 16.5-58.5 хувиар өссөн нь нөлөөлжээ. Эдгээр нь татварын нийт орлогын 53 хувийг бүрдүүлж буй.
Харин онцгой албан татварын орлого 50.3 хувиар буурахад автомашины импорт буурсан нь нөлөөлсөн байна.
Мөн АМНАТ 71.8 хувиар буурсан нь анхаарал татаж байгаа юм. I сард уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 68 хувиар нэмэгдэж, чулуун нүүрс, зэс, төмрийн хүдэр, баяжмалын экспорт өссөн ч АМНАТ-ийн орлого өндөр хувиар буурчээ.
Зарлага талдаа 2.1 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурлаа. Төсвийн нийт зарлагын 12 хувийг хөрөнгийн зардал бүрдүүлсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс нийт дүнгээрээ буурсан ч их засварын зардал 18.3 дахин өссөн байна.
Зам зуур

Мөнхийн өрсөлдөгчид гэж үүнийг л хэлэх байх.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Шинэ Делид болсон “AI Summit” чуулга уулзалтыг нээснийхээ дараа бизнес, улс төрийн 13 лидерийг тайзнаа урьж, хамтдаа гар гараасаа барилцан зураг авхуулжээ. Гэсэн хэдий ч хоёр хүн “гинжийг тасалсан” байна.
Хиймэл оюуны зах зээлийн өрсөлдөгчид болох ChatGPT болон Anthropic компаниудын Гүйцэтгэх захирлууд болох Сэм Олтмэн, Дарио Амодей нар зэрэгцэн зогсож байсан ч нэгнийхээ гараас барилгүй өргөж байгаа нь зурагт буужээ. Амодей өмнө нь OpenAI-д ажиллаж байсан ч тус компанийг хэт арилжааны зорилготой болсон гэж үзэж, албан тушаалаа орхиж байв.
Нэгнээсээ илэрхий цэрвэж буй хоёрын бичлэг Энэтхэгийн сошиал платформуудад багагүй хандалт авчээ. Энэ талаар Олтмэн тайлбар хийхдээ “тайзан дээр юу болоод байгааг ойлгоогүй, яах ёстойгоо мэдэхгүй байсан” хэмээсэн байна.
Эцэст нь товчхон
ҮСХ: Оны эхний сарын урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр буюу 55 хувиар өссөн байна. Уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэл 68 хувийн өсөлттэй байсан нь нийт өсөлтийн дийлэнхийг бүрдүүлжээ.
Онцлох зураг
БНАСАУ-ын Хөдөлмөрчдийн намын гишүүд тус намын Есдүгээр бүгд хурлын нээлтийн үеэр

KCNA/EPA